юутан байхдаа Арго багшид итгэдэг л байсан. Азаар Англи хэлний багш буруу гэдгийг нь их энгийнээр ойлгуулж билээ. 

Анх блог бичиж эхлэхэд найгүй расист, ойворгон байв. “Хужаа харх хоёрын адил таван шинж” энээ тэрээ сүрлэг гарчигтай пост бичнэ. Удалгүй больсон л доо. 

Хэдхэн жилийн өмнө гишүүн Ганбаатарыг шударга эх оронч, улс төрд хэрэгтэй хүн гэж итгэдэг байв. Яваандаа жаахан юм эргэцүүдэг болоод, яриаг нь сонсоод байх нь нэг л бишээ. Эрчим хүчний үнэ буулга гэж орилсоор эрчим хүчний системээ хорлодог, ажилчдын цалин нэм гэж орилсоор үйлдвэр ч үгүй болгодог тийм л төрлийн хүн бололтой санагдсан, таних нь таньсан шүү... 

Саяхан даа, Жэнког улс төрд үлдсэн цөөн мундаг хүмүүсийн нэг гэж итгэж явсан. Гэтэл сүүлийн үеийн хийж буй үйлдэл бүхэн нэг л бишээ, дандаа л улсаа хорлож байх юм. Ер нь л хятадын эсрэг гэж дуугарсан бүхний тэмцэл дандаа хятадынхаа талд ашигтай байж таараад байдаг нь санаандгүй юу санаатай юу бүү мэд. 

Арго, Ганбаатар, Жэнког анзаардаг болсон нь миний төлөвшлийн шатууд ч гэх юм уу, зөв бурууг нь мэдэхгүй. Заавал хэн нэг нь чиглүүлж зааж, заавал тархиа угаах албагүй ш д уг нь. Мэдээлэл ийм өргөн өнөө цагт тархи угаалт гэж байх ч үгүй, зүгээр л харваас энгийн илэрхий юмыг яагаад хүмүүс анзаардаггүй юм бол? 

Залуус тэнэг байна, нийгмээрээ харанхуй байна гэж зүхээд л... Яаж мэдэх юм бэ? Хэн нэгэн нь хэлж өгөх хэрэгтэй биздээ? Хэн ч хэлж өгөхгүй болохоор чинь С.Ганбаатар, Г.Уянга мэтийн нөхөд л эдийн засаг, санхүү, уул уурхай, цахилгаан станц... бүгдийг тайлбарлаж, түүнд нь олон нийт автах юм.

Саяхан “Олон улсын тоймч” сэтгүүлч Уламбаяр фээсбүүктээ нэг ийм пост тавьсаныг хараад инээд, эгдүү хоёр зэрэг хүрээд: 

".. Мобикомын маркетинг гэж "алах" юм аа нээрээ. 9911, 9910, 9900-9909 хүртэлх дугаартай дараа төлбөрт хэрэглэгч рүү хэдэн зуун саяын байр, машин зарлаа шүү, энэ таны нэр төрийн баталгаа гээд лааг "саймширна". Харин 9915, 9500, 9400 зэрэг дугаартай урьдчилсан төлбөрт ядарсан хэрэглэгч рүү энд тэнд 80%"-ийн хямдрал зарлалаа, 1-ийг авбал 2 үнэгүй энэ тэр гэж "доогтой" мэссэж илгээнэ. Зүгээр л дугаараар нь ялгаад л суртчилгаа явуулчих юм байна л даа. Учир мэдэх газар үүнийг хэрэглэгчддээ доромжилсон гэж үзээд арга хэмжээ авдаг. Ер нь тэгээд утасны дугаар гэдэг зүгээр л тоо бас хэрэглээ юм шүү дээ. Яана даа яана. Хэрэглүүлж байгаа, хэрэглэж байгаа нь. Арай л биш..."


Уг нь өөрийн нь хэрэглээд буй Facebook нь утасны дугаар байтугай нас хүйс, боловсрол, ажил мэргэжлээр нь ялгаж рекламаа цацдаг юм шүү дээ. Уламбаяр нь ч дүүрчээ, гол нь энэ пост 1500 лайк 60 шэйр авсаныг хараад жаахан гутах ч шиг. Би хажууд нь 300 лайк ч авч үзээгүй :-)
 
Гэхдээ үүнд Уламбаяр буруугүй, лайк дарсан 1500 хүн ч буруугүй, мобикомыг муулж комэнт бичсэн 300 хүн ч буруугүй. Харин мэргэжлийн маркетерууд л буруутай. Яагаад “зорилтот маркетинг” гэж нэг иймэрхүү зүйл угаасаа байдаг юмаа гэдгийг олон нийтэд тайлбарлаад өгчихөөгүй юм? Яагаад 9911 гэдэг чинь зүгээр л LV шиг брэнд болчихсон зүйл, брэнд гэдэг цамцан дээр ганц нэр дараад л үнэ нь 500 дахин өсдөг гэдгийг тайлбарлаад өгчихөөгүй юм? Ямар мундаг маркетерууд гэхээрээ "сийр" Улмаагийн ганц постонд компаниа гөвүүлээд сууж байдаг юм?

Арвын дотор нэмж чаддаг эсэх нь эргэлзээтэй нөхөр цахилгаан станцын тухай чалчиж суухад ТЭЦ-4 ийн том инженерүүд нь чимээгүйхэн л ажлаа хийсээр. Үгүй ядаж фээсбүүк нээгээд өөрийнхөө ойр орчмын арван хүнд эрчим хүчний салбарын тухай ойлгуулж байгаач.

Геологичид хөдөө гадаа их явдаг, ан ав сонирхдог, фээсбүүк твитэр хэрэглэх нь цөөхөн л байх. Гэтэл та бүхнийг чимээгүйхэн суухад чинь хэдхэн тэмцэгч салбарыг чинь самарчих юм. Ядаж фээсбүүк, твиттер нээгээд таньдаг таван хүндээ уул уурхайн талаар зөв тайлбарлаж эхлээч. 

Банкны эдийн засагчид чимээгүйхэн ажлаа хийх зуур дурын гудамжны тэмцэгч Монголын санхүүгийн салбарын тухай олон нийтэд тайлбарлаж банкыг чинь сандаргаж байх юм. Ардууд эдийн засаг, санхүүгийн талаар ямар ч ойлголт алга гэж мянга хараагаад яахав дээ, та нар өөрсдөө тайлбарлаж өгөөгүй юм чинь. 

Мэргэжлийнхэн чимээгүй суух зуур мэргэжлийн бусчууд өмнөөс чинь мэргэжлийг чинь нийгэмд тайлбарлаж байна. Өөрөө ядаж фээсбүүкийн хэдэн найздаа хэдэн үг хэлчихээгүй байж Сант-Маралын судалгаанд шаналаад яах билээ дээ. 

Сингапурчууд лифтэнд шээх зуршилтай 20 жил тэмцэж байж дарсан гэдэг л юм билээ.  Салбар салбарын 1000 инженер, 1000 эдийн засагч байдаг гэж бодвол бүгдээрээ цайны цагийн 20 минутанд л фээсбүүкийн таван найздаа өөрсдийн салбарын талаар зөв ойлголт өгчихвөл 10 мянган хүн болно тиймээ, Монгол уг нь жижигхэн шд. Хэлээд ч ойлгохгүй байна гэж гоморхоод яахав, ойлготол нь энгийнээр хэлж өгөх аргын талаар харин хэдүүлээ ярилцая. Үгүй бол тун удалгүй Ганбаатар байтугай Сарандаваа топ-10 улс төрчийг тэргүүлэх нь байна шүү.