-2015 оны суудлын зурхай-

Монголын фельетончдын холбооноос Хонин жилийн хошин зурхайг суудлынх нь байдлаар тооцоолон гаргалаа.   Од эрхисийн байрлалыг Сайханбилигийн засгийн газрын инфляцийн хуваарьт тохируулан тооцооллоо. Улс орны “шороон эдийн засаг”-ийн зургийг үзвэл шороон дээр хэвтсэн байдалтай үзэгдэнэ. Гэтэл “согтуурагч” хэмээх хонин жилийн “шороон улс төр” нь  согтуурагч гэхэд хэтэрхий босоо, хэвтэх байтугаа хазайх шинжгүй гозолзоно. Үхэр хариулаач нь Япон руу айл хэсэхээр одсон тул эзгүй аж.

Энэ бүхнийг үзвэл дээдэс буюу өвгөдөд маш инээдтэй, дундчуул буюу залууст улам хөгжилтэй, доодос буюу нялхаст бөөн наргиантай, элэг хөшөөм  жил гарах бололтой.  Цаг, агаарын зурхай нь УЦУХ-ын прогнозтой  мөргөх ба хааяа нэг хий мөргөнө. Тариа таривал ургах ба тарихгүй бол ерөөсөө ургахгүй аж. Харин тариаланчид аль ч тохиолдолд мөнгөө авах юм байна. Суудлын зурхай зөвхөн эрчүүдэд хамаатай болохыг анхаарна уу! (Гэр бүлтэй эмэгтэйчүүд нөхрийнхээ өвөр дээр суусан байна. Хадамд гараагүй охид болохлоор эцэг, эхийн зурхайд хамаарна)


Хулгана жилтнүүд. (суудал давхардсан тул зохион байгуулагчтай холбоо барина уу. Хэл ам гаргахгүй зохицоно гэвэл ирэх жил лоожинд суудал өгч болно)

Үхэр жилтнүүд. Энэ жил танд суудал олдоогүй тул зогсох л болж дээ. Гомдоллох хэрэггүй. Хөлөө дагаад хиймор лундаа  бас бус юмс босоо оршино гэдгийг ч зурхай хэлж байна.

Бар жилтнүүд. Таны суудал партерт таарсан байна.

Туулай жилтнүүд. Танд дуулгах нэг баярт мэдээ, хоёрын зэрэг “гэвч”,  хэд хэдэн сайхан гарц байна. Баяртай мэдээ нь таны суудал лоожинд таарчээ. Гэвч чонотой суудал давхцсан тул дараагийн суудал руу явах боломжтой. Гэвч дараагийн суудал дээр нь гичий чоно байна. Иймээс засал хэрэгтэй. Чоно оо засах уу, өөрийгээ засах уу, гэсэн хоёр сонголт байна. Чоныг засч гэмээнэ гичийнд нь бариулах, өөрийгээ засвал авгайдаа “бариулах” гэсэн хоёр үр дүн байна. Хойтонгийн зурхайд таны суудал зурагдсан хэвээр байгаа нь юм нэгээр дуусахгүй гэдгийг өгүүлэх мэт.

Луу жилтнүүд. Таны суудал Бельэтажинд байна. Тэндээ байх нь ч дээр бололтой.

Могой жилтнүүд. Та энэ жил гэртээ суусан байна. (Авгайн чинь хийсэн ажил шиг байна лээ, энүүхэндээ хэлэхэд)

Морь жилтнүүд. Та энэ жил...уучлаарай, хэлэх үү, яах вэ.Та чинь айлдаа суусан байх юм. Нэгэнт ороод суучихснаас хойш яах гэхэв дээ. Энүүхэндээ хэлэхэд, харьсан нь ч дээр байж магадгүй.

Хонь жилтнүүд. Хадмындаа суусан байна. “Найман хувь”-ийн зээл хөөцөлдөхгүй бол  хойтон ч бас наанаа сууна гэдгийг од эрхисийн байрлал хэлж байна.

Бич жилтнүүд. Хэ хэ, троллейбусанд суусан амьтныг чинь юу ч гэмээр юм бэ дээ. Суух ч гэж дээ, троллейбусны эврээс зүүгдээстэй байдлаар зурагдсан байх юм. Сайн нь гэвэл, наанаасаа унахгүй юм байна аа.

Тахиа жилтнүүд. Тахиа жилтнүүд энэ жил өндөгөн дээрээ суужээ. Ямар ч учиртай юм бэ, бүү мэд!

Нохой жилтнүүд. Танд хоёр суудал таарсан байна.(нэгийг нь зарахгүй биз)

Гахай жилтнүүд. Суудал захиалсан юм уу...хөөе! Жилийн жилд л ингэж ажил уддагаа боливол таарна...Тэрийгээ мэдэхгүй бөөн хэл ам.  Яршиг, шатан дээр суугаарай...он дуусахаас өмнө босно шүү, амьтны замд тээглэж, түвэг удаад байгуузай....