УИХ-ын гишүүн Ц.Шаравдоржтой ярилцлаа.
-Казиногийн хуулийг дахиад өргөн барьсан сонсогдлоо. Санаачлагч нь бас л та юу?
-Бидний хэдэн гишүүн төсөл өргөн барьчихсан. УИХ дээр явж л байгаа шүү дээ.
-Таныг “Морин нуур” компанийн захиалгаар Казиногийн хууль санаачилсан гэж бичээд байгаа. Та энэ компанитай ямар холбоотой юм бэ?
-Хуулийн төслийг ямар нэгэн компанийн захиалгаар өргөн барьдаггүйг хэлье. Намайг нилээн эртнээс “Морин нуур” компанийн захиалгаар Казиногийн тухай хууль санаачиллаа гэж бичиж, сурталчилж, миний нэр төрийг гутаах гэж уухайлж байна л даа. Би тийм компани Монголд байдаг гэдгийг хэвлэлийнхэн та нарын бичсэнээс л мэдэж авсан. Ойрын үед энэ компанид албан ёсоор хандаж, асууна. Би уг нь хоёр том асуудал санаачилж УИХ-д өргөн барьсан. Нэг ньХязгаарлагдмал казиногийн тухай хууль, нөгөө нь Хэрлэн гол төсөл. Монгол Улсын эдийн засагт их л хэрэгтэй төслүүд. Одоо ойлгодоггүй юмаа гэхэд хожмын нэгэн өдөр монголчууд маань ойлгоно гэдэгт бат итгэлтэй байдаг.

-Тэгвэл энэ Морин нуур гэдэг компани яагаад казиногийн хуультай холбогдоод байгаа юм?
-Морин нуур гэдэг компанийг л казино байгуулах юм байна гэж хардаад байгаа байхгүй юу. Өөр юм байхгүй.

-Та бүхний төслөөр бол казиног Морин нуурт байгуулах гээд байгаа юм биш үү?
-Үгүй.

-Нисэх онгоцны чөлөөт бүст байгуулж болно гэсэн байсан. Гэтэл тэр газар нь Морин нуурынх юм билээ?
-Айдасийн давааны цаана “Морин нуур” гэж компани юм хийж л байгаа гэсэн. Юу хийж байгаа нь энэ хуулийн төсөлтэй огт хамаагүй.

- Монголбанкны ерөнхийлөгч байсан О.Чулуунбат Мориннуур компаниатай ямар холбоотой юм бэ?
-Огт мэдэхгүй, О.Чулуунбатаас өөрөөс нь асуу.

-Тэгвэл О.Чулуунбат та хоёр хооронд ямар харилцаа байна вэ?
-Бидний дунд нэг намын, журмын нөхдийн л харилцаа бий. Үүнээс цааш юм байхгүй. Гэтэл сүүлийн үед бид хоёрыг их л ойр дотно болгож бичиж байгаа. Баз хүргэн гэж бичсэн. Манай гэр бүлийн хүн Өмнөговийнх. Сурагласан чинь Чулуунбатын эхнэр Завханых юм билээ. Бас худ ураг боллоо гэж бичсэн. Тийм юм ерөөсөө байхгүй. Аягүй бол маргаашаас “ах дүү хоёр” гэж бичих байлгүй.

Ер нь иймэрхүүү гүтгэлэг гүжирдлэг цадигаа алдаж байна. Жишээ нь, О.Чулуунбат бид хоёрыг “Гандирс” гэж хорооллын санхүүжилт дээр хамтардаг гэж бичээд байгаа. Найрамдал зуслангийн наана Гандирс гэж хороолол барихаар болж нээлтэд нь Ерөнхийлөгч, Монголбанкны О.Чулуунбат, “Монсоник”-ийн Баярхүү нар оролцоод явж байгааг зурагтаар л харсан. Энэ хорооллыг хаанаас санхүүжилттэй ямар аж ахуйн нэгж барих гэж байгааг би мэдэхгүй.

Харин нэрийн давхардлаас болж зарим андуурал гардаг байх. Манай гэр бүлийн хүн 1990-ээд онд Гандирс нэртэй компани байгуулсан. ХХК л даа. Монголын хуулийн дагуу өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл бас Гандирс нэртэй компани гараад ирсэн. Нэрийн энэ давхардлыг зарим сэтгүүлч ялгахгүй, Шаравдоржийн Гандирс хороолол гэж бичээд улстөрчид үүнийг нь хөөргөж ашиглаад байгаа юм.

-Танайх бас адилхан барилгын компани юм уу?
-Барилга, худалдаа үйлчилгээний компани. Эрдэнэчулуун гэж захиралтай. 1995 оноос барилгын үйлдвэрлэл эрхэлж байгаа. Эрдэнэчулуун гэдэг нь миний хань л даа. Би үнэнээ хэлэхэд гэр бүлийнхээ хүний ажилд оролцож чаддаггүй. Уг нь гэр бүлийнхээ бизнест оролцож туслах ёстой доо. Шаравдоржийн гэр бүл барилгын компани эрхэлж болохгүй гэсэн хууль байхгүй. Манай хүн Монголд сайн барилга барихын төлөө эрчимтэй ажиллаж байгаа. Одоогоор Улаанбаатар хотод хоёр ч барилга барьж байна. Нэг нь хүн болгоны хэлээд, хараад, янз бүрээр бичүүлээд байгаа Их дэлгүүрийн хажуу талын барилга. Энэ бол сайн барилга болно.

Газрын зөвшөөрлийг нь яаж авдаг, барилгын компаниуд ямар санхүүжилтээр барьдаг тэр л жишгээр яваа. Өөрөөр хэлбэл, намайг гүтгэж бичүүлээд байгаа шиг Их дэлгүүрийн хажуу талын барилга бол минийх биш. Харин миний гэр бүлийн эрхэлдэг компани барьж байгаа. Энэ барилгыг сонирхож байгаа хүмүүст зөвлөхөд элдэв нэгэн эргэлзээ байвал шууд очоод барьж байгаа компанийнхантай нь уулз, тэдний үгэнд итгэхгүй бол шалгуулдаг газраар нь шалгуул гэдгийг хэлье. Манай гэр бүлийн хүний компани үүнээс гадна Өмнөговь, Дорноговь аймагт барилга барьж байгаа.


Хууль зүй, дотоод хэргийн яам яагаад нэр давхардуулж өгсөн юм бол?
-Яагаад нэр давхардсаныг ярьж, асууж л байна. Үнэнийг хэлэхэд ингэж нэр давхардсан нь бидэнд гай болж байна шүү дээ. Мөнгөтэй хүмүүс хороолол барих гэж л байгаа байх, Гэтэл тэдний булхайтай үйлдэл, муу нэр хүндийнх нь сүүдэр жирийн нэг бизнесмэн эмэгтэйд, шударгаар төрд зүтгэж байгаа УИХ-ын гишүүний гэр бүл дээр тусч байна. Тэвчээр барагдаад гэх юм уу, би одоо эхнэрийнхээ компанийн ажилд нэг удаа оролоцоё гэж бодож байгаа.

-Яаж…?
-Гандирс гэж хорооллын нөхдүүдэээс албан ёсны тайлбар шаардсан. Яагаад нэр давхардсаныг асуусан. Ойрын үед хариу ирүүлэх байх

-Та Чулуунбатыг ажлас нь халахад хамгаалсан. Энэ нь та хоёрыг холбоотой байх гэсэн хардлагыг төрүүлдэг юм биш үү.?
-Чулуунбат бол сайн банкир. Энийг би ганцаараа биш, Чулуунбатыг ажлаас нь чөлөөлүүлэхийн төлөө байсан хүмүүс ч хүлээн зөвшөөрдөг. Өмөөрөхийн тухайд бол ажлаа сайн хийж байгаа хүнийг хамгаалж үг хэлж яагаад болдоггүй юм. Чулуунбатыг болохгүй нь гэж байгаад л Монголбанкны ерөнхийлөгчөөс чөлөөлсөн. Одоо Батсүх ерөнхийлөгчийг бас л халж солих тухай яриа болж байна. Тэгэхээр Монголбанкны ерөнхийлөгч байсан болон байгаа хүмүүс тодорхой нэгэн бүлэглэлийн эрх ашигт л нийцэхгүй байна аа даа.

Гэтэл тэр бүлэглэлийн сонирхлын цаана Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал давхар хөндөгдөж байгааг бодох хэрэгтэй. Монголбанк гэж хэдэн хүний үймүүлдэг, дотор нь болж байгаа санхүүгийн үйл ажиллагааг дуртай үедээ гадагш нь цацаад байдаг газар биш. Монголбанк бол олон улсын эдийн засгийн сүлжээнд Монгол Улсыг төлөөлж байдаг төв банк. Ийм банкаараа дэндүү л их тоглоод байх шиг байгаа юм даа, бид.

-Хэрэв та энэ бүхнийг гүтгэлэг гэж байна. Хэрэв тийм бол таныг бас гүтгэх шаардлага гэж байх ёстой доо. Тэр юу юм бол?
-Би нэг алтан зарчимтай. Хуульч хүн бол хуульч л байх ёстой. Энэ зарчмынхаа дагуу ажиллаж, нийгэмд шударга ёс алдагдаж байгаа тухай би хангалттай дуугарч яваа. Магадгүй үүнээсээ болж өөртөө олон дайсантай болсон байх. “Эрдэнэт”-ийн шалгалтаас эхлээд “Эрэл”-ийн шалгалтаар дамжаад УИХ дээр орж ирсэн зарим асуудал дээр цөөнх, бүр нам дотроо цөөнх болдог. Сэтгүүлчид та нар ажигласан л байх. Жишээ нь, УИХ-ын дарга Ц.Нямдоржийг Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт гарахад “хэрэв би Нямдоржийн оронд байсан бол огцрох байсан гэж хэлсэн.

Сая УИХ-ын гурван гишүүний асуудал орж ирэхэд “хуулийн өмнө МАХН, АН-ын гишүүн гэсэн улс төрийн намын харьяаллын ялгаа байхгүй” шүү гэдгийг хэлж нам дотроо ганцаараа шахуу эсэргүүцэж байсан. Зарчмын энэ байр суурь маань олон хүнд таалагдаагүй байх аа. Ер нь чин шударгаар ажиллаж амьдарч, хууль шударга ёсыг дээдэлсэн нь ад үзэгдэх боллоо. Магадгүй энэ бүхнээс болж над руу чиглүүлсэн зохион байгуулалттай, кампаничилсан гүтгэлэг гүжирдлэг хэрээс хэтэрлээ. Гүтгэлгийн хар сүүдэр миний гэр бүл дээр тусч байгаад харамсч байна. Гэхдээ харамсаад суугаад байх биш, хуулийн байгууллагад хандаж үнэн зөвөө тогтоолгоё гэж бодож байгаа. Хуульч нөхдүүдтэйгээ зөвлөж байгаа.

-Бас Элсний 13-т нэгдсэн “гавьяа”-г чинь үнэлж байж болох уу?
-Өөрөө гавьяа гэдгийг хашилтанд хэлж байх шиг байна. Хашилтгүйгээр хэлэхэд гавьяа гэдэг үг бидний нөхдөд ямар нэгэн хэмжээгээр бий шүү. Сүүлийн үед “Нийгмийн толь” гэдэг сонинд сэтгүүлчдийн “Элсний” гэж нэрлэдэг бидний 13 хүнийг ээлж дараатай цувралаар гүтгэн гүжирдэж байгаа. Ойрмогхоны өрдүүдэд миний ээлж ирсэн болотой юм. Хааяа харахад Шаравдорж гэсэн нэрийг гүтгэлгийн сүүдрээр дарж, муу үгийн цуглуулгаар булж байна. Энэ бол ойлгомжтой царцанги байдалд орчихсон, нийгмийн хүсэн хүлээж байгаа өөрчлөлтийг хийж чадахгүй байгаа, шударга ёс тогтоож чадахгүй байгаа МАХН-ыг шинэчлэх ёстой гэж дуугарсан энэ 13 гишүүн өнөөдөр ч зарим хүнд дайсан болж харагдаад байгаа л даа. Тийм учраас бидэнтэй тооцоо бодох гэсэн бүлэглэл л идэвхтэй ажиллаж байна л гэж би бодож байгаа.

-Энэ нь зөвхөн хариугаа авах л гэсэн үйлдэл төдийхөн үү. Өөр ямар нэгэн зорилго байхгүй юу?
-Ер нь 13 гишүүн энэ үгээ цаашид хэлээд нэгдээд яваад байвал тодорхой бүлэглэлд улам л аюултай болно. Тийм учраас урьдчилан сэргийлэх, түрүүлж мэх хийх байдлаар улс төрөөс зайлуулах, эсвэл тодорхой албан тушаалд очуулахгүй гэж ийм зохион байгуулалттай гүтгэлэг гүжирдлэг явуулж байна гэж ойлгож байгаа.

-Гэхдээ л 13-т орсны гавьяагаа шинэ Засгийн газраар яаж үнэлүүлэх гэж л зүтгэнэ дээ, та бүхэн?
-Саяын МАХН-ын их хурал бол С.Баяр, М.Энхболд гэж хоёр хувь хүний ялалт, ялагдлын тухай биш юм. Хэрэв заавал ялагч гаргаж ирэх гээд байгаа бол тэр нь МАХН. Цаашлаад Монголын нийгэм ялах тэр боломж гарсан. МАХН хоолой дээр тулсан нэг тээгнээсээ салж, чөлөөтэй амьсгалж нийгмийн шинэчлэлийн төлөө эрүүлээр ажиллах боломж гарч ирлээ. Энд бидний 13 гишүүн бусад нөхдийн адил гавьяатай. Үүгээр ханаж цадах болоогүй. Бид зөвхөн эхний алхмаа хүлээж, нам доторхи асуудлаа шийдсэн. Одоо нийгэм С.Баяр даргаас ихнийг хүлээж байна. МАХН зөвхөн эхний алхмаа хийсэн, цаана нь 99 алхмыг нийгэм МАХН-аас, намын шинэ даргаас, түүний тэргүүлэх Засгийн газраас хүлээж байна.

-Тэгж 99 удаа алхаж чадах хугацаа бий юү?
-Хугацаа бол бага. Гэхдээ аз болоход нийгэм шинэ Засгийн газраас нэг их олон юм хүлээхгүй. Мөнгө нь байна, төсвийг нь батлаад өгчихнө, бүтээн байгуулалтын ажил нь үргэлжилнэ. Хамгийн гол нь С.Баярын Засгийн газраас улс орны хэмжээнд сахилга, дэг журмыг цэгцлэх, алдагдсан шударга ёсыг сэргээх, хууль ёсыг биелүүлдэг болох, тухайлбал, Улаанбаатар хотын хэмжээнд бий болсон бусармаг хуйвалдаан хэлхээ холбоог таслан зогсоож цэгцлэх ёстой.

Энэ бол нийгмийн хүлээлт. Хүлээлтийг нь биелүүлж чадвал ард түмэн тосч аваад цаашид дэмжээд л явна. Харин ямар нэгэн байдлаар удаан, эвлэрэнгүй хандвал, тодорхой боловсон хүчний бодлого дээр алдвал дараагийн хувь заяа бас л бүрхэг. Түүнээс биш, нэг сайдын суудал бидэнд сонин биш. Би хувьдаа Засгийн газрын гишүүдийн гуравны нэгийг УИХ-аас бүрдүүлэхийг дэмжиж байгаа. Тийм учраас нийт сайдын суудал эзнээ олсон байх нь МАХН-ын их хурлын үр дүнгийн үргэлжлэл болох юм.

-Магадгүй сая ийм сонголт хийснээрээ МАХН бас алдаж болно шүү дээ?
-Үгүйсгэхгүй. Гэхдээ бид цаашид дандаа ялах гэж л, зөвхөн МАХН биш, нийгмээрээ ялах гэж л С.Баярыг сонгосон. Олон түмний энэ хариуцлагыг намын шинэ дарга ойлгож байгаа байх аа.

-Одоо Элснийхэн уулзаж байна уу?
-МАХН-ын их хурлыг хийхийн өмнөх шигээ уулзаж цуглахгүй байгаа.

-Үүргээ гүйцэтгэсэн учраас шаардлагагүй гэсэн хэрэг үү?
-Бидний хийсэн алхам ямар ч гэсэн үр дүнгээ өглөө. Цаашид энэ үр дүнгээ баталгаажуулахын тулд бас ажиллах л ёстой. Тэр үед л үүргээ гүйцэтгэсэн, эс гүйцэтгэсэн тухай яригдана.

-Гэхдээ л МАХН-ын их хурлаас хойшхийг харвал үйл явц удаан байгаа юм биш үү?
-Хугацаа бол алдлаа. МАХН-ын их хурал болсон хугацаагаар харвал өдийд нэгэнт тодорхой болчихсон Ерөнхий сайдыг УИХ-аар томилуулаад Засгийн газрын танхимыг бүрдүүлж үйл ажиллагаанд нь оруулчих ёстой байсан. Яахав энэ хугацаанд бидний журмын нөхөр нас барсан эмгэнэлтэй явдал тохиолдлоо. Гэхдээ улс төр гэдэг бол ийм юмыг хүлээдэггүй. Яагаад гэвэл цаана нь олон түмний эрх ашиг байдаг учраас байнга хүлээлт үргэлжилж байдаг.

-Эвсэх намаа сонгоогүй яваа юм биш үү? Жишээ нь, Б.Жаргалсайханы БНН, Л.Гүндалайн АТН-тай эвсэхийг олон түмэн яаж хүлээж авах бол?
-Засгийн газарт АН орохгүй гэж байна. Харамсч байна. Өнөөдөр Монголын улс төрд эв нэгдэл, хамтын ажилллагаа, ойлголцол хэрэгтэй байна. Гэтэл дахиад л тус тусдаа явах нь л дээ. Харин зарим нөхөд их баяртай явна. Жишээ нь, Б.Жаргалсайхан, Л.Гүндалай хоёр их л баяртай яваа. Эдгээр хүмүүс өөрсдийгөө харуулчихсан шүү дээ. Тийм учраас би хувьдаа Б.Жаргалсайхан, Л.Гүндалай хоёрыг шинэ Засгийн газарт орохгүй болов уу гэж бодож байгаа. Магадгүй БНН, АТН-тай эвсч болох юм. Тэгвэл эдгээр намаас дарга нар нь биш, намынх нь өөр хүмүүсийн Засгийн газарт авах байлгүй дээ.

-Эцэст нь асуухад та Казиногийн хуулиа дахиад өргөн барьжээ. Хэрлэн гол төслөө бас орхиогүй юу?
- Хэрлэн голын усыг говь руу урсгах гэлээ гэж намайг яллаж байгаа. Арга ядсан л гүтгэлэг. Хэрлэн голын төсөл бол эдийн засгийн өндөр ач холбогдолтой, олон талын ашигтай. Харамсалтай нь, хэт эх орончид дараагийн сонгуулиа бодоод энэ төслийг үгүйсээд байгаа юм. Тэдний үйлдлийг харвал үнэхээр эх орноо бодоод байна уу гэвэл бас ч үнэмшил төрөхгүй байгаа. Энэ төслийг эсэргүүцэж байгаа хүмүүс “бид Хэрлэн голд далан байгуулж урсгалыг нь говь руу татахыг эсэргүүцдэг бөгөөд уг төсөл нь УИХ-д өргөн баригдаад байгаа билээ.

Хэрлэн гол, далай нуурын экосистемийг хадгалж үлдэхэд хамтран ажиллана гэдэгт итгэж байна” гэсэн утгатай бичгийг БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүргүүлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, та нартай хамтарч ажиллая, энэ төслийг л эсэргүүцэж өгөөч гэж Хятадын нөхдүүдэд хандаж байгаа байхгүй юу. Энэ чинь манай улсын дотоод асуудал, эх орноо гэсэн ямарч хүн бусад улс орон руу ингэж хандана гэдэг гайхамшигтай л санаа байх. Энэ бүхнээс бодоод үзэхэд хэтэрхий эх оронч дүр эсгэсэн, дараагийн сонгуулиар орон нутагтаа оноо авах гэсэн бодол л яваад байна. Гэтэл өнөөдөр говьгүйгээр хангай оршихгүй, хангайн гол мөрөнгүйгээр говь байхгүй. Магадгүй бид хэдэн жилийн дараа харсаар байгаад Хэрлэн голгүй болж болгно. Тэгвэл аварч үлдэх нэг боломж нь урсгалыг нь говь руу татах энэ төсөл байгаа юм.