Мөнхийн хөдөлгүүр байхгүй гэдгийг шинжлэх ухаан аль эрт нотолчихсон. Гэхдээ мөнхийн хөдөлгүүрийн патент бүртгэдэг томоохон байгууллага Францад байна гэнэ. Тэр нь жил бүр хэдэн мянган мөнхийн хөдөлгүүрийн патент бүртгэж, гэрчилгээ гардуулна. Мэдээж хэн нэгэн мөнхийн хөдөлгүүр нээчихнэ гэж горьдсон хэрэг биш л дээ. Кристофор Колумб Энэтхэгийг хайж яваад Америкийг нээчихсэн шиг сонин шинэ зүйл төрөх ч юм билүү. Бас зарим нэг галзуу солиотой нөхдийг жаахан тайвшруулах үүрэгтэй. Эцсийн эцэст нийгэм тайван байх хэрэгтэй биздээ. Айдаг юм, манай зарим нөхөр тэнд нь мөнхийн хөдөлгүүрийн патент бүртгүүлж ирээд “Европт гайхагдлаа, төр харж үзэх болсон...” гэж зүтгээд, ядаж төрд нь түүнийг санхүүжүүлэх хүн байж таараад, мөнхийн хөдөлгүүрийн академи нээгээд эхлэх вий дээ гэж. Сийхгүй шүү, сийхгүй.

Тайвшруулах ч юмуу харшлын эм уунгуут тэр дороо өвчин намдаж буй мэт санагдаж, бие аятайхан болоод явчихдаг. Угтаа ядаж 20 – 30 минутын дараа эм цусанд шүүгдэж бие тайвшрах учиртай. Өөрт нь эм гэж итгүүлээд зүгээр давстай ус өгөхөд өвчтөний бие дээрдэх тохиолдол ч бий, “Санаа дагаад” гэдэг дээ. Үүнийг шинжлэх ухаанд “Пласебо эффект” гэж нэрлэдэг. Олон ч тайвшруулах эм зөвхөн пласебо эффектийн нөлөө байдаг гэх. Лам нар өвдсөн бүхэнд л нэг үрэл өгөөд халуун шөлөөр даруулж уу гэдэг нь энэ эффект л яваад байсан хэрэг. Магад хүмүүст пласебо эффектийн талаар тайлбарлаж өгөх нь хэцүү, зүгээр л “Номтой лам” гэх нь хялбар.

Ер нь шинжлэх ухааны ч юм уу мэргэжлийн тайлбарыг ганц үгээр илэрхийлэх хэцүү. Жишээ нь харьцангуй онол гэж бүгд сонссон мөртлөө яг юуг нь бараг хэн ч мэддэггүй. Бөө, удган гэнэт олноор төрж буйг боловсролын системийн уналттай холбож социологийн судалгаа хийсэн талаар ТВ –ээр ярьвал хэн ч сонсохгүй. Тэрний оронд “Монголын хүчид онгодууд олноороо тэнгэрээс бууж байна...” гээд цээжээ дэлдвэл илүү үнэмшилтэй. Төмөр зам, цахилгаан станц, уул уурхайн талаар хамгийн мэргэжлийн дүгнэлтүүд хэнд ч сонин биш. Түүний оронд тэмцэгч бүлгийнхний “Уран хайгаад Чернобыль шиг боллоо...” гэдэг дүгнэлт товчхон бөгөөд хүчтэй.

Бат-отгон “Зах зээл гэдэг бол зах газарт очиж зээл аваад хамгаа барна гэсэн үг, яаж олигтой байхав... эргээд мориндоо морд...” гэж шууд сурталчилж байна. Жавхлан гавьяат бүүр “Хөрөнгө оруулалт гэдэг чинь хөрсөн, хөлдсөн гэсэн үг...” гэж байх юм. Энэ жишгээр хүний үсийг ч гэсэн шашинлаг байдлаар тайлбарлаж болох нь. “Хүний үсний эргүүлэг бол тэнгэрийн заадалтай ижилхэн... хүний үс адгууснаас ялгаатай нь тасралтгүй урт ургаж чаддаг, зөвхөн тэргүүнд үс үлдсэн нь тэнгэртэй холбоотой...” гээд л. Угтаа Дарвины онолоор олон мянган жилийн хувьслын явцад хүний үс хүйтнээс хамгаалах биш, гоёлын шинж чанартай болсон гэх. Тогосны өд шиг. Дарвины онолыг хэн нэг нь товчхон тайлбарлаж өгөхгүй бол “Үсний заадал бол тэнгэрийн заадал хас тэмдэг..” гэх солиотнууд байрыг чинь эзэлнэ. Үүнд олон нийт буруугүй, олон нийтэд өөрсдийнхөө шинжлэх ухаан, өөрсдийнхөө ажлыг тайлбарлаж чадаагүй тэр хүмүүс өөрсдөө л буруутай. Хэн нь хэнийгээ ойлгох албатай юм ер нь.