УИХ 35 гишүүнээ сайдаар томилж байсан синдромыг давтах уу
Үнэнийг хэлье. Үе үеийн Засгийн газруудыг томилж, огцруулахдаа хэзээ ч улсаа, ард түмнээ боддоггүй юм. Засгийн газрыг томилж, огцруулах бол дандаа улстөрийн шийдвэр байдаг
Үнэнийг хэлье. Үе үеийн Засгийн газруудыг томилж, огцруулахдаа хэзээ ч улсаа, ард түмнээ боддоггүй юм. Засгийн газрыг томилж, огцруулах бол дандаа улстөрийн шийдвэр байдаг. Тийм учраас засгаар тоглож байгаа АН-ын үйлдлийг зөвтгөхгүй ч, “төрийн дээр нам гарчихлаа” гэж МАН-ынхан“матрын нулимс” унагах хэрэггүй. Цагтаа МАН ч Удирдах зөвлөлийнхөө шийдвэрээр хамтарсан Засгийн газрыг танхимаар нь огцруулж байснаа сана. Энэ удаа харин танхимаараа огцорсонгүй, сэлгээ хийгээд өнгөрснөөрөө тэр үеийнхээс арай зөөлөн “газардлаа”. 2004 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН, АН хоёр хамтарсан Засгийн газар байгуулсан юм. Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн тус танхимын 50 хувь нь МАН-ын сайд нар байв. Гэтэл 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН сайд нарынхаа өргөдлийг өгүүлж, танхимын 50 хувь нэгэн зэрэг огцорсон учраас Ц.Элбэгдоржийн Засгийн газар унаж байлаа. Улстөрд түүх давтагддаг гэж энэ ажээ. Сонирхолтой нь МАН-ын шийдвэрээр Засгийн газар огцорч, АН-ын шийдвэрээр МАН засгаас гарч байгаа энэ үеүдийн аль алинд М.Энхболд намын дарга байж таарав. Тэрээр МАН-ын даргаар хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа юм.
МАН-ын сайд нарын зарим нь сайд биш, “саад” байсан нь зарим талаараа ортой. Жишээ нь, Д.Цогтбаатар барилгын салбарт байрны зээлийн 30 хувийг арав болгон бууруулж, 20 жил байсан зээлийн хугацааг 30 жил болгох бодлогын шийдвэр гаргаж чадаж байхад, Зам, тээврийн сайд нэг ч км зам бариагүй гэдэг үнэн л дээ.
Өөр нэгэн үнэнийг хэлье. АН-ынхны хэлдгээр ажил хийхгүй байгаагаа гаргаж, өөрсдөө ажил хийх гэж Засгийн газарт сэлгээ хийж байгаа юм энд ерөөсөө байхгүй. Энэ бол нөхөж өөрсдөө сайд болох гэсэн УИХ дахь АН-ын гишүүдийн л захиалга, лобби. МАН засгаас гарсан учраас мянган км зам тавьж, хөрөнгө оруулагчид хуйгаараа орж ирж, эдийн засаг илт сэргэнэ гэж байхгүй, үлгэр. Харин ч эргэлзээ, гацаа нь урьд өмнөхөөсөө илүү болно. Ирэх өвлийн бичин жилд улс оронд байгалийн зуд болж магадгүйг цаг уурчид хэлдэг бол, улстөрд талцал, үл ойлголцлын “зуд” нүүрлэх магадлалыг л нэмлээ. Сонгуулийн жил шүү дээ. Бичин жилийн хоёр зуданд зэрэг “зодуулахаас” илүү үнэ цэнэтэйэрх ашиг АН-д юмуу, намын дарга З.Энхболд болон түүнийг тойрсон бүлэглэлд л байсан бололтой юм.