Н.Энхбаярын феномен
“Н.Энхбаяраас өмнө Монголын улс төр цэвэр байсан” гэх үгийг түүнийг Ерөнхийлөгч байх үед нэр хүнд бүхий нэгэн улстөрч, бүр тодруулбал түүний дараа Залгамжлагчаар нь сонгогдох ерөөлтэй тэр эрхэм дуу алдаж байлаа.
“Н.Энхбаяраас өмнө Монголын улс төр цэвэр байсан” гэх үгийг түүнийг Ерөнхийлөгч байх үед нэр хүнд бүхий нэгэн улстөрч, бүр тодруулбал түүний дараа Залгамжлагчаар нь сонгогдох ерөөлтэй тэр эрхэм дуу алдаж байлаа.
Үнэндээ Н.Энхбаяраас өмнө улс төр цэвэр байсан эсэхийг түүнээс өмнө улстөрд байсан, одоо ч байгаа эрхмүүдээс хэн нь хэлж, нотолж чадахыг мэдэхгүй. Мөн Н.Энхбаяр явснаас хойш улс төр цэвэр болсон эсэхийг ч хэлж нотлох амаргүй байх.
Харин маргашгүйгээр хэлж чадах зүйл гэвэл Намбарын хүү өнөөдрийг хүртэл улс төрд трэнд хэвээр байсаар байгаа. Яагаад түүний нэрийг дагаж, ердөө муу оймсны түрийнд нь хавчуулагдан Ордонд орж ирсэн О.Баасанхүүг хүмүүс сонсоод байгаа юм бэ. Яагаад ямар ч шаансгүй байсан З.Баянсэлэнгэ өнөөдөр төрийн сайд болтлоо тодорч байгаа юм бэ?! Н.Энхбаяр эрх мэдлийн дээд сэнтийгээс эрх чөлөөгүй хоригдол болтлоо уруудсан ч өнөөдрийн улс төрд хамгийн хүчтэй хувь хүн хэвээр байгаагийн илэрхийллүүд нь л тэд юм. Тэр өөрөө яриад байдаг бурхны сургаалаа дагаж амьдраагүй, бид ч түүний айлдварыг дагах бодьсадвагийн үр сад биш. Гэвч тэр улс төрд трэнд байсаар, хүмүүс сонссоор байгаагийн шалтгаан нь юу юм бол? Уг нь тэр унаж бүдэрч яваа, маний л адил иргэн хүн харагдана.
Улс төрийн албан тушаалыг наймаалцах эхлэлийг тавьж, үүнийг гүйцэлдүүлдэг механизмыг тэр бий болгосон гэж ярьцгаадаг. Тэрээр хожим хоёр хуваагдлаа ч хотойхгүй том намыг удирдаж, Ерөнхий сайд,УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн албыг ээлж дараалан хашиж, хэмжээлшгүй эрх мэдэлтэй явсан учраас “авлигыг” анх төрүүлээгүй юм гэхэд загалмайлсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Авлигатай тэмцэх газраас удаан хугацаагаар хорьж, шалгаад түүнийг хууль бус хувьчлалын хэрэгт буруутай болохыг л илрүүлснийг түмэн мэднэ. Албан тушаалыг наймаа болгосон автор гэж улс төрийн хүрээнийхэн, ялангуяа намынхан нь түүнийг мэддэг атал хууль сахиулахынхан шалгаж мөрдөөд чухам хэнээс хэдэн төгрөг авч ямар албан тушаалд томилж байсан талаар юу ч ил болгоогүй юм. Харин албан тушаалаа ашиглан дарангуйлах замаар хоёр ч объект хувьдаа авсан хэрэгт ял оноосон.
Н.Энхбаярт мөнгө өгч албан тушаал авч явсан, аль эсвэл ингэж чадаагүйгээсээ болоод ор хоосон хоцорсон нөхдүүдийн ар хударгаар үүсгэсэн яриа үнэн худал алин болохыг АТГ тогтоох байх гэсэн хүлээлт нийгмийн тодорхой хэсэгт байсан юм. Нэг үгээр хэлбэл Н.Энхбаяр үнэхээр авлигыг загалмайлсан эсэхийг тогтоогоод өгөх байх гэсэн хүлээлт. Гэвч тэрээр хэн нэгэнд албан тушаал наймаалдаг биш харин албан тушаалаа ашиглах замаар хууль зөрчин хувьдаа ашиг олсон байж таарсан.
Үүнд нь зохих ялыг ч шүүхээс оноосон. Шүүхийн оноосон ялыг Ерөнхийлөгч уучлан суллаж, дараа нь УИХ Өршөөлийн хуулийг түүнд зориулан баталж, мөн түүнийх нь эсрэг Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан гээд бүхий л үйл явцыг бид мэднэ. Тэгээд юу нь сонин гэж?!
Хэрэв ил харагдаж буй зүйлсийн цаадахыг төнхөх гээд хичээвэл Н.Энхбаярын эсрэг бүхэл бүтэн төрийн машин одоо хэр зогсолтгүй ажиллаж байгааг ойлгох тун амархан. Анх АТГ түүнийг гэрээс нь баривчлахдаа 600 цагдаагийн хүчийг ашигласнаас эхлээд өнөөдрийг хүртэл түүний эсрэг төрийн машин бүхэлдээ ажиллаж байгаа учраас монголчуудын дийлэнхийн өрөвдөх сэтгэхүй түүнийг нь сөрж, эсэргүүцэх зөв совингоор тэжээгдэж байна.
Төрийн хуулийг зөвхөн түүнд зориулан гаргалаа гэх шүүмжлэл, Төрийн тэргүүн зөвхөн түүнийг намнахын тулд баярын хурал дээр урсгадаг үгс… Нэг хүний эсрэг төрийн механизм бүхэлдээ ажиллана гэдэг гайхалтай. Тийм учраас л Н.Энхбаяр өнөөдөр хүртэл манай улстөрийн гол дүрийн жүжигчин хэвээр байгаа хэрэг. Одоо бол тэрээр гэм буруугаа ухаарсан эсэх, засрах эсэх олон нийтэд огт сонин биш. Зүгээр л тээрмийн чулуунд хавчуулагдсан ширхэг арвай мэт тэрбээр ууч сэтгэлтэй монголчуудад тун өрөвдөлтэй харагдсаар.