Энэ удаагийн “Цензургүй яриа” нэвтрүүлгийн зочноор Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн оролцлоо.

-Та төрийн эрхэм дээдсүүдэд зориулж ил захидал бичжээ. Хэдийгээр захидлын хариу ирээгүй ч таныг гэсэн уншигчдын  хүртээл болж шагшаан дагуулсан байна. Энэ шагшаан та бид хоёрын уулзах гол шалтаг боллоо?

-“Цензургүй яриа” монголчуудын үзэх дуртай нэвтрүүлэг. Дуртайгаас гадна баярлаж, бас зарим тохиолдолд сонжиж шимтэн үздэг. Энэ нэвтрүүлэгт хүндэтгэлтэй хандах ёстой байсан. “Монгол тулгатны 100 эрхэм”-д орохдоо дээл хувцсаа бодох шаардлага гардаг. Гэтэл өнөөдөр эгэл хувцастай яваад ирсэндээ уучлалт гуймаар байна. Яагаад вэ гэхээр би олон хүү, хүүхэдтэй хүн. Тэдэнтэйгээ уралдаж өссөн. Миний өсөөд надад багадсан хувцсыг хүүхдүүд маань жаахан байхдаа өмсдөг байлаа.  Харин одоо хүүхдүүдийнхээ багадсан хувцсыг би өмсдөг болсон. Хорвоо гэдэг их сонин юм. Би болон хүүхдүүд минь бие биенээ хувцаслаж яваа хүмүүс. Уучлал эрэхийн шалтаг бол энэ ихэмсэг нэвтрүүлэгт хожим орох хүн ч гэсэн хувцсаа бодож ирж байгаасай. Энэ нь уран бүтээлчид өөрийнхээ хийж байгаа юмыг хүндлүүлэх гэсэн ойлголт огт биш. Үзэж байгаа таныг хүндэтгэж байгаа ойлголт гэж бодож байна.

-Баярлалаа. Та манай нэвтрүүлэгт маш сайн үнэлэлт өглөө. Таны захиа бичсэн шалтгаан юу байв. Яагаад ингэх болов?

-Төрөөс хол оршдог иргэн гэж байдаггүй. Төр миний бие дотор артер венийн судсанд цус шиг урсч байдаг. Үүнийг төрийн өндөрлөгүүд мэддэг л байх. Төрөө чагнаж, амсч амьдардаг. Тэр байтугай гашуунаар хэлбэл төрийнхээ өгсөн юмыг идэж амьдардаг улс шүү дээ. Тийм болохоор нэлээн цухалдаж аргаа барж бухимдахдаа захидал бичсэн. Энэ бол миний саяхны бодсон бодол биш. Олон өдөр, шөнө бодож, санаж явсан. Миний бүдэрч байгаа чулуунуудыг эвлүүлж өрсөн айл гэрийн тоглоом юм даа. Эд нарт тоглоом л гэж сонсогдож байгаа байх. Би өөрийнхээ бүдэрсэн чулуу болгоныг түүж энэ захидлыг бичлээ.   

-Та нэлээд  цухалдуу  байна. Юу таныг цухалдахад хүргээд байгаа юм?

-Их олон шалтаг байдаг. Бусдын цухалдаж байгаагаас минийх бага. Яагаад гэвэл би тэд нараас тэнэг учраас. Ард түмнээс ухаантай хүн байдаггүй. Тэд нар минь бүр их цухалдаж байх шиг байна. Хажууд хүмүүс цухалдаад байхад байж чадахгүй  дагаж цухалдаад өөрийнхээ хөгц цухалдал дээрээ нэмээд энэ захидлыг бичсэн. Захидлыг минь уншихгүй байх л даа. Миний захидлыг уншиж суух зав ч гэж юу байсан юм. Намайг уншдаг ганц, хоёр хүн байвал уншиг гэж бодоод тавьсан.

-Та захиандаа “Цуурайтсан хэрэг дуулиан илэрч алга болох нь эгэл хүмүүсийн эгдүүг хүргэнэ. Тэдний шархыг “өршөөл” хэмээгч нь долоож идгээнэ” гэсэн байх юм. Би бодохдоо саяхан УИХ-аас баталж гаргасан Өршөөлийн хуулийг хэлсэн болов уу гэж ойлголоо?

-Хууль гэдэг нэг уурлаж, нэг долоодог тийм уяхан зүйл биш. Хууль бол их хатуу биет. Гэхдээ төрд өршөөл, цааз хоёр байх ёстой. Би бодохдоо идсэн, уусан улсыг өршөөгөөд байгааг л хэлэх гэсэн юм. Ийм хэрэг гарлаа гэж цухуйлгаж ирээд дорхноо байхгүй болчихдог. Нөгөө хүн нь буруугүй. Би захидалдаа бичсэн. Илрүүлсэн ховс үзүүлээд идсэн хүндээ хоол нь зохиг гэж дом хийж  байна уу. Эсвэл хар цагаан хэл амнаас зайлуулж өгч байгаа юм уу гэж боддог. Тэрнээс биш саяны Өршөөлийн хууль дэндүү их өргөн хүрээтэй, хамаарсан шийтгэл өршөөл хоёр аль алин нь ард түмэнд зохидоггүй. Үүнийг түүх уншиж байгаа хуулиа мэддэг хүмүүс мэдэж байгаа биз.

-Хууль гаргаж байгаа хүмүүсийг түүх уншдаг гэж бодож байна уу?

-Эрх биш хардаг байлгүй. Эд чинь хуулиа хийхдээ сүрхий хийдэг юм гэсэн шүү. Дам сонсоход нэг хуулиас өчнөөн сая төгрөг аваад  бушуухан баталдаг. Хуулийг уншиж үзэхээр өгүүлбэр зүйн зохион байгуулалт, монгол хэл байхгүй шүү дээ тэр хуульд нь. Хаанахын хүнд зориулсан юм бэ гэмээр хууль хийдэг. Хууль дотор ба юм уу тул байхад хүний хэрэг хичнээн янзаар холбирч болно. Хуулийн эмзэглэл гэдэг энэ. Нэг хэрэггүй тул, нэг ба, эсвэл гэдэг үг орсон байвал  хүн алсан хэрэг хүн үнссэн хэрэг болоод хувираад явчихна. Аюултай байхгүй юу. Хуулийн хэл гэдэг хамгийн эмзэг. Үүнийгээ чадаж л байгаа юм байлгүй дээ хөөрхий гэж бодож өрөвддөг. Монгол хэлээ мэдэхгүй юм. Хууль монгол хэлээр гармаар юм шиг санагддаг.

-Монгол хэлээ мэдэхгүй гэдэг үгэн дээрээ асуумаар санагдлаа. Манай төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хүүхдүүд монгол хэлээр амалж сургуульд орохгүй юм. Гадаад хэлтэй сургуульд сурдаг. Монголын төрийн дээд хүмүүс төрийн ухаанаа  үр хүүхдэдээ  өвлүүлж үлдээдэг уламжлал бий. Гэтэл өнөөдөр монгол хэлээ мэдэхгүй хүүхдүүд өсч байна. Тэд Монголын төлөө эргээд юм хийх үү. Бас санаа нь зовох болов уу?

-Мэдэхгүй. Эцэг, эх нь итгэж найдсны хүчээр хүн болно л доо. Энэ бол хууль. Хүний үүрэг. Гэхдээ дэлхийн сурганы хатуу баримталдаг хуульд 13 нас хүртэл нь гадаад хэл үзүүлдэггүй. Төрөлх хэлд нь мэргэшсэн нөхцөлд гадаад хэл заах ёстой. Үүнийг уншсан байдаг биз дээ. Гадаад хэлээр амална гэхээр гадаадад боловсруулсан хуурай сүүгээр угждаг байлгүй. Би ингэж л боддог. Сүү нь гадных болохоор хэл нь гадных болдог юм уу яадаг юм. Тэд хамгийн шим тэжээлтэй юмаар хүүхдээ бордож байгаа шүү дээ. Бидний хэрэглэдэггүй юмаар. Ер нь Монголын дэлгүүрээс юм авч хэрэглэдэг юм уу. Үгүй байлгүй дээ.

-Төрийн албан тушаалд сүүлд ирж байгаа залуучууд байна. Гадаадад сураад ирсэн хүмүүс байх юм. Тэд бичиг, баримтаа  гадаад хэл дээр боловсруулж дараа нь монгол хэл рүү орчуулж байна. Энэ нь таны хэлдгээр түмэн алдаатай утга огт байхгүй бичиг олширч?

-Ийм элбэг баян эгшиглэнт монгол хэлээр англи хэлнээс юм орчуулахад ядуу буудаг. Өөрсдөө мэдэж байгаа биз дээ. Агуу хэлтэй ард түмэн гэдэг бахархал байх ёстой. Аль ч хэлээр солихгүй омог бардам зан байх ёстой. Дэлхийн соёлд нэвтэрсэн улс гэж харагдах гээд үр удмаараа чармайдаг байлгүй хөөрхий. Ингэж байхын оронд гэр бүлээрээ нүүцгээвэл яасан юм. Энд ингээд байж байхаар аль өвстэй  газар мал гэж. Гэхдээ нэг гашуун юмыг ойлгох хэрэгтэй. Хүн өрөөлийн нутагт хагас, өөрийн нутагт бүтэн жаргадаг гэдгийг ойлгох ёстой. Хүний үр сад энэ орны газар шороон дээр унаж тэр монгол эцэг, эхээс төрсөн бол түүний төлөө зориулагдсан юм шүү гэдгийг ойлгоорой.

-Хоёулаа Өршөөлийн хууль руу буцаад оръе. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр авлигын хэрэгт холбогдож шүүхээс ял авсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж уучилсан. Үүний дараа Өршөөлийн хууль гарлаа. Хүмүүс Н.Энхбаярт зориулсан хууль гаргалаа гэж эгдүүцэж байна. Та үүнийг хүлээн зөвшөөрөх үү?

-Мэдэхгүй. Би эд нарын нарийн учрыг мэддэггүй. Ярьж байгааг нь ч ойлгодоггүй юм. Прокурорын байгууллагын ажилчдын цуглаан дээр Ц.Элбэгдоржийн хэлсэн үг энэ агуулгаас ангид утга сонсогдсон. Ингээд зөрөөд байх юм. Үйл ажиллагаа үг хоёр нь зөрөх юм даа зарим тохиолдолд. Их л буруу юм шиг санагддаг. Ганц Н.Энхбаярт зориулсан өршөөл биш байх. Бас хэлмэгдсэн элдвийн улс байдаг байлгүй. Нүдээ олж байвал өршөөл байх ёстой гэж би хэлээд байгаа. Энэ зөвхөн Н.Энхбаярт зориулсан өршөөл гэж үзэх үндэслэлгүй. Эд нарын үгийн цаадах далд утгыг сонсоход биш юм шиг байдаг. Надад ингэж бодогддог. Уучилна, өршөөнө хоёрын хооронд ямар ялгаа байдгийг ойлгохгүй байна. Өөрөө уучилсан байгаа юм. Тэгээд өршөөл гээд давтахаар аль нь тодорхойгүй. Уучлал гэдэг нь юу юм бол. Өөрөөр хэлбэл, “та манайд орно уу” гэдэг нь уучлал. “Та хоймор сууна уу” гэдэг нь өршөөл юм болов уу даа. Би малчны хүүхэд болохоор бүдүүн баргаар ойлгоно.

-Таны ил захидалд “Цэвэрхэн хувцасласан ихэмсэг тэнэгүүдээр төрийн байгууллагууд дүүрлээ. Нэг өтнөөс айх хэрэггүй. Тэрний олон авгалдайнуудаас л айж бай. Тэд бүгдээрэ өт болно” гэсэн өгүүлбэр байна?

-Миний хоёр дахь “Хүнд манан” номонд орж байгаа үг л дээ. Ерөөсөө тийм л санагдаж байгаа. Хичнээн оюунлаг залуучууд, хичнээн сайхан сургууль төгссөн хүмүүс татлага, танил байхгүй. Юу ч байхгүй. Эцэг, эх нь хөөцөлдөөд ч бүтэхгүй. Ажилгүй. Оюуны гуйланчлал хийж байгаа тухай бичсэн би. Тэгэхээр чадахгүй мэдэхгүй улс энэ төрийн байгууллагаар дүүрнэ гэдэг аймшигтай.

-Ялангуяа төрийн толгойд их гардаг болж?

-Тэгэхгүй л бол амар байж чадахаа больсон. Хүний дээр байж юм хийнэ гэж боддог улс. Эндээс сэдэвлэж бодоход бид бүтээхийн донтой хүмүүсийн шагнал эцэстээ гүтгэлэг байна. Дараа нь бидэнд өршөөл үйлчлэхгүй байх. Энд их гутаж байна. Би гутарч явдаг. Юм бүтээхийн хэрэг алга гэж бодогдтол тийм өдөр ирж байна.

-Би таныг өдий хүртэл уран бүтээлээ туурвиж, шүлэг найргаа хийгээд явахдаа дандаа магтаалын үг сонссон гэж бодохгүй байна. Та сүүлийн үед доромжлуулдаг, гүтгүүлдэг, хараалгадаг болчихлоо. Өмнөөс нь яс хавталзмаар нийгмийг бүтээчихсэн юм шиг байна л даа?

-Энэ их хэцүү. Шүлэг, бүтээлийг минь доромжлоод байхгүй юм. Өөрийгөө сурталчилсан болох байх даа. Өөртэй чинь ярьж байх хугацаанд хэлэхэд 37-38 жүжиг, зургаан ном бичсэн байна. Дуурь, дуулалт жүжгээ оруулахгүйгээр хүүхдийн жүжиг олныг бичиж. Төрт ёсны эмгэнэлт жүжиг ч бичсэн байх юм. 4-5 оронд миний номыг төрөлх хэл дээрээ гаргасан байна. Энэ бүхнийг тавьчихаад телевизээр гарвал  овоо л юм хийсэн хүн харагдана. Миний бүтээсэн бол миний үхсэний дараах үнэ. Миний амьдын үнэ биш. Намайг амьд дээр хэн ч нулимж, доромжилж болно. Өөрийгөө доромжлуулахад бэлэн байна. Гэхдээ ганцхан юм бий. Монголчууд нас хараадаг юм шүү гэж ярьдаг. Нас нь ахиад өтөл болсон хүнээр оролдоод. Хааяа бас үгээ татаж гүтгэхдээ  учиртай доромжилж байгаач гэж хэлмээр байна. Сүүлийн үед сонин дээр “Монгол тулгатны 100 эрхэм”-ээс болж Монголын сэтгүүлзүйг гутаасан нэр авсан. Надад тэр эмээл сайхан зохиж байгаа. Гоёлын эмээл шиг. Мөнгөн баавартай эмээл тохсон юм шиг сайхан санагдаж байгаа. Гэхдээ би энэ өгүүллэгийг бичсэн Г.Баяр гэдэг сэтгүүлчийг ерөөсөө мэдэхгүй. Гэтэл үүний цаана нэг захиалагч этгээд нөгөө хүнээрээ бичүүлж төлбөртэйгээр нэрээ нууцалж тавьсан. Уран зохиолд далд нэр гэж байдаг. Оросын хаант ёсны үед олон гарч байсан. Оросын суутнууд далд нэртэй байсан. Тийм нэр биш юм. Энэ бол огт өөр агаараас нэр тавиад. Би эзнийг нь мэдэж байгаа учраас түүнтэй тэмцэлдэх нь инээдтэй санагдаж байна. Хоёрдугаарт, ний нуугүй ярихад та бидний хийж буй уран бүтээл бол өрсөлдөж зиндаархсан нэвтрүүлэг. Аль нь ч. “Монгол тулгатны 100 эрхэм”, “Цензургүй яриа” хоёрыг монголчууд их үзэж байгаа болохоор ингэж хэлж байна. Үзэгчээр баян нэвтрүүлгийг л сайн нэвтрүүлэг гэнэ үү гэхээс өөр юу хэлэх вэ. Үүнийг хийж байх үед хүмүүс ойлгодоггүй. Бид зураг авахдаа дор хаяж найман цаг болдог. Тэгээд 12, 14 цаг, хөдөө, тариан талбай, гэрт гээд бүхий л газарт авна. Эцэст нь хумиж нэг цаг 20 минут юм уу, хоёр цагийн нэвтрүүлэг болгодог. Нэг нэвтрүүлгийг 14 юм уу 20 хоногт бичдэг. Заавал ийм хугацаа зардаг. Хэл хальтираад хэлэхэд Монголын  нэвтрүүлэгүүдэд дутаж байгаа юм нь сонгодог монтаж.

-Дутаж байсан сонгодог монтажыг “Монгол тулгатны 100 эрхэм” л г гаргаж ирсэн?

-Гаргаж ирсэн. Хүүхдүүд сонирхоод элдэв юм оруулдаг. Би яваандаа тэр нэвтрүүлгээр бөгс, бөөр ярьдаг өвгөн болж хувирсан. Би онигоо яриад суудаггүй. Тухайн хүнтэй ний нуугүй ярьсан болгоны 80 хувь нь хар материал болж үлдэг. Болсон зүйл нь нэвтрүүлэг болж орог. Тэгээд бүх материалаа архивт өгдөг. Тэгэхээр бидний дотор хүн шиг байсан тухай алдаа оноог нь ойлгоход хэрэгтэй юм уу даа. Эцэст нь хүн байсан юм шүү гэж хэлэх гэсэн. Сүүлдээ зүгээр ярьж байсан юмнаас нь алдаж оруулсан зүйл баримт болсон. Тэр дотор “Нэг эрээр дууссан эм, нэг эмээр дууссан эр гэж байдаггүй” гэж хэлсэн. Энэ бол миний номонд байдаг афоризм. Би үүний төлөө буруу  хүлээх дургүй байна.

-Үнэн үг хэлсэн шүү дээ?

-Би гашуун үнэнийг хэлсэн. Гашуун үнэнийг жаахан бүдүүлэг хэлсэн байх. Хүн яагаад ингэж өөхөнд боосон хор залгилах дуртай болчихсон юм. Хорыг хороор, чихрийг чихрээр нь ид л дээ. Яагаад хөвөн, торго, өөхөнд боолгож идэх дуртай болчихсон юм бэ. Өөрөө эд нар ийм маягаар амьдарч байгаа байхгүй юу. Төрийн дээдсүүд.

-Би хувьдаа “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт дуртай. Ийм сайхан нэвтрүүлэг хийснийхээ төлөө гүтгүүлж, доромжлуулна гэдэг хэцүү еэ?

-Гутамшигтай.  Би болъё гэж бодож байгаа. Одоо би  өтөлж. Анх энэ нэвтрүүлгийг Ану, Баатар нар санаачлаад намайг дуудсан. Би зөвлөх редактор гэж байгаад хөтөлж эхэлсэн. Одоо би больж болно. Үнэхээр энэ өвгөн хэрэггүй байгаа бол би болино. Зүгээр байгаа зовлогоо зовоож байх хэрэг алга. Олон сайхан уран бүтээлчид бий. Мөөгий, Лхагваа, Сүхээ, Долгор, Төөтөө, Нямаа гээд олон хүний нэрийг хэлж болно. Эд хийгээд явчихаж чадна. Энэ нэвтрүүлгийг сайхан хийж чадна. Бид бие биенээ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд боловсруулсан гэж бодож байна.

-Нийт хэдэн зочин урьж оруулав?

-50 гаруй хүн бичсэн. Түүнээс гарсан нь 40 гаруй. Яаж ийгээд 100 хүргэчихвэл Монголын ард түмэнд хэрэгтэй юм уу даа. Өнөөдрийн он цаг хэзээ нэг цагт үлгэр болно. Хэзээ нэгэн цагт өчигдөр болно. Тэр үед л хэрэгтэй. Хүнийг үхэхээр нь ярьдаг. “Өө насаараа авгайгаасаа салсан юм явсан” гэж ярьдаг. Үүний оронд амаар нь “Би хоёр авгай сольсон” гээд хэлүүлчихдэг юм би. Өөрөөс нь өөр үнэнийг  хэлэх хүн байхгүй шүү дээ. Ингэж бодоод л яриулсан. Ганц, хоёр удаа хайр яриулсан. Тэгсэн болдоггүй юм гэнэ. Би энийг бичсэн эзэн, анх санаачилсан газар,  хэний эсрэг хийж байгааг бүгдийг нь мэдэж байгаа.

-Хэлчихгүй юм уу?

-Хэлэхгүй. Би хэлэхгүй.

-Яагаад?

-Үхсэн хойно ясан дээр минь гараг. Тэр нэрээ хэлүүлээгүйдээ хэд хоног баярлаж яваг. Хүний тухай муухай юм хийчихээд би мэдэгдээгүй шүү гэж баярлаг.

-Ямар муухай юм бэ?

-Баярлаг. Би ингэж бодож байна. Явж, явж “Монгол тулгатны 100 эрхэм”-ийг Х.Баттулгын нэвтрүүлэг гэж үздэг.

-Биш юм уу?

-Дандаа тэгж хэлдэг. “Соронз” сэтгүүл дээр чөрчийсэн юм зураад толгойнуудыг нь хайчлаад эвлүүлж тавиад гаргадаг. Би үүнд эмзэглэдэггүй. Яг Х.Баттулгын нэвтрүүлэг биш шүү дээ.

-Гүтгэлэг, худал заваан юмнаас болж залхаж та энэ нэвтрүүлгээ орхих гээгүй биз дээ?

-Миний нас нэвтрүүлгээс  залхах байтугай хорвоогоос залхах нас шүү дээ. Би залхахыг хүсэхгүй байгаа. Хүний хорвоо сайхан. Бүдрэхэд цэцэг нь эсгэчихгүй газар шороон дээр амьдрах надад сайхан байна. Хагацаж, учирч амьдрах надад сайхан. Би яагаад энэ хөрсөн дээр зовж, жаргаж амьдарч болдоггүй юм. Миний газар шороо шүү дээ. Ингэж бодоод би гутрахыг хүсдэггүй. Гэхдээ би их гомдож байгаа. Санаанаас ерөөсөө гарахгүй байна. Би монголчуудынхаа төлөө олон юм бүтээсэн. Их юм бүтээсэн хүний дэргэд юу ч биш л дээ. Гэхдээ би Монголын ард түмнээс сэтгэл урваж үзээгүй. Тэгэхэд намайг гүтгэж байна гэхээр сонин санагддаг.

-Танай нэвтрүүлэгт орсон зочид гол төлөв уйлаад байдаг. Найруулагч чинь уйлуул гэдэг үү?

-Яалаа гэж. Ярьж байгаад явцын дунд хүн чинь...  

-Найруулагч чинь нулимсанд дуртай хүн байдаг юм уу?

-Хүн чинь хөгжим. Хөглөгдөнө. Чи бид хоёр ярьж суугаад бие биенээ хөглөхөөр уйлна. Хөглөгддөг байхгүй юу. Хүн бол маш яруу тунгалаг хөгжим. Тэд уярна. Дурсамж нь санагдана. Ижий аавыгаа бодно. Ямар үүсгэлгүй амьтан гэж байх биш. Тэгээд элдвийн юм бодно. Багадаа тоглож байсан чулуугаа ярихад хүртэл дотор огшдог. Гол руу нэг хачин юм болдог шүү дээ. Үүн шиг уйлах юм хорвоо дээр зөндөө. Уйлахын шалтаг инээхийн шалтгаас олон. Тийм болохоор аяндаа уйлчихдаг. Тэгэхээр намайг “Зориуд уйлуулах гэдэг. Мөнгөтэй хүний өвдөг дээр гараа тавьж ярьдаг. Мөнгөгүй хүнтэй буруу харж ярьдаг” гэхчлэнгээр бичсэн. Намайг яаж оролдож байгаа юм бэ. Миний төрх ийм л хүн.  Хаана, хэнд ч би амьдралдаа дольгонож, бялдуучилж яваагүй. Би хүнээс бараг юм гуйж ч үзээгүй. Тэгээд болоод л явдаг байсан. Гэхдээ би дандаа хүний хүчинд өөдөлсөн. Ард түмэн, уншигч, намайг гэж тоодог хүмүүс байсанд би эрүүл, бүтэн явдаг. Ижий минь эрт өнгөрсөн. Би ард түмний өвөр дээр өссөн хүн. Ард түмэн л намайг хүн болгосон. Гудамжинд явж байхад ард түмэн зам тавьж өгдөг. Үүн шиг том төрийн шагнал хаана байна.

-Тэгэлгүй яахав...

-Ард түмэн надад төрийн шагнал өгч байгаа байхгүй юу. Би тэмдэгнүүдээ зүүдэггүй. Яагаад гэвэл би нэг ярилцлагандаа хэлсэн “Ижийдээ үзүүлээгүй тэмдгийг хэнд үзүүлэх гэж зүүж явах юм” гэж. Надад хэрэггүй шүү дээ.

-Таны шүлэг, яруу найраг, жүжгүүдийг ард түмэн мэднэ. Таныг мэднэ. Танд хайртай. Тэгэхээр тэр нэг балиар заваан юм гүтгэж бичсэний төлөө битгий гомдоорой, битгий урам хугараарай гэж  би хэлмээр байна?

-Үүнийг би 25-тай сонссон бол нэмж тод асмаар байна.  Бүр дүрэлзэж асмаар байна. Өдий насанд, зүтгэж яваад ийм юм сонсоно гэдэг насных юм байх даа хүнд туссан. Тэглээ гэж би гоншигнож эд нараас гуйхгүй. Би бүгдийг нь мэдэж байна. Чи ч гэсэн,  Ану ч тэр та нар ингээд оролдуулаад л байдаг шүү дээ. Манай Ануг бол хичнээн оролддог гээч. Өөрийн үнэн гэдэг өөрт нь л байгаа. Хүний үнэнийг гаднаас тодорхойлно гэж байж болох уу. Туулсан хүн нь биш байж хуурай сонссон нь үнэн мөн үү. Цуурай үнэн мөн үү. Үнэн мөн. Гэхдээ эргэж сонсогдсон үнэн гээд боддоо.

-Таны тухай нэг онигоо гарч сонсов уу. “Монгол тулгатны 100 эрхэм”-д яагаад зохиолчид ордоггүй юм гэсэн чинь Лхагвасүрэн гуай уурладаг гэж”?

-Хн. Би ёстой Ш.Сүрэнжав гуайг хичнээн гуйсан. Бадарч гуай байна. Одоо амьдарч байгаа ахмад зохиолчдын төлөөлөл Бааст гуай орсон. Л.Түдэв багш өөрөө азнана гэсэн. Манай нэг менежер  гэрт нь хүртэл очсон. Гай болж хань нь нас барсан үе таараад. Одоо болтол Л.Түдэв багшийг гуйгаад явж байгаа. Урианхай  минь байж байна. Олон хүн байна шүү дээ. Би тэд нараасаа өмнө алдарших тухай боддоггүй. Надад тийм санаа ч байхгүй. Ш.Сүрэнжав гуайн гэр рүү нь хүртэл ярьж үзсэн. Хажуугаар нь олон шаардлагатай хүмүүс орж ирдэг байх эд нарт. Тэгээд зохиолч нар руу минь эргэх байх гээд гуйдаг. Би тод харин бусад хүн бүдэг байг гэсэн санаа надад байхгүй.

-Таныг Тагнуулын ерөнхий газар дээр дуудаж байцаасан гэж сонслоо. Үнэн үү?

- Ирж асуусан. Тэр яах уу Ц.Элбэгдоржийн нэвтрүүлгийг асууж байсан.

-Юу гэж асуусан юм бэ?

-Сонгуулийн өмнө хууль бус сурталчилгаа хийсэн гэж. Тэгэхээр нь би айгаад хүүхдүүд минь боль. Сонгуулийн өмнө “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээ больж үз. Одоо сонгууль болж байна. Дахиад хэрэгт орно шүү гэж хэлсэн. Чи боддоо. Хүний тухай хичнээн тодорхой ярьж өгвөл тэр хүний сонголт зөв болно доо.

-Уг нь тийм шүү?

-Тийм шүү дээ. Гэтэл энийг сонгуулах гээд энд үйлчилж байна гэх юм. Гай болж тэр нэвтрүүлэг сонгуулийн өмнө явчихгүй юу. Хүрэлсүхийн нэвтрүүлэг тэр хоёр. Тэр л байхгүй юу.

-Та хэрэгт орох шахжээ?

-тийн.... (инээв)

-Бидний  яриа улс төр рүү ороод ирлээ. Танд манай хоёр ерөнхийлөгчийн үг хэлж байгаа бичлэг үзүүлье. Хоорондоо бие биенийгээ үзэхгүй байгаа юм шиг?

-Түрүүн чиний хэлдгээр нэгийгээ уучлаад, өршөөгөөд байгаа юм биш үү.

-Н.Энхбаярыг Ц.Элбэгдорж уучилсан. Сая Өршөөлийн хууль гарчихлаа. Тэгэхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уурлаж үг хэлсэн. Энэ хэр зохимжтой санагдаж байна танд. Эсвэл үнэн үг хэлээд байна уу?

-Ярьж байгаа үгийг хоёр өөр аргачлалаар монголчууд ойлгох ёстой. Үгний цаана байгаа далд санааг ухахыг бодох хэрэгтэй. Н.Энхбаяр би албан тушаал хөөцөлдөхгүй, ингэхгүй л гэж байна. Үйл ажиллагаа нь юуны төлөө явагдаж байна. Үг нь юуны талаар яригдаж байна. Энэ хоёрын дунд зөрүү байна аа даа. Үг, үйлдэл хоёр нь зөрүү байна. Үгийн чанд утга гэдэг мөн чанар зорилгыг тодорхойлно. Наана байгаа үг зөвхөн гуадсан билбүүр үг гэж би ойлгодог. Ц.Элбэгдорж энэ хоёрын ярьсан үгнүүдийг сонссон. Их бухимдсан харагдана билээ. Эцсийн эцэст буруу нь гэмтэй хүн зэм эдлэх ёстой. Зэм эдлэхгүй бол гэмгүй хүн. Зэмээ эдэлвэл гэмтэй хүн. Үүнийг шийдэх өгөхгүй учраас ийм юм үргэлжилж байгаа. Ийм гэмтэй шүү гэдгийг нь тод хэлэх байсан юм бол тэрнийг нь эдлүүлэхгүй яасан юм. Төр юм бол. Яагаад чадахгүй байгаа юм гэдэг асуулт гарна. Тэгэхээр бид яаж амьдраад байна, төр ямар байна гэдэг улам бүр ойлгомжгүй болчихлоо. Эд хэрвээ тоглоом юм бол гүнзгий тоглоом болж байна. Агуулгатай тоглоом болоод байна гэж ард түмэн эмзэглэж байгаа. Аливаа юмны агуулгаас айх ёстой. Түүнээс биш юмыг илэрхийлж байгаа үгнээс айх хэрэггүй. Энэ хоёр хүний үг төрийн хүний үг биш тун овлигогүй байна гэж хэлье.

-Эв түнжингүй байна?

-Би эднийг эв түнжингүй гэж хэлж чадахгүй. Цаагуураа үгсээд. Хурлаа тараад бүгд казино руу яваад өгнө. Эсвэл хөдөө явна. Зугаалж, элдвийн юм хийхдээ нүгэлтэй санаа нийлж байна. Гэсэн атлаа төрийн юман дээр санаа нийлэхгүй. Хоёр төрд байсан нэг ерөнхийлөгч, одоо байгаа ерөнхийлөгчийн хэлэх үг биш ээ. Дэндүү шалдар байна. Эсвэл цаад бодож байгаагаа хэлэх ёстой.

-Төрд эв найрамдал, түнжин алга гэж шүүмжилдэг болж?

-Байхгүй болж. Хүмүүс ярьдаг. Хацраа нийлүүлж нэгдээд хялалзаад салах юм гэж. Эднийг комунизм, социализмын үед улс төрийн янхандалт гэж хэлдэг байсан.    

-Энх тайван, эв найрамдал, эв түнжин гэдэг оршуулгын газар л байдаг гэж таны афоризм  бий?

-Яг л тэнд байх шиг байна. 

-Монголын төр угаасаа ийм байсан юм уу. Эсвэл ийм болчихоод байна уу. Та ч  гэсэн 1992-1996 онд УИХ-д сууж байсан хүн шүү дээ?

-1992-1996 оныг дуустал дөрвөн жил  УИХ-д суусан. Монголын анхны нялх парламентын гишүүн. Тэр үед парламент гэж ийм юм байх ёстой гэсэн ойлголт бидний дунд байснаас биш парламентыг ташлуулж ийм юм хэрэглэнэ гэж байгаагүй. Биднийг автобусаар зөөдөг байлаа. Наадамд аваачих цэгүүд дээр. Буудалд нэр өгчихсөн тэндээ зогсч байна. Их л сайхан байсан даа. 80 хэдэн мянган төгрөгийн цалинтай. Тийм л байсан. Тэр үед өндөр цалин байлаа. Дөрвөн жил болоход нээх ахиагүй тэгээд л дууссан. Зүгээр урьд ийм байгаагүй гэдэг үгэнд би дуртай биш. Юм болгонд урьд ийм байгаагүй одоо л ийм болсон гэдэг. Ийм болохын суурийг урьдах он цаг тавьдаг. Тэгэхээр ямарваа нэг том ялнаас сугарч, бултах гээд байгаа юм шиг. Ардчиллын чөлөөт сэтгэлгээ аль эрт байсан шүү дээ. Ганцхан биежсэн тодорхой туршигдсан хэлбэрээр манайд орж ирэхээр шинэ юм болдог. Урьдах нь тийм байгаагүй, энэ нь ийм байсан гэхэд би дургүй. Байшин хундаамтай байдаг шиг аливаа нэг юм довжоон дээр үүсдэг. Эхлэлийн шатан дээр үргэлжлэл үргэлжилдэг.

-Таны 1992 онд парламентын гишүүн болоод тангараг өргөж байгаа бичлэгийг олж авсан. Үүнийг үзэх үү. Их залуу байжээ. Төрд орсон хүмүүс баяждаг гэх ойлголт байна. Та парламентын гишүүн байхдаа юутай болсон бэ?

-Юутай ч болоогүй. 1992 онд Америк руу сургуульд явсан. Тэнд авсан зардал гэж хэдэн доллар байлаа даа. Гэтэл “Сайн байна уу” гэдэг сонинд “Лхагвасүрэн гуай ийм мөнгө идсэн” гэж бичсэн. Миний зардлыг тэгж бичсэн. Би ингэж муу хэлүүлж үзсэн. Дараа нь Амарсанаа энэ тэр уучлалт гуйсан л даа. Тийм тохиолдол бий. Тэрнээс биш ямар нэг идэх уух, хувьчилж авах  талаар далдуур хэн хэнтэйгээ юу шивнэж байсныг би мэдэхгүй. Хүний шивнэсэн яриа сонсдог ч үгүй. Бодлоо илчилсэн ярианд хутгалдаж үзээгүй. Миний хувьд тэр хурлаас наалдсан юм байхгүй. Гэхдээ тэнд мөр бүтэн төр түшэлцэж явсан. Хааяа нэг үг хэлэхэд миний нөхөд сонсдог байсан. Тэр л надад шагнал болсон. Хэдэн эмгэнэлт жүжгээ их хурлын ширээн дээр завандаа бичсэн.

-Та “Тамгагүй төр”-тэйгээ гарсан биз дээ?

-Тийм.

-Таныг 1992-1996 онд авсан гол юм “Тамгагүй төр” гэж боддог?

-“Тамгагүй төр”, “Улаан тэргэл сар”, “Хоосон зүүд” зэргээ бичсэн. Төрд ойртох сайхан юм билээ. Зөв эдэлбэл хүн хэргэм. Их хүндтэй хандах ёстой доо.

-Ойрмогхон гадаад ертөнцөд хоёр үйл явдал боллоо. Манай хойд хөршийн Ерөнхийлөгч Путин уриалга гаргалаа. Төрийн өндөр албан тушаалтнууддаа битгий гадагшаа явж эмчлүүлээч. Эх орныхоо эрүүл мэндийн салбарыг дэмжээч гэж. Гэтэл Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе зах дээгүүр явж 10 мянган воны шаахай авч өмсчээ. Энэ хоёрын үйлдэл их сонин содон юм боллоо. Үүнийг танд ярьдаг нь манай монголын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга төрийн өндөр албан тушаалтнуудад үндэсний үйлдвэрлэлийн гутлаа өмсдөг, монголд үйлдвэрлэсэн хувцас өмсдөг хүн байна уу. Үндэсний үйлдвэрлэлээ дэмждэггүй. Бараг муур, нохойдоо хүртэл Америкаас хоол зөөдөг гэж сонсогдох юм. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Путины хийсэн алхам бол том. Хүн өөрийнхээ газар шороон дээр төрж өсөөд тэндээ дуусах бурханы өгөгдөлтэй. Шашин, хүн талаас нь ч харсан. Чи эндээ л үхэх ёстой гэсэн том агуулга бий. Өөрийнхөөрөө л дуусаач гэсэн том агуулга байгаа. Энэ бол баярлууштай мэдээлэл сонсогдож байсан. Солонгосын Ерөнхийлөгч гутал авч өмсөх үзүүлэн битгий байгаасай. Ийм гэнэн сенсаци хүнд хүрэхээ байсан. Монголын Ерөнхийлөгч яваад захаас гар хийцийн гутал авч өмсөхөөр улс орондоо хайртай болох нь хаашаа юм. Эх орноо хайрлаж байгаа юм биш. Тэрнийг үйлдвэрлэдэг улсаа л тэжээ. Тэднийг л дэмж. Ерөнхийлөгч жаран хөлтэй биш шүү дээ. Нэг гутлаар л маяглана. Нэг мундаг үг бий. “Хавч хажуу тийшээ явдаг мөртлөө үх хүүхдээ чигээрээ яв” гэж сургадаг.  Ер нь эд нэг үлгэр үзүүлээд байхаас оронд үйлдвэрлэх боломжид нь нэмэр оруул. Өөрийнх нь юмыг худалдаж авч байгаа жүжиг үзүүлэхийн оронд. Монголчууд иймэрхүү жүжиг үзүүлсэн юманд дургүй дээ. Их гайхуулсан юм, сагасан хүнд дургүй. Өөдтэй үнэлгээ авч чадахгүй байх аа. Хэлбэр төдий л юм. Харин намын байраа ард түмэнд өгөх нь бодит алхам. Уучлалт гуйгаад. Нэг хүний амь насны төлөө албан тушаалаа өгч чадах сэтгэлтэй байгаа шүү дээ. Тэгвэл хичнээн олон муу юмны төлөө эд нар албан тушаалаа өгч чадахгүй байна.

-Яг үнэн. Бас нэг бичлэг бэлдсэн. Хэд хэдэн улсын Ерөнхий сайд яаж уучлал гуйж огцорч байгаа тухай?

-Сайхан материал байна.

-Амалсан юмаа хийж чадахгүй болохоор огцордог. Солонгосын Ерөнхийлөгч хөлөг онгоц хүүхдүүдтэй осолдоход уучлал гуйгаад огцорч байна шүү дээ?

-Энэ бол ёстой нэг эх оронч сэтгэл. Албан тушаалаасаа хагацаж, үүрэг хүлээж чаддаг хүний явдал. Үүргийг хүлээсэн шиг хүлээнэ би тэрийгээ чадсангүй ээ  гэж хэлэх зориг манайханд баймаар байгаа. Яг ийм юм тулвал зориг гаргах л байх даа. Ард түмний өмнө Ерөнхийлөгч, Ерөнхий сайд юу ч биш ээ гэдгийг баталж байна. Хажуунаас нь харахад харамсаар л байна. Гэтэл баярын нулимс гармаар шахуу байгаа биз, чин үнэн байгаад нь. Энэ албан тушаалтай зууралдахгүй буруугийн өмнө буруугаа хүлээж чаддаг мундаг хатан тэвчээр. Мундаг чанар байна. Манайд хичнээн буруу юм болсон ч байж л байдаг. Болж өгвөл дахиж сонгогдоод байх санаатай.

-Манайд ч буухгүй гээд үзээд байна шүү дээ?

-Буухгүй шүү дээ.

-Бүр салахгүй ?

-Морин дээр мордуулчихаар эргээд буухгүй туж давхисаар байгаад яах юм. Бидний монголчууд дэлхийн талд улс төрийн хичээл заагаад дууссан шүү дээ. Чингис хаан улс төрийн хичээл заагаад дууссан. Дэлхий монголтой зүүднээсээ салаа ч үгүй байгаа. Бидэнд гадагшаа хийх ажил алга. Зүгээр өөрсдийгээ бодох хэрэгтэй. Ард түмнээ бодох хэрэгтэй. Ард түмний өмнө ийм жижигхэн байх ёстой. Төрд том байж ард түмний өмнө жижиг байх ёстой гэдгийг эд баталж харууллаа.

-Манай дээдсүүд  ард түмэндээ том байна?

-Ард түмэндээ том. Төрдөө бас том.

-Гадагшаа очихоороо  “жижигхэн” гэж жигтэйхэн ?

-Гадагшаа яваад англиар ярьж байгаа нь инээдтэй. Хошин шогийн тоглолт шиг юм хийгээд. Хошиг шогийн айлчлан тоглолт гэж би бодоод байдаг юм. Зарим томчуудыг яваад солиороод байхыг хараад энэ тоглолт бас гадагшаа явдаг юм байх даа гэж хөх инээд хүрдэг.

-Гаднаас зочин гийчид ирэхээр бас өмнө нь сөхрөөд унадаг. Таны “Зовсон сүү” номонд нэг афоризм бий. “Урилга заллага нялуун байдаг ч ирсэн гийчинд эхнэрээ хундагалдаггүй” гэж ?

-Тийм. Дальжигнах, бялдуучлахын эсрэг хэлж байгаа санаатай. Зарим тохиолдолд хүмүүс өгүүлбэрт өгөгдсөн юмтай нь тулгаж ойлгодог. Тийм биш. Цаадах чандын  утгыг харах хэрэгтэй. Гарч байгаа хуулиудад чанд утга байхгүй байна. Далд утга алга гэж үглээд гутаад байгаа чинь энэ. Зөв хуулийг ямар ч хүн хүлээн зөвшөөрдөг. Ард түмэн хуулийг хүндэтгэж ойлгох ёстой. Тэгсний дараа хэрэгжүүлдэг. Тэгэхгүйгээр яасан яагаагүй хэрэгжүүл гэдэг. Тэгдэггүй юм.

-Хууль ёс заншил, бүр домог болж уламжлагдаж ирсэн шүү дээ?

-Дадал болчихсон. Ухаандаа багшийнхаа өөдөөс хэдэрлэсэн хүүхдийг зунжин аргал түүлгэ гэж. Ямар амьдралд ойрхон Халх журам юм бэ. Яасан хүүхэдтэйгээ таарсан ял вэ. Хөдөлмөрөөр хүмүүжүүлж байна . Агуу юм. Авчирч байгаа юм нь аргал. Галын сүнс. Галаа бадраана. Гэртээ галтай байхын тулд аргал зөөлгөж байна. Айлын малаас төлөг түүгээд ир гэж хэлээгүй л байхгүй юу.

-Ахмад хүнтэй уралдаж, цэцрэхдэггүй байлаа. Одоо бол доромжилдог болсон цаг үе?

-Аргаа бараад шинэ афоризм шинэ номондоо бичлээ. “Үхэлд хүнийг бэлдэж цуглуулсан газрыг асрамжийн газар гэнэ”гэж.  Худлаа хайраар яах юм.  Үхэхийн өмнө худлаа хайр хэрэггүй.   Зөв төрийн дор бүтэн байгаа ард түмнийхээ гар дээр үхмээр байна шүү дээ. Өөр ямар зорилго байх юм. Үр хүүхдээ бүтэн байхад үхмээр байна. Хүний зорилго энэ. Амьд байсны утга тэнд л бий.  

-Монгол хүн жудаггүй болж байна гэсэн яриа бий. Энэ үнэн үү. Эсвэл өмнө нь тийм сайхан жудагтай байж байгаад энэ цаг үед гэнэт эвдэрсэн юм уу. Ахмадаа хайрладаггүй болж. Таны хэлдгээр бахархлаа барж идэж байна.

 Хэнийг ч хайрлахгүй бүгдийг гутаан доромжилдог цаг үе ирчих юм. Угаасаа монгол хүний зан  ийм юм уу?

-Өөтэй үйл нь ихдээд, төрд өөтэй үйл загвар их байхаар хүн ингэж эвдэрдэг.  Тэр нь жудгийг үгүй хийж байгаа юм. Төр ингэж алдаж байгаа юм чинь би ингэж алдана. “Төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй” гэдгээ больчихоод, “Төрсөн бие түмэн нүдтэй, төр хоёр нүдтэй” гээд урвуу болчихдог. Ямарваа юмны том алдаа бол жижиг амьдрал дотор орж ирээд бас нөгөө том чигээрээ алдаа болж орж ирдэг. Өөрөөр хэлбэл, засаг захиргааны дээд газрын соёл дээр бол багтай л адилхан. Ийм залхаг юмнаас болж хүмүүс жудаггүй болж байгаа юм. Төрийг хүндэтгэх жудгийг алдана гэдэг бол том гарз. Хамгийн том гарз бол тэр. Төр гэдгийг зүхээд яах юм бэ, төр чинь хоосон чанар. Төр гуай үйтэн хуар дээлтэй наадам үзэж явна лээ гэж хүмүүс ярьдаг уу, үгүй. Харин төрийн түшээдийг л харсан. Тэр чинь амьд төр бол түшээ, хоосон чанар бол төр мөн. Төр хүн хоёрыг ялгахаа байгаад адилхан болчихлоо гээд чинь чиний хэлээд байгаа ёс жудаггүй зүйл л эхэлж байгаа. Уламжлалыг бас их хуучин гэж үзсэнээс  болж. Хоёрдугаарт хүн болгон адилхан байна гэж зүтгэснээс болсон. Чи ийм байвал тийм байна гээд л. Өөрийгөө дотогшоо шинжие гэвээс хийсэн бүтээсэн зүйлийнхээ араас үргэлж дотогшоо чимээлж бай. Дотогшоо чимээлнэ гэдэг нь хүн бүр дотоод сэтгэлээ чагнах хэрэгтэй. Биеэ засаад төрөө зас гэдэг чинь бас учиртай үг шүү дээ. Биеийг засаад төрийг зас гэдэг чинь одоогийн биеэ засах биш шүү дээ.

-Таны бичсэн ил захидал дээр “Төр эзэнгүй боллоо гэж ард түмэн бухимдаж байна” гэж. Тэгээд хэлэхээр төрийн эзэн ард түмэн шүү дээ гэж хэлнэ. Ард түмэн төрийн эзэн байж чадаж байна уу?

-Тэд гүтгэж байгаа. Аргаа барсан улсын гүтгэлэг байхгүй юу эргээд. Биднийг хэн эзэгнэж байгаа юм бэ гэж. Эзэнтэй байхыг хүсч байна шүү дээ. Хүн төрөлхтний түүх тэр чигээрээ эзэнтэй байсан. Үр гэхэд эцэг, эхтэй, бид гэхэд өвөг эцэгтэй, улс орон төр засаг гээд бүгд эзэнтэй. Одоо бол ард түмэн эзэнгүй, харж хандах эзэнгүй. Төрийн буруу бодлогын нугачаанд эзэнгүй алдуул мал шиг.

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд Лас Вегас хотноо Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.  Та үзсэн л байх. Манай тамирчид маш сайн оролцсон. Энэ тэмцээнээс  мөнгөн медаль хүртсэн С.Цэрэнчимэдийн бичлэгийг бэлдсэн байна.  Аварга болоод алтан медаль аваад  төрийнхөө дууллыг сонсоно гэж бодож байсан чадсангүй гээд уйлж байна.  Үүнийг та...?

-Энэ бол жинхэнэ Монголын төлөөх нулимс.

-Уг нь манай төрийн дээдсүүд ингээд сууж байх ёстой биз дээ. Би Монголынхоо нэр төрийг унагаачихлаа, ингэх ёстой байж гээд...?

-Уучлаарай гээд худлаа ч гэсэн нүд нь чийгтэй зогсч байвал ард түмэн баярлана даа. Миний буруу, өршөө та нараасаа уучлал гуйя. Уучлал гуйж байна гээд нэг ч хэлж чадахгүй. Ард түмнээс том хүн гэж байдаг юм уу. Белгийн их том маршал Карл Людвиг Вернегийн үг болох “Улс орон гэдэг бол хөлөг онгоц, Засгийн газар бол хөлгийн дарвуул, Ард түмэн салхи, он цаг далай тэнгис” гэж хэлсэн. Яг онож хэлсэн. Тэр хөлөг онгоцыг онхолдуулах, шуурганд далд хийхийг ард түмэн л мэднэ. Тэр их салхи л мэднэ шүү дээ. Тэгэхээр даанч дэндүү. Хааяа бас бодогдох юм.

-Одоо бид яавал дээр вэ. Эсвэл айгаад дуугүй суусан нь дээр үү...Эсвэл эднийг  аргадаж амьдрах ёстой юу?

-Түшээдээ сольж болно. Төрөө авч үлдэх ёстой. Тэднийг хэд ч сольж болно. Ямар нэг зохисгүй бүтээснээ устгасан, бүтээх гэж байгаагаа устгасан тээртэй үйлдлийг л тэмцэл дотор оруулж болохгүй. Тэмцлийг зөв зүйтэй, оюунлагаар хийх ёстой. Эд нар элэг бариад байна. Ард түмнийг хүчгүй юм шиг ойлгож байна. Ард түмэн хүчгүй санагдаад эхэлбэл хэн ч туйлж болно шүү дээ. Ард түмний хүч байдгаараа байж л байгаа. Унтаж байгаа арслан шиг юм хэвтэж байгаа. Яана, тэр их хүчийг. Тэр сэрвэл яах уу.

-Ер нь ингэж байгаад буу, зэвсэгт мөргөлдөөнд хүрэх вий гэж сүүлийн үед ярих боллоо?

-Харин тийм. Цус урсах вий. Тэр хэрэггүй. Бусад тэмцлийг тоохоо больж. Жагсч л байна, өлсч л байна биз ерөөсөө пад байхгүй. Бусад орны амгалан тэмцэл тийм л хэлбэрээр явж байна. Цус урсгаж тэмцэнэ гэж байж болохгүй зүйл, бурхан минь. Бид хоёр ингээд яриад сууж байгаа нь ч алдас гэж бодож байна, базарваань. Цаг зуурын цухалдлаар олон он цагийг эвдэж болохгүй. Бид үргэлжилнэ. Монголчуудыг урт үргэлжлэлтэй ард түмэн гэж би итгэдэг. Ийм л байна.

-Монголын ард түмэн юу ч бүтээж чаддаггүй, юу ч хийж чаддаггүй. Бид хийгээд ч амжилтад хүрэхгүй Хятадын хажууд байгаа юм чинь гэж ярьдаг хүмүүс олшрох юм?

-Яаж байгаа юм болоо. Бүтээх гэж оролдоогүй байж бүтээж чадахгүй гэдэг нь. Бүтээснийг хараагүй байж ингэж ярина гэдэг бол сохор байна. Монголчуудын тархи, оюун нь дэлхийд дээгүүрт орно. Муу, сайн юмыг сурч байгаа хурдыг нь хар. Оюун ухааны хүчин чадлыг хар. Дэлхийд гайхуулсан уураг тархитай ард түмэн. Би боддог. Бурхан лав монголчуудыг бүтээхдээ эхлээд тархийг нь өгсөн байх. Бусад хүнээс түрүүлж тархи өгсөн байх гэж боддог. Би шашинтай хүн биш. Гандан орж Чойжамцад мөргөөд байдаг амьтан биш. Харин сэтгэл дотроо бурхантай хүн. Монголын ард түмэнд бурхан ямар ч байсан өөрөөр хандсан. Бурхан авлига авахгүй шүү дээ. Бурхан нүдээ анихгүй, зүүрмэглэхгүй, авлига авахгүй. Тийм болохоор үнэнээр шийдсэн байж таарна. Хүнийг хүн болгоход эхлээд монголыг тавьсан байх. Энэ дэлхий дээр монгол хүнийг л бүтээсэн байх гэж боддог. Тэр тархи өгснийг нь гайхаж байна. Бурхан монгол хүнээс юуг ч гар татаагүй. Ур дүй, ухаан, авхаалж, сэргэлэн байх, эр, зориг, баатарлаг байх бүгдийг нь өгсөн.

-Солонгосын сэргэн мандалтын түүх гэж ном уншлаа. Солонгос улс дайн болгонд  ялагдана. Хичнээн зовж зүдэрч,  ард түмнийх нь итгэл найдвар унтарсан  үед Ерөнхийлөгч нь татаж босгож өөрсдөдөө нь итгэдэг болгосон байна. Гэтэл манай тамирчид , урлагийнхан дэлхий даяар уулсаа тунхаглаж ард түмнийхээ  хийморийг нь сэргээчихээд байхад Монголын ард түмний сайхан амьдруулчих чадалтай аавын хүү байдаггүй л юм байх даа?

-Байгаа л даа. Нэг сайхан Ерөнхийлөгч болох ухаантай хүү мал хариулаад явж байгаа. Сайн дарга болох хүн багт ухуулагч хийгээд явж л байгаа. Бид олохгүй юм чинь. Аль зальтай нь гардаг хойно. Улс төрийг амьдрах боломж гээд шунаад байна шүү дээ. Хүн амьдруулах боломж гэж ойлгооч. Өөрсдөө амьдрах боломж гээд зүтгээд байна. Миний баян чинээлэг, цадаж ханахын ганц боломж энэ гээд зүтгэх болж. Тийм биш. Би бусдыг амьдруулахын тулд ганц боломж надад олдлоо гэж хэлэх хүн байна уу.

-“Төр засгийн үнээний сүүг хөхсөн хүн ханана гэж байхгүй. Тэр үнээний мах хэр амттай бол гэж байнга шүлэнгэтдэг” гэх таны афоризм одоогийн байдлыг харуулаад байх шиг?

-Яг тийм. Сүүг нь хөхчихээд махыг нь идэх юмсан гэж бодож байгаа л хэлсэн. Би “Атга нөж” жүжгийнхээ төгсгөлд “Их дурласан хүнээр  төр битгий бариул” гэж хэлдэг. Чингис хэлж байгаа юм. “Цусанд гараа дүрвэл улайтал дүрэх үү. Сүүнд гараа дүрвэл цайтал дүрэх үү” гэж байгаа. Аливаа нэг үйлсийг хийхэд гүйцэд  хий гэсэн болохоос биш чи алаад бай. Чи нялуураад сүү уугаад бай гэсэн үг биш. Аливаа юмыг гүйцээ. Монгол Улсыг оргилд нь хүртэл гүйцээж хөгжүүл. Монгол Улсыг Монгол шиг байлга. Ийм юм сонсч өссөн бид бухимдалгүй яах вэ. Би ганцаараа бухимдаад байгаа юм биш. Миний сэтгэлийн зовлон өчүүхэн. Яагаад энэ олон хүнийг халааснаасаа одон гаргаж ирээд шагнаад байна. Энгэр нь гялалзаад байх юм. Ард түмэн өлсөөд нүд нь гялалзаад байдаг. Яаж ичихгүй одон зүүгээд явж байна аа. Болиоч. Насаараа ажил хийгээгүй хүн алтангадас зүүгээд явж байдаг. Ардчилалд зүтгэсэн гээд шагнаж тэднийг. Яаж зүтгэсэн юм. Ингэж дампуурч болохгүй.

-Манайд 25 жил хөгжүүлсэн энэ ардчиллын загвар биш юм аа тийм үү.  Монголд тохирохгүй байна уу?

-Олсон нь олз. Ардчилал дэлхийгээр тэнэж явсан. Тэнэмэл юм шүү дээ. Аливаа нэг урсгал социализм, комунизм, капитализм гэдэг чинь дэлхийгээр тэнэж явдаг юм. Үүнтэй адил ардчиллыг тэнэж явахад нь авчирч Сүхбаатарын талбайд асгасан. Хэрэгжүүлж, хөгжүүлж чадаагүй. Хүн чанарын тухай ойлголтгүй мэдрэмжгүйгээр авчирсан. Тэр муу юм болоогүй. Хөгжсөн бол сайн юм болох байлаа. Гэхдээ дэлхийд ардчилал өвгөрч байгаа ойлгох ёстой. Ардчилал бууралтсан. Үүнийг ойлгох ёстой.

-Өнгөрсөн ням гаригт  парламент үүсэн байгуулагдсны 25 жилийн ойн хүндэтгэлийн чуулган болсон. Тэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг та сонсов уу?

-Сонссон.  Баярын хурал дээр хэлсэн үг төрт ёсонд хэр зохицдгийг би мэдэхгүй юм. Энэ бол бухимдсан, цухалдсан Ерөнхийлөгчийн хэлэх ёстой үг байсан байх аа л гэж бодож байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч өөрөө үгээ бусдаар бэлдүүлдэггүй байх. Өөрөө нэлээн хардаг байх гэж боддог. Гэхдээ эд нар чанд утгын тухай л ярих хэрэгтэй. Хүмүүс бодож байж ойлгох юмны талаар л ярих цаг болохоос биш сонсмогц ойлгох нь дэндүү хийсвэр санагддаг. Магадгүй оюуны дэвшил хөгжил өнөөдрийн өсч өндийж байгаа хүмүүсийн оюуны сэтгэлгээний боловсролын хэмжээнээс шалтгаалж мэдэх юм. Монгол шиг зүгээр нэг аргал түүж яваа эмгэн төр ярьдаг улс хаана ч  байхгүй.

-Та Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хэр шүүмжлэлтэй ханддаг вэ. Энэ үгийг хэлсний дараа өөрөө энэ 25 жилд хамт зүтгээгүй юм шиг. Өөрөө өнөөгийн энэ нийгмийг бүтээлцээгүй  юм шиг хаана байж байгаад гараад ирсэн хүн бэ гэсэн шүүмж дагасан...?

-Би энийг өршөөж бодож байгаа. Дунд нь явж явж энэ бүхнийг ойлгосон байх гэж. Нэг ингэж уучилж бодож байна. Хоёрдугаарт, уснаас цэвэр гарахын шалтаг. Өөрийгөө авч гарахын тулд арай ингэж яриагүй байгаадаа гэж бодогдох хоёр үзүүртэй санагдаж байна. Гэхдээ цэцэн хүн, нэлээн ухаалаг ярьдаг хүн. Гэвч чанд утгыг дахин нэхмээр байна. Би бол баярын өглөө загнуулаад байх дургүй. Төрсөн өдрөө загнуулаад сууж байх утгагүй. Загнуулвал гомдоно. Гэхдээ Монгол Улсад парламент хөгжөөд 25 жил  болсон баярын хурал дээр тэвчиж өнгөрч дундаас нь хараад хэлж болох үг байж дээ гэж бодсон. Тэр өдөр надад урилга ирсэн. Би очиж чадаагүй. Миний аав надад захисан юм. “Оршуулганаас битгий хоцорч байгаарай. Хурим, найрнаас хоцорч байхад гэмгүй” гэж. Эцэг минь хэлсэн болохоор тод санадаг.  Их хурлын гишүүн байсны хувьд дөрвөн жил парламентад байсан болохоор очих л байсан. Үнэндээ хөл, гар өвдөөд чадаагүй.

-Та бид хоёрын ярилцлага өндөрлөх тийшээ хандаж байна. Уншигчид таниас олон юмыг асууж өгөөч гэж хүссэн. Түүний нэг нь таныг нэг роман бичиж байх ёстой. Хэзээ дуусах вэ гэж асуулгасан...?

-“Цагаан дэрсний  сүүдэр” гэж тууж бичсэн. Түүнийгээ хадгалж байгаад ном болгоно. Мөн “Дугуй нар” гэж роман бичиж байгаа. Үргэлжилсэн үгийн зохиол яруу найраг хоёрын дундах хутганы мөр шиг нарийн зай байгаа. Зарим яруу найрагчид бичихээр цувуулаад тавьсан шүлэг шиг юм бичдэг.  Үргэлжилсэн үг хэцүү. Яруу найраг бичдэг хүн байсхийгээд толгой холбочих гээд. Би ямар тууврын  мал холбож байгаа биш дээ. Тэгж болохгүй. Тэгэхээр проз гэж ямар юм байдгийг тэрийг амтагдтал нь роман бичнэ.

-Хэр удаан бичиж байна вэ?

-Их бодож, хурдан бичдэг. Би “Тамгагүй төр”-ийг долоо хоног бичсэн.

-Хөөх...

-Хэдэн жил бодож байгаад. Буруу зөрүү их бодно. Хачин, хачин юм их бодно.

-Та улстөрчдөөс хэнийг нь илүү хүндэтгэдэг вэ?

-Би Ц.Нямдоржид хайртай. 1992 онд Цэргийн прокуророос ирж байсан тэр залуу өнөө ч хэвээрээ.Цаг үе нийгэм хичнээн өөрчлөгдсөн ч гагцхүү Ц.Нямдорж хэвээрээ. Хүний хувьд их сайн хүн дээ. Ховорхон сайн хүн. Баян ядуу хэнд ч нэг л зангаар баййж чаддаг агуу чанартай. Бас Санжийн Баярыг би энэ цагийн ихэмсэг улстөрч гэж боддог. Гэвч улстөрөөс хөндийрч бүдгэрч байгаад нь харамсдаг. Яах аргагүй сэхээтэн улстөрч хүн байга юм. Одоо С.Баярын нээх олон байртай энэ тэр гээд л байна. Би итгэхгүй. Энэ хоёр хүнийг юу ч гэж хэлсэн би итгэхгүй. Би хүний үгээр үг хийдэггүй. Өөрөө хүнийг дүгнэчих уураг тархитай хүн ээ би.  

-Яруу найрагч зохиолч Аюурзана Р.Чойномын тухай шүүмж хэлжээ. “Яруу найрагч биш” гэж. Таниас үүнийг заавал асууж өгөөч гэсэн юм. Тэр үнэн хэлэв үү. Таны бодол?

-Р.Чойном гэдэг яруу найрагч бол он цагийн  хэрэглэгдэхүүн болж дууссан. Тухайн он цагийн алдааны боол болж дууссан хүн. Би үүнийг тод мэдэж байна. Өнөөдөр Р.Чойномын шүлгүүд яагаад бидний дунд үнэтэй үйлчлээд байгаа юм бэ. Тухайн үеийн амссан зүйлээ бичсэн. Яруу найрагчийн хувьд цэцэн. Жинхэнэ сэтгэлгээний яруу найраг бичээгүй гэдэгт Аюурзанатай санал нэг байна. Сайхан цэцэн шүлгүүд бий. “Өргөн мөрний харз шиг мэл хархан нүдээрээ

        Өндөр алтай нутгаасаа наашаа хараач, Гүлжаана ” гээд л ыхалгиад эхэлдэг. Жороо морьтой явж байгаа юм шиг. “Цэцэг шиг охидыг тэрэг шиг дайрч явлаа... ” гээд л. Энэ дотроос Аюурзана яруу найргийн этикаы  нэхээд байгаа юм. Сэтгэлгээний олзыг нэхэж байна. Р.Чойном бол цагийг эзэлсэн яруу найрагч мөн. Гэхдээ сэтгэлгээний яруу найрагч би гэдэгтэй Аюурзанатай санал нийлж байна.

-Өчигдөр “Өдрийн сонин” уншиж суугаад сонин гарчиг уншлаа. “Цахилгаан бороохойны үе дуусч цахим бороохойн үе эхэллээ” гэж. Сошиал ертөнцийг хэлж байна. Танд цахим ертөнц ямар санагддаг вэ?

-Монголчууд зодоонд нулимах нэмэр гэж хэлдэг. Тэр л юм болов уу даа. Би нээх хүндэтгэдэггүй. Хов, жив, элдвийн муу ярих чинь цахим хэлбэрт шилжсэн юм биш үү.

-Тэгсэн...

-Одоо бүр дийлдэхгүй боллоо. Хов гэдэг үг монгол хэлнээс хасагдаад цахим хов гэж нэрлэмээр юм уу. Тэр харилцааг ариун, гэгээтэй байлгамаар байна шүү. Ийм харилцаа нөлөөтэй. Насны ялгаагүй нөлөөлдөг. Энэ их аюултай. Дөнгөж ухаарч байгаа хүүхэд ч уншина. Зөнөсөн өвгөн ч уншина. Цахим ховыг соёлыг бодооч ээ. Уламжлал, жудаг хүндэтгэсэн байгаач гэж хүсмээр байна.

-Хүүхэдтэйгээ хамт хов сонсдог. Ийм л эвгүй орчин үүсч?

-Тэр хов хүүхдэд ямар хүнд ачаа болж үл ойлгох, үзэн ядахын дэм өгч байгааг мэдрэх. Хүүхэд цахим мэдээллээр өсөх нь байна. Их хөгжлөөс үрээ  харамлаж болно шүү. Агуу их хөгжил хүн төрөлхтний ололт. Хүн хөгжүүлэхийн тулд нас, он цагийг нь олоогүй байж энэ бол алдас шүү.

-Урилга хүлээн авч ярилцлага өгсөн танд баярлалаа.