Эгэл иргэн ба эх оронч
Монгол Улс дэлхийн хэмжээнд яригдах зэсийн орд Оюутолгойгоо эдийн засгийн эргэлтэд оруулж, олон улсын түүхий эдийн зах зээлд үнэ тогтоох гол нийлүүлэгч болох том амбицитай юм. Дэлхийн зах зээлд гарах энэхүү хүсэл, шунал томын хэрээр үүнийг дагасан дотоодын талцал, тэмцэл маань түүнээс дутахгүй том дажинг үүсгэдэг билээ.
Монгол Улс дэлхийн хэмжээнд яригдах зэсийн орд Оюутолгойгоо эдийн засгийн эргэлтэд оруулж, олон улсын түүхий эдийн зах зээлд үнэ тогтоох гол нийлүүлэгч болох том амбицитай юм. Дэлхийн зах зээлд гарах энэхүү хүсэл, шунал томын хэрээр үүнийг дагасан дотоодын талцал, тэмцэл маань түүнээс дутахгүй том дажинг үүсгэдэг билээ.
Дээрх ордыг манай Засгийн газартай хамтран эзэмшигч компанийн ТУЗ-д улсаа төлөөлж байгаа гурван хүнийг УИХ дээр авчирч байгаад “Та нар Оюутолгойгоос цалин хэдийг авдаг вэ” хэмээн гишүүн Г.Уянгаас эхлээд асууж байна. Гурван сая хүнийг Засгийн газартай нь хамт олон улсад бүртгэлтэй компанид төлөөлж буй ердөө гуравхан хүн байх ч тэдний түрийвчийг тэмтэрч, түмний өмнө нүүрийг нь улайлгаж байгаад сарынх нь цалинг хэлүүлж дөнгөх хэмжээний хүмүүс шүү дээ. Амжилттай яваа наад захын компани ажилтнууддаа хувийн ур чадвар, ажлын байрны үр өгөөжийг нь харгалзан харилцан адилгүй хөлс олгодог ба ижил түвшний албан хаагчид ч нэг нэгнийхээ цалингийн хэмжээг мэддэггүйг популист улстөрчид маань хаа ч заалгаагүй байх л даа.
Хэдэр ааш нь хөдөлсөн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболд манай гишүүдэд “Жилд бид 100 мянган ам.доллар авдаг” гэж хэлж, хор шарыг нь гозойлгохоо мэдэхтэйгээ. Энэ тоог эхлээд гурван хүндээ хуваавал нэг нь жилд 33.3 мянган ам.доллар авах ба үүнийг 12 сар тутамд хуваавал нэг хүний сарын цалин нь ойролцоогоор 2.7 мянган ам.доллар байх аж. Энэ бол дэлхийн хэмжээний орд эзэмшигч компанийн ТУЗ-ийн гишүүний цалин гэдгийг санавал эрүү мулт үсрэхээр их тоо биш. Гэвч үүнийх нь төлөө манай гишүүд ёстой нүүрийг нь улалзуулж, нүд амаа эргэлдүүлж өгч байна гээч. Харин ч манай том амбицитай харьцуулбал бага цалин! Тэр тусмаа УИХ-ын гишүүдэд тэдний цалин сонин биш бидний эрх ашгийг хамгаалж байгаа эсэх нь л чухал баймаар! “Монголын эрх ашгийг хамгаалж чадаж байна уу” гэхийн оронд “Оюутолгойгоос та нар хэдийг авч байна” гэж дайраад байх нь “муу дээрээ муухай” гэгчээр популист дээрээ ядуу, гуйлгачин төрийн сэтгэхүйг харуулна.
Бие даагч гишүүн Ц.Даваасүрэн ТУЗ-ийн гишүүн Б.Бямбасайханыг Дубайн гэрээтэй холбогдуулан баахан загнаж байна. Загнаж, зааж болно оо. Гишүүд ийм эрхтэй гэж өөрсдөө ойлгодог. Гэлээ гээд яагаад яг өөр шигээ, Хөвсгөлийн Даваасүрэн шиг, унасан газар угаасан устай энэ улсын иргэн хүнийг “Эх орондоо эргэж ирэх нүүртэй байгаарай” гэж хэлж байгаа юм бэ?! “Дубайн гэрээ ашигтай болсон уу” гэж асуухын хооронд хараах, ерөөхийн завсарт хэн нэг иргэнээ ингэж муухай хэлж болохгүй биз дээ? Бид ямар төрийг сонгож, ямар нийгэм байгуулж юм бэ?
Хэдийгээр эх орноо цээжээрээ хамгаалж, эгэл ардынхаа төлөө бууны ам хаахад ч бэлэн байгаа улстөрчдийн популизм нийгмийн олонхид таалагддаг ч гэлээ, хувийн өмч, хөрөнгө мөнгийг жигшин зэвүүцдэг социалист нийгэмд өссөн ч гэлээ бид өөр нийгэм байгуулах гэж 25 жил зүтгэж явааг, басхүү эх орончдод ч ёсзүйн хэмжээ байх ёстойг зарим улстөрчдөд сануулмаар байх юм!.
Хүн хоорондын харилцааг хуулиас өмнө ёсзүйн хэм хэмжээ өөрийн үл үзэгдэх гараараа зохицуулж байдаг. Цаашлаад нийгмийн харилцааг хууль цааз зохицуулдаг. Харин тэрхүү хууль цаазыг ёсзүй бүхий хүн өөрөө зохиодог. Шуудхан хэлбэл, УИХ-д суугаа эрхэм гишүүд тэрхүү хууль ёсыг хэлэлцэн баталдаг билээ.