Энэ 7 хоногт
Эдийн засаг дахь гадаад, дотоод нөхцлийн таамаглал
НҮБ-ын мэргэжилтнүүд дэлхийн эдийн засгийн байдлыг таамаглахдаа: 2015 онд дэлхийн эдийн засаг 3.2 хувиар өсөх төлөвтэй гэжээ. Харин Information Handling Services(IHS)-ийн тэргүүн эдийн засагч Нариман Бехравеш 2015 онд дэлхийн эдийн засаг өнгөрсөн жилийн 2.7 хувиас 3 хувь болж өснө гэв.
Гадаад орчин
НҮБ-ын мэргэжилтнүүд дэлхийн эдийн засгийн байдлыг таамаглахдаа: 2015 онд дэлхийн эдийн засаг 3.2 хувиар өсөх төлөвтэй гэжээ. Харин Information Handling Services(IHS)-ийн тэргүүн эдийн засагч Нариман Бехравеш 2015 онд дэлхийн эдийн засаг өнгөрсөн жилийн 2.7 хувиас 3 хувь болж өснө гэв.
АНУ-ын эдийн засаг ирэх онд дотоодын эрэлт, тэр дундаа өдөр тутмын хэрэглээний бараа үйлчилгээнд тулгуурлах болно. Америкийн ДНБ-ний 70 хувийг бүрдүүлэгч өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний өсөлтийн үр дүнд ажлын байр нэмэгдэж, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжиж, түлшний үнэ буурах эерэг хандлага ажиглагдаж байна. IHS-ийн таамаглалаар тус улсын эдийн засаг ирэх онд 2.5-3 хувь өснө.
Хятадын эдийн засаг 2015 онд 7.1 хувийн өсөлттэй байна гэж НҮБ-ын шинжээчид үзлээ. Харин Европын холбооны эдийн засаг 1.4 хувиар л өснө. Сүүлийн 6 жилд 4 дэх хямралаа үзээд байгаа Японы эдийн засаг 2015 онд ганцхан хувиар өсөх ч энэ нь харьцангуй сэргэлтэд тооцогдох юм. Японы инфляци 5%-д хүрч багасна гэсэн таамаглал бий боллоо. Японы төв банк бол мөнгөний бодлогын олон янзын схемийг ашиглах талаараа хэнтэй ч зүйрлэшгүй туршлагатай үндэсний банк. Японы банк энэ жил актив худалдан авахаа үргэлжлүүлнэ. Ийм нөхцөлд ахин сонгогдоод байгаа Ерөнхий сайд Абэгийн 2016 он хүртэл Японы эдийн засгийг өсгөх хүчин чармайлт төв банкны мөнгөний бодлогын өмнө хүчин мөхөстөх нь гарцаагүй. Эдийн засаг нь буурна, дагаад инфляци ч буурна. Японы хүн ам зүйн үзүүлэлт муудсаар байгаа нь дефляци үүсгэх хүчин зүйлсийн нэг бөгөөд иргэдийн бодит орлого буурах нь. Японы төв банк ийм нөхцөлд ямар ч улсын засгийн газрын үнэт цаасыг 60% хүртэл худалдан авах сонирхлоо хадгалсаар байх ажээ.
Хятадууд юаны ханшийг 20% унагахаар зэхэж байгаа нь импортын хамааралтай улсуудад таатай мэдээ болох магад. Хятадын орон сууц, үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх үнийн хөөс хагарч эхлэсэн. Засгийн газар нь дефляцийн дарамтыг ямар ч аргаар хамаагүй буулгах сонирхолтой байна. Ингэхэд хүргэж байгаа нэмэлт хүчин зүйл нь сүүлийн 3 жил дараалан хэт үйлдвэрлэл явагдаж, үнэ буурсаар байгаа явдал юм. Ийм шалтгаануудын улмаас Хятад 2015 оны туршид юаны ханшийг сулруулах замаар инфляцийг өсгөх, бусад зах зээл рүү ахиухан бараа гаргахыг хичээх бөгөөд энэ нь Азийн бусад улсуудад үсэрхийлж ханшийн дайн дэгдээнэ. Эцэстээ том үйлдвэрлэгч улсууд нь нэгэндээ худалдааны болон санхүүгийн хориг тавих нөхөрсөг бус байдлаар шийдэгдэх шинжтэй байна.
Оросын эдийн засаг дефолттой учрах эрсдэл өндөр байна. Хэдийгээр Saxo Bank-ны шинжээчид Оросын урт хугацааны боломжинд итгэсээр байгаа ч хоригоос улбаалаад Оросын төсөвт хомсдол үүссэн. Эдийн засаг нь өнгөрсөн жил 25 хувь агшаад байгаа Орос орон энэ жил гүнзгий хямралд унана. 2015 онд Оросын эдийн засаг рецесст орж ДНБ-ний хэмжээ 1,5–2% буурна. Шууд хөрөнгө оруулалт 9% багасна. Үүнийг Оросын экспертүүд төдийгүй Bank of America-гийн шинжээчид хэлж байгаа юм. Тэд дүгнэлтээ нефтийн үнийн динамикт тулгуурлан гаргаж байгаа гэжээ. Bank of America 2015 онд Brent маркийн нефтийн үнэ баррель нь 98 доллар байх болно. Үүнээс хамаараад 1 доллар 44 рубльтэй тэнцэх шинжтэй гэлээ. Тэгэхээр рублийн ханшны уналт үргэлжлэх нь тодорхой. Дээр нь 2015 оны эцэс гэхэд Орос 134 тэрбум гадаад өрийн үүргээ биелүүлэх ёстой байдаг. Оросын валютын нөөц 400 тэрбум хүрэхтэй үгүйтэй байгаа нөхцөлд энэ нь хүндхэн байх болов уу.
2015 онд Европын эдийн засагт учрах том цохилт нь Исландын идэвхтэй галт уул Бардарбунгаас ирэх аж. Дэлбэрэх нь гарцаагүй болсон энэ уулаас ялгарах хорт хий, үнс нурам салхин дор нь байрлах Европын тэнгэрийг удаан хугацаанд бүрхэнэ. Энэ нь үр тарианы гарцад шууд нөлөөлж дэлхий даяар гурил, будааны үнийг өсгөнө. Шоколадны үнэ ч өсөхөөр байна. 2015 онд тонн какао 5 мянган долларт хүрэх юм.
Европын эдийн засагт учрах бас нэг эрсдэл нь Англи ЕХ-ноос гарах явдал байх болов уу. Ирэх тавдугаар сарын 7-ны өдөр Их Британи даяар сонгууль явагдах бөгөөд Тусгаар тогтнолын нам 25% хувийн саналаар ялах магадлал бодитой болсон аж. Британий парламентад гуравдах том нам нь гэгддэг энэ намын сонгуулийн гол уриа нь ЕХ-ноос гарах замаар эдийн засгийн аюулгүй байдлаа батлагаажуулах юм. Тэд сонгуульд ялваас 2017 он гэхэд Их Британи Европын холбоонд хамаагүй болно.
Шинжээчдийн анхааруулж байгаа нэг эрсдэл нь эдийн засгийн үзүүлэлтүүд тогтворжиж байна гэх ташаа мэдрэмжид хөтлөгдсөн хөрөнгө оруулагчид 2015 онд том хохирол амсах нигууртай гэнэ. Улс орнуудын төв банкууд хохиролыг багасах хүсэлдээ хөтлөгдөн эдийн засгийн дайны генералууд болон хувирах бөгөөд тэдний эцсийн арга нь валютын ханшийн тулаан байх болно гэжээ.
Эерэгээр төсөөлөгчид 2015 оны тав, зургаан сараас дэлхийн эдийн засаг тогтворжих эхний шинж тэмдгүүд гарч эхлэнэ гэж таамаглаж байна. Мохамед Эль-Эриан хэмээх Allianz Бүлэгийн эдийн засгийн тэргүүн зөвлөх болохоор 2015 онд дэлхийн эдийн засаг харилцан адилгүй төвшинд байна гэжээ. Хагас нь хурдтай тогтвортой өсөлт үзүүлнэ, зарим нь улс төр, эдийн засгийн сүйрэлд өртөнө: сүүлийн бүлэгт Оросыг дурдаж болно гэлээ. Эль-Эриан улс орнуудын эдийн засгийн төлөвийг 4 бүлэгт хувааж таамагласан нь:
Бүлэг 1. Тогтворжих орнууд. Эдийн засаг нь сайжрах төлөвтэй байгаа АНУ мэт улсууд. Хөдөлмөрийн зах зээл нь сайжирч ажлын байр олноор бий болж, цалин өснө. Эдийн засгийн өгөөж эдгээр орнуудад тэгш бус хуваарилагдаж байсан нь засарч өсөлтийн өгөөжийг ядуу хэсэг голлон хүртэх болно.
Бүлэг 2. Азийн удааширч байгаа орнууд. Хятад тэргүүтэй хөгжиж байгаа эдийн засгуудын хурд саарч, агшина. Гэхдээ бүтцээ өөрчлөн илүү бие даасан, түвэгтэй хэлбэр лүү шилжих юм. Эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалахын тулд аажимдаа өсөлтийн загвараа өөрчлөхөөс аргагүйд хүрч байгаа юм. Энэ нь дэлхийн санхүүгийн зах зээлд доргион үүсгэж, бага зэрэг уналт, өсөлтийг авчрах магадлалтай.
Бүлэг 3. Маш алгуур өсч яваа орнууд. Европын холбоо хүнд нөхцөлд байна. Эдийн засаг нь царцчихсан. Үүнээс үүдээд нийгэм, улс төрийн бужигнаан олон улсад гарч, улс төрчид нь зөв шийдвэр олоход хүндрэлтэй болсон. Маш бага өсөлт, дефляци, хэт их хариуцлага үүрэх зэрэг нь хөрөнгө оруулалтыг үргээж, эрсдлийг улам ихэсгэж байгаа.
Бүлэг 4. Урьдчилан таамаглах боломжгүй улсууд. Дангаараа жин дарахгүй ч бүгд нийлээд хангалттай том хэмжээтэй болж байгаа эдгээр улсуудын эдийн засаг дэлхийд нөлөөлж эхлэсэн. Гол төлөөлөгч нь ОХУ. Бас Бразил. Ерөнхийлөгч Дилма Рузефф саяхан сонгуульд арай гэж ялсныхаа дараачаас эдийн засгийн удирдлагын чанарыг сайжруулах талаар ярих болсон. Тэр амлалтдаа хүрэх аваас Бразил, Мексик хоёр нийлээд латин америкийн тогтвортой байдлын тулгуур болох учиртай. Энэ ертөнцийн эдийн засаг Венесуэлийн хямралаас халдварлан уруудах замдаа орчихоод байгаа. Нефтийн үнэ унасан нь энэ баялгаас хамааралтай улсуудад хүндхэн тусч байгаа билээ.
Дотоод орчин
Монголын эдийн засаг хүндрэлд орсон гэдэг нь бүгдийн мэдэж байгаа зүйл. Хүндрэлийн шалтгаануудыг мэргэжилтнүүд гадаадын шууд хөрөнгө оруулалт татарсан, экспортын гол бараануудын үнэ унасан, эрэлт багассантай холбож байгаа. Суурь шалтгаан нь бол түүхий эдийн экспортод тулгуурласан эдийн засгийн өрөөсгөл загварыг шүтэж ирсэн, түүхий эдийн үнийн өсөлттэй үед мөнхөд тийм байх юм шиг аашилж, хуримтлал үүсгэлгүй, халамж, тэтгэлэгт хамаг мөнгөө цацсан явдал юм.
Дээрх шалтгаануудыг 2013 оноос оношилж, тогтоосны ачаар өөрчлөх чиглэлд тодорхой ажлууд хийж, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрлэлийн төслүүдэд Хөгжлийн банкаар дамжуулан зээл олгосон, одоо элдэв хэрэгтэй, хэрэггүй халамж, тэтгэлэгийг хумих тал дээр анхаарч байна. Монгол банкны шахаасаар төсвийг эрүүлжүүлэх чиглэлээр УИХ, Засгийн газар ажиллаж төсөвт тодотгол хийлээ. Энэ мэт эерэг өөрчлөлтүүд эхлэж байгаа нь эрсдлийг бууруулахад нэмэр болох нь дамжиггүй.
2015 онд монголын эдийн засаг ямар байх төлвийг бид гадаад орчинтой нягт холбож төсөөлөх учиртай. Гадаад орчин АНУ-ыг эс тооцвол сайнгүй байх болно гэдгийг дэлхийн шинжээчид хэлж буй. Мянганы сорилын сангийн амлаад байгаа тусламжийг эс тооцвол Америк нь бидэнтэй эдийн засгийн хувьд хамааралгүй шахам улс. Гэхдээ бэрхшээл бол боломж юм гэдэг жүүд логикоор харвал гадаад орчны бэрхшээлүүдийг боломж болгох зай харагдаж байна.
Манай орлогын эх үүсвэр болох нүүрс, зэс, төмрийн үнэ сайнгүй байх төлөвтэй. Тонн төмрийн хүдэр 65 ам.доллараас илүүгүй үнэтэй болно гэж City Group таамагласан. Тэдний таамаглалаар 2015 онд төмрийн хүдрийн үнэ 80 ам.доллараас 65 ам.доллар хүртэл буурч, 2016 оноос жоохон өсч 78 ам.доллар болох гэнэ. Энэ нь бидэнд ямар дохио өгч байгаа гэхээр Хөгжлийн банкны санхүүжилтээр байгуулагдсан төмөр боловсруулах үйлдвэрүүдээ бодлогоор дэмжиж, тодорхой нэр төрлийн (ган бөмбөлөг, арматур г.м) төмөр бүтээгдэхүүний импортод хязгаарлалт тавих замаар дотоодын үйлдвэрлэлд найдах хэрэгтэй. Нэгэнт хүчин чадал, боломж нь бүрдсэн болохоор одоо цемент, төмрийн дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах бодлого хэрэгжүүлэх цаг болсон.
2015 онд цэвэр зэсийн үнэ 1 тонн нь дунджаар 6.500 орчим ам.доллар байна гэж тооцож байгаа ч оны эхний өдрүүдэд Лондонгийн бирж дээр зэс 6170 ам.доллароор зарагдаж байна. Энэ байдлаар бол 2016 оноос зэсийн ханш доош явна гэсэн таамаглалыг шинжээчид ахин гаргаж эхэлж байна. Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн удирдлага зах зээлийн дохиололд уян хатан, хурдтай хариу үзүүлж, хэмнэлтийн горим луу шилжиж байгаа нь талархалтай.
Нүүрсний үнийг тодорхойлогч Австралийн BREE 2015 онд коксжих нүүрсний дундаж үнэ 123 ам.доллар байна гэлээ. Энэ нь өсөлт байхгүй гэсэн үг. Эрчим хүчний нүүрс бол 60 доллараас дээш гарахгүй. Гэхдээ австрали, бразилийн нүүрс олборлогчид үнээс хамааралгүйгээр олборлолтын хэмжээгээ ихэсгэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Австрали өнгөрсөн жил 181 сая тонн коксжих нүүрс экспортолж байсан. Энэ онд 185 сая тонн болгож нэмэгдүүлэх зорилго тавьжээ. Нүүрсний зах зээлийн дохиоллыг монголд зөв ойлгож, цэгцтэй хариу үйлдэл үзүүлэх шийдэл хараахан гаргаагүй байна.
Харин алтны үнэ энэ жил харьцангуй өөдрөг байх юм. Одоогоор 1 унци (28.34 грамм) алт - 1185 ам.долларын ханштай байна. Олон улсын харилцааны өрнөлөөс хамаараад 2500 ам.долларт ч хүрч мэднэ гэсэн таамаглалыг шинжээчид дэвшүүлж байгаа юм. Алтны үнэ ханш олон улсын харилцааны эрсдэл, хямрал болоход өгсч, тайван болоход унадаг зүй тогтолтой. Экспортын гол бүтээгдэхүүний үнийн дохиолол нь бидэнд дотооддоо анхаарал, бодлого, үйл ажиллагааны чиг шугам болж өгөх учиртай.
Бидний ойрын хөршүүд бүгд сорилттой тулгарч байгааг боломж болгох тал дээр бодлого бодох хэрэгтэй. Орос эдийн засгийн хоригоос мөд гарахааргүй байгаа дээр бид нийлүүлж, зарж болох зүйлсээ тохироод, нефтийн импортын үнийг таатай нөхцөлд оруулж болно. Япон, Хятадын эдийн засаг инфляциа өсгөхийн тулд бүх боломжийг эрэлхийлж байгаатай бид яаж зохицон ажиллах вэ? Ялангуяа Японы төв банк Засгийн газрын бонд авах сонирхолтой байгааг хэрхэн боломж болгох вэ гэдгээ ч сайтар бодох цаг ирлээ.
Байгалийн баялагт тулгуурлан хөгжсөн үлгэр жишээ улсуудын туршлага маш энгийн. Баялгаа түүхийгээр гаргахаас татгалзаж, үйлдвэрлэлд төвлөрөх. Нэг салбарын хамаарлыг бууруулахын тулд мал аж ахуй, газар тариалан зэрэг эргэн нөхөгддөг баялаг бүхий салбаруудаа дэмжих. Энэ бүх боломж монголд бий. Бидэнд асар их уламжлалтай мал аж ахуй байна. Газар тариаланд хангалттай газар шороо бий. Төрийн зохицуулалт, бодлогоо зөв гаргах, хэрэгжүүлэхэд хангалттай.
Саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний бизнес эрхлэгчидтэй уулзах үедээ энэ талаар чухал санаануудыг дэвшүүлсэн. Тэрээр "хамгийн түрүүнд үйлдвэрлэгчдээ дэмжих учиртай юм байна. Үйлдвэрлэл нь босоод ирэхээр бусад салбарласан хувийн хэвшил нь дагаад босох юм байна" гээд Үйлдвэрлэлийг дэмжих хууль санаачилж байгаагаа дуулгасан. Ерөнхийлөгч "...үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого нь олон яаманд салж тарамдсан учраас манай үйлдвэрлэгчид нэг газар асуудлаа очиж шийдүүлэх боломж алга. Тиймээс улс төрчдийг дагасан, нэгдсэн бодлогогүй энэ байдлыг дагасан хандлага харагдаад байна" гэсэн онош тавьсан нь өнөөгийн нөхцлийг бодитой дүгнэсэн хэрэг байлаа. Түүний хэлсэн гол дүгнэлт нь: "манай эдийн засгийн бүтэц буруу байна. Энэ бүтэц сүүлийн 30 жилд засагдаагүй. Манай гадагш гаргадаг бүтээгдэхүүний 92 хувь нь уул уурхайн салбарынх. Наймхан хувь нь боловсруулсан, Монголд үйлдвэрлэв гэсэн бүтээгдэхүүн. Ийм улс орон, нийгэм хөгжинө, хүмүүс нь сайн сайхан амьдарна гэсэн ойлголт ерөөс байхгүй"
2015 онд монголчууд эдийн засгаа тогтоон барьж, цаашдын өсөлтийг хангахын тулд нэгдсэн ойлголт, бодлогоор дараах зүйлсийг хийхээс аргагүйд хүрч байна.
- Үргүй зардал, хөрөнгө оруулалтыг тэвчиж, богино хугацаанд валютын орлого олж ирэх үйлдвэрлэлийн салбаруудаа дэмжихэд гол анхаарлаа хандуулах. Үүний тулд Хөгжлийн банк, арилжааны банкнуудын хэрэгжүүлж ирсэн эскпортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрлэлийг санхүүжүүлэх төслүүдийг үргэлжлүүлэх, өргөтгөх, монголд үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнтэй адил барааг импортоор оруулах татварыг нэмэх протекционист бодлого хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн инноваци төслүүдийг дэмжих;
- Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах бүх боломжоо дайчлах;
- Япон зэрэг улсуудаас хүү багатай, хугацаа урттай зээл, санхүүжилт татах боломжуудыг сайтар ашиглах замаар Хөгжлийн банк болон арилжааны хөрөнгө төвлөрүүлэх, үүгээрээ богино хугацаанд ашгаа өгөх төслүүдийг шалгаруулж санхүүжүүлэх;
- Цалин нэмэх, тэтгэвэр тэтгэмж тараах шаардлага, уриалга бүхий элдэв популист улс төрийг багасгах, энэ талаар олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх, дэмжлэгийг авах ажлуудыг эрчимжүүлэх
Энэ хэдхээн зүйлийг хийж, хэрэгжүүлж чадвал хүндрэлийг зогсоож чадна. 2015 он монголчуудыг эвлэж нэгдээд хийж чадах, хүндрэлийг давах ухаалаг арга зам олж, хэрэгжүүлж чадах эсэхийг тодруулах сорилтын жил байх болно.
ичиж амьдраач ээ
Зочин