Саналаа урмаар бус бухимдлаар өгнө
Намууд итгэл даасангүй. Улстөрчид урам хугалав. Буруу гарын булхайтай олзоор зад баяжсан этгээдээс луйвардах шунал нь огт салдаггүй, түүнийг дөртэй үхэр шиг хөтөлдөг жамтай.
Намууд итгэл даасангүй. Улстөрчид урам хугалав. Буруу гарын булхайтай олзоор зад баяжсан этгээдээс луйвардах шунал нь огт салдаггүй, түүнийг дөртэй үхэр шиг хөтөлдөг жамтай. Луйварчин дондоо хөтлөгдсөн шуналын микробууд бяд сууж, торнихын цагт хэд гурваараа нэгдэж, том том бүлэглэл үүсгэн эх орныхоо баялгийг талцан булаацалдаж эхэллээ. Тэдний улайрсан уралцаан Монгол Төр Засгийн бодлогыг орвонгоор нь сарниулаад, ардчиллын үнэт зүйлсийг баллаж, хөлд нь эдийн засаг хямарч, ядуурал гаарав. Эв түнжингүйг дөрөөлсөн харийн тоглолт хэрэгжсээр. Монголын эрдэс баялгийн экспортыг саатуулах зорилготой гадны өрсөлдөгч нарт нялуурдаг бүлэглэл эх орондоо цутгах олз омгийг олон жил хааж хар санаалав.
Сонгох нам, шилэх лидер алга. Бөөн бухимдал. Мань татвар төлөгч бөгөөд сонгогч. Сонгууль татвар төлөгчдийн мөнгөөр явдаг. Тиймээс мань нэг мэхлээч сонгохдоо мөнгө төлдөг байх нь. Сонгууль ач тусаа хэнд өгдөг вэ? Ялсан намын дээдсүүдэд л сонгуулийн өгөөж очдог. Тэд сонгуульд хязгааргүй ач холбогдол өгч нойр алддаг. Харин маньд бол ямар хулгайч нь гишүүн болж, нам гэгч аль хуйвалдаан нь ялах, ямар ч ялгаагүй. Төр засгийг З.Энхболд М.Энхболд хоёрын хэн нь ч толгойлсон өмнөх шигээ өөрийн хүчирхэг бүлэглэлд зүтгэхийн хамт татвараар цугларсан мөнгөө булаалдаж хэрэлдээд урагш алхахгүй. Чанарын өчүүхэн ч ялгаагүй ижилдээ таарсан хоёр илжигний нэгийг шилэх гэж Насреддин мөнгө зараагүй онигойг сана. Фракц бүлэглэлийн толгойлогч даварсан олигархиудыг сонгуулиар Төрөөс шахан зайлуулах ухамсар сая гаруй сонгогчдод алга.
Намуудын хэрэгжихгүй мөрийн хөтөлбөрийг уншаад ч хэрэггүй. Тайлагнаж хариуцлага тооцдоггүй мөрийн хөтөлбөрийг судлаад цагийн гарз. Монголд тэрийг, энийг сонго гээд утгагүй. Бүгд бүдүүлэг үгээр бөөлжихөөс өөр юу ч сэтгэдэггүй хэрүүлчид. Цөм дүнхүү. Хорь гаруй жил УИХ-д чуулчихаад асуулт асуух, санал хэлэх хоёроо ялгахгүй зарим нь зөнөв. УИХ-ын гишүүд ард түмэндээ асар их хайртай хэмээн мөөрөх авч “эдийн засаг хямарлаа бүсээ чангалъя” гэхэд нийтээрээ цалингийнхаа өчүүхэн хувийг хандивлах жудаггүйгээ харуулсан. Ард түмнээ боддог гэх гуа үг нь худлаа л байхгүй юу. Мань хаширвал ч хашрахаар боллоо. Даанч хашрахгүй итгэмтгий хөөрхийс юм даа. 8 жилийн тэртээгээс Таван толгойд нүүрс угаах үйлдвэр үнэхээр барья гэсэн бол, төмөр замаа тавья гэсэн бол боломж бүрэн байсан. Заяасан боломжийг ашиглая гэж манай эрх баригчид чармайх нь байтугай хүсээгүй. Харин яаж ийгээд гацааж дөнгөснөөр асар их орлогын үүдийг хааж, өр тавихад хүргэсэн. Нүгэлтнүүд дахиад л сонгогдоно.
Сонгуулийн хууль маньд падгүй. Нэр дэвшигч нэг тэрэгний хоёр дугуйны нэг нь нөгөөгөө хулхидахгүйн тулд сонгуулийн хууль тэдэнд үйлчлэхээс бус маньд ёстой хүртээлгүй хууль. Энэ хуулийг боловсруулах, хэлэлцэх, батлах гээд гишүүд мөнгө ууталж байгаа. Сонгуулийн дараа мэдээж шүүхдэлцэнэ. Эцэс төгсгөлгүй зарганд төсвийн мөнгө урсана. Үрэгдсэн зардлыг мань үүрч, үр шимийг шүүхдээд ялсан хулгайч хүртэнэ. Тэр бээр тангаргаа өргөж, халдашгүй байдлын дархан эрхээр хуяглаад, хулгайгаа санаа амар цэцэглүүлнэ. Асар их үрлэг зарлага учруулж, нойр хоолоо хасдаг ажил Монголд ганцхан бий. Тэр нь авилгач луйварчдыг уралдуулдаг сонгууль. Сонгох лидер байвал сонгууль өгөөжөө өгнө. Байгаа нь ганзгын наймаачны тархитай шинэ цагийн баячууд. Сонгох эх оронч нам, шударга хүн нэг ч байхгүй Монголд сонгууль хэлбэр төдий үрлэг болдог. Эх орноо өөд татах улстөрч, намгүй улс сонгууль явуулаад яах юм. Гэвч явуулсан болохоос яалт ч үгүй, тусгаар тогтносон улс санаатай юм чинь.
Сонгуульд бүгд саналаа өг гэж уриалъя. Сонгууль дахивал маний хомсдол нэмэгдэнэ. Хоёр хулгайчийн нэгийн нэрийг нүдээ аниад л дугуйл. Үүгээр маний эрхээ эдлэх сонгуулийн хуулийн үйлчилгээ дуусна. Хоёул адилхан хулгайч юм чинь шилж сонгох гэж ядаргаадах илүү зан. Нэр дэвшигч сонгуульд ялах гэж хорхойссондоо хуримтлалаа гүвэхээс гадна зөндөөн өр тавина. Ялбал аль нь ч адил шархаа нөхөх гэж төсвийн мөнгө хусаж гарна. Ялагдсан нь хөрөнгөө шавхаж өрөнд унасандаа хорсож, ялсан намын дөрвөн жил сэдсэн ажил бүхнийг нураана. Ингэснээр төсвийн алдагдал ихсэж, гор нь бас л маний нуруун дээр бууна. Хулгайч нь хулгайчаа ялахад үрэгддэг сонгуулийн зардал гэх хөрөнгийг бүтэн ухаантай хүмүүс бол хямгадна. Хэнийг ч сонгосон маньд юу ч наалдахгүйг нуршсан. Өгөөж өгдөггүй сонгуулийн зардлыг хэмнээд хэрэгтэй төсөлд зарах ухаан төрдөггүй ээ.
Шинэ хүн сонгоё. Түүний түрийвч хоосон. Хоосон түрийвчит ховдоглох нигуртай. Олон жил сонгогдсон архаг хулгайчдын хэтэвч дүүрэн байгаа. Дүүрэн хэтэвчит цатгалдаад арай бага идэх бол уу гэх ядарсан гаргалгаа төрнөм. Гэтэл шуналд хязгааргүй гэдэг. Өнгөрөгч сонгуулиар тодорсон шинэ гишүүдийн тар ч танигдав. Баасанхүү Уянга Ганбаатар Болорчулуун Цог гээд ард түмэнд үр өгөөж хүртээсэн ширхэг ч ажил амжуулаагүй. Хэрэлдэж, парламентийг бужигнуулахдаа гаарсан чарлава, зэтгэрүүд болохыгоо хаа очиж чадварлаг харуулав даа. Гадны хөрөнгө оруулагчдыг үргээхдээ гаажтай тийрэнгүүд. Тэдний ааш араншин маньд шинэ гишүүдэд хашир хандахыг анхааруулсан. Шинэ гишүүн болгон сайнгүй, хүн нь монгол хүн юм чинь, сонгоход асуудалтайг сонгогчид ойлгосон буй зээ.
Сонгуулийн дүн гарах шөнө унтахгүй догдлох, ялсан хуйвалдагчдын хувьд баяр, ялагдсан хуйвалдагчдын хувьд эмгэнэл авчирдаг. Маньд бол унтаж хэвтэх нь ононо. Яагаад гэвэл хэн нь ч сонгогдсон амьдралд ахиц гарахгүй. Сонгуулийн дараа баялаг бүтээгчдийн эрх зүйн орчин сайжрахгүй. Бие дааж өндийх гэсэн овсгоотой иргэний бизнесийг чөдөрлөдөг Төр Засаг дахиад л тогтоно. Жижиг дунд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг татаж унагах бодлого арилахгүй. Улам дордуулдаг сонгуульд хамаг байдгаа үрэхээс илүү тэнэглэл ертөнцөд байх уу.
Сонгуульд өөрөө ялах гэж, намаа ялуулах гэж зовохоос илүү шаналал улс төрчдөд үгүй болжээ. Хамаг хүч анхаарлаа дайчилдаг ажил сонгуулиас өөр алга. Нойроо хасдаг мөрөөдөл сонгуулиас ондоо байхгүй. Монгол нь монголоо ялах гэж улсын хамаг хөрөнгийг сэгсэрдэг. Ялбал ялна л биз, ялагдвал өрсөлдөгч монголчууд нь Төр Засгаа барина л биз. Үүнд чинь хувхай хоосортлоо уралцахын хэрэг юу билээ. Манай сонгуульд бурхан чөтгөр хоёр өрсөлдөөгүй. Адилхан монгол ах дүүс өрсөлддөг. Олонх цөөнх л болно биз. Олонх цөөнх гэдэг хүйтэн дайны үеийн социалист капиталист лагерийн дайснууд биш. Сөрөг хүчин бол хамтрагч бус эвлэршгүй дайсан мөн гэх өнгөрсөн нийгмийн үгширмэл хоцрогдлоос салж, нэг нь хийгээд нөгөө нь залаад явдаг, улсаа хөгжүүлэх нэгэн зорилготой олонх цөөнхөд суралцвал сонгогч маниусын хүсэл ханах сан.
Өнөөгийн манай эрх баригчдад нэг аюултай өвчин тусчээ. Тэр өвчин нь дахин дахин сонгогдох өвчин. Төр засгийн эрх дахин дахин барих гэж намаараа тэмцэхдээ юугаа ч хайрлахгүй. Эрх баригчид дахин сонгогдохын тулд эх орныхоо баялгийг өчүүхэн ч гамнаж байсангүй. Хараал зүхлийн бай болдог УИХ-ын гишүүн болох гэж ухаангүй тэмүүлэх юм. Их л ашигтай хэрэг дээ. Эдийн засгийн хямралын шалтгааныг оношлоё гэвэл ердөө дахин сонгогдох өвчин. Улсын өр, ядуурлыг үүсгэгч нян-вирус нь дахин сонгогдох дон. Өөр ямар ч шалтаг байхгүй. Арвин баялаг бүхий өргөн дэлгэр нутагт 3-хан сая хүн амтай эх орныг минь гялалзтал хөгжүүлж чадах хүмүүний үрс төрвөл сонгуульд саналаа өгөх үндэсний бахархал болно.
2015-11-08
зочин
Зочин
Зочин
бар
ахмад уншигч
zochin
Зочин
Зочин
Иргэн
Зочин
Зочин
zochin
Зочин
49.0.204.31-d
49.0.204.31-d
Уншигч
Зочин
Ухаан оролгүй явсаар үхэх гэж үү
Ухаан оролгүй явсаар үхэх гэж үү
Ухаан оролгүй явсаар үхэх гэж үү
unen
Уншигч
Ganbold
Уншигч
Уншигч
Зочин
зочин