Луйвар 3
Сэтгүүлч миний бичсэн “Луйвар 1”, “Луйвар 2” нийтлэлүүд уншигчдын анхаарлыг нэлээд татаж буйнхаа хэрээр олон асуулт, гайхшрал, дарамтын шинжтэй дайралтуудыг ч дагуулж байна.
Сэтгүүлч миний бичсэн “Луйвар 1”, “Луйвар 2” нийтлэлүүд уншигчдын анхаарлыг нэлээд татаж буйнхаа хэрээр олон асуулт, гайхшрал, дарамтын шинжтэй дайралтуудыг ч дагуулж байна. Мөн ар араасаа “Моннис” группийн эзэн Б.Чулуунбаатарт хууль бусаар эд хөрөнгөө алдаж, олон сар жилээр шүүхийн хаалга татаж цөхөрсөн, энэ төр засаг, шүүх, цагдаа, прокурорын байгууллагад итгэл алдарсан хүмүүсийг “Open door “ сонины байр руу ирүүлсээр байна.
Үнэндээ ганцхан компанийн удирдлагатай холбоотой, түүнд олон тэрбумаар луйвардуулж хохирсон гэх хүмүүсийн тоо ингэж ихээр өсч байгаад гайхах ч багадам болж байна. Эдгээр хохирогчдын дотроос Л.Байгальмаа гэгдэх бүсгүй олон хавтаст хэргийн материалаа барин, тусламж гуйж ирсэн нь сэтгүүлч миний сонирхлыг эрхгүй татсан билээ. Л.Байгальмаагийн “Улаанбаатар хотын банк” болон “Моннис пропертиес” ХХК-д (Моннис компанийн үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа явуулдаг охин компани юм) луйвардуулсан түүхийг сонсож, баримтуудыг судалсны дараа ер нь энэ улс оронд юу болоод байна вэ, Төр засаг гэж байна уу, шударга шүүх, хараат бус цагдаа, хуйвалдаан луйвардаангүй прокурор байна уу гэж дотогшоо хашгирсан юм.
Улс орон маань хаашаа яваад байна вэ гэх санаа зоволт болон түгшиж, улмаар тэр түгшүүр айдас болон хувирч байна. Нээрэн бид чинь хаана амьдраад байнаа хүмүүсээ!!!
Үнэхээр энэ асуулт дэндүү ихээр ээрч, уулзсан, санаа бодлоо солилцсон иргэд ч бүх зүйлд итгэл алдарсан, урам хугарсан, түгшиж гайхширсан байдалд орсныг сэтгэл шимшрэн мэдэрч байна.
Ингээд иргэн Л.Байгальмаад тохиолдсон түүхээ эхлүүлье. Дашрамд дурдахад тэрээр олон хавтаст хэргийн материалаа авч ирж, надад бодитойгоор харуулж баталж, олон эх сурвалжаас асууж тодруулж итгэл үнэмшлээ бүрэлдсэн үед бичихийг гуйж байлаа. Бас намайг дарамт шахалтаас айж, ухарч няцчих байх даа гэж итгэж ядан буй нь ч ил харагдаж байв. Бид бие биенээ ийм болтол дэвсэлжээ.
Л.Байгальмаа социалист нийгмийн үед буюу 1980-аад оны сүүлээр ЗХУ-д оюутан болж явснаар ажил амьдралынхаа гараагаа эхэлж, улмаар Монгол Орос оронд өрнөсөн цоо шинэ зах зээлийн давалгааны үеэр ганзагын наймаа хийж анхны хөрөнгөө босгож байжээ. Түүний бизнес ч чамгүй амжилт олж, тэрээр бизнесээ үргэлжлүүлсээр байв. Тийнхүү тасралтгүй зүтгэж явсаар зохих төвшинд хүрмэгц өөрийн хүч чадлаа илүү том талбарт сорихыг хүсч Монголдоо иржээ. Тэрээр гадаад улс орнуудаар бизнес хийн явж байхдаа ирээдүйд хийх ажлаа төлөвлөж, улс орныхоо хөгжилд хэрэгтэй санаа болгоныг түүж тээж явдаг байж. Эргэж ирээд анх төрсөн сэтгэгдлээ тэрээр ийн ярьсан юм. “2000 оны эхээр эх орондоо ирэхэд үнэхээр бараан нийгэм угтсан. Хаа сайгүй зөвхөн баар цэнгээний газрууд нээгдсэн, архидан согтууралт газар авсан тийм л орчинтой нүүр тулсан даа” гэж.
Ингээд тэрээр архидан согтуурахаас өөр газар бараг байхгүй байгааг олж харан, маш том хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдсан спорт цогцолбор барихаар шулуудсан байна. Л.Байгальмаа бусдын адилаар ар өврийн хаалгаар газар авсангүй, харин “Бишрэлт” ХХК-ийн захирал А.Ариунболдоос тухайн үеийн ханшаар 20000 америк доллараар хотын А зэрэглэлийн газар худалдан авч түүн дээрээ спорт цогцолборынхоо барилгаа барьж, 2006 онд улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Улмаар тус цогцолборт хэрэгтэй тоног төхөөрөмж болоод бусад шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалтдаа хэрэглэхээр “Улаанбаатар хотын банк”-наас зориг гарган 1.5 тэрбум төгрөгийн зээлийг 2007 оны сүүлчээр авчээ. Уг зээлээ зориулалтын дагуу ашиглаж, Монголд урьд өмнө нь байгаагүй тансаг зэрэглэлийн Алфа нэртэй спорт төвөө 2008 онд нээсэн билээ. Тухайн үед үнэхээр өндөр зэрэглэлийн орчинтой, сонгодог спорт төв үүд хаалгаа нээж байсныг уншигч та санаж байгаа байхаа. Л.Байгальмаа “Улаанбаатар банк”-наас авсан зээлээ графикийн дагуу цаг хугацаанд нь төлсөөр ойролцоогоор 500-аад сая төгрөг төлсөн байх юм. Харамсалтай нь 2008 онд бүх дэлхийгээр санхүүгийн хямрал болж, газар сайгүй санхүүгийн хүндрэлд орж байсан тэрхүү шуурга Л.Байгалмааг мөн адил тойрсонгүй. Гэтэл энэхүү хүндрэлийг “Улаанбаатар хотын банк” хууль бусаар ашиглаж түүнийг хэдхэн сарын хүүгээ төлөөгүй гэсэн шалтгаанаар иргэн Л.Байгальмаатай байгуулсан гэрээгээ зээл дуусахаас 1 жилийн өмнө дангаар цуцалж, улмаар Л.Байгальмаагийн 4000 м2 бүхий таван давхар барилгын өмчлөх эрхийг нь ч мөн адил зээлийн хугацаа дуусахаас өмнө өөрийн банкны нэр дээр хууль бусаар шилжүүлэн авчээ. Үүнийг мэдсэн Л.Байгальмаа тэр даруй шүүхэд хандсан боловч “Улаанбаатар банк” Л.Байгальмааг та битгий санаа зовоо, зээлээ төлөөд дуусахаар чинь барилгын өмчлөх эрхийг чинь буцаагаад өгнөө гэж тайвшруулаад, та шүүхэд гаргасан нэхэмжлэлээ буцаагаад авчих гэж гуйснаар тэрээр нэхэмжлэлээ орхисон байна. Л.Байгальмаа ч үүний цаана ямар том луйвар хүлээж байсныг өчүүхэн ч мэдрээгүй байж. Учир нь хэдийгээр өмчлөх эрх нь “Улаанбаатар хотын банк”-д шилжсэн ч Л.Байгальмаа төлөвлөгөөний дагуу үргэлжлүүлэн өөрийн барилгадаа дээд зэрэглэлийн ресторан, кафе, гоо сайхан, массажны төвөө нээхээр засварын ажлаа үргэлжлүүлж, мөн тэндээ амьдарч байлаа. “Улаанбаатар хотын банк” луйвар хийхгүй гэсэн итгэлийг нэгэнт түүнд төрүүлсэн болохоор яахин тэр тухай бодох билээ. Харин төд удалгүй “Улаанбаатар хотын банк” нь Л.Байгальмаагийн барилгыг 2’690’000’000 төгрөгөөр (тухайн үеийн ханшнаас хэд дахин бага өртгөөр) “Моннис пропертиес” ХХК-д зарснаар “Моннис” компанийн Л.Байгальмааг луйвардах болон дээрэмдэх үйл ажиллагаа нь эхэлсэн ажээ. Өнөөдөр хотын А зэрэглэлийн газар оффис үйлчилгээний зориулалттай талбай дунджаар 3000 ам.доллар байгаа. Энэ дүнгээр бодоход 4000х3000ам.доллар=12 сая ам.доллар буюу төгрөгийн албан ханшинд шилжүүлбэл 12’000’000USDx 1963=23’556’000’000 төгрөг болж байна. Ингэж хэд дахин бага өртгөөр зарсан нь үүний цаана илт хуйвалдаан, санхүүгийн луйвар явагдаж байгаа нь хэнд ч илэрхий. “Улаанбаатар хотын банк” өөрийнх нь өмчийг “Моннис пропертиес” ХХК-д зарсныг мэдсэн үеэс эхлэн Л.Байгальмаа нь цагдаа шүүхийн байгууллагаар явсаар байна. 2012 оны 06 сарын 18-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн 413 тоот тогтоол, 2013 оны 03 сарын 11-ний өдрийн Монгол Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн 45 тоот тогтоолуудаар “Улаанбаатар хотын банк” нь зээлийн барьцааны үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь илт хууль бус байна гэж эцэслэн тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл хуулиар бол эдгээр дээд шүүхийн тогтоолууд нь уг барилга Л.Байгальмаагийн өмч гэдгийг баталж байгаа бөгөөд “Улаанбаатар хотын банк” нь өөрийн өмчлөлийн бус Л.Байгальмаагийн өмчийг дур мэдэн бусдад худалдсан гэж тогтоосон байна. Гэтэл ахиад тус шүүхээс “Улаанбаатар хотын банк”-ны энэ хууль бусаар худалдсан Л.Байгальмаагийн хөрөнгийг худалдан авсан “Моннис пропертиес” ХХК шударга өмчлөгч гэж дүгнээд тэдний хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрчихсөн байх юм. Өөрөөр хэлбэл Дээд шүүхээс уг барилгын жинхэнэ өмчлөгч болох Л.Байгальмаагаас “Улаанбаатар хотын банк” руу шилжсэн шилжилт илт хууль бус гэж тогтоочихоод, харин “Улаанбаатар хотын банк”-наас “Моннис пропертиес” ХХК руу шилжсэн шилжилтийг хуульд нийцсэн байна гэсэн шийдвэр гаргачихсан байгаа нь Улсын Дээд шүүх хуулийг өөрсдөө буруугаар тайлбарлаж буруу шийдвэр тогтоолууд гаргаж, хэргийг гүйцэд шийдвэрлэх бус харин ч дунд нь тодорхойгүй хоёр өөр шийдвэр гаргаж байгаа нь энэ маргааныг улам удаашруулан хуульгүй бүдүүлэг ертөнцөд хэн хүчтэй нь барилгаа ав гээд хаяж байгаатай утга нэгэн үйлдэл болж харагдаж байна. Үүнийх нь ч дагуу “Моннис” компани нь балмад бүдүүлэг аашлан Л.Байгальмаагийн уг үл хөдлөх хөрөнгө болоод түүн доторх хөдлөх хөрөнгийг эвдэн сүйтгэж, улмаар дээрэмдэн авч явсан байх юм.
Уншигч танд ойлгомжтой болгох үүднээс дараахь зүйрлэлийг хэлье. Хэрвээ таныг унтаж байх хооронд хэн нэгэн этгээд таны орон сууцыг зах зээлийн үнээс маш доогуур үнээр зарчихлаа гэж бодъё. Тэгээд та үүнийг нь мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргахад Монголын шүүх тэрхүү худалдсан этгээдийн буруу, харин худалдан авсан этгээд нь шударга өмчлөгч мөн байна гээд тогтоох нь л дээ. За яахав, “Моннис пропертиес” ХХК нь тухайн үеийн арван хэдэн тэрбумын үнэтэй байсан (зөвхөн уг барилгын доорхи газрыг нь л үнэлэхэд тухайн үед 1 сая ам.доллар байсан) уг барилгыг илтэд нэн доогуур үнээр 2’690’000’000 төгрөгөөр мэдэлгүй худалдан авсан гэж ойлгохыг хичээе. (Дахин дурдахад энэхүү "Моннис пропертиес" ХХК нь үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг). Гэвч угийн ийм бусармаг аргаар бусдын эд хөрөнгийг үнэгүйдүүлж сугалан авах аргад гаршсан нөхдүүд болохоор мөн л банктай нийлж луйвар хийсэн болох нь олон үйлдлээр батлагдаж байгаа юм.
За, тэд нийлээд хулгай дээрмээ хийчихдэг юм байж. Тэгвэл нөгөө жинхэнэ өмчлөгч Л.Байгальмаагийн эрх яах вэ ??? Энэ хүнийг зүгээр ингэж цөлмөөд л чулуу мэт гаргаад чулуудаж болдог юм уу? Сэтгүүлч миний бие зөвхөн хуульд заасан үндэслэлээр хүний эрхийг хасч хязгаарлаж болдог гэж ойлгодог. Тэгвэл Л.Байгальмаагийн өмчлөх эрхийг ямар хуулийн үндэслэл, шүүхийн шийдвэрээр хэн хассан талаар юу ч алга. Хэн нэгэн буруутай этгээдийн хууль бус үйлдлээс болж жинхэнэ өмчлөгч нь өмчлөх эрхээ алдах бол яагаад ч шударга явдал биш. Би үүнийг шударга явдал мөн гээд өөрийгөө яаж ч хүчлээд үүнтэй эвлэрч чадахгүй байна.
2010 онд "Авзага трейд" ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Худалдаа Хөгжлийн Банк”-нд холбогдох яг Л.Байгальмаагийн хэрэгтэй ижил хэргийг Ц.Амарсайхан тэргүүнээр ахлуулсан дээд шүүхийн бүрэлдэхүүн өмчлөгчийн талд нь шударгаар шийдвэрлэж байжээ /Улсын Дээд шүүхийн 2010 оны 10 сарын 25-ны өдрийн 641 дүгээр тогтоол/.
Гэтэл нөгөө л Ц.Амарсайхан тэргүүнээр ахлуулсан дээд шүүхийн бүрэлдэхүүн Л.Байгальмаагийн хэрэг дээр яг эсрэгээр нь шийдвэрлэсэн байх юм. Нөгөө жишиг тогтоол, шударга шүүх хааччихав аа. Хэрэв хэн нэгэн этгээд ижил хэрэг дээр хоёр өөр шийдвэр гаргавал түүнийг хардах үндэслэл төрөх нь лавтай шүү дээ. (Л.Байгальмаа ч энэ мэт хууль бус шийдвэрийг гаргасан Ц.Амарсайхан шүүгчийг илтэд “Моннис пропертиес” ХХК-д үйлчилдэг, мөн мөнгөтэй хүмүүсийн цаана хуулийг буруу тайлбарлан, дээр нь тэнгэрээс өөр юм үгүй мэт аашилдаг, тэдэнд үйлчилж авлига авдаг бүхэл бүтэн бүлэг баг байна гэдэгт эргэлзэх юм алга гэж ихэд бухимддаг юм билээ) Энэ нь ч аргагүй биз. Насаараа шударгаар хөдөлмөрлөсөн хөрөнгөө хууль бусаар алдах гээд байгаа хүн ингэж бухимдалгүй л яахав.
Өнөөдрийг хүртэл Л.Байгальмаа нь өөрийн эзэмшлийн энэхүү барилгадаа “Моннис пропертиес” ХХК-ийг оруулаагүй хамгаалсаар байдаг бөгөөд энэ барилга доторхи зоорины давхраас эхлээд таван давхар хүртэлх бүх хөдлөх өмч хөрөнгө нь Л.Байгальмаагийн хөрөнгө, харин “Моннис пропертиес” ХХК-ийн ширхэг хадаас ч байдаггүй юм байна. Байх ч үндэслэл байхгүй. “Моннис пропертиес” ХХК энэ барилгыг авах гэж олон арван хүнийг илгээж, хүчээр түрэмгийлж авах гэж удаа дараа оролдсон, Л.Байгальмаа ч үүнийгээ маш сайн хамгаалсан байна.
Дараагийн нэг солиотой гэмээр үйлдэл нь “Моннис пропертиес” ХХК нь энэ хугацаанд олох байсан ашиг гэж 4’279’802’000 төгрөг Л.Байгальмаагаас нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан явдал юм. Ийм хэмжээний ашиг олох байсан гэсэн тооцоог гаргасан нь энэ барилга ямар үнэ цэнтэй, хэр их ашиг олдог барилга байсан нь бас харагдаж байна. Өмнөх цуврал дээр өгүүлсэн “Ангар”-ын түүхэн дээр ч эдний энэ аргачлал бас явагдсан байгаа.
Ингэж Л.Байгальмаагийн өөрийнх нь өмчийг ашиглаж чадахгүй байгаадаа уурсан Л.Байгальмаагаас ийм их мөнгө нэхэмжилж байгаа нь мөн л “Аэромонголиа” компанийн П.Баатарсүрэн захирал дээр хэрэглэж шоронд суулгасан луйврын технологитой яг ижил байх юм. Хачирхалтай нь уг хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Улсын Дээд шүүхэд дахин хянуулж байх хугацаанд “Моннис пропертиес” ХХК нь 2’690’000’000 төгрөгөөр худалдан авсан (хууль бусаар) гэх энэхүү барилгаа (мөн ийм их ашиг олно гэж тооцдог барилгаа) Б.Адъяасүрэн гэгчид зүгээр бэлэглэчихсэн байх юм. Яахаараа зүгээр л дурын нэгэнд бэлэглэчихэв ээ. Энэ бас юу вэ....Уншигч та ойлгож байна уу. Тэгээд мөн л нэг сарын дараа мөнөөх Б.Адъяасүрэн нь “Бишрэлт пропертиез” ХХК-д 2’180’000’ доллараар зарсан байх юм. Бас яагаад “Бишрэлт” ороод ирэв. Ийм логикгүй үйл явдлыг хэн ч уншсан илтэд хуйвалдаан, санхүүгийн луйвар гэдгээс өөрөөр ойлгогдохгүй байна. Уг нь бол уг хугацаанд тухайн обьектыг хэн нэгэнд шилжүүлэх нь хуулиар хориотой байдаг юм байна. Тийм их ашиг олдог гэж мөнгө нэхдэг байснаа яагаад бусдад бэлэглэх болов оо. Бэлэг авагч нь яагаад маш богино хугацаанд дахиад зарах болов оо. Энэ бүхэн уг обьектыг олон гар дамжуулж, асуудлыг улам ээдрээтэй болгож өөрсдөө хариуцлагаас бултах гэсэн далд хорон санаа биш гэж үү. Гэвч булавч бултайна гэж байдаг даа. Энэ асуудал “Улаанбаатар хотын банк”-нд ч мөн хамаатай. Тэд ингэж л бултахаар бас завдсан байдаг.
Анхан болон давж заалдах шатны шүүх шударга шийдвэр буюу “Моннис”-ийн эсрэг шийдвэр гаргавал Дээд шүүхээс ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр анхан шат руу буцааж энэ хугацаандаа янз бүрээр турхирч байгаад эрүүгийн гэмт хэрэгтэн болгодог, эсвэл анхан шатнаасаа 100 хувь эсрэг шийдвэр гаргуулдаг технологийг “Моннис” компани нь хууль шүүхийн байгууллагад нутагшуулж байгаа нь луйвардуулсан хүмүүсийн ярианаас харагдаж байгаа юм. Ноён Б.Чулуунбаатарт худалдагдсан шүүгч, прокурор, цагдаагийнхан байна гэдэгт одоо эргэлзэхээ больж эхэллээ. Учир нь улам бүр батлагдсаар байгаа учраас. Энэ бүх луйвардуулж байгаа хүмүүсийн зовлонг сонсоод, хэргүүдийг нь уншаад байхаар өөрийн эрхгүй Монголын шүүх мөнгөтэй хүмүүсийн талд шийдвэр гаргаад байна уу даа гэсэн хардлага төрүүлж байна. Хуулийнхан, улс төрийнхөн, бизнесийнхэн ч өөрсдөө “Моннис” группийн удирдлагын арга барил, түүх намтрыг сайн мэдэх юм. Бүгд л “но”-той хүн дээ гэх. Одоо түрүүн бусдын эд хөрөнгийг дээрэмдэж авч явсан гэж бичсэнээ жаахан тодруулахыг хүсч байна. Зарим нь банк л хүүгээ авч авч байснаа харилцагчаа ялимгүй хүндрэлд оронгуут урваж “Моннис” группийн Б.Чулуунбаатарт хямдхан зарчихсан юм биш үү. Тэр худалдан авагч л байна шүү дээ гэж мушгиж мэдэх юм. Тийм учраас тодотгож зарим баримтыг өгүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
2015 оны 1 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 02:40 цагийн орчимд 10 гаруй том бүхээгтэй ачааны машин, мөн олон тооны суудлын машин, автобустай 100 гаруй залуучууд Алфа төв рүү гэнэт бүлэглэн дайрч тэдний манаач нарын гар хөлийг нь мушгин газарт хэвтүүлж, холбоо бариулахгүйн үүднээс гар утаснуудыг нь булаан, уг объектын гурван талаас дөрвөн хаалга эвдэн, хоёр цонх хагалж дотроос нь 2-3 машин эд бараа, тоног төхөөрөмж, бичиг баримт зэргийг дээрэмдэн ачиж авч явсан туйлын балмад ажиллагаа болжээ. Ёстой солонгос кинонд гардаг гудамжны бүлэглэл шиг аашилсан энэ үйлдлийг “Моннис” группийнхан хийж. Учир нь барилга ч, мөн дотор нь байсан асар үнэтэй тоног төхөөрөмж, эд бараа ч “Моннис”-ийнх гэнэ. Ийм юм байж болох уу, та минь ээ.
Л.Байгальмаа энэ үйл явдлын дараа эд хөрөнгөө булаалгаж, хүмүүсээ гэмтээж, өөрөө сэтгэл санааны гүн цочролд оржээ. Энэ хууль бус ажиллагаа “Моннис пропертиес” ХХК-ийн өмгөөлөгч В.Гомбодорж, менежер н.Батмөнх нарын шууд удирдлагаар явагдсаныг нотлох бичлэг болон баримтууд байна. Дээрэмчид “тэдний манаач нар болон обьектоо хамгаалж байсан хүмүүсийн биед халдаж, тус барилга руу нь ойртуулахгүй гар хөлнөөс нь барьж эсэргүүцэл үзүүлэх ямар ч боломжгүй болгон танхайрч, дураараа авирлаж, эд хөрөнгийг нь эвдэж, зарим хэсгийг нь ачиж авч явсан энэ хэргийг зохион байгуулалттайгаар үйлдсэн дээрмийн гэмт хэрэг гэж үзэхээс өөр аргагүй. Тэднийг хөлсөлсөн хамгаалалтын залуустаа хотын захиргааны өмнө цуглуулаад дээрмийн ажиллагаа эхлэхээс өмнө ажлын хөлс болох мөнгөө тарааж байхыг харсан, гар утсаараа бичлэг хийсэн нэгэн иргэн мөн миний цувралуудын дараа холбогдож мэдээлсэн юм.
Тухайн үед Л.Байгальмаагийн төрсөн дүү болох Ундрах 02:50 цагийн орчимд цагдаад дуудлага өгснөөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн ажилтнууд ирж уг нарийн зохион байгуулалттайгаар үйлдэгдэж буй нийтийг хамарсан балмад үйл явдлыг таслан зогсоосон. Дараа нь цагдаагийн ажилтнууд дүрс бичлэг болон фото зураг авч баримтжуулсан. Энэ бүхний дараа өөрийн хүмүүсээ болон эд хөрөнгөө харахад нүд халтирмаар болсон байсан тухайгаа Л.Байгальмаа нулимс асгаруулан ярьж байлаа. Өнөөдрийг хүртэл тэдний зүгээс Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст нийт 10 гаруй удаа өргөдөл, гомдол, хүсэлт гаргаж зохион байгуулалттайгаар үйлдэгдсэн их хэмжээний хохиролтой дээрмийн гэмт хэргийг шалгуулж алдагдсан эд зүйлс, тоног төхөөрөмж, бичиг баримтаа олж тогтоолгох, хохирлоо барагдуулахыг шаардсаар байгаа бөгөөд энэ талаар ямар ч гүйцэтгэлийн ажиллагаа, арга хэмжээ аваагүй байна. Харин ч эсрэгээр нь эргүүлж, өөрсдийг нь тэднийг бүлэглэн танхайрсан гэдэг үндэслэлээр гүтгэж байгаа гэнэ. Ийм гүтгэлгийн хэргийг үүсгэн шуурхайгаар явуулж, хэрэг үүсгэн шалгаж байгаа нь “Моннис пропертиес” ХХК нь Цагдаагийн ажилтнуудтай хуйвалдаж, мөрдөн байцаагч нарт нөлөөлж байгааг тодорхой харуулж байна. Хэдэн арван том биетэй, бохир ажиллагаатай, бохир баг авчирч бусдыг зодуулж, барилга доторхи эд хөрөнгийг машин машинаар ачиж дээрэмдэж явсан хэргийн халуун мөрөн дээр ирчихээд шалгаж өгдөггүй атлаа энэхүү компанийн эзний хийсэн хийсэн цуврал луйврын хэргийг сурвалжилж буй сэтгүүлч намайг байцаах ажлыг идэвхтэйгээр эхлүүлээд л явж байх жишээтэй. Тэгэхээр энэ дүүргийн цагдаагийн хэлтсийн удирдлага захиалгаар чиглэл өгдөг, мөрдөн байцаагчдаа дарамталдаг нь илт харагдаж байна. Хэний хүн гэдэг нь ил тод л яригдаж байдаг болохоор гайхаад байх ч юм алга. Прокурор ах, цагдаагийн дарга дүү дээр нь харж асарч явдаг сайд ах. Сайн ах нарын бүлэг.
Хачирхалтай нь “Моннис пропертиес” ХХК-иас гаргасан гүтгэлгийн шинж чанартай гомдлыг Зохион Байгуулалтай Гэмт Хэрэгтэй Тэмцэх газар нь хүлээн авч хурдан шуурхай шалгаж хохирогчдыг нэмж нэрмэж хэлмэгдүүлсэн мөртлөө энэ талаар эргээд тэдний гаргасан сөрөг гомдлыг харьяаллынх бус хэмээн үзэж хүлээн авахаас татгалздаг. Энэ бүхэн цагдааг “Моннис пропертиес” ХХК-ийн захиалгаар ажиллаж буйг нь тодорхой илэрхийлж байна.
Хамаг мөрөөдөл, олон жилийн хөлс хүчээ урсган босгосон эд хөрөнгөө ийнхүү дээрэмдүүлчихээд буй Л.Байгальмаагийн сэтгүүлч надад харуулсан фото зураг, бичлэгүүдийг үзэхэд энэ үйл явдал үнэхээр аймшигтай, Монгол Улсад урьд өмнө нь гарч байгаагүй том дээрмийн хэрэг болох нь харагдаж байлаа. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэ хэрэг дээр хэрэг үүсгээгүй явж байгаа нь цагдаа, прокурорын газар чинь мөнгөтэй хүмүүсийн талд үйлчлээд байна шүү дээ гэж хохирсон иргэдийг бухимдахад хүргэж байна. “Моннис”-т луйвардуулсан хүмүүст тохиолдоод байгаа үйл явдлуудыг харахад “Моннис” групп нь өмчлөгчийн жинхэнэ эзнийг дарамталж ямар нэгэн эрүүгийн хэрэгт гүтгэн, таньдаг шүүгч, цагдаа, прокурор нартайгаа хуйвалдан шоронд явуулж бусдын бүтээн байгуулсан компанийг зориудаар дампууруулж, үйл ажиллагааг нь зогсоож хуурамч бичиг баримт үйлдэж эд хөрөнгийг нь өөрийн мэтээр дураараа зарж борлуулан санхүүгийн луйвар хийж завшдаг арга барилтай болсон нь улам бүр батлагдаж байлаа.(Энэхүү дүгнэлтүүдийг нийгэмд ил хэлж, эдгээр ээдрээтэй хэргүүдийг илчлэн бичиж байгаа маань "Моннис" групптэй хувь заяагаа холбон ажиллаж яваа тэдний хамт олон, цаг наргүй хүнд байдлаас гарах гэж зүтгэж яваа хэдэн залууст нь хамааралгүй гэдгийг анхаарна биз ээ )Ахиад нөгөө хашгираан цээж дэлдэж байна. Хүмүүсээ юу болоод байнаа, бид хаана амьдраад байна вэ ???? Миний уншигчид ч надаас ингэж асууцгааж байна. Харин надад өмнөөс нь тайвшир, сайн цаг удахгүй гэж манжлах улам бүр бэрх болж ирж байна.
Энэ хэдхэн хоногт ганцхан “Моннис” компанитай холбоотой хэргүүдийн нэг хоёрыг нийтлэгдэхэд л ямар их зүрх шимшрэм хэргүүд ар араасаа цуварч байна вэ. Цаашид хэд ирэхийг би хэлж мэдэхгүй байна. Битгий л ирээсэй.
Бид ийм нийгмийг үр хүүхдүүддээ үлдээж байна гэж үү гэсэн гунигт хашгираан дотроос нураана. Мөнөөх арга барагдсан хашгираан...ахиад л эзэмдэнэ.
Энэ нийгэмд шударга бусаар хөлжигчид, өөрсдийн эрх ашгийн төлөө бусдыг юу ч үгүй болтол арчиж хаядаг хэрцгий нөхдүүд ингэтлээ их олширсон байна гэж үү...Үгүй байхаа гэж сэтгүүлч би өөрийгөө тайвшруулах гэж хичээнэ. Цөөхөн хэдхэн хүмүүсийн бохир технологи хууль хүчнийхнийг, шүүх прокурортой нь, улс төртэй нь, банктай, бүр сүүлдээ архивын газар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар гээд салбар болгоныг маань хуу нөмрөн хэвтүүлж байна гэж үү. Яг л хайрцагтай алимны нэг нь ялзархад бусдыгаа аажмаар ялзруулдагтай адил үйл явдал өрнөж байна гэж үү. Ялзарсан алимаа яах вэ?
Бизнест тогтож буй энэ буруу соёлтой тэмцэх, шударга өрсөлдөөнт эрүүл нийгмийн төлөө зүтгэх хүсэл зориг дүүрэн залуус олон гэдэгт би итгэдэг. Тэд л ялзарсан алимаа яахыг мэднэ. Тийм ээ, тэд яахаа мэднэ.