-Хороо урьжээ. Чи явах гэж байна уу? Хоёулаа хамтдаа гэлдрэх үү? гэж Дөнгөтийн  Цоодол утастлаа.

-Яагаад чамайг Хороо уриав?

-Яах юу байхав, Хороо маань ахмадын өдрөөр чи биднийг урьж байгаа юм байлгүй.

-Чамайг том зохиолч болохоор Зохиолчдын хороо урьж л дээ гэж хатгаад үзэв.

Энэ зуур утасны чагнуурт Цоодолын гэргий Цэвэлмаа дуугарч,

-Хөөе Цоодол оо, чи бид хоёрыг Зохиолчдын хороо урьсан юм биш ээ. Хороо хорин ахмадын баяраар урьсан юм гэж залруулж буй нь сонсогдлоо.  

Цоодол маань нэлээд урамгүйхэн надад,

-Хөгшөөн, Зохиолчдын хороо уриагүй юм байна, манай хороо хорин настнуудаа урьсан юм байна гэв.

Хөгшин бид хоёрыг манай хороо бас урьжээ. 23-р сургуулийн цэлгэр танхимд хүлээн авав. Ахмадын уулзалтыг сайхан зохиодог юм байна. Хөгшчүүдийг хөөрхөн дайллаа. Эрүү өвдөг нийлсэн аваргуудын хацар төдөлгүй улаа бутарч, хэсэг зуур хуурамч хорвоогийн зовиуртай төгсгөлөө мартав янзтай хөгжилдөөд эхлэв. Архи дарс амссан эмгэд өвгөд хэдий хөл муутай ч бүжиглэлээ. Жүнз дарсанд хацар нь гэрэлтсэн эмгэд харьцааны хувьд хэт цөөрсөн өвгөдөөс шилж сонгосон өвгөнөө “бүжиглэх үү?” хэмээн урьснаа, “Энэ маань бүжиглэж таваглах бол уу? Олны хөлд арай сөхрөөд уначихгүй байгаа” гэсэн байртай портнёроо эргэлзэнгүй шинжиж, сүрхий судалж байна. “Даралт гайгүй биз дээ?” гэж баталгаа гаргуулаад намжиртай нь аргагүй урих юм. Штраусын мартагдсан вальс уянгалав.

Залуудаа дуу бүжгээр олныг алмайруулж явсан нь хатгаад байна уу гэмээр янзтай эмгэн хэд хэд байна аа маяг нь. Өтөлж доройтсон биед нь гэнэт дэвэрсэн унаган авъяас нь хэвээрээ мэт оргилоод ирэв болтой. Бурхнаас заяасан тэр авъяасаа гүйцэд эдлэж чадалгүй цэл залуугаараа хүүхдэд дарагдаад, амьдралын хар бор нугачаанд өөрийгөө үрсэн гэсэн харамсал нь дурсагдав уу яав. Хөгжиж хөөрсөн хөгшид яасан сайхан харагдана вэ. Энд цугларсан 300 шахам буурайн магадгүй хэд гуравт нь “энэ уулзалт таны хувьд сүүлчийнх шүү” гэж хорвоо шивэгнэхгүй нь нэг бодлын энэрэнгүй ч юм уу даа. Чих нь хатуурсан өвгөд толгой зөрүүлэн чангаар хөөрөлдөнө. Хөл нь муудаагүй эмгэн цөөхөн тул голдуу таягтай. Сэвэлзтэл хөнгөхөн бүжиглэх найз эмгэдээ таягтнууд бахдан харж инээмсэглэнэ. Хормой дэрвүүлэн эргэлдэх нэг хоёрыг бүжгийн дугуйланд байнга явдаг хөгшид гэж шивнэлдэв. Бидний дунд өнчирч хоцорсон өвгөд эмгэд цөөнгүй агаад тэд жожигдуу, ганцаардмал суух нь өрөвдөлтэй. Өнчрөгчдийн дийлэнх нь эмгэд ажээ. Өнчирсөн эмгэнээс өнчирсөн өвгөн улам өрөвдөлтэй харагдсаныг хувиа хичээсэн өөдгүй өвгөний үзэл гэх байх даа.

97 настай эмгэн тасхийсэн хоолойгоор дууллаа. 97 гээд бод доо! Тэр эмгэн тийхнээрээ чанга хоолой гаргасандаа баясаж, “Би үхэх болоогүй байна” гэж байдаг дуу хоолойгоо шавхан зарлаж байх шиг. Хоолойд хэцүү бэсрэг уртын дуу дуулахад ямар эрсдэлтэй байдаг билээ, эмгэний хоолойг цуцаж, нарийн шууранхайг гүйцэхгүй нь гэж эмээсэн хөтлөгч бүсгүй, “За эмээ, нэг бадаг дуулсан хойно одоо боллоо. Танд их баярлалаа” гэхэд эмгэн толгой сэгсрээд цааш бас нэг түрлэг дуулах гэж аргиж гандсан хоолойгоо шавхан чичигнүүлэх нь сэтгэл өмлөв. Ямагт залуугаараа, ямагт амьд явах хүслэн-энэ орчлонгийн агуу сайхных буй зээ.

Хавтгайгаараа хэдэн жил хэвтсэн ханиа өдөр шөнөгүй асарч өргөдөг өвгөн хөрш эмгэнтэйгээ гялалзтал вальс эргэж харагдана. Харвалт авсан өвгөд эмгэд 40 мянгатад яасан ч олон юм. Тэд нэг бол өвгөнөөрөө, нөгөө бол эмгэнээрээ сугадуулчихсан гадаа салхилж явдаг юм. Ямар өрөвдөлтэй үзэгддэг гээч. Саяхан халгиж цалгиж явсан танил залуус. Хүний нас даанч охорхон ажээ.

Төрсөн нутаг, нүүдэлчин монгол ахуй, буянт мал сүргээ магтан дуулсаар хотоос гаралгүй насыг элээсэн уянгын халилтай яруу найрагч нөхдөө би хороо хорины таягтнуудын тухай нулимс хуртал шүлэглээсэй гэсэн бодолд автаж суулаа. Найргийн хамгийн үнэ цэнэтэй сэдэв насны эцсийн энэ өрөвдөлтэй агшин юм биш үү. Гонь болсон хөгшдийн нүдэнд хосоороо явж буй хөгшид хамгийн жаргалтай хоёр харагдаж байгаа. Хэдийгээр цаадуулын нь өрөөсөн голдуу согогтой ч гэлээ. Вальс, покстроль, тэр ч бүү хэл танго. Энэ тансаг эрхэмсэг бүжгийг яг номоор нь бүжиж чаддаг буурал олон байна гээч. Хазгар, салга, харалган, дүлий буурай нараас их юм цухалзах янзтай. Тиймээ бидний үеийн сэхээтнүүд. Цагтаа дэгжин шаавай явсан шинж тэдэнд тодхон. Даанч олонх нь дүлий, хазгар юм. Даанч зарим нь өнчин юм. Хосоороо үлдсэн азтай хэдийн өрөөсөн нь даанч салга юм. Жар далаад онд хорь гучин настай гялалзаж явсан залуусын танил нүүр царай энд олон харагдана. Үзэсгэлэн гоогоороо гайхуулж явсан андуудын маань царай зүс өдгөө байж байгаа нь энэ. Хорвоо гэж?! Сайхан мөртлөө төгсгөл нь яасан ч гунигтай юм бэ дээ. Урт наслаж, удаан жаргахыг ерөөсөн залуусын халуун дотно үгэнд уярсан хөгшчүүдийн нүдэнд ёс мэт яагаад заавал нулимс хурна вэ? Өрөвдөж хүндэлсэн хүүхдүүд минь нулимс унагах бидний өмнө буруутай мэт, биднийг аргадаж, царайчилж байнам. Бид тэднээс болж элэгдсэн гэж үү? Үгүй ээ үр хүүхэд минь!

Залуус өвөө эмээдээ бүжиг дуугаа өргөв. Тэд минь ч гэсэн бидний замыг туулна. Та нар нялх учраас өтлөхийн далайг зүүдлэхгүй хөгжилтэй хөхөрч хөшиж явна. Сайхан үеэ ханатал эдэл! Насны эртэд яагаа ч үгүй бүү өтөл! Үр хүүхэд минь, хөгжилд хөгжилд, томоогүйт томоогүйт! Өтлөхийн далай хүссэн хүсээгүй цаг нь болохоор нөмрөөд авна. Хороо хорин биднийг хүлээн авч байна гэдэг чинь Төр Засаг, хойч үе, үр хүүхэд минь өвөө эмээгээ өрөвдөн дээдэлж буй хайр. Ахмадын баяр минийх чинийх, манайх танайх гэх явдалгүй, хүн ёсны жинхэнэ баяр. Нүд анихын өмнөх сэтгэл сэргээх үдэлтийн цэнгүүн. Хуулийн өмнө хүн бүр тэгшгүй ч үхлийн өмнө хөгшид бүр тэгш. Миний бодол энэхэн агшинд өөрт танигдахгүй байна. Сэтгэл тавирсандаа ядруухан мушийх биднийг зугуухан атлаа барьцаа сэмээрхэн лавшруулсаар буй гунигт сэрэл орхихгүй хүйт оргиулна.  

Зээ, эмгэд өвгөд минь ирэх жил ингэж уулзахдаа халуун ам бүлээрээ тоо бүрэн байх юм шүү! 

                                                                                                                         2007