Миний зорилго их энгийн. Миний зорилго бол
Би чамд өөрт чинь байдаг Мэргэн ухаан,
Тэсвэр тэнхээ гэсэн. Агуу их хүчирхэг хоёр
зүйлийг л гарт чинь атгуулах гэсэн юм.

Батж. Батбаяр.
“Хүүдээ бичсэн захидал”

Нэг: “Хэрвээ чи бүтэн болъё гэвэл     
          Өөрийгөө хэсэг болго.” – Дао-гийн сургааль


Миний хүү. Чи сонс. Өрөөл бусдын зүрхэн тус Нандин чанарыг ухаарч тань гэдэг юм.

Юу гэсэн үг вэ? гэвэл Юм бодож бай л гэсэн үг. Сайн муу. Сайхан муухай. Аль алиныг нь бод. Олон талаас нь бодож бай гэсэн үг. Олон талаас нь бодно гэдэг. Олон тийш нь чулууд гэсэн үг биш. Олон хэсэг болгоод бод. Хэрэгтэй хэрэггүйг нь ялга. Салга. Хэсэг хэсэг болгож салгаж бод. Сайн юмыг салгаж бод. Мууг ялга гэсэн үг:

Бурхан багш шавь нараа бясалгал хийлгэх гээд оршуулгын газарт явуулдаг байжээ. Шинэ ирэгсэд тэнд 3 сар болдог байлаа. Амьдрал гэж юу байдгийг тэнд тэд нар ухаарч эхэлцгээдэг аж.

Хөгшин залуу. Баян ядуу. Хэн ч ялгаагүй үнс чандруу болцгоогоод хийсэхийг тэд тэнд ажиглан сууцгаана.

Тун саяхан. Түүгээр хамар сөхөн ханхалзаж явсан нэгэн нөхөр. Бас арслан мэт аархуу нэгэн. Одоо тэд хаана байна? Үнс чандруу болсон. Орчлон ертөнцөөс ул мөр үгүй замхран арилсан. Амьдрал гэж ердөө л энэ гэдгийг. Ингэж тэд ухаарч эхэлдэг байсан аж.

Тэгэхээр Миний хүү чи сонс!

Юм гэж ийм л байдаг. Орчлонд хүн юутай анх ирсэн. Түүнтэйгээ хамт буцдаг. Хорвоо ертөнцөөс чи юу ч авч явж чадахгүй. Дарга болсон. Мөнгө олсон. Хамаагүй. Аваад буцаж чи чадахгүй. Хэзээ энд ирсэн. Хаанаас чи ирсэн. Тэр хамаагүй. Хэдийд буцах. Хаашаа явахыг чинь. Хэн ч чамд хэлж өгч чадахгүй. Өглөө юу? Орой юу? Бүү мэд. Нэг л өдөр чи эндээс буцна.

Тийм учраас. Миний хүү. Чи ухаан мөхөс, сэтгэл дорой бүү амьдар. Өлсөж байгаа. Өвдөж байгаа. Үхэж байгаа амьдралыг ойлгож хар. Нүдээ нээ. Чихээ онгойлго.

“Би хэн бэ?” гэж Чи өөрөөсөө асуу. Өөрийгөө чи мэдэхгүй бол. Өрөөл бусдыг таньж чадахгүй. Өөрөөр хэлбэл. Өрөөл бусдын зүрхэн тус Нандин чанарыг ялгаж ухаарч чи чадахгүй.

Тийм учраас. Миний хүү. Чамд олон муу юм хэрэггүй. Бардам их сэтгэл хэрэггүй. Би-гийн үзэл хэрэггүй. Хоосон хий дэмий муу санаа бас хэрэггүй. Уур омог. Харамч хомхой сэтгэл. Уйтгар гуниг аль нь ч хэрэггүй. Тийм юм байвал сал. Үтэр түргэн сал. Хол бай.

Тийм учраас. Миний хүү. Хэрвээ чамд бохир халтар сэтгэл байвал угаа. Цэвэрлэ. Тархи толгой. Сэтгэл зүрх. Бодол оюунаа цэгцэл. Сайхан юм бод. Сайн үйл хий. Сайн зүйлд тэмүүл. Улам сайжруул. Урагшаа хараад алх.

Энэ бол бүхэлээс задралд. Задралаас бүхэлд хүрэх эхний алхам. Зөв зам мөн.

Аав нь ингэж бодож байна.

Хоёр: “Хэрвээ чи бүтэн болъё гэвэл
    Өөрийгөө хэсэг болго.” - Дао-гийн сургааль


Миний хүү. Чи сонс.

Тэлсэн бол агшина. Төрсөн бол үхнэ. Томорсны дараа жижгэрдэг.

Юу гэсэн үг вэ? гэвэл Бие сэтгэлээ хуваа. Хэсэг хэсэг болгож хувааж бай гэсэн үг. Тэгээд цэвэрлэ цэгцэл гэсэн үг. Дараа нь эргээгээд цуглуул. Нэг бүтэн бүхэл болго. Нэг цэгт аваач. Хумиж бод гэсэн үг. Өөрөөр хэлбэл. Хаана чи илүү их үнэтэй гэдгээ олж тогтоо. Тэнд оч. Тэнд бай. Тэнд тогло гэсэн үг.

Хэнд чи илүү их хэрэгтэйгээ олж мэдэр. Түүнтэй танилц. Түүнд итгэ. Түүнтэйгээ нөхөрлө. Түүнтэй хамт бай гэсэн үг.

Баян ядуу. Дарга цэрэг. Хэн байх хамаагүй. Алдаа оноогоо хэсэглэж салга. Цэгнэж холбо гэсэн үг.

Миний хүү. Чи тийм орчинд. Хоосон уужим цэвэр агаар мандалд амьсгал. Өөрөөр хэлбэл. Одоо байгаа. Яг одоо байгаа тэр амьдралаа мэдэрч амьдар гэсэн үг. Хүсэж амьдар. Гоё сайхныг нь аль болох их мэдэр. Сарнай цэцэг. Солонгын долоон өнгө. Ургаж байгаа нарны туяаг анзаарч хар. Унтаж байгаа үрийнхээ зулайг үнсэж үнэрлэ. Эхийн зөөлөн бүүвэйн дууг олж сонс. Сайхныг бод. Сайн зүйлс хий. Улам бүр сайжруул. Урагшаа харж амьдар. Энэ бол Бүхэлээс задралд. Задралаас бүхэлд шилжих дараахь алхам. Зөв зам мөн.

Аав нь ингэж бодож байна.
 
Миний хүү. Чи хүнийг магтаж бай. Үе үе магт. Чи түүнийг хүчлэхгүй тэтгэж. Захирахгүй манлайлна.

Би ингэж бодож байна. Юу гэсэн үг вэ? гэвэл. Магтаал бол сэтгэл гэсэн үг. Магтаал бол ухаж ойлгох эхлэл. Магтаал бол ухамсарт хүргэх зам гэсэн үг. Магтаал бол юм мэдэхгүй сул дорой байдлаас салах боломж. Бас аливаа зовлон бэрхшээлийг даван туулах зориг тэвчээр.

Тийм учраас. Миний хүү чи магт. Бусдыг магт. Түүнд эсэргүүцэл үл илрэнэ. Тэр юунаас ч үхэлдэн үл зууралдана. Тэгэж чи өөрийгөө амьдралд бэлэн болгодог юм.

Тийм учраас. Чи магтаж бай. Өөрийгөө бус. Бусдыг магт. Магтаж чадахааргүй байвал битгий муул! Энэ бол атаархал бас хорсол. Энэ хоёроосоо түргэн сал. Зориг зүрх гаргаад сал. Бие биенээ хараад магт. Бусдыг харж магт.

Би ингэж бодож байна.

Гурав: “Хэрвээ чи бүтэн болъё гэвэл
     Өөрийгөө хэсэг болго.” – Дао-гийн сургааль


Миний хүү. Чи сонс.

Үг хүнийг босгож чадна.
Үг хүнийг үхүүлж чадна гэдэг юм.

Юу гэсэн үг вэ? гэвэл. Үгийг бодож хэл. Үгийг онож хэрэглэ гэсэн үг. Үгийг Зөв талаас нь зөөлөн хэл. Буруутгаж битгий их зэмлэ. Зөв үйлдэл хий гэсэн үг.

Хэлэх үгээ нам дуугаар Зөв талаас нь харж хэл гэсэн үг. Хэзээ ярих. Хэзээ чимээгүй болохоо мэддэг бол. Уян хатан. Ухаалаг мэдрэмжтэй бай гэсэн үг. Тайван хэл. Төвлөрч ярь. Үгэнд сэтгэлээ шингээ. Үгийг ийм өнгө аястай хэрэглэ гэсэн үг.

Миний хүү. Чи сонс.

Хэлсэн ярьсан үгээ дахин хэзээ ч бүү бод. Тэгж өөрийгөө бүү зовоо. Хэлээд яриад өнгөрсөн бол гүйцээ. Хая. Дараагийнхаа бод.

Үг хэлж хүнийг өөртөө татах авьяас гэдэг агуу. Тэр авьяас хүнтэй хамт төрдөггүй. Түүнийг хүн өөртөө. Хөдөлмөрлөж тэмцэж. Чармайн зүтгэж олж авдаг юм.

Би ингэж бодож байна.
 
Миний хүү.

Муу хүнээс хол яв. Муу үг. Муу үйлээс сэрэмжилж бай.

Юу гэсэн үг вэ? гэвэл. Муу хүний муухай үг, хараал зүхэлийг битгий тоо гэсэн үг. Битгий хүлээж ав. Хүлээж авахгүй бол. Түүнд өөрт нь буцаад очдог юм гэсэн үг. Сайн хүний сайн үг. Сайхан үйлийг өөртөө шингээж ав гэсэн үг.

Аливаа сайн муу. Сайхан муухай. Аль алинд нь хатуу ширүүн бүү ханд. Буруутгаж битгий ханд. Буулт хийхэд бэлэн бай гэсэн үг. Дуугүй суу. Доошоо хар. Ядуу дорой харагд гэсэн үг биш. Зөв үйлдэл хий. Зөв талд нь зогс гэсэн үг. Уян хатан. Зөөлөн бай. Зөөлөн уян байна гэдэг сул дорой чанар биш. Амьдын шинж. Амьд юмс зөөлөн бас уян байдаг. Үхсэн юм хатуу хөшүүн. Ширүүн бас хэврэг байдаг. Тийм учраас. Хатуу ширүүн байна гэдэг. Үхэл мөхөлийн шинж. Уян хатан зөөлөн байх бол. Амьд амьдралын шинж.

Тийм учраас. Уян хатан бай. Зөөлөн ханд. Энэ бол бүтэнгээс задралд. Задралаас бүтэнд очих сүүлчийн алхам. Зөв зам мөн.

Би ингэж бодож байна.

Чи юу гэж бодож байна?

2015.02.19 (Шинийн нэгэнд)