Тамхиа бясалгал болго
- Сохор номингийн довыг уул болгож дөвийлгөх хэрэггүй. Шашны хүмүүс энэ тал дээр үнэн гаргууд. Тамхи татах ердөө л утаа уушгилж, гаргах – Нэгэн зүйл пранаяма (хийн дасгал).
- Ошо, би тамхи угсруулж татдаг зуршилтай. Орхих гэж зөндөө хичээсэн ч болохгүй юм. Тамхи татах нүгэл үү?
- Сохор номингийн довыг уул болгож дөвийлгөх хэрэггүй. Шашны хүмүүс энэ тал дээр үнэн гаргууд. Тамхи татах ердөө л утаа уушгилж, гаргах – Нэгэн зүйл пранаяма (хийн дасгал). Чи болхи аргаар ёог хийж байна гэсэн үг. Эрүүл мэнд, ариун цэвэрт таарамжгүй биз, гэхдээ нүгэл лав биш. Ертөнцөд ганцхан нүгэл бий: Үл сэрэхүй. Бас ганцхан буян бий: Сэрэхүй. Юу ч үйлдсэн түүндээ ажиглагч байр сууриа хадгалбал үйлийн чанар даруй хувирдаг.
Үйлийн хэлбэрээс биш, үйлийн цаанах ухамсраас бүх зүйл хамаарна. Үйл өөрөө гэм ч биш, буян ч биш. Хэрэв чи өдөр бүр ухамсар сэхээгүй мөргөл үйлддэг бол мөргөл чинь гэм гэсэн үг. Архи тамхинд донтдог шиг мөргөл залбиралд донтож болно. Нэг өдөр мөргөлөө таслахад өдрийн турш үймэрч хямарч, хоосон оргих жишээтэй. Механик зуршил үүссэн үед чи боол болж, тэр эзэн болдог.
Би чиний тамхийг биш, зуршлыг анхаарч байна. Хүн эрх чөлөөн дунд амьдрах
учиртай. Зуршилд баригдалгүй, тухайн нөхцөлдөө зохирох нь эрх чөлөө юм. Амьдрал
үргэлж урсаж, хувьсдаг атал аливаа зуршил ягшинга байдаг. Хэдий их зуршилд
автана, төдий чинээ амьдралаас хөндийрнө. Орчин нөхцөл, одоох агшинтай зохилдохоо
больж, зуршлаа л давтах болно. Энийг ямар амьдрал гэх вэ?
Тогтоож ав: Сайн, муу зуршил гэж байхгүй. Зуршил бүхэн муу. Учир нь, бүх зуршил чамайг дарангуйлдаг. Чи өөрийн эрхээр, сэрүүн ухамсраар биш, өнгөрсөн цагийн хэв загвараар л үйлдэнэ... Хүмүүс дасал болсон зуршилдаа хөтлөгдөж амьдардаг. Олон баян хүнийг тарчигхан амьдарч байхыг би харсан. Ядуу тарчиг байх үед нь суусан зуршил баяжсан хойно нь ч алдардаггүй юмсанж. Баячуудын дотроос хамгийн харамч нарийн занг харж болдог нь ийм учиртай.
Дэлхийн хамгийн баян хүнд тооцогдож байсан Хайдэрбадын Низамыг мэдэх үү? Тэр дэлхийн сор болсон алмааз олборлодог Голконда уурхайн эзэн. Мянга түмэн очир эрдэнийг тоолж барахгүй, зүгээр л пүүлдэг байв. Гэвч тэр энэ дэлхийн хамгийн нарийн хүн байсан юм. Ганц хүрмээ насаараа шахуу өмссөн. Түүнийгээ элэгдчихнэ гээд угаадаг ч үгүй байжээ. Тэрээр зочдын дутуу татсан тамхины ишийг түүж татдаг байсан. Ертөнцийн баян хүн акурк татдаг гээд бод доо. Зочдыг явсан даруйд хамгийн түрүүнд хийдэг зүйл нь акурк түүх. Нас барахад нь түүний навтархай гутал дотроос тансаг очир эрдэнэ олджээ. Хулгайд алдчих вий гэж айгаад амьсгал хураахынхаа өмнө гутландаа нуусан байж. Санаа нь бол хойд төрөлдөө аваад явах байсан биз. Үхэж байхдаа ч хүн зангаа тавьдаггүй юмсанж.
Гүрүчаран, тамхи татах, эс татах тийм чухал биш. Яахав, үргэлжлүүлж татаад байвал арай эрт өнгөрч магадгүй. Дэлхийн даац хэтэрсэн үед нэг хүн хугацаанаасаа өмнө явлаа гээд муу юм юу байна?
Хэрэв амьдралаа өөрчилье гэж хүсч байгаа бол тамхиа хаях төдийгөөр бүү ойлго. Тамхиа хаясан ч бохь зажлаад эхлэх жишээтэй. Нэгийг л нөгөөгөөр солино. Адилхан мунхаг үргэлжлээстэй. Учир нь, энэ бол далд ухамсраас нэхэх шаардлага. Анзаардаг биз дээ? Сэтгэл үймрэнгүүт тамхиа татаж эхэлнэ. Тэгээд жаахан тайвшрах. Сэтгэл хоёр зүйлд зэрэг чиглэж чаддаггүй. Тиймээс тамхинд чиглэснээр бусад үймрэлээ мартагнаж байгаа юм. Тарни уншлага ч үүнтэй адилхан. “Ум, Ум, Ум”, эсвэл “Рам, Рам, Рам”, эсвэл “Аллах, Аллах, Аллах” гэж давтсанаар сэтгэл чинь түүгээр эзлэгдэнэ. “Аль болох хурдан давтаад бай. Хоёр давталтын хооронд зай чөлөө бүү үүсгэ” гэж тарни номлогчид хэлдэг нь учиртай. Зай гарвал өөр бодол ороод ирнэ шүү дээ. Тэр хоромд чи хорвоог түр мартана. Тамхилах ч гэсэн нэгэн зүйлийн тарни урилга. Жинхэнэ асуудал нь зуршил юм.
“Орхих гэж зөндөө хичээсэн ч болдоггүй” гэжээ. Сэхээрэх гэж хичээлгүй, орхих гэж хичээсэн болохоор аргагүй. Цаад сэтгэлийн үймрэл хэвээрээ байгаа цагт эргээд л ирнэ. Эхлээд уг үйл явцаа ухамсарла. Навч зулгаахын оронд модны үндсийг нь хөнд. Миний үргэлж та нарт хэлж сануулдаг зүйл энэ. Навч зулгааж, мөчир тайрлаа гээд мод устахгүй, харин ч улам өтгөн саглагар болж ургана. Үнэхээр ангижирмаар байгаа бол үндэс рүү нь хар.
Тамхи угсруулж татдаг нь чиний дотор маш их ачаа дарамт байгааг илтгэж байна. Энэ бол зохиомол дадал. Сэтгэлийн ачаанаас яаж салахаа мэдэхгүй, гагцхүү тамхи тэднийг мартагнахад тус болдог хэрэг.
“Зөндөө их хичээсэн...” гэжээ. Ховсзүйчид нэгэн гол хуулийг нээсэн юм. Урвуу нөлөөллийн хууль гэдэг. Уг үндсийг нь ухааралгүйгээр аливаа зүйлийг хийх гэж чармайх юм бол эсрэг үр дүн гарна. Жишээ нь, дугуй унаж сурч байх үедээ чи сэлүүн хоосон замаар явж байлаа. Замын голд улаан тэмдэгт саадыг олж харлаа. Зам уул нь жаран фүүтийн өргөн. Сохор хүн ч тойроод гарчих газар. Харин чи харсаар байж, зайлах гэсээр байгаад яг очоод мөргөчихнө. “Яаж байна аа? Би хичээсэн шүү дээ” гэж гайхах байх. Энэ бол ховсын хүч. Сааданд ойртох тусам зугтахыг оролдож, хичээх тусмаа түүнд чиглэж төвлөрснөөс үүссэн хүч соронзон мэт үйлчилж байгаа юм.
Амьдралд энэ хууль үргэлж үйлчилдэг. Олон хүн элдэв зүйлээс зугтдаг мөртлөө яг тэр нүхэндээ ойчдог. Тиймээс хүчлэх хэрэггүй, энгүүн тайван бай. Энгүүн тайван байж л уг зүйлээ ухамсарлаж чадна.
Миний хэлэх зөвлөгөө бол: Хүссэн зоргоороо тамхил. Гагцхүү бясалгагч байдлаар тат. Зэнгийн хүмүүс цайг бясалгангуй ууж болдог бол чи яагаад тамхиа бясалгангуй татаж болохгүй гэж? Ижилхэн нөхцөл шүү дээ. Үнэн хэрэгтээ цайнд ч гэсэн сэргээш агуулагддаг. Тамхинаас нэг их ялгаагүй. Тамхилахаа цайны ёслол шиг бясалгалын үйл болгож хувирга. Туршаад үзээрэй.
Орон байрандаа тамхилах тусгай орчин – бясалгалын төвхөн, тамхины сүм байгуул. Юун түрүүнд тамхины хайрцгийн өмнө мөргөл үйлд. Түүнтэй мэндэлж, сонин сайхнаа хуваалцаж болно. Тэгээд хайрцгаас тамхиа аль болох аажуу уужуу гарга. Улмаар асаагууртаа ч мөргө. Гэрэл бурхан бол асаагуур ч бурханлаг байж таараа. Тамхиа асаагаад Випашяна үйлдэж байгаа шигээр тайван сор. “Энгүүн амьсгал” гэж Будда хэлдэг. Тиймээс адгаж яаралгүй, энгүүн тааваараа тат. Гэм нүгэл гэсэн зүйлдээ та нар адгаж, бушуу дуусгахын түүс болдог. Гэм нүгэл гэсэн зүйлээ харж чадахгүй далдичдаг. Тиймдээ л тамхилж байхдаа сонин шагайх мэтээр өөр зүйл рүү ханддаг. Хэн нүглийг харж зүрхлэх вэ? Тамхи татах нь нүгэл биш болохоор тайван ажигла. Үйлдлээ олон бичил хэсэгт задалж хуваах юм бол илүү удаан, нарийн ажиглаж чадна. Тэгээд чи гайхах болно. Ажиглах хэрээр тамхи чинь улам бүр багасч, нэг л өдөр бүрмөсөн арилна. Ямар ч хүчин чармайлтгүй жамаараа талийна. Учир нь, механик зуршлыг ухамсарлахад чиний дотор ухамсрын шинэ эрчим хүч суларч, ундарна. Тэр л эрчим хүч чамд ивээл болно, өөр юу ч туслахгүй.
Зөвхөн тамхины тухайд биш, амьдралд байх бүх зүйлд хамаатай шүү. Өөрийгөө өөрчлөх гэж битгий хүчил. Навч зулгаахтай адил өөрчлөгдлөө ч өнгөц хэвээр үлдэнэ. Чи хаа нэгтээгээс өөр нэг орлон тоглогч олоод авна. Эс бөгөөс эзгүйрэл мэдэрч бухимдана. Зүгээр л тайван ажиж ухамсарлах юм бол жамаараа хагдарч одох. Гандсан навч модноос унах шиг. Ард нь шарх зовиур, эсвэл сагсуу бардамнал үлдэхгүй. Аливааг хүчээр таслах юм бол эго ургадаг. “Тамхиа хаясан болохоор би одоо гэгээн хүн” гэхчлэн бардаж эхэлнэ. Танай гэгээнтнүүд тийм л хүмүүс байдаг. Архи уудаггүй, тамхи татдаггүй, өдөрт нэг удаа хоол иддэг, шөнө хоол иддэггүй, ус ч уудаггүй гэхчлэн. Ийм зүйлс тэдний эрхэм дээд “буян”.
Шашин номын сүр жавхлан, тэнгэрлэг утгыг бид ингэж гутаадаг. Мунхаг
хүмүүсээс болж шашин ч мунхарчээ. Бүх зүйл та нарын хандлагад харгалздаг.
Аливааг нүгэл гэж бодох юм бол түүний эсрэг нь буян болж таарна. Би цохон
тэмдэглэе: Тамхи татахгүй нь буян биш, татах нь нүгэл биш. Гагцхүү ухамсар
сэхээ буян, ухамсар сэхээгүй нь нүгэл. Энэ хууль бүх амьдралд чинь тохирно шүү.
Эх сурвалж: ‘Talks on Zen’ by OSHO