Хөгжил юунд тээглэнэ вэ
Яагаад бид 25 жилд хөгжиж чадсангүй вэ? Манайхыг уйггүй судалсан Японы сэтгүүлч бүсгүй “Ийм хугацаанд азийн орнууд босоод л ирсэн шүү дээ” гэж уулга алдаж байв.
Яагаад бид 25 жилд хөгжиж чадсангүй вэ? Манайхыг уйггүй судалсан Японы сэтгүүлч бүсгүй “Ийм хугацаанд азийн орнууд босоод л ирсэн шүү дээ” гэж уулга алдаж байв. Хөөрхий тэр бээр бидний хөгжөөгүйд биднээс ч илүү бухимдсан. Солонгос, Сингапур, Малайз, Тайланд, Тайваний ажилсаг шаргуу иргэдтэй манийг ижилхэн гэж тэр эндүүрчээ. Японд ч гэсэн гэнэн сэтгүүлч байдаг аж. Монголчууд ямар билээ? Залхуу, үрэлгэн, хоосон улс төржихийг баялаг бүтээхээс дээгүүр тавина. Хаан ширээний төлөөх дайн даргын төлөөх тулаан болсон. Махан толгойд нь хуримтлал хураах сүвгүй. Боловсрол мэргэжлийн чадамжгүйгээ мэдрэхгүй сээхэлзэх хоббитой. Сээхэлзүүр зан нь Чингис зэрэг дайнч хаадын үнэн худал нь баталгаагүй домгоос угшилтай. “Орос ах” гэх шүтлэг, “Хятадын аюул” гэх хорслынх нь гүн хордлого бүрэн тайлагдаагүй. Урьдын хэллэгээр интернациональч бус, одоогийн хэллэгээр даяаршлын бус ийм л ард түмэн бид. Энэ дүнхүүрлээсээ болоод нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр гэх мэт бурхны хишгээ дэлхийн зах зээлд үнэ нь хадаж асан саяхны хэдэн жилд “чулуу” болгож чадаагүй. Хэрэлдэж булаацалдаад хоосон хоцорсон. Дахиад заяахгүй ховорхон аз завшаанаа ингээд үрчихсэн улс. Одоо амаа хичнээн бариад технологийн шинэ шинэ нээлтүүд нүүрс зэргийн үнийг дахин өндийлгөхгүй төлөвтэй.
Шинэ үеийнхэн хоцрогдлоо коммунист онолд жихдэг бол хуучинсгууд сүүлийн хорин таван жилд сэхээгүйгээ ардчилал, зах зээлд тохдог. Хөгжил гагцхүү хүнээс л шалтгаалдаг атал бид алдаагаа ямагт гадны хүчин зүйлд жихээд өөрсдийнхөө бие рүү огт харсангүй. Бурхнаас хичнээн хишиг хайрлаад, донор орнууд хичнээн тусламж өгөөд, хүн нь хүмүүжилгүй бол өөдөлдөггүй ажээ. Хүн нь өөдгүй бол хөрөнгө оруулагчид зай барьдаг нь илэрлээ. Тэгэхээр өөдгүй монгол хүн хаанаас төрөөд байна аа? Өөдгүй монгол хүн гэр бүлээс л төрөөд байна. Тодруулбал гэр бүлийн хүмүүжлээс л эх аваад байна. Одооны залуус болохоо байлаа гэж хөгшид биеэ цэвэрлэх охорхон бодлынх. Бидний үеийн хөгшчүүд ч журам дүрмээ яс баримталж яваагүй. Бас л хүмүүжилгүй бүдүүлэг амьтад явсан. Санаагаа хураангуйлан томъёолоход гэр бүлийн зөв хатуу дэг, дадалгүйгээс монгол хүн өөдгүй зангаа удамшуулаад иржээ. Хүмүүжилгүй гэр бүлд өссөн өвөө эмээ, эцэг эх, үр удмаа хүмүүжилгүй залхаг иргэд болгон үржүүлж байна. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг.
Нам засаг, төр засаг, ардчилал, зах зээлийг зүхэж жагсахынхаа хажуугаар бас хааяа ч болохноо хүн бүр өөр рүүгээ хараач гэж уриалъя. Гэртээ барьсан тавьснаа мэддэггүй, замбараа загалгаагүй иргэд гадаа гараад хотын хөдөлгөөний дүрэм сахихгүй. Гэрийнхээ эд зүйлд гамгүй хүн нийтийн өмчийг хайрлана гэж саналтгүй. Гэр нь бохир бол гудамж нь бохир л байж таарна. Гэр нь бохир бол хот нь бохир л байх жамтай. Гэрийнхээ буртагт дөжирсөн хүний нүдэнд, гудамжны бохир, хотын бохир өртөхгүй. Тийм хүн нийтийн эзэмшил газрын ямар ч муухай буртаг ялгадаст эмзэглэхгүй. Гудамжинд шүлсээ хаяж буйгаа аягандаа нулимж байна гээд цээрэлчих л дээ. Оюутны байранд янз бүрийн орны оюутнуудтай цуг амьдарч байхад зарим салан палан оюутныг нөхөд нь “Чамд үүнийг ээж чинь зааж өгөөгүй юм уу” гэж зэмлэж байхыг олонтаа сонссон. Гудамжны сандал дээр суучихаад нус шүлсээ хаяад байдаг хүүхдээ эх эцэг нь болиулаач дээ.
Барилга барих, зам тавих, түүхий эд боловсруулах технологи ярих надад ахдана. Ямар ч мэргэжлийн монгол хүн ажил дээрээ технологийнхоо горимыг чанд сахьдаггүй нь-монгол хүн хоол хийхдээ орцын хэмжээг граммаар, чанах хугацааг цагаар хэмждэггүйгээс ажиглагддаг. Мах, ногоо, амтлагч зэргээ бүгдийг монгол хүн нүдэн баримжаагаар шийддэг. Хүн төрөлхтөний үе үеийн тогоочдын туршлагаар шалгарч шилэгдсэн технологи гэж байгаа. Хоолны технологи гэхэд монгол хүн улстөрч гэснээс их доогуур эрэмбэлдэг нь нууц биш. Монгол хүн хоолны технологи мэтийг басамжилдаг сэхүүн гарууд. Гэвч дөчийн бедоны хорхог дэлхийн хамгийн муухай хоолны дараалалд хойноосоо аман хүзүүдсэн. Аль ч улс үндэстэн хоолны амт чанараар өрсөлдөж, жуулчид татаж, хуримтлал бий болгож байна. Ашиг нь улстөрчдийн хийрхлээс бодитой. Бидний чадахгүй байгаа нөгөө хөгжлийн чинь нэг ширхэг эд эс энэ. Хоол хийх өчүүхэн зааврыг баримталж заншааггүй хүн хөдөлмөр хамгааллын дүрмийг тэр бүр ширхэгчлэн чанд сахихгүйгээс осолд орж гэмтэж, амиа алдаж байна. Барилгаас хичнээн хүн ойчиж осолдов. Энэ чинь том жижиг аль ч журмыг сахидаггүй монгол хүний өөрөө өөртөө тарьдаг гай гамшиг. Салан задгай хэнэггүй зуршлаасаа болж үхэж буй нь тэр.
Хууль дүрмээ мөрддөггүйгээс жижиг том зөрчил аривжаад улсын хөгжлийг саатуулах хэмжээний мунадаг том бул хар чулууд болдог гэвэл та зөвшөөрөх үү? Ашигт малтмал, ардчилал, зах зээлийг 25 жил ашиглаж чадаагүйн гол тээг монгол хүнд өөрт нь байна гэж үзэхээс ондоон гаргалгаа алга. Тиймээс монгол хүн бүр баялаг бүтээж, мөнгө олж, хуримтлал үүсгэж, гурван саяулаа баяжвал хөгжиж буй нь тэр. УИХ-д сонгогдсон 76 шальгүйг ард түмэн тоохоо болиод, тэд үнэгүйдвэл баялаг бүтээгч бизнес өөд монгол ухаан, монгол авъяас, монгол чадвар уралдаж, улс хөгжинө. Сүүлийн 20 гаруй жил оросууд улстөржөөд, хятадууд өөрсдийн хийсэн хулхи болон хулхигүй бараагаар дэлхийн зах зээлд панз үсэргэв. Улс төр давамгайлах, эдийн засаг илүүрхэх хоёрын ялгаа хил залгаа бидэнд үлгэр авбал илхэн байна. Гэвч бид эдийн засаг гэхээсээ улстөржөөд сүйд. Монгол хүний эцсийн зорилго-дарга болж улстөржих. Алх тоншоод журмын нөхдөө нохой шиг зандрах дуршил нь галзуу ажээ. Хоосон даргамсаг зангаар Монгол хөгжсөнгүй. Хөгжихгүй нь МАН, АН-аар удирдуулсан 25 жилийн бүтэлгүйтэл нотлов. Монголчуудад одоо өөрийг бодох цаг тулгарчээ. Буддын шашныг ид шид болгон хувиргаж, мухар сүсэгтнийг хуурч мөлждөг луйвар болгосонтойгоо адил ардчилал, зах зээлийг монголчууд гутаалаа. Шударга өрсөлдөөний нарийн дэг журамд монгол хүн гологдов. Тиймээс ардчилал, зах зээлд буруу өгөлгүй өөрсдийгөө л хүмүүжүүлье. Ондоон зам хүн төрөлхтөн олоогүй юм чинь бид өөр яах билээ.
2015-08-07
ссс
goody
Баатар
ДОРСГОР ГЕНИ
Ажаа
Bolderdene
mongol
Хүлээн зөвшөөрч байна
Ардчиллыг дэмжигчдийн нэг
Ардчиллыг дэмжигчдийн нэг
зочин
Зочин
Гана
Гана
Зочин
ABCD-korea-gaas
Зочин
zochin
Зочин
Монхоо
Монхоо
Монхоо
Зочин
Зочин
Зочин
Зочин
батдорж
Зочин
khuyag
ахмад ажилтан
Oyuk
Иргэн
Иргэн
Lobor
Батаа
tu
Салан задгай хэнэггүй зуршлаасаа болж үхэж буй нь
Зочин
Б.Баярхүү
muugii
Зочин
Зочин
доги
Amgaa