Найдвар чамд жигүүр ургуулна
“Бүхэнд хамгийн нийтлэг зүйл юу вэ” Найдвар. Учир нь хэрэв хэнд ч, юу ч байхгүй бол тэр нь найдвар байдаг” хэмээн гүн ухаантан хэлжээ. Хүн болгоны амьдралын үүрдийн дагуул, насан туршийн өмөг түшиг бол найдвар юм.
“Бүхэнд хамгийн нийтлэг зүйл юу вэ” Найдвар. Учир нь хэрэв хэнд ч, юу ч байхгүй бол тэр нь найдвар байдаг” хэмээн гүн ухаантан хэлжээ. Хүн болгоны амьдралын үүрдийн дагуул, насан туршийн өмөг түшиг бол найдвар юм. Оюун ухаанаараа бодож сэтгэж байгаа хүн бүрийн тархи толгойд найдварын мөнхийн гал дүрэлзэн асч байдаг. Бүх зүйл дууслаа гэж бодсон ч цаана нь найдвар үлдэж, тусламжийн өгөөмөр хишгээ чамд зориулахад хэзээд бэлэн хүлээж байна. Найдвар бол нарны илч мэт байнга нөхөн сэлбэгдэж байдаг хүний дотоод сэтгэлийн дуусч дундаршгүй эрч хүч, эрчим чадлын хөдөлгүүр. Найдвар нь тэнгэр бурхнаас зөвхөн хүнд хайрласан аугаа их хүч. Зүгээр нэг хүч биш, ямагт эерэг цэнэг агуулж байдаг хүний амьдралын түшиг тулгуур, хүсэл мөрөөдлийн хөтлөгч чандмань эрдэнэ. Ямагт сайн сайханд тэмүүлж, өөдрөг бүтэмжтэйд найдаж байдаг нь хүний төрөлхийн шинж чанар. Намайг ядуу дорой байлгаад өгөөсэй, өвчин эмгэгийн үүр болгоосой гэж хүсч, муу муухайг өөртөө дуудан, түүнд найдаж байдаг эрүүл ухаант хүн энэ орчлонд байхгүй нь лавтай. “Найдвар нь цадаж ханаж баршгүй ганцхан сайн сайхан зүйл”. Усгүй цөлд ангаж цангаж яваа хүн ус олно гэсэн найдвараар тэжээгдэж, амьдралын төлөө тэмцдэг болохоос, надад ус битгий олдоосой, хатаж харангадаасай гэж хүсэхгүй нь ойлгомжтой. Найдвар бол хүний эрч хүчийг сэлбэгч цэнгэг агаар мэт бэлэн эх үүсвэр, гаднаас гуйхгүй, гадаад далайн ус мэт ихээр өөрт нь хадгалагдаж байдаг яндашгүй их сан хөмрөг юм. “Найдвар шөнийн тэнгэртэй төстэй. Шаргуу эрэлхийлсэн нүд эцсийн эцэст ямар нэг одыг олж харахгүй байх тийм өнцөг булан байдаггүй”.
Найдвар бүтэн биелэхгүй байж болно. “Итгэл найдвар мөхөж байгаа газар хоосон зай үүснэ”. Нэг найдвар мөхлөө ч түүний цаана түм буман найдвар тархи толгойд эргэлдэж байдаг нь гайхамшигтай. Чи ямар нэг их сургуулийг сонгож, түүнд суралцан төгсөх найдвар сар жилээр тээж явсан гэж бодъё. Учир тавилангийн олон шалтгааны улмаас тэрхүү хүсэл мөрөөдөл эс биелэн, найдвар талаар өнгөрөх тохиолдол бий. Энэ нөхцөлд өөр нэг сургуулийг сонгох нь тодорхой. Ингэж л мөхсөн найдварын хоосон орон зайг шинэ, шинэ найдварууд нөхөж байдаг юм. Хүний итгэл найдварт боломжгүй гэх үг байдаггүй. Оронд нь гайхамшиг гэж үг бий. Тэрхүү гайхамшгийг дүүрэн ашиглаж сурвал хүний дайтай хүн байж гарцаагүй чадна. Залуус та нар өөртөө дээд зэргээр найд, өөрөө зүтгэ. Найдвар чамд нисэх жигүүр ургуулж өгнө. Өөрийнхөө итгэл найдварын даль жигүүрээр сүмбэр уулыг даван, сүн далайг гатлан нисэж, хүсэл мөрөөдлийнхөө нэр төртэй эзэн болоорой. Өөртөө найдаж, оюуны сан хөмрөгөө нээн ашиглаж, хүч чадлаа дайчлан хичээн зүтгэвээс бүтэхгүй мэт алсын алс төсөөлөгдөж байсан зүйлс айлсан ойртоод ирэхийг үзнэ, чадахгүй гэж халирч халширч байсан зүйлээ чадаж хийснээрээ бахархах цаг ирнэ.
Өөрийнхөө хүчинд итгэж, өөртөө эргэлзээгүйгээр найдаж байгаа хүн бусдын итгэлийг хөсөрдүүлэхгүй дааж явах найдварын эзэн байж дөнгөнө. Итгэж найдан хэлж хүссэн зүйл бүгдийг бүтээх чихээр сонсож, болох нүдээр харж, болох талаас нь туслахыг боддог, өр зүрхнээсээ өөриймсөг, элгэн садан мэт элгэмсүү дотно байдаг найдвартай хүмүүс бол эрхэмлэн дээдэлж, хүндэтгэн хайрлах, хүн чанар сайтай эрхмүүд мөн. Ямар ч үед найдаж болох ясны найдвартай хүмүүс хайгаад олддоггүй ховор эрдэнээс илүү үнэ цэнэтэй, өндөр нэр хүндийн эзэд. Найдвартай хүмүүсийг түшин насан турш ойр явбал олдошгүй их баялаг олж хадгалсантай адил азын тэнгэр ивээнэ. Итгэл дааж, найдвар өвөрлөн явах хүн мөс сайтай хүмүүстэй сайны ерөөлөөр учран золгож, түншлэн нөхөрлөж, сайн үйлс хамтран бүтээлцэх аз тохиох нь нэгэн насны зол, сэтгэлд наран гийм гэгээтэй учрал.
Үр хүүхдээ сайн хүн болгохын төлөө байгаа бүхнээ зориулан чармайж, тэдэнд өр зүрхнээсээ найдаж, чин сэтгэлээсээ итгэн харж суудаг нь бүх эцэг эхчүүдийн сэтгэлийн дуудлага, нийтлэг зан төрх. Үр хүүхэддээ найдахгүй бол өөр хэндээ илүү найдах билээ дээ. Итгэл дааж, найдвар хөсөрдүүлэхгүй байна гэдэг нь сайн хүүхдийн аав ээждээ үзүүлж байгаа ачлал буяны сор юм. Сайн сайхан, бүтэлтэй зөв яваа үр хүүхдээрээ бахархах нь эцэг эхийн жинхэнэ аз жаргал. Найдварыг хөсөрдүүлэх нь ээжийн сүүн сэтгэлийг ээдүүлэх бүтэлгүй муугийн адаг, гаслант үрийн зовлонт үйлдэл. Найдаж явсан найдварыг нь үр хүүхэд нь хөсөрдүүлбэл сайнаар бодож, сайхнаар төсөөлж байсан аав ээжийн сэтгэл итгэлийн гал руу хүйтэн ус, нойтон шороо цацсантай утга ижил муу үйл. Гэсэн ч үхтэл үр гэдэг болохоор саарыг гэтлэн, сайнд хүрч биднийгээ нэг л өдөр баярлуулна даа гэж аав ээж нь хайр шингэсэн цагаан сэтгэлдээ итгэл найдварын галаа байнга өрдсөөр байдаг нь өрөвдмөөр. Өр зүсч, үнхэлцэг хагарам цочрол авсан ч үр хүүхдээ гэх эцэг эхийн найдварын гал хэзээ ч бөхдөггүй, мөнхийн зул мэт бадарсаар байна. Тийм болохоор нэрт бичгийн хүн “Найдвар бол зүрхэнд хагарах боломж олгодоггүй авралын цагариг юм” хэмээн хэлсэн биз ээ.
Найдвартай хүндээ хамгийн чухал ажлаа итгэн даатгадаг нь хаа газрын нийтлэг ёс. Олны найдварыг эргэлзээгүйгээр хүлээнэ гэдэг нь тухайн хүнд цогцолсон үнэт баялаг, нэр төрийн хэрэг. Найдвартай хүмүүс эгэл жирийн жижиг зүйлээс эхлээд энгүй том үйл хэрэгт итгэл даан, сэтгэл гарган хичээн зүтгэж, эрхэлсэн ажилдаа жинхэнэ ёсоор эзэн болсон байдаг. Тэд аль ч ажлыг гүйцэтгэхэд нугарахгүй хөтлөх хүч, хугарахгүй тулах багана болдог нь урамтай сайхан, хариуцсан ажлаа хэний ч оролцоогүй, хэл ам татлахгүй, ном ёсоор нь чанартай хийх нь бахархам. Чаддаг мэддэгээрээ гайхуулах мөртлөө чадлаа гаргаад мэдлэгээ ашиглаад хийх болохоороо хоосон ам, холхиндог гутал болчихдог хүмүүст найдах аваас их санасан газар ес хоног хоосон гэдэг болно. Дамжилж хамжин хийгээрэй гэсэн ажлыг хийхгүй бүтэлгүйтэж, дамжуулж хэлээрэй гэсэн үгийг бүтэн хэлчихгүй буюу бүр ор тас мартчихдаг найдваргүй хүмүүс үнэхээр урам хугарам. Хэлсэн ярьсныг хий зайгүй сонсож аваад хийсэн шиг хийж, хийснээ эргэж мэдэгддэг найдвартай хүмүүс урам сэргэм.
Хэн нэгнээс ямар нэг туслалцаа дэмжлэг авах шаардлагатай болбол зөвхөн найдвартай хүмүүст хандаарай. Тэд хүний хүсэлтийг өөрийнх юм шиг бодон, бүтээж өгөхийн төлөө хөлөө хүрэх газар явж, хэлээ хүрэх газар хэлж ярин хөлсөө дуслуулан чармайн зүтгэх сайхан сэтгэлтэй хүмүүс. Дахин давтан хэлж ярьж, хүсч гуйгаад орхисон зүйл юу болсон бэ гээд асуухад мартчихжээ гэх юмуу, тэрхэн зуур арга саам хийн аргалаад өнгөрөөхөөр займчуулан худал хэлж, хоосон үгээр хуурч өнгөрөөхийг санаархах найдваргүй этгээдээс холхон байсан нь дээр. Хоосон үгэнд тус үгүй, хувхай модонд мөчир үгүй болохоор хоосон үгээр тоглогч найдваргүй хүмүүстэй ажил хэрэг хэлэлцэж хайран цагаа үрэх хэрэггүй. Хариуцлагагүй хүнд найдвал хамаг хөрөнгөө барна. Урагшгүй хүнд найдвал уур цухлаа барна. Салан хүнд найдвал сайхан бүхнээ барна.
Ажил бүтэхгүй цөхрөх, ажиллаж зүтгээд амжилт олохгүй цөхрөх таагүй үе амьдралд тохиож болох юм. “Чухамхүү цөхрөлөөс найдвар төрөх нь олонтаа” байдаг гэж ухаантан хэлжээ. Цөхрөнө гэдэг нь бүх юм дууслаа, цааш явах газаргүй гэсэн үг биш. Саруул ухаантай, уужим сэтгэлтэй хүн цөхрөлөөс ухаалаг гарц хайж олон, найдварын шинэ шинэ эх үүсвэрийг ургуулан төлжүүлж чадна. “Хэзээ ч цөхрөхгүй мөнхөд найдах нь уужим сэтгэлтэй хүний шинж мөн”. Аливаа зүйлийг бүтэх талаас нь эхлэн харж, бүтээхийн төлөө цуцалтгүй зүтгэдэг ухаан тавиу, уужим дотортой хүн барагтай л бол цөхрөхгүй, эхэлснээ дуусгаж байж санаа амарна. Ямар ч хүнд хэцүү цөхрөл найдварыг уг үндсээр нь тасалж чадахгүй. Урт хугацаагаар алсын аянд мордсон хүүгээ ухархайгаа ширгэтэл ширтэн хүлээх эх хүний сэтгэл цөхрөнө гэж хэзээ ч байхгүй. Хүүгээ нэг л өдөр хүрээд ирнэ гэх найдварын гал нь үргэлж асаастай, эх нь тэр галаа байнга манаастай он жилүүдийг үддэг. Түүнтэй адил “Бид бүр цөхрөх үедээ ч бас итгэж найдсаар байдаг” шүү дээ.
Хүн бусдаас дэмжлэг авахаасаа өмнө өөрөөсөө авч болох дэмжлэгийн тухай бодох хэрэгтэй. Чамайг өдөр шөнө, хээр гадаа хэзээ ч, хаана ч дэмжихэд ямагт бэлэн байдаг мөнхийн дэмжигч нь найдвар. “Хүн амьдралдаа хамгийн олон удаа ашигладаг дэмжлэг бол найдвар юм”. Ядарч доройтсон бие, зовж шаналсан сэтгэлд найдвар нь цаглашгүй тустай эм танг орлоно. “Бүр хамгийн өндөр настай хүмүүс ч гэсэн итгэл найдвар горилон өөрийн байдлыг ямар ч болов дээшлүүлэх төлөвлөгөө зохиож суудаг”. Өөртөө найдах нь үнэхээр чухал. Гэвч амьдралын бүх асуудлыг дан ганц өөрийн нуруун дээр үүрч туулах боломжгүй тул бусдын тус дэмжлэгт найдахаас өөр аргагүй. Тэгэхдээ хаа хамаагүй хүнд найдах биш, итгэж болох хүнийг олж найдах хэрэгтэй. Найдваргүй хүнтэй ойртож нөхөрлөснөөс найрсгаар зай барьж хол байх нь өлзийтэй. Найдаж явсан хүн итгэл алдах шиг найгүй муухай урвалт байхгүй. Бусдад битгий хэлээрэй гэсэн үгсийг өөрөөсөө ч нуух нь холгүй нууцалж, хэлээ хазаж, амаа хамхиж явдаг хүмүүст ямар ч үед найдаж, нарийн ширийн юмаа ярьж болно. “Цөхөрч ч бай, эргэлзэж ч бай, итгэж ч бай, ямагт найдаж байх хэрэгтэй”. Эх орон, эцэг эх, элгэн садан, эрхэм нөхдийнхөө итгэл найдварыг дааж яваарай.