Төрийн соёрхолт, СГЗ, зохиолч Цэндийн Доржготовын “Цав цагаан” ном хэвлэгдэн гарлаа. Уг номоос уншигч танд “Азын бороо” өгүүллэгийг толилуулъя.

Азын бороо

Нүнжигтэй тансаг тасалгааны хоёр хана дүүрэн өрөөстэй олон зуун ном ямагт гоёмсог агаад сэтгэл сэргээнэ. Дан орос, англи номууд. Суут сэтгэгчдийн ботиуд. Монгол ном ховор. Хурц тод эрээн мяраан номуудаа Сагарай бүртгэх мэт гүйлгэн ширтэх авч түүний шаналсан нойрмог нүд чухам юу харж буйгаа эзэндээ мэдээлсэнгүй. Ухаан мэдрэлгүй гөлгөр нүд ном бүрийг дэс дараалан хий дэмий бэдэчсээр яваад хаа нэгтээ нууцхан буланд зөвхөн чимэг төдий залсан жижигхэн гуулин бурхан дээр зогтусч, цочсондоо сөгөө орж, юу үзэгдэж буйг мэдрэх хэмжээнд сэргэв. Нүсэр номын сан дундахь гэгээ дусдаггүй бүүдгэр мухарт бяцхан бурхан таг мартагджээ.

Эрхий ядмаа зөөлхөн чимхэж, гайхамшигт завилгаагаар бясалгасан өчүүхэн бурхан яагаад ч юм Сагарайд гэнэт амьд санагдаж, бишрэл бус айдас төрүүлэв. Айснаасаа болоод Сагарай аав ээжийнхээ шүтээн энэ бяцхан бурхныг тэгтлээ тоож амьдраагүйдээ гэмшиж, аяархан чимхэж аваад духандаа хүргэх гэтэл бурхан өлөн тоосонд дарагдсаныг мэдээд дотроо нүглээ наминчлан тарнийн зургаан түвд үг гүвтнэлээ. Олон жилийн дагь даарьт хутаг олж бузартсан баймаар өнгө зүсгүй бяцхан бурхан энэ мөчид Сагарайд яах аргагүй амьд, тэр ч бүү хэл, олон жил тарчилсан үйлтнээр төсөөлөгдөв. Зовоосон гол ландрам нь Сагарай өөрийгөө гэдгийг ухаарч ямартай ч тоосыг нь нямбайлан цэвэрлэлээ. Гуулин бурхнаас гоё өнгө гялалзах янзтай. “Үе дамжин өвлөгдөж яваа нандин шүтээнийг би хэрэгсэлгүй гутаажээ” гэж Сагарай гэмшив. Тэр бээр амьгүй гуулин бурхан доромжилсон бус удам дамжин тасралтгүй буухиалах зам мөр, хийморь сүлдээ гомдоожээ.

Энэ зуур нөгөө өрөөнөөс эмэгтэй хүний ярвиглах дорой авиа гарав. Сагарай гар дахь жижиг бурхнаасаа гурвантаа адис аваад эмчилгээгүй өвчинд нэрвэгдсэн ануухан сайхан гэргий өөдөө сандрангуй тэмүүллээ. Цав цагаан асар том орон дундаас ханийн нь хоёр хөөрхөн алаг нүд тусламж гуйн тормолзоно. Сагарайд ямар ч арга алга. Ийм ч хорвоо байх гэж дээ. Нөгөө шинжлэх ухаан, эрдэм мэдлэг бүгд ямар ч хэрэггүй-хоосон. Өвчин намдаах тариа хийлээ. Гэргий нь хэсэг амарч зүүрмэглэв. Түр зуур ингэдэг юм.

Сагарай чимээ гаргахгүйг хичээн цонхны дэргэд очиж гайхшрахдаа Богд уулаа урьд өмнө үзээгүй мэт хүндэтгэн, атираа нугачаа бүрийг цээжилж авахаар ширтлээ. Сагарайд Богд уул нэг л өөр харагдав. Агуу хүч чадал агуулсан ч юм шиг. Биширмээр. Залбирмаар. Дүнжингарав, Цэцээгүн, баруун зүүн Ширээнд хурын үүл хургажээ. Энэ зун хачин гантай зун. Бороо дуссангүй. Халуун, хуурай, бүгчим. Зовлон дээр зовлон нэмэх гэж ядаад ч байгаа юм шиг. Сайхан мэдээ тун ховор. Бараг сонссонгүй. Сагарай цонхоор дүнхийх Богд дүнжингаравтаа залбиртал нүдэнд нь нулимс өөрийн эрхгүй мэлтэгнэв. “Богд уул минь тэнгэрийн хаяанаас хурын үүл татжээ. Удахгүй бороо хур элбэгшиж бүх юм сайн сайхан болох тал руугаа эргэх байгаа” гэж итгэхийг тэр бээр хичээлээ. Богд уул урьд урьдынхаас улам үзэсгэлэнтэй агаад сүрдэм сүрлэг хангай болохыг Сагарай анх удаа ийнхүү хурц мэдэрч, аяндаа үнэнчээр гүнээ бишрэв. Байгалийн гоо сайхны нууц Сагарайн нүдэнд дэс дараалан анзаарагдлаа. Бие биедээ уусан шүтэлцсэн яасан олон гоё өнгө үл ажиглагдам солонгорно вэ. Хүртэж барахын аргагүй юутай арвин гоо сайхан бэ. Өмнө нь Сагарай энэ агуу их сүр хүчийг анзаарахгүй явснаа ухаарч өөрийнхөө мулгууг гайхаж харамсав. Амьсгалахад цээж хатаасан шатам хуурай орчлонд хөгөлгөр их нойтон хөвч нөмөрсөн Богд уул сэрүү татуулан, биедээ ойр орчмын үүлийг татан цуглуулж, аажмаар борооших төлөвтэй.

Сагарай санаа алдаад “Бороо орох нь. Бүх юм санаснаар болох байгаа” гэж үнэн сэтгэлээс горьдож, Цэцээгүндээ алсаас мөргөлөө. Богд дүнжингарав таашгүй нууцаар дүнсийх тусам Сагарайд бишрэх сэтгэл улам ундарна. Хачин юм. Энэ нүсэр хангайд мөн л тоомжиргүй (бяцхан бурхан шигээ) хандаж явснаас бус ингэж биширч байсангүй. Алдас алджээ. Дөрвөн уулаа аргадаж өршөөл элбэрэл гуйв. Ертөнцийн өчүүхэн эс-Сагарайн хувь заяа энэ аварга Хангайгаас, цаашилбал гариг-бөмбөрцгөөс хамааралтай ч юм шиг. Биеэ ихэд авч уншиж судалсан мэдлэгтээ эрдэж, хөнгөн хуумгай бардамнавал буйргүйтэх тухай урьд нь ингэтлээ төсөөлж явсангүй. Хорвоо ертөнцийг бүрэн таньтал хол хэвтэнэ.

Дүнжингарав гал халуун гангийн өөдөөс улам лүглийж чийг ханхлуулна. Тэгтэл тэнгэрт аварга хадагны намираа мэт зөөлөн бороо цэнхэртэн цайрч, утаа тортогны халуун уур цориглуулсан гашуун хотыг нөмрөн шивэрч эхлэв. Эцсийн эцэст аврал ирэх шиг. Ямар нэгэн сайн сайхан хүч айсуй мэт горьдлого төрөөд байсан билээ. Бүр совин татаад байсан гээч. Яамай даа бурхан минь. Байз, баруун нүдний дээд зовхи татав уу даа. Ямар сайхан бүлээн бороо вэ. Их хотыг минь угаагаад өгөөч. Бүх бузар азар, өвчин зовлон, хэрүүл хараалыг ариусгаад өгөөч. Ийм сайхан бороог лав учиртай илгээсэн буй зээ. Бяцхан бурхны авшиг хүртэв үү. Намираа бороог билэгшээсэн Сагарай баярласандаа дуу алдах шахан эргэж харвал гэргий нь түр амарсан янзтай тайван нойрчээ.

Сагарай өдгөөг хүртэл анзааралгүй мартсан бяцхан гуулин бурхнаа ихэд шохоорхон судлав. Бяцхан бурхан, Дүнжингарав, намираа бороо гурвын ид шид ач тус хамтраасай гэж Сагарай доктор залбирлаа. Бурхан шүтээн, хангай дэлхийдээ биширсний буянаар азын бороо хайрлажээ.

Өчигдөр орой гэртээ орох агшинд урдуур нь хөндлөн гүйсэн ёозгүй хар муур чийдэн шиг хурц гэрэлтэй хоёр ногоон нүд гялалзуулж, хахир авиагаар мяу гэж чарласныг сэтгэлээсээ хөөн зайлуулахаар, хэдэн ч үе удам дамжсан юм бэ, даруухан халтар бурхандаа наминчлан мөргөв. Аврах ачтан ертөнцөд ердөө энэ л өчүүхэн суумал бурхан гэсэн итгэл түүнийг эзэмдлээ. Сагарай уужраад нэг л аятайхан болчих шиг. Итгэл найдвар хаанаас ч юм түүнийг халуун дотно тэвэрч авлаа. Азтай ирээдүй хоосон хорвоог тэмтэчсээр яваад Сагарайг олоод авах шиг. Сүүлийн хэдэн сар Сагарайн сэтгэл ингэж онгойсонгүй.

Догдолсон Сагарай өрх тусгаарласан хүү охин хоёртоо, хүргэн бэр ач зээгээ дагуулан ирж, аавынхаа бурханд ээжийнхээ төлөө мөргө гэж утсаар дуудаад гүйцэд тайвшрахыг хичээтэл болж өгсөнгүй. Хүүхдүүд нь танд бурхан байдаг юм уу гэж гайхсанд Сагарай цочирдон гутрав. Өөрийгөө голж уйлмаар. Бяцхан бурхан, Дүнжингарав, намираа бороо холдчих шиг. Дахиад л Сагарайн бүх итгэл бишрэл бөхөж, гунигаар төгсөх өөрчлөгдөшгүй хуультайгаа орчлон түүнд тулгав. Аймшигт төгсгөл дийлдэшгүй нь ээ. Хайрт ханынх нь шаналал сэргэх давтамж дөхөж буй. Иймхэн хорвоод эрх мэдэл эд мөнгөний төлөө улстөрд улаан сармайгаа ичихээ мэдэхгүй уралцан, нүгэл тарьж амьдарснаа Сагарай санагалзан гайхширч, мунхаг толгойгоо сэгсрэн аяархан мэгшив.

Зөөлхөн атлаа усархаг бороонд умбасан Дүнжингарав Сагарайн нүлимстай нүдэнд бүрэлзэж, бүүдийх тусмаа улам сүрлэг, улам дотно санагдав. Сагарай өөрийн мэдэлгүй “Хангай минь” гэж өршөөл гуйгаад эргэтэл ханийн нь царай цаас шиг цайгаад нэг л хачин үзэгдлээ. Сагарайн дотор палхийж зүрх нь доргив. “Байз байз, тэр минь амьд уу? Амьсгалж байна уу?.. Ашгүй түүний минь зүрхэн тус газар хөнжил нь үл мэдэг пөмбөлзөж харагдана. Хөөрхий минь амьсгалж байна. Бурхан минь овоо доо. Ханийн минь өвчин эмчилгээгүй нь худал. Эдгэрнэ. Шинжлэх ухаан алддаг. Харин бурхан алдахгүй” гээд өрх гэрийн өчүүхэн шүтээн-бяцхан халтар бурхнаа элгэндээ нааж, гүнээ бишрэхийг оролдлоо. Гуулин бурхан түүнд нөгөө л энэрэнгүй, нэгэн хэвийн, хувиршгүй даруухан дүрээрээ үл мэдэг ёжтой ч юм шиг зөөлөн инээвхийлсэнд ясны хуурамч Сагарай айж хулчигнав.

Азын бороо цэнхэртэн намирсаар зүсэрлээ.

2014-10-18