Өөрийгөө Монгол төрийн шударга зүтгэлтний ноён оргил хэмээх шахан өргөмжилдөг хүн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж. Сүүлийн арван жилд хамгийн даруухан албан тушаал дээр байгаа тэрбээр олон нийт өөрөөс нь залхсан гэдгийг ч, MCS-ийн вант улсаас хүртдэг хувь хишиг нь үлдсэн амьдралд нь хангалттай хүрэлцэнэ гэдгийг ч мэдрэх болжээ. Түүний хамгийн сүүлд тоймч Г.Отгонбаярт өгсөн ярилцлага анхаарал татлаа. Эхэндээ Засгийн газар Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр баталгаажуулах оролдлогыг буруутгахад нь аргагүй л өөрийнх нь тодорхойлолт зөв юм гэж бодож байв.

Гэтэл яасан гэнэ вэ. Сөрөг хүчин байхдаа буюу 1997 онд АН-ынхан УИХ-д олонх байхдаа Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулж Үндсэн хуульд нийцүүлэхэд нь тохируулахыг гуйж, түүнийг нь хийж байсан гэнэ үү. Үүнтэй төстэй нэг мэдээлэл чих дэлсдэг нь Оюутолгойн гэрээг манай улсын хууль тогтоомжид нийцүүлэх тохиргоон дээр мөн л Ц.Нямдорж ажилласныг М.Энхсайхан ярилцлагадаа дурдан баталгаажуулж өгсөн билээ.

Харин одоо ямар сэжиг төрж байна вэ гэвэл Тавантолгойг гацаахгүйн тулд гэрээг нь Монголын хууль тогтоомжид нийцүүлэх тохиргоон дээр Ц.Нямдорж мөн л гуйлгаж, гувшуулан ажиллаж байгаа юм биш биз. Ингэх шалтгаан хангалттай шүү дээ. Юуны өмнө түүний “гэрээг хуульд нийцүүлэх арвин туршлага нь хэрэгтэй”. Мөн Тавантолгойн төсөлд “Энержи ресурс” оролцож байгааг учраас Ц.Нямдорж гар хумхин суух “эрхгүй”. Цаашилбал, “улс орны эрх ашгийн тулд” гэсэн шошготой энэ төслийг урагшлуулахад яагаад оролцож болохгүй гэж. Тэгээд ч гацааж байгаа Х.Баттулгад дургүйгээ удаа дараа илэрхийллээ.

Хэрэв Ц.Нямдоржийн гар оролцсон гэрээ хууль, тогтоомжуудад нийцээд Тавантолгойн төсөл хэрэгжээд эхэлбэл түүний хувь эзэмшдэг компанид, хувийн карьерт ч ашигтай байгаа биз. Тиймээс ч С.Ганбаатар гишүүнийг хүүхэлдэй мэт үзэж, “Хэрэв Гаагийн шүүхээс Монголд ашигтай шийдвэр гаргуулаад миний ширээн дээр тавибал...” гээд ирээдүйгээрээ дэнчин тавьж даажигнаж байна. Тэр дэнчин хэр үнэ цэнтэй бол. Засгийн газрын баталгаатай бонд аятай аяглах түүний энэ бардамнал, басамжлалаас юу үнэртсэн гээч. “Монголд ашиггүй байлгах ажлыг нь би хийчихсэн юм чинь” гэсэн эвгүй үнэр ханхалж байх юм. “Монгол төрийн төлөө шударга яваад дуусна” гэсэн имижтэй төрийн зүтгэлтнээс ийм үг сонсох сайхан санагдсангүй.

Нөгөөтэйгүүр, өнөөх л “УВС” фракц дотор нь дажин үүссэнийг нуух гэж оролдож буй нь өрөвдөлтэй аж. Хувийн үзэл бодол талаасаа би Н.Алтанхуягийг сайн Ерөнхий сайд байсан гэхгүй. Гэхдээ Д.Дорлигжав, Ц.Нямдорж хоёрыг дийлээгүй тохиолдолд түүнийг өмөөрмөөр ч юм шиг санагдчихлаа. Энэ бол намын бодлого биш эрх ашгийн нэгдэл Монгол төрийг удирдаад байгааг эсэргүүцэж байна гэсэн үг. Маш аюултай дохио юм шүү. Ц.Нямдорж гишүүний ард түмнийг айлгаад байгаа “З.Энхболдын дарангуйлал” гэгчээс ч илүү аюултай байж мэднэ.

Яагаад Ц.Нямдорж “Н.Энхбаярын дарангуйлал”-ын үед гуйж гувшсан асуудалтай байснаа төгс няцааж чадаагүй байж “З.Энхболдын дарангуйллаас айж, түүгээр ард түмнийг айлгах ёстой гэж. Эндээс Ц.Нямдорж болон түүний нөхөд, бүр том зургаараа бол “Энержи ресурс”-ынхэнд З.Энхболдын “но”-гүй, хийгүй, хатуу үг, шулуун үйлдлээс айх шалтгаан байна гэсэн үг. Магадгүй, УИХ одоо Тавантолгойн гэрээний төслийг хэлэлцэхдээ “Ц.Нямдоржийн бүтээгдэхүүн”-тэй танилцаж хэлэлцэх болох нь. Энэ Их хуралд түүнд “барьцаалагдсан”, “шантаажлуулсан” улстөрч цөөнгүй. Тэд төслийг батлахын эсрэг товчлуур дарж чадна гэж үү.

Нэгэнт баталсан тохиолдолд Гаагийн шүүх дээр очсон ч унахааргүй “баттай” гэрээчин бол Ц.Нямдорж бололтой. Иймдээ ч ирээдүйгээрээ дэнчин тавиад орж явчихдаг аж. Оюутолгойг хөдөлгөсөн хүн Тавантолгойг хөдөлгөж л таарна гэж тэрбээр цээжээ дэлдэн байсан нь үнэн болоод явчихлаа. Хэчнээн “төгс гэрээчин” байлаа ч “хойно ургасан эвэр урт” байвал яах вэ. Түүний “шилийг хазах” хуульчид олширч байгааг хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй байсан юм, Ц.Нямдорж гишүүн ээ. Алийн болгон таныг “Оройн дээд” хэмээн шүтэж, таны хэмжүүр дэх үнэнд итгэж тавьж туух билээ.