Хоолны ертөнцөөр аялахуй




Англичуудын хоол, хооллолтын дэглэм нь  эрт  дээр үеэс бүрэлдэн тогтсон соёл иргэншил, нийгэм, ахуйн уламжлалтай шууд холбоотой бөгөөд өөр хоорондоо төстэй байдаг. Иймээс ч энэ үндэстний  хоол, гал тогоо нь франц, италийнхтай адил европ даяар төдийлөн тархаагүй, өөртөө хадгалагдаж ирсэн  онцлогтой. Гэхдээ  англи үндэстний хоол, гал тогоо Европын орнуудад биш гэхэд  ялангуяа англичууд  суурьшсан Ази, Австрали, Америк, Африк тивийн олон оронд  түгээмэл  тархсан байдаг.

Англиас гарал үүсэлтэй олон хоол, ундаа, түүний дотор  ромштекс, ростбиф (Roast beef), бифштекс зэрэг шарсан  махан хоолууд, рorridge хэмээх  овъёосны зутан, чеддер ( честер ч гэж нэрлэдэг.) бяслаг, англи чунц (пудинг)  шотланд виски, англи крем зэргийг дэлхийн аль ч орны томоохон зоогийн газрын хоолны цэснээс  олж харж  болно. Англи  үндэстний хоолны гол хольц нь мах, загас, ногоо, будааны зүйл байдаг.  Тэд загасны мах, сандвич гэж нэрлэдэг талхан зуушийг түгээмэл хэрэглэх боловч махан хоол харьцангуй их хэрэглэдэг ард түмэн юм. 

Англичууд дээр нэгэнт өгүүлсэн ростбиф, бифштекс, түүнчлэн үхэр, тугал, гахайн  махаар бэлтгэсэн хоолыг гол төлөв шарсан төмс, бусад ногооны хачир, улаан лоолийн сүмс, пикули гэдэг хурц амт оруулагчтай хольж нэлээд арвин хэмжээтэй хэрэглэж заншжээ. Мах, ногоо, будааны зүйлээр хийсэн төрөл бүрийн чунц, түүнчлэн амтлаг хоолондоо хэрэглэдэг жимстэй чунц зэрэг нь  англи хүний өдөр тутмын хоолны цэсэнд  байнга ордог хоол юм. Шөлтэй хоолноос яс, махны дан шөл, тунгалаг болон зутан шөлийг түлхүү хэрэглэнэ. Гэхдээ хүрэн манжинтай шөл, өргөст хэмхтэй шөл, байцаатай шөл, солянка, ногоотой болон будаатай шөл зэрэг Дорнод Европын улс үндэстний шөлтэй хоолыг  англи, ирландын хүмүүс амтархан идэх дуртай.

Англи үндэстний баяр ёслолын хүндэтгэлийн идээнд гахайн өөх, талхны үйрмэг, гурил, үзэм, саахар, өндөг, төрөл бүрийн ааг амттан хольж хийсэн плум-пудинг гэдэг хоол зүй ёсоор багтах бөгөөд энэ хоолыг баярын ширээнд  тавихын өмнө ром архиар цутгаад зочны өмнө асааж дөлтэй нь барьдаг уламжлалтай. Түүнчлэн ногоогоор хачирлаж, шанзалсан цацагт хяруул нь манайхны хонины ууцтай дүйцэх ямбатай хоолонд тооцогддог бөгөөд англичуудын баярын ширээг энэ хоол болон амтат бялуугүйгээр төсөөлөх аргагүй юм.

Англичуудын  хооллолтын дэглэм өвөрмөц онцлогтойг дээр нэгэнт өгүүлсэн билээ. Тэд өглөөний зоогоо бүр эрт,  орондоо байхдаа аагтай цай юмуу жүржийн цэвэр шүүс уухаас эхэлдэг. Дараа нь  овъёосны зутан, гахайн бор махтай шарсан өндөг, жимсний чанамал,  хайрсан талх иддэг. Гэхдээ англичууд хоолондоо талх харьцангуй бага хэрэглэх ба өдөрт дунджаар 250 граммаас хэтрэхгүй цагаан талх хэрэглэдэг байна. Англичуудын зарим нь гахайн махны оронд май загас, зайдас, бөөртэй шарсан өндөг иддэг заншилтай. Түүнчлэн  англичууд өглөөний хоолондоо эрдэнэ шишийн хэмхдэстэй  сүү  хэрэглэх нь түгээмэл байдаг. Англичуудын хоолны энэхүү цэс нь дэлхийн бусад орнуудын зочид буудлын өглөөний хоолны цэсэнд "“English Breakfast " гэсэн нэрээр өргөн тархжээ. Lunch  гэж нэрлэдэг  бага үдийн хоолоо ихэвчлэн 13-14 цагийн хооронд идэх бөгөөд үүнд тосонд хайрсан гол махыг  шарсан төмс, шинэ ногооны  хачиртай хэрэглэдэг. Дээр нь нэмж амтлаг хоол, тухайлбал,  чунц, сүүтэй эрдэнэ шиш, будаа, зарим тохиолдолд талх, эсвэл тослог жигнэмэгийг бяслаг, цөцгийн тостой хольж  хэрэглэнэ.

Англичууд хамгийн их цайсаг хүмүүс. Тэд өглөө, өдөр, оройн хоолны дараа жимсний чанамлаар амт тохируулсан цай уудаг. Ер нь  англичууд өдөрт долоон удаа цай уудаг заншилтай бөгөөд тэд 17 цагт уудаг  цайгаа ( "Five o" clok") хэзээ ч мартдаггүй.  Англи, ирландчууд үдэд  хар, харин өглөөний хоолондоо сүүтэй кофе уудаг.  Тэд цай уух бүртээ аягаа угаадаг заншилтай. Ундааны зүйлээс шар айраг,  рашаан ус, буцалгаад хөргөөсөн цэвэр ус, гаатай ундаа зэргээс сонгож хэрэглэх ба үдийн хоолны дараа порто (Port)  дарс, түүнчлэн виски  уух дуртай.
 
Англичуудын  хоол, гал тогооны салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь  шотландын гал тогоо юм. Манайхны хярамцагтай төстэй цустай porridge  эсвэл овъёосны  гурилаар хийсэн зутан шөл нь шотландчуудын өглөөний хоолны цэсэнд зайлшгүй ордог. Шотландчууд англичуудын нэгэн адил цайсаг хүмүүс бөгөөд согтоогч ундаанаас өөрсдийн алдарт вискийг хэрэглэдэг. Оройн  хоолны өмнө хагас утмал загасан зууш идэж дараа нь  цайгаа уух ба  аяганы хийц нь төрөл бүрийн нарийн боов, жимсний чанамал, бүржмэг, бусад амттан байдаг. Англичуудыг бодвол шотландчууд будааны агшаамал, будаа, мах, төмс, байцаатай шөл, загасны шөлийг ахиу хэрэглэдэг. Англичууд шүүрхий шарсан бифштексээ дээдэлдэг бол шотландчууд  гүйцэд чанаж, шарж  болгосон хонины махыг амтархан идэх дуртай. Шотландчуудын өөр нэг онцлог нь тэд загасны махыг англичууд шиг гахай,  ургамлын тосонд  шарахаасаа утаж, чанаж болгохыг чухалчилдаг.


Англи  аргаар  шарсан  өндөг-Пашот



Жор: хоёр  ширхэг  өндөг, цагаан талх 30, нунтагласан  бяслаг 10, цөцгийн  тос 12, бууцай  5

  • Өндгийг дутуувтар  чанаж  болгоно.
  • Хайрсан талхыг  хайруулд  тавьж  дээрээс нь  өндгөө хальсалж  хийгээд  нунтагласан  бяслаг цацаж  хайлуулсан  тос  дусаана.
  • Хүчтэй  халаасан  шарах  шүүгээнд 2  мин орчим  халаагаад  бууцайны навчаар  чимэглэж  таваглана.

Англи  шарсан мах (Roast beef)




Жор: үхрийн  гол  мах  860 гр, гурил 12 шарах тос 40, цуужуулсан  ногоонд:  булцуут   сонгино  40, шар  лууван 40, цоохор  майлзны  үндэс 40, яншуйн  үндэс 40, ургамлын  тос  24, саахар 8, лаврын  навч, хар ба  анхилуун  повоор, давс


  • Жоронд заасан ногооны  зүйлийг хярж  жижиглээд  саахар, давс, ааг амттан  зэргийг  хольж  шүүс  ялгартал  сайтар  хутгаж  холино.
  • Хувилж   зүссэн  махаа  паалантай  саванд хийж  дээрээс нь  ногоогоор  хучаад    сэрүүн  байранд  нэг  хоног  байлгана. 
  • Дараа нь    махаа  гаргаж    наалдса ногооноос нь сайтар  цэвэрлээд  гурилд  хөрвүүлж   халаасан тосонд  тал бүрээс нь  хайрагдас  тогттол  шарна 
  • Ингэхдээ  дотор  тал нь түүхий  шүүрхийвтэр  байхаар  бодож шардаг.
  • Дараа нь шарах  шүүгээнд 15-20  минут шарж гүйцээн болгоно. 
  • Ростбифийг их тосонд шарсан  төмс,  ногоогоор  хачирлаж  олгоно.