Сэтгүүлзүй, МАН хоёр Н.Алтанхуягийн хууль санаачлах эрхийг хамгаалъя
”Хүрээний бузар булайг дэлгэж барахгүй гэх” Итгэлт баяны үг бий. Үүнтэй адил Монголын улс төр, улстөрчдийн бузар булайг дэлгэж барахгүй л дээ. Тэд Сангийн яамыг Санхүүгийн хэлтэсээ болгож, зарим хэвлэлийг, заримдаа сэтгүүлзүйг бүхлээр нь Хэвлэлийн албаа болгодог хүчтэй улс .
"Хүрээний бузар булайг дэлгэж барахгүй гэх” Итгэлт баяны үг бий. Үүнтэй адил Монголын улс төр, улстөрчдийн бузар булайг дэлгэж барахгүй л дээ. Тэд Сангийн яамыг Санхүүгийн хэлтэсээ болгож, зарим хэвлэлийг, заримдаа сэтгүүлзүйг бүхлээр нь Хэвлэлийн албаа болгодог хүчтэй улс . Тэгэхдээ л тэдний дур зорго саяхныг хүртэл парламент дээр ирээд унадаг байлаа. Харин сүүлийн үед тэдний өмнө парламентын ноён нуруу хугардаг болжээ. Үүнийг нотолсон бас нэгэн жишээ өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт болов. Учрыг сийрүүлбэл, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-ын мөрдөн шалгах эрхийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд шилжүүлэх хуулийн төсөл санаачилжээ. Өөрийг нь болон түүнийг тойрон хүрээлэгчдийг АТГ-аас ид шалгаж байгаа үедалбан тушаалынхаа давуу эрхээр энэ байгууллагыг “шүдгүй” болгох хуулийн төсөл санаачилсан нь яахын аргагүй сонирхлын зөрчил үүсгэнэ. Өөрийг нь, ах дүү, найз нөхдийг нь АТГ-аас шалгаж байгааг Н.Алтанхуяг гишүүн “улстөрийн захиалга, хэн нэгний хувийн сонирхлыг гүйцэлдүүлсэн хэлмэгдүүлэлт” гэж мэдэгдсэн. Тэгсэн хэрнээ шалгуулж байгаа үедээ АТГ-ын чиг үүрэг, сүр хүчийг сульдаах хуулийн төслийг өөрөө санаачилсан нь Н.Алтанхуяг гишүүнийг ч асуудалд хувийн сонирхлоор хандаж байна гэх хардлага төрүүлнэ. Өөрийг нь шалгаад байгаа учраас зөрүүлээд хууль санаачлах эрхээрээ АТГ-ыг оролдож байна гэж нийгмийн нэг хэсэгт харагдана. Тэгэхдээ энд энэ тухай, ийм хуулийн төсөл санаачилсан нь зөв буруу байсан, АТГ гэж өрсөлдөгчөө айлгадаг “хадны мангаа” хэвээр байх ёстой ёсгүй тухай өгүүлэхгүй. Харин үйл явдлын өрнөл дунд Н.Алтанхуяг гишүүний өргөн барьсан төсөл нь Монгол Улс ямар засаглалтай, хууль тогтоох эрх мэдэл хаана хадгалагддаг вэ гэсэн томоос том асуултын тэмдэг үлдээв. Ийм төсөл санаачилсан нь Н.Алтанхуяг гишүүний буруу байж болно. Хувийн сонирхлоор хандсан ч байж болно. Гэхдээ тэр УИХ-ын гишүүн учраас энэ байтугай хуулийн төсөл санаачлах эрхтэй. УИХ-ын бусад 75 гишүүн ч адилхан. Хууль санаачлах бол УИХ-ын гишүүний хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрх, хийдэг гол ажил нь. Хууль санаачлах эрхтэй 78 субьект Монголд бий. УИХ-ын 76 гишүүн, Ерөнхийлөгч, тэгээд Засгийн газар. Харин тэдний санаачилсан төслийг хууль болгож тогтоох, үгүйг шийддэг цор ганц газар нь УИХ. Тийм ч учраас Үндсэн хуульд “УИХ бол хууль тогтоох төрийн дээд байгууллага..., хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдана” гэж заасан байдаг. Гэтэл Н.Алтанхуяг гишүүний энэ эрхээ эдэлж санаачилсан хуулийн төслийг хууль болгон тогтоох, үгүйгээ парламент хэлэлцэж явах процесс дундуур ҮАБЗ-өөс бичиг ирүүлээд УИХ-ын хэлэлцэх асуудлын дарааллаас хасуулж байх юм. Энэ юу болж байна вэ. УИХ-ын гишүүний хууль санаачлах эрх, УИХ-ын хууль тогтоох эрх мэдэлд ингэж халдаж болдог юм уу.