Николае Чаушеску
1989 оны намар, Румыны Коммунист Намын XIV их хурал. Румыны ард түмний шалгарсан хүү, Эх орны эрэлхэг хөвгүүдийн дундаас төрсөн баатар,
1989 оны намар, Румыны Коммунист Намын XIV их хурал. Румыны ард түмний шалгарсан хүү, Эх орны эрэлхэг хөвгүүдийн дундаас төрсөн баатар, Социалист Румыны суут удирдагч, Коммунист–ажилчны хөдөлгөөний нэрт зүтгэлтэн гэх зэргээр авгайлуулсан, намхан давжаа биетэй эцэж цуцсан Чаушескуг индэрт гарч ирэх үед танхим дүүрэн уриа цууриатаж, Чаушеску–РКН, Чаушеску–Ард түмэн, Чаушеску–Румын–Бидний бахархал, Чаушеску–Коммунизм гэхчлэн үе үе хоолойгоо сөөтөл хашгирлаа. Түүнийг 5 цаг индрийн ард илтгэл уншихад 62 удаа босч, 39 удаа суудлаасаа алга нижигнүүлж байлаа. Ялангуяа Чаушескуг Eрөнхий нарийн бичгийн даргаар сонгоход энэ уриа, алга ташилт хэдэн цагаар ч үргэлжлэхээр байсныг жолоодогч өөрөө зогсоосон юм. 1989 оны намар цаг бол Дорнод Европт ардчиллын цөн түрж, Польшид коммунистууд засгийн эрхээ алдсан, БНАГУ, Чехословак, Болгар, Унгарт алдах дөхсөн үе. Гэтэл РКН-ын их хурал онолын түвшинг ахиулж, Румыныг хөгжиж буй социалист орон гэж нэрлээд, 1990-1995 онд дунд зэргийн хөгжилтэй социалист улс болгох, улмаар 2000-2010 онд өв тэгш хөгжингүй социалист нийгэм байгуулж дуусгах стратегийн зорилт дэвшүүлсэн юм. Бэрхшээлийн өмнө сөгдсөн хөршүүдээ хурлын илтгэл, тогтоолд зэмлэж, социализмын өргөн боломжийг нээн ашигласангүй хэмээн шүүмжилжээ. Социализмыг капитализмын загвараар хөгжүүлэх гэж буйг ойлгохгүй байна, олон ургальч үзэл гэгчид хөтлөгдөн коммунист намын байр суурийг сулруулахыг хэрхэвч зөвшөөрч болохгүй гэсэн заалт ч бас оржээ.
Бичиж буй сэдвийн баатар бөгөөд тухайн цагтаа Монголын ард түмний дотно нөхөр хэмээн Ардын хувьсгалын 30 жилийн ойд (1951 он) уригдсан румыны ардын армийн цэл залуу генерал Н.Чаушескугийн нэн ховор зураг энэ байна. Зэрэгцэн зогссон хоёр эрхэм бол “Чойбалсангийн гүйцэтгэгч” хэмээн хожим амьдаaраа цээрлүүлэгдсэн Жамбалдорж (“Жамбалдоржийн хар хууль” гэж хүртэл буй), нөгөөх нь генерал Жанчив. Жанчив нь Цэрэг, нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдаар нэг хэсэг ажиллаж байгаад гологдон бууж аж ахуйн эрхэлж явсан нэгэн билээ.
Гэтэл сар гаруйхны дараа юу болов? Румынчууд Чаушескугийн 24 жилийн дарангуйллыг төгсгөл болгоод зогсохгүй түүнийг эхнэрийнх нь хамт цаазаар аваачиж, намыг нь тараан хориглож, том хүүг нь 20 жилийн ялаар цээрлүүлсэн билээ. Цохилт ганц түүн рүү бус нам, нийгмийн байгуулал–социализм руу чиглэсэн юм. Хичнээн үнэнчээ андгайлж тангараглах тусам үзэн ядах нь төгсгөлгүй байдаг бололтой. Түүнийг Румыны коммунистууд ингэж харуулав. 1989 оны шинэ жилийн босгон дээр хэд хоногийн турш дэлхийн анхаарал ганцхан цэг рүү төвлөрсөн нь Бухарест хот байлаа. Тус орон ч хэдэн өдрийн турш гадаад ертөнцөөс таслагдаж, хилээ хаасан учраас алагдаж шархадсан хүмүүсийн тоог гаргах боломжгүй байв. Танк, нисдэг тэрэг, пулемётын галаар босогчдыг угтсан Чаушеску яргаллынхаа төлөө шүүгдэж тогтоол уншсан даруйд буудуулсан нь нийтэд мэдэгдэв. Тэр үеийн үйл явдал энд онц сонин биш. Харин яагаад ийм эмгэнэлд хүргэв. Хожим бидний ярьдаг байсан элгээр нь хэвтүүлэн мөлхүүлэх гэгч үзэгдэл яг тэр үе Румынд хэрэгжиж байсан болж таарлаа. Гэхдээ зах зээл рүү биш, коммунизмын гэрэлт ирээдүй рүү хүрэхийн тулд тэгж ард түмнээ зовоожээ. 1990 он гэхэд гадаад өрөө барагдуулж дуусгах тухай 1981 онд зарлиг буулгаснаас бүх юм эхэлжээ. Энэ бол өрөнд баригдсан Польшийн хямралаас авсан сургамж нь. Жил бүр үндэсний орлогынхоо 5 хувийг өр төлөхөд зарцуулжээ. Ихэнхийг ч төлсөн. Хойч үедээ бага дарамт үлдээсэн нь том ололт байх. Гэхдээ 23 сая ард түмэн бүсээ чангалж сөхөрч унаталаа хөдөлмөрлөсөн юм. Гадагш зарж болох бүх зүйлээ зарж, тарчиг амьдралын доод түвшинд өл залгаж байв. Ер нь манай 1991, 1992 онтой төстэй дүр зураг харагддаг. Монголд лангуу хоосон, давс, гоймон хоёр л өрөөстэй байдаг байж, тэгвэл Румынд цэрэг цагдаагийн хүч нэмэгдүүлсэн хяналт дор 400-500 хүний дараа дугаарлан зогсож байж махтай залгана. Өдөрт хоёр данх цай чанах хэмжээний цахилгаан өгөх ба айл бүр 25 лааны чийдэн хэрэглэх журамтай. Орон сууц, сургууль цэцэрлэг, эмнэлгүүд 8 жил дараалан халаалтгүй өвөлжжээ. Төлөвлөгөө эс биелүүлбэл ажилчид цалингаа 30 хувиар хасуулна гэхчлэн бичвэл зөндөө юм бий. Энэ бүхэн өрнөөс гарах арга, өр барагдуулах ер бусын ид шидийн бодлого хэмээн Чаушеску ч өөрөө зөвтгөж байжээ. Чаушеску хот тосгодыг өөрийнхөө үзэмжээр сүйтгэсэн нь бөөн балаг тарьсан. Хот хөдөөг хослуулан хөгжүүлэх төлөвлөгөө сэдсэн нь эртний түүх дурсгал, сүм, уламжлалт соёлыг сүйтгэж, оронд нь “Хөдөө аж ахуй–аж үйлдвэрийн цогцолбор” барих кампанит ажил болов. Ухаан нь Зөвлөлтийн “агропром”-той төстэй. Угсармал бетон барилга бүхий цогцолборт бүх хүнээ хуваан чихэхээр төлөвлөжээ. Румын дэх цөөнхи үндэстнүүдэд (унгар, герман, серб, цыган гэх мэт) хүнийрхүү дээрэлхүү хандсан нь Чаугийн нэг том алдаа байлаа. Ерөөсөө эсэргүүцлийн хөдөлгөөн унгар цөөнхүүдийг яргалснаас эхэлсэн. Энэ хэрээр хөрш орнуудтайгаа тар түр хийдэг байв. Ялангуяа Унгар–Румыны харилцааг жишээлж болно. Тэр үеийн Зөвлөлт Молдавын нутаг руу өнгөлзөж байсан нь Горбачевыг бүр цааш түлхсэн юм.
Румын бол дээд зэргээр үзэл сурталжсан орон байлаа. Нэг хүнийг тахин шүтэх явдал хэрээс хэтэртэл үзэл сурталжжээ. Өдөрт гуравхан цаг үргэлжлэх үндэсний телевизийн хөтөлбөр Чаушеску, түүний гэргий хүүгийн тухай мэдээгээр дүүрэн, эсвэл жолоодогчоо магтан дуулж байгаа хүүхдийн найрал дууны концерт. Ордны яруу найрагчид дарангуйлагчийг магтан сайрхаж, тордож засварласан түүний гэрэл зураг сонины хуудас дүүрэн. Энэ хэрээр эрх ямба, тусгай хангамж гээчийг дээд зэргээр эдлүүлжээ. Швейцарийн банкинд хадгалуулсан 400 сая долларыг тооцохоо больё. Улсын төсвийн үлэмж хэсэг зөвхөн жолоодогчийн гэр бүлийг хамгаалахад зориулагддаг. Цагдаагийн болон армийн аппарат хэт нүсэр байсныг нуршилтгүй. Румыны нам, төр, засаг захиргаа, арми аюулаас хамгаалахыг оролцуулан Чаугийн нийт 300 гаруй садан төрлийн хүн тэнд ажиллаж байв. Ялангуяа гэргий Елена Чаушескуг улсын хоёрдугаар зиндааны жолоодогчийн түвшинд тахин шүтэж байлаа. Дараа нь хүү Никиу нь. Тэр үед түүх гуйвуулах нь энхүүхэнд болсон юм. Чөлөөлөлт киноны дараагийн цуврал гэгдэх олон ангит Солдаты свободы кинонд дэлхийн II дайны үеийн Брежнев, Кадар, Гусак, Чаушеску, Герек, Хонеккер, Живков нарын залуугийн дүр гардаг. Цэл залуу Чаушеску Бухарестэд фашизмын эсрэг жагсаал хийж өлсгөлөн зарлаж буй сүржин дүр тэр кинонд бий. Энэ мэт нийтлэг үзэгдлийг Румынд хэтрүүлсэн юм.
Бичиж буй сэдвийн баатар бөгөөд тухайн цагтаа Монголын ард түмний дотно нөхөр явсан генерал Чаушеску Ардын хувьсгалын 30 жилийн ойн баярын парад жагсаалыг үзэж сонирхсоны дараа Яармагийн дэнжид эрийн гурван наадам сонирхож сурын талбайд очиж сур харважээ. Румыны ардын армийн цэл залуу генерал тэр Н.Чаушескуд нэг дэвшил бий. Дэвшлийг Брежнев, Цэдэнбал нартай харьцуулан хэлж байна л даа. Дайны үед генерал явцгаасан Брежнев, Цэдэнбал нар хожмоо улс орныхоо энхийг бүтээн байгуулалтыг удирдан нам-төрийн толгойд гарцгаасан боловч нам-төрийн дээд албан тушаалдаа сэтгэл үл ханан Батлан хамгаалах зөвлөлийг толгойлон, толгойлох мөртлөө заавал цэргийн дээд цолтой байх ёстой хэмээн зүтгэн маршал цол зүүсэн бол Чаушеску нь ингэж хийрхээгүй ээ.
Чаушеску гадаад бодлогын хувьд өвөрмөц, этгээд байр суурьтай нэгэн байлаа. Румын бол яах аргагүй социалист хамтын нөхөрлөлийн бат бэх цайзын нэг, ЭЗХТЗ, Варшавын гэрээний байгууллагын гишүүн. Бас “77-гийн бүлгийн” идэвхтэй гишүүн. Ер нь гадаад бодлогын олон фронт дээр нэгэн зэрэг тэмцэхийг зорьсон нь зарим талаар дэвшил байв. Хоёр системийн зөрчил, Зөвлөлт–Хятадын улс төрийн мөргөлдөөнд Румын тууштай төвийг сахиж аль алинтай нь харилцаагаа хөгжүүлсээр байв. Румын–Хятадын харилцааны баялаг түүх үүнийг нотолно. “Соёлын хувьсгалын” ид халуун үед улаан хамгаалагчид Бээжин дэх Румыны ЭСЯ-ыг бүсэлсэн, шүүмжилсэн хэрэг гарсан бол Румын–Хятадын харилцаа 1970-аад оны эхээр Маог амьд ахуй цагт хэвийн болсноор барахгүй цааш хөгжиж, Хуа Гофэний үед дээд цэгтээ тулж, Дэнгийн үед бүрэн төлөвшсөн юм. Чаушеску болон Елена нарын Хятадад хийсэн олон удаагийн айлчлалуудыг ярьдаггүй юм гэхэд Хуа Гофэний 1978 онд Румынд дуулиантай айлчилсан, гэхдээ энэ нь цаашдаа Зөвлөлт–Хятадын харилцаа хэвийн болоход чухал дэмжлэг үзүүлснийг сайшаах ёстой. Чаушеску Хятадын удирдагчдын захидлыг Горбачевт, Горбачевын захидлыг Бээжин рүү зөөж зуучилсан нь худал биш. Үүнийг дэвшил гэж үзмээр. Варшавын гэрээний байгууллагад ямагт шүүмжлэлтэй хандаж, улмаар цэргийн бүтцээс нь гарсан анхны зоригтон бол Чаушеску. Румынээс Зөвлөлтийн цэргийг гаргахыг найрамдлаасаа илүүтэйд үзэж байсан байр суурь нь өнөөгийн өндөрлөгөөс үзвэл зөв байжээ. 1968 онд Варшавын гэрээний цэрэг Прагад ороход Румын оролцоогүйгээр үл барам Чехословакийг дэмжсэнээ илэн далангүй илэрхийлж байв.
Чаушеску нь эх орондоо мятаршгүй коммунист байсан боловч хилийн чанадад гарахаараа олон улсын харилцааг үзэл сурталжуулахын эсрэг зогсдог байв. “Хүйтэн дайны” үед Зөвлөлт–Америкийн харилцаа чинээндээ тултал хурцдаад байх үед ч байр сууриа өөрчлөөгүй. Хятад, Хойд Солонгос, Югослав, Румын дөрөв систем дотроо онцгой харилцаатай байсныг санах хэрэгтэй. Бүх бодлого Зөвлөлтийнхөөр явах ёсгүй гэдгээ ч ил хэлдэг байв. “Гурав дахь ертөнц” дотор түүний нэр хүнд Титогийн дараа бараг орох болов уу. Израильтай харилцаагаа таслахгүй байсан нь ч бас нэгийг хэлдэг. Олон улсын нэр хүнд, үнэлэмжийн хувьд Чаушеску яах аргагүй дэлхийн томхон бодлоготны нэг мөн. Тиймдээ ч хилийн чанадад өөрийгөө тахин шүтүүлэх эхлэлийг тавьж чадсан. Түүнээс нь Румын улс их зүйлийг хожих байсан хэрэг. Үүнийг энгэр дээр нь гялалзах гадаадын 60 гаруй улсын төрийн дээд шагнал, одон бэлхнээ гэрчилнэ.
Гэхдээ энэ бүхэн өнөөгийн ардчилсан нээлтэй Румынээс дээр байх байлаа гэсэн харууслын үг биш. Тэр үеийн өвгөрч хөшсөн сталинчид–Живков, Гусак, Хoнеккер, Цэдэнбалаас гараагүй зориг гэсэн үг юм. Тэр утгаар аз туршсан улс төрч байсан байж магад. Ямар ч атугай коммунист лагерийн эрх ашигт үндэсний эрх ашгаа тавиад туучихаагүйг нь эдүгээ ололт байсан хэмээн румынчууд үнэлж хуучин жолоодогчоо цагаатгаж байна.