Мэдлэгээ баялаг болгох хоёрхон алхам
Зөвхөн уул уурхайн баялгаа ашиглаад сайхан амьдрах боломж хязгаарлагдмал гэдгийг Монголчууд эдийн засгийн ээлжит хямралтай нүүр тулахаараа л нэг санадаг. Байгалийн баялагт тулгуурласан уламжлалт эдийн засгаас мэдлэгт суурилсан, эдийн засагт шилжих ёстой гэж олон жил ярьж байгаа ч үнэндээ хийсэн зүйл, үр дүн нь бага байна.
Зөвхөн уул уурхайн баялгаа ашиглаад сайхан амьдрах боломж хязгаарлагдмал гэдгийг Монголчууд эдийн засгийн ээлжит хямралтай нүүр тулахаараа л нэг санадаг. Байгалийн баялагт тулгуурласан уламжлалт эдийн засгаас мэдлэгт суурилсан, эдийн засагт шилжих ёстой гэж олон жил ярьж байгаа ч үнэндээ хийсэн зүйл, үр дүн нь бага байна. Эхлээд мэдлэг олж авах, эзэмших, хэрэглэх, хуваалцах, хөгжүүлэх боломж, чадавхаа бүрдүүлэх ёстой. Тэгж чадвал бид аажмаар мэдлэг үйлдвэрлэж, хэрэглэдэг үндэстэн болж мэдлэгийн эдийн засагтай болно гэсэн үг.
Гэтэл өнөөдөр шавхагддаггүй мэдлэгийн нөөцөө ашиглахаасаа урьтаж шавхагддаг байгалийн нөөцөө ухах гэж улайрч хөнжилдөө орох завгүй хэрэлцэн талцаад байна. Яагаад тэр билээ, яавал бид тэр инновацийг (шинэчлэл) хийж чадах вэ? Их, дээд сургуулийн удирдлага, багш, судлаачид оролцсон “Үндэсний инновацийн чуулган” өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд болж энэ тухай тогтон ярилцав.
Монгол Улсад шинжлэх ухаан, боловсролын тогтолцоо бүрэлдэн хөгжиж, олон арван төрийн болон хувийн их, дээд сургууль үйл ажиллагаа явуулан мөнгийг ямар нэг хэмжээнд мэдлэг болгож байгаа. Харин тэр мэдлэгээ цаашид хөрөнгө мөнгө болгодог, инноваци буюу шинэчлэлийн тогтолцоо манайд бүрдээгүй л байна.
НЭГДҮГЭЭР АЛХАМ. ЭРДЭМТДЭДЭЭ ЭРХ ЧӨЛӨӨ ӨГӨХ
Дэлхий дээр эдүгээ мэдлэгийг эдийн засгийн нөөц, үйлдвэрлэлийн хэрэгсэл гэж үзэх болов. Сүүлийн хориод жилд хөгжлийн гол хөдөлгүүр нь мэдээлэл, үйлдвэрлэл, нөөц, эрүүл мэндийн технологи болж ирлээ. Гэтэл өдгөө шинжлэх ухаан, техникийн дэвшилд түүхэн эргэлт гарч, био, нано, эрчим хүч, байгаль орчин, соёлын болон загварын технологи нэмэгдсэнээр хүн төрөлхтний өмнө хөгжил цэцэглэлтийн цоо шинэ эрин, өргөн боломж олгож буйг эрдэмтэд тэмдэглэв.
Харин Монгол Улс маань энэ түүхэн эргэлтийн хаана нь хаягдчихав аа. Тэр их боломжийг хэн харж, ашиглаж байна вэ? Яах вэ, ганц хоёр бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, гэрийн бүрээсийг бороо нэвтрүүлэхгүй болгосон гэх мэт ойр зуурын юм ярих л байх. Олон улсын зах зээлд гарчихсан, өндөр эрэлттэй ямар бүтээгдэхүүнийг монголчууд хийсэн юм бэ гэдэг нь асуулт дагуулж байгаа юм. Бид үнэхээр мөнгөө мэдлэг болгоод, дипломоо өгч баталгаажуулаад байгаа юм бол тэр мэдлэгээ яагаад мөнгө, хөрөнгө, бизнес болгож чадахгүй байна вэ?
Төр засаг чадахгүй байж эдийн засаг, нийгмийн амьдралд, шинжлэх ухаан, бизнест дэндүү их оролцож, мэдлэгээ бизнес болгох гэсэн эрдэмтэн мэргэд, судлаачид, бизнесменүүдийг хэтэрхий их хязгаарлаж байгаа нь үүний гол шалтгаан гэж болно. Хэрэв Монголын төр засаг инновацийн талаар ярьсан, тодорхойлсон, зорьсон бүхнээ хийсэн бол эдүгээ Монголын шинжлэх ухаанаас олон арван шинэ бизнес, тэрбумтан төрчих байсан юм.
Төр засаг 2006 онд Шинжлэх ухаан, технологийн тухай хууль хүртэл баталж “Инноваци гэж эрдэм шинжилгээний ажлын үр дүнг эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээл, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх цогц үйл ажиллагаа” гэж томьёолсноос хойш юу хийсэн юм бэ? Яагаад ШУА-ийн болон бусад байгууллагын судалгаа шинжилгээний ажлыг ядаж захиалагчтай, эзэнтэй болгож чадахгүй байна вэ? ШУА, их, дээд сургуулиудад мэдлэг, судалгаагаа зарах, өөрсдөө хэрэгжүүлж бизнес, хөрөнгө болгох, ашиг олох санхүүгийн эрх чөлөө, эрх мэдэлгүй байгаад асуудлын гол нь оршиж байна. Тэд ашиг олоод түүнийгээ хувааж авах биш, байгууллагадаа буцаан хөрөнгө оруулж, бүтээсэн үнэ цэнээр нь тухайн судалгааны байгууллага, сургуулийн гүйцэтгэх захирлын ажлыг дүгнэдэг болгоход л эргэлт гарах юм.
Эрдэм шинжилгээний байгууллагуудын ТУЗ нь гүйцэтгэх захирлаа авьяас, чадвараар нь өрсөлдүүлэн сонгон шалгаруулдаг, хөдөлмөрийн гэрээ байгуулж дүгнэдэг, ажлаас нь халах, хугацааг сунгадаг эрх чөлөөг өгөх нь зүйтэй. Намын харьяалал, хувийн ашиг сонирхол гэх мэт жалга довын, дээрэмчний сэтгэлгээнээсээ шийдвэр гаргагчид яаралтай салах шаардлагатай байна.
Ердөөсөө энэ алхмыг л хийхэд ухаалаг удирдлага нь эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээ ямар бизнес, хэнд зарах учраа олчихно, компаниуд ч Монголын нөхцөлд таарсан шинэ санаачилга, бүтээлийг дуртай авч, захиалж, хэрэгжүүлэн дэлхийн зах зээлд гарахыг хүснэ. Тэр үед нь төр засгийн байгууллагууд элдэв гох дэгээ тавихгүй, авилга шаардахгүй, зохих хууль журмынхаа дагуу шуурхай үйлчлэхэд л хангалттай.
Төр засаг 2012 онд Инновацийн хууль гаргаж “Инноваци гэж мэдлэгийг баялаг болгон хувиргах цогц үйл ажиллагаа” гэж тодотгон тодорхойлсноосоо хойш юу өөрчлөгдсөн юм бэ? Инновацийн сан байгуулна гээд л байсан тэр нь хаана байна вэ? Хэрэгжүүлж чадахгүй юм бол хоосон шийдвэр хэнд хэрэгтэй юм бэ? Одоо хүртэл ямар ч хөрөнгө тэр санд ороогүй бөгөөд старт-ап буюу гайгүй ирээдүйтэй байж болох судалгаанд хөрөнгө гаргаж өгөх тухай ярьсан авч сонголтыг нь бизнесийн хүн биш эрдэмтэд, төрийн түшмэд гаргах ажээ. Зөвхөн бизнес эрхлэгчид л юунд, ямар хөрөнгө оруулах, тэр нь хэзээ нөхөгдөж, ашигтай ажиллаж эхлэхийг мэдлэг шүү дээ. Ахиад л эзэнгүй, захиалагчгүй судалгаа эхлүүлж байна.
Энэ байдлаараа бол Mongolia маань Minegolia буюу, гадаад орнуудын түүхий эдийн хангамжийн бааз хэвээрээ л үлдэх юм.
ХОЁРДУГААР AЛXAM. ЧӨЛӨӨТ ӨРСӨЛДӨӨНИЙГ БИЙ БОЛГОХ
Уг нь Монгол Улсад мэдлэгээр мөнгө хийх асар их боломж бий. Байгалийн баялаг, стратегийн байршил, боловсролын сайн тогтолцоо, нээлттэй сэтгэлгээтэй, чадварлаг залуу хүн ам, маневр сайн, динамик, жижиг эдийн засаг гэх мэт олон давуу тал байгааг чуулганд оролцогчид тэмдэглэж байв.
Бусдаас онцгойрох, өндөр үнэ цэнэтэй бүтээгдэхүүн гаргах, зах зээлийн сиймхий, жижиг сегментэд төвлөрөх нь зөв болохыг нэг хэсэг нь онцоллоо. Төр засаг мөнгө өгөхгүй байна, жижиг, дунд бизнесийн сангийн хөрөнгийн ядаж хагасыг нь судалгаа шинжилгээнд өгчихвөл болох гээд байна гэж нэгэн их сургуулийн захирал ярив. Оюуны өмч эргэлтэд орохгүй, мэдлэг баялаг болж чадахгүй байгааг оролцогсод дуу хоолойгоо нэгтгэн баталж байлаа.
Манайд өрсөлдөх чадвартай байж болох хамгийн боломжтой бүтээгдэхүүн нь мэдээллийн технологи, түүний дотор хэрэглэгчид тохируулсан программ юм байна. Дараагийн боломжууд нь аялал жуулчлал, хөдөө аж ахуйн гаралтай мах, арьс, ноос, ноолууран болон ургамлын гаралтай органик бүтээгдэхүүн юм. Эдгээр бүтээгдэхүүнийг Монголын өргөн уудам тал, үзэсгэлэнт сайхан, эрүүл онгон байгалиар баталгаажуулан, тусгайлан сурталчилж чадвал “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой онцгой бүтээгдэхүүн болгох авхаалж самбаа хувийн хэвшилд бүрэлдэн тогтоод байгаа.
Төр засгийг энэ бүхнийг хийнэ гэж хүлээгээд юу ч гарахгүй. Харин хувийн хэвшлийг инновацид татан оролцуулж, оруулсан хөрөнгийг нь татвараас чөлөөлж, юуны өмнө компаниуд хоорондоо чөлөөтэй, ил тод өрсөлдөхийг л дэмжих хэрэгтэй. Ашигтай бизнес гээд нэг улс төрч, тухайн салбарын сайд, дарга асангууд ороод ирэхийг зогсоочихвол бусад нь зах зээлийнхээ жамаар яваад өгөх юм. Ер нь салбарын сайд, дарга нараа тухайн салбарт өөрөө бизнес хийхийг нь зогсоохгүйгээр Монгол Улс хөгжихгүй.
Зөвхөн шударга өрсөлдөөнтэй салбарт олон компани байгуулагдаж, хамгийн тохиромжтой байршилд төвлөрснөөр үйлдвэрлэлийн хонгорцог (кластер) бий болдог. Өрсөлдөгчид мэдлэг, судалгаа ба хөгжлийн мэдээлэл, чадвартай боловсон хүчнээ хуваалцах шаардлага үүсэж, боломж ч бүрддэг.
Тэд тус бүр тодорхой сургууль, судалгаа шинжилгээний лабораторитой холбогдож, захиалга өгч, санхүүжүүлэх болно. Шинжлэх ухааны салбар ер нь коммунист сэтгэлгээнээсээ салах шаардлагатай. Мэдлэгийг баялаг болгож буй компани бүр бүх бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дэлхийн зах зээлд гаргах бодлого барих нь зүйтэй.
Шударга өрсөлдөөнийг дэмжсэнээр хувийн болон нийтийн хөрөнгө ил тод, өгөөжтэй хамтран ажиллах боломж бүрдэх бөгөөд улмаар инновацийг дэмжсэн дэд бүтцийн элемент бий болж, чадварлаг боловсон хүчин бэлтгэх, их сургуулиудын судалгаа хийх нөхцөл сайжирна. Инновацийн мэдээллийн сүлжээ ч хөгжинө. Байгаль орчинд ээлтэй, дэвшилттэй, шалгарсан техник, технологи нэвтрүүлэхийг зах зээл нь шаардана. Төрөөс харин оюуны өмчийг хамгаалах, техник технологи дамжуулах, лиценз ашиглах зэргийг ил тод, шуурхай болгох ёстой. Компаниуд дундын шинжилгээний төв, нээлттэй лаборатори, технологийн инкубатор байгуулах хөрөнгө оруулалтыг татвараас хөнгөлөн чөлөөлж, дэмжих учиртай.
Чөлөөт өрсөлдөөнийг бий болгож чадвал Монгол Улс өрсөлдөх чадвартай, мэдлэгийн эдийн засагтай болох юм. Тэгэхэд л Mongolia нь Mindgolia болж чадна. Монгол Улс далайд гарцгүй болохоос мэдлэгт гарцгүй биш шүү дээ.
Даваажав
Энхжаргал
Энхжаргал
Зочин
Зочин
Lee Kuan Yew
Зочин
Иргэн
Иргэн
Зочин
FREE TO CHOOSE
Lee Kuan Yew
Зочин
УЖЭНУЖЭЖУЭЖУ
Мгл
Boldoo
Ганзагын наймаачны сэтгэхүй л гацаагаад байна
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
Болор
Болор
Зочин
Ametros technology
Зочин
Зочин
nuhuduu