Энгийн мөртлөө   шударга тэгсэн  атлаа   гэмт хэрэгтэн. Сонин ойлголт. Харин манайд бол түгээмэл тааралдах  дүр төрхүүд.  Тэд  дараах шинжийг агуулна.  Эхнийх нь  энгийн нэгэн байх ёстой. Төрийн өндөр албан тушаалтан биш гэсэн үг.  Жирийн л нэгэн инженер, нисгэгч, хуульч, багш, судлаач, эрдэмтэн. Олны танил байх албагүй байх нь. За тэгээд өнөөх энгийн олны танил биш мэргэжилтэн маань  эхлээд өөрийнхөө твитер хуудас, эсвэл фасебүүкээр улстөрчид,  томоохон албан тушаалтан,  дарга нарыг хүчтэй хурц үг сонгож ил тод шүүмжилж эхэлнэ.  Энүүхэндээ гэж хэлэхэд шүүмжлэх нэрийн дор доромжилно. Ийм замаар цахим ертөнцөд бусдын анхаарлыг татаж эхэлнэ дээ. Мэдээгээр гачигдсан ганц нэг сайт ч жиргэсэн үгнээс нь иш татаад эхэлмэгц өөрийгөө олны танил боллоо гээд бодчихно. Тэгэсхийгээд   алсын санаатай, албан тушаалтай, амлаж чадах мөнгөтэй нэгэн олигархийг хүзүүдэж  “том ах”-аа болгочихно.  Олны нүдэн дээр цахим ертөнцөд баргийн хүний хэлж чадахааргүй бүдүүлэг үг хэллэг сонгож авирладаг болохоор  зарим нэг нь  тэднээс дөлнө. Нөгөө зарим нь “шударга” хэмээн хөөргөнө.  Үүнийг бичигч  ч  тийм гаруудтай тааралдаад   “Өө та чинь шударга хүн шүү дээ. Тэгэхээр цаадуул чинь айж байгаа юм” гэж хэлээд л бушуухан салахын түүс болдог. Иймэрхүү энгийн шударга нөхдүүдэд  ахас ихэсийн  хүндлэл ч юу ч биш. Цахим хуудаснаа өөрийнхөө  охин баймаар  бүсгүйтэй  ач тач үзэлцэж  хэлэх хэлэхгүй үгээр өдөж хатгана. Авгай хүүхэддээ энэ үйлдлээ “үнэний төлөө явж буй шударга тэмцэл” хэмээнэ. Энд зөвхөн эрэгтэй хүний тухай бичээгүй.  Иймэрхүү энгийн шударга бүсгүйчүүд ч бас бий. За нэг иймэрхүү этгээдүүд хэт дүрдээ итгэж хөөрцөглөснөөр гэмт хэрэгтэн болж байгаа юм.  Болзол хангагдлаа. ЭНГИЙН ШУДАРГА ГЭМТ ХЭРЭГТЭН. Ийм хүмүүсийн төлөөлөл саяхан олон нийтэд ил болж улс даяар шагшаан  дагуулсан.  Та мэднэ дээ.  Улаанбаатар төмөр замын дарга  Л.Пүрэвбаатар гэгчийг.  Яг л дээр бичсэн замаар намтраа зузаалсан.  Энэ нөхөр Төмөр замчдын инженерүүдийн холбооны тэргүүн байв. Хачин гоё энгийн шударга нэртэй байгууллага. Хаанаас нь  яаж ч уншаад луйварчин, олигарх, дээрэмчин суудаг УИХ гэдгээс шал өөр “мэргэжлийн” сонсогдож байгаа биз. Энэ холбооны нэрээр тэр  Монголд нарийн царигтай төмөр зам тавиулахын  төлөө төртэйгөө тэрсэлж нэлээд явсан. Харин үүнийгээ “олон мянган төмөр замын инженерүүдийн төлөөлөл энгийн шударга тэмцэл” хэмээсэн.  Түүнийг энгийн шударга хүн хэмээн олон ч хүн эндүүрсэндээ хөөрхий.  Ингээд Монгол улс Хятадын төмөр замын нарийн царигийн сүлжээнд холбогдох шийдвэрийг УИХ-аас гаргасны дараагаар УБТЗ-ын даргын суудлаар шагнуулсан билээ. Харин өнөөх товарищ чинь албаны  600 гаруй мянган төгрөгөөр”ажилдаа өмсөх гэж” гутал авч өмсөв. Хөл нүцгэн юм байж зайлуул.  Төдөлгүй  нэг сая 700 мянган төгрөгөөр пальто авлаа. Нүцгэн юм  байж. Удалгүй   нэг тэрбум 500 сая төгрөгөөр  хаус аваадахлаа. Толгой хоргодох савгүй юм байж. Өнөөх энгийн мөртлөө шударга хүн чинь төрийн албан тушаалыг  дураараа дургиж амьдралаа дээшлүүлж болдог шидэт дохиур хэмээн бодож. Одоо харин гэмт хэрэгтэн болоодохлоо. ЭНГИЙН ШУДАРГА ГЭМТ ХЭРЭГТЭН. Ийм этгээдүүдийн явдаг зам эдэлдэг тавилан  ийм  юм. Одоо түүний зөвлөх гэж  мөн л нарийн царигийн мэргэжилтэн испани хэлний багш  П.Даваапил  хэмээх энгийн шударга “........... ”  этгээд  бий.  Мөн л ийм замнал  түүнийг хүлээж буй.  Мөдхөн тодорхой болно доо. Твитерт ийм төрлийн гарууд  олон доо. Инженер,  судлаач, эрдэмтэн, багш гээд л явж өгнө.     Иймэрхүү хүмүүс УИХ, Засгийн газарт ч байгаа.  Төрийн албанд бол чихээстэй.  Тэднийг таних амархан. Хаана ч  тэд нэгийн байж чаддаг. Найранд гурван дуутай, аягүй л  бол наадамд гурван даваатай шүү.  Дуулна, хөгжимдөнө. Дал мөр алгадаад онигоо яриад хээгүй сайхан байж чадна. Гадаадаар “гайгүй” илтгэл тавьчихна.  Энэ бол тэдий ЭНГИЙН хэмээх тодотгол  нь. Дараагийн ШУДАРГА дүр  нь УИХ, Засгийн газрын хуралдаан, жагсаал цуглаан дээр час хийтэл үгээ хэлчихнэ. Нээрээ л үнэн  дээ гэж ихэнхи нь эндүүрмээр.  Харин эцэст нь тэд ямагт иргэдийнхээ эсрэг, төрийн эсрэг, нийгмийнхээ эсрэг,  төрөлх эх орон тусгаар тогтнолынхоо эсрэг гэмт хэргийг хэнээр ч заалгалгүй үйлдэж байдаг. Тэдэнд ганц л гол зүйл бий.  Хулгайлж, хуурайлж л байвал бусад нь хамаагүй. Гэхдээ эцэст нь нэг л үнэн бий. Тэд гэмт хэрэгтэн. Духан дээр нь бичиг байхгүй ч бид одоо тэднийг таньдаг болсоон.