Аминдаа арчаатай бай
Эрхэм залуус аа! Аминдаа арчаатай, араа даах чадалтай, холыг зорьсон хүсэл мөрөөдөлтэй, хожмын гэмшилгүй амьдарцгаа. Хээр хөдөө хаягдаж, зэвэрч зэвхийрсэн төмрийн хаягдал мэт үнэ цэнэгүй амьдрал, өнө удаан дуурсагдан, алдар суугаа дуудуулах утга төгөлдөр замнал аль аль нь гагцхүү идэр залуу насны итгэл зүтгэл, хичээл чармайлтаас шууд хамааралтай нь маргахын аргагүй үнэн.
Эрхэм залуус аа! Аминдаа арчаатай, араа даах чадалтай, холыг зорьсон хүсэл мөрөөдөлтэй, хожмын гэмшилгүй амьдарцгаа. Хээр хөдөө хаягдаж, зэвэрч зэвхийрсэн төмрийн хаягдал мэт үнэ цэнэгүй амьдрал, өнө удаан дуурсагдан, алдар суугаа дуудуулах утга төгөлдөр замнал аль аль нь гагцхүү идэр залуу насны итгэл зүтгэл, хичээл чармайлтаас шууд хамааралтай нь маргахын аргагүй үнэн. Сурч мэдсэн, хийсэн бүтээсэн юмгүй хий хоосон өнгөрөөсөн залуу насны хоног болгон хэзээ хойно хэрэг болох үнэт зүйлийг хогийн тантан руу чулуудахтай адил. Энэхэн залуу насандаа даан ч ажиггүй өнгөрөөсөн өдөр хоногууд эргэж харалгүй, эргэж ирэлгүй холдон одоцгооно. Номын санд сууж ном уншиж өнгөрөөсөн өдөр хоногууд хэтдээ баялгийн хур буух адил үр шимээ өгч, буянтай үр дүнд хөтөлнө. Зугаа цэнгээний газраар дэмий сэлгүүцэн өнгөрөөсөн он жилүүд элсэн цөлд үр цацан орхиж, хэтдээ ургац хураахыг хүлээхтэй адил, зүйрлэвэл зэрэглээ мэт хий хоосон. Сурч мэдэх, боловсорч гэгээрэх омголон залуу насны он жилүүдийг хий дэмий нөхцөөн өнгөрөөвөл урсаад өнгөрсөн голын усыг буцаан урсгаж болохгүйн адил улирч өнгөрсөн залуу насыг буцаан авчирч болох биш, амаа барин халаглан харамсахаас цаашгүй.
Хүүхэд залуус бүгдээрээ хүрч очих том мөрөөдөлтэй амьдрах ёстой. Аминдаа арчаатай хүн амжиж хэрэгжүүлэх мөрөөдлийн эзэд байдаг. Жижиг мөрөөдлөөр том үйлсийг бүтээхгүй. Хүрч эс чадаад гонсойх том мөрөөдөл хүрчихээд бардамнах жижиг мөрөөдлөөс хавьгүй дээр. Том мөрөөдөлд хүрэхэд хол, үүрэхэд хүнд, давахад амаргүй даваа мэт санагдаж магад. Хол гэж бүү цөхөр, зүтгэвэл хүрнэ, хүнд гэж бүү цөхөр хийчээвэл даана. Хоосон мөрөөдөлдөө автаж, гар хумхин, гэдсээ илэн хэвтэх аваас ичмээр хөөрхийлөлтэй. “Хоосон мөрөөдлөөр амьдрагч нар дэлхийгээр дүүрэн байна. Тэдний нэг болохыг хүсэхгүй байгаа биз дээ. Хэрэв хоосон мөрөөдлөөр бизнес хийдэг байсан бол хүн бүр тэрбумтан болчихсон байх шүү дээ” гэж тэрбумтан Жорж Сорос анхааруулжээ. Мөрөөдлөө хэрэгжүүлэхийн төлөө чиглэсэн зорилготой, тууштай тэмүүлэн, хичээн зүтгэх хэрэгтэй. Аахар шаахар жижиг юмс, шал дэмий зүйлээр хөөцөлдөж хайран цагаа үрэлгүй, гол чухал гэсэн ажилдаа нухацтай хандан туйлбартай зүтгэвэл амжилтын хөвөрхий уяаны үзүүрээс атгаж авлаа гэсэн үг. Аахар шаахар жижиг юмс, шал дэмий зүйлсийг чухалчлаад байвал чухал үйл хэрэгт хөнгөн хуумгай ханддаг болчихож мэднэ. “Жинхэнэ ёсоор ямар нэг зорилго өөд тууштай тэмүүлэх нь түүнд хүрэх амжилтын хагас нь болдог” гэдгийг санаж ажилла.
Аз жаргалтай, элбэг хангалуун амьдрахын тулд хулгай дээрэм хийж, хууль зөрчиж болохгүйтэй адил зорилгоо буруу арга хэрэгслээр биелүүлэхийг санаархаж хэрхэвч болохгүй. Худал хэлэх, хуурч мэхлэх, хов хутгаж яс хаях, өөрийн бус зүйлд шунахайран шүлэнгэтэж, хууль бусаар өөрийн болгох зэрэг буруу замаар зорилгодоо хүрэхээр нэр нүүргүй улайран зүтгэх нь ёс бус үйлдэл, бузар муухай хэрэг. Зөв замаар зорилгодоо хүр. Зөв явбал зөрөг ч нарийдахгүй. Мөрөөдлөө хэрэгжүүлж, зорилгодоо хүрэхэд өөдрөг сэтгэл, янз бүрийн байдалд дасан зохицох чадвар, итгэл төгс байдал ус агаар мэт чухал. Өөдрөг санаа бодол, янз бүрийн байдалд дасан зохицох чадвар хүнийг ялалт амжилт өөд улам бүр ахиулж, итгэл төгс байдал нь итгэл найдварын галыг нь бадраан, урамшуулан зоригжуулж, урагш хөтөлнө. Амжилт хаа нэгтэйгээс, хэн нэгнээс бэлэн зэлнээр бэлэг болон ирэхгүй. Эхэлсэн ажлаа дуусгалгүй, эргэж буцдаг шийдмэг бус хүмүүс амжилтын эзэн байх тавилангүй. “Нэг ч болов аугаа их үйл хэргийг бэлэн амжилт өөд тэмүүлэгч, шийдвэртэй бус хүмүүс бүтээж байгаагүй”.
Эрхэлж байгаа ажил, хийж байгаа юм бүхэндээ туйлын арчаатай ханд. Хийсэн болгон нь дутуу түүхий, хавьтсан болгон нь хазгай муруй, гүйцээсэн бүгд нь чанар чансаагүй дэндүү арчаагүй хүнд ажил хариуцуулах үнэхээр зовлонтой. Арчаа муутын юм бүгд нь ундуй сундуй, эмх журамгүй, цэгц замбараагүй, зохион байгуулалтгүй, хайш яйш. Эрхэлсэн ажилдаа эзэн болдог, за гэвэл ёогүй, хийсэн бүтээсэн нь өөлөх юмгүй сайн, хариуцлага өндөртэй хүн нэн урамтай. Арчаатай хүн арга чадвартай, юм бүгд нь эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр, зохион байгуулалттай, дэглэм журамтай.
Бүх чадлаараа мэрийн хөдөлмөрлө. Махран хөдөлмөрлөснийхөө үр шимийг дуслуулсан хөлснийхөө хэмжээгээр хангалттай хүртэх болно. Эдүүгээ цагийн суут хүмүүсийн нэг Стив Жобс “Бид асар их хөдөлмөрлөснийхөө үр дүнд гражид эхлүүлсэн хоёр хүний компани маань арван жилийн дотор хоёр тэрбум долларын үнэ бүхий дөрвөн мянган ажилчинтай том компани болтлоо өргөжиж чадсан юм” хэмээн бахархалтайгаар өгүүлжээ.
Биендээ арчаатай байцгаа. Арчаатай хүмүүс эрүүл мэнддээ үргэлж санаа тавина. Жаргалыг хүсвэл эрүүлийг хүс, эрүүл мэнд эд баялгаас үнэтэй гэдгийг тэд хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэднэ. Өвдөж зовсон хойноо гэнэт сэрсэн мэт эрүүл мэнддээ санаа тавихаас эрүүл байхдаа эрүүл мэнддээ илүү анхаарал тавь. Бие эрүүл, сэтгэл санаа тайван хүн л бүтээмж өндөртэй, үр бүтээл ихтэй байх нь тодорхой. Өвчин тоо томшгүй олон, эрүүл мэнд ганц. Өвдөх өвчингүй эрүүл саруул яваа хүн аминдаа дээд зэргийн арчаатайд тооцогдоно. Сайн нойр, байнгын хөдөлгөөн, сэтгэл санааны тайван байдал, илүү ч үгүй, дутуу ч үгүй таарсан зөв хооллолт энэ дөрөв эрүүл мэндийн хаан сэнтийн чинь дөрвөн хөл гэж ойлгоорой. Аль нэг хөл нь доголдож эхэлбэл эрүүл мэндийн хаан сэнтий чинь догонцож эхэлнэ. Биендээ арчаатай хүн аадар бороонд норохгүй, аагим халуунд наршихгүй, тэсгэм хүйтэнд жиндэхгүй, хоол ховор газар өлсөхгүй өөрийгөө аваад явчих ухаантай байдаг билээ. Арчаатай хүмүүс тулгамдсан юман дээр сийрэг ухаантай байж, тулгарсан бэрхшээлийг туулан давах чадвартай. Тэд бусдын хэлж буй үг, хийж буй үйлдлийг соргог харж, сэргэг тусгах мэдрэмжтэй, овсгоо самбаатай овжин сүйхээтэй, сэргэлэн бөгөөд хийморьтой. Хийморьтой явахад хөлд алт тээглэнэ гэх үг ч бий. Арчаа муут амжилтын хаалганы гадна ангайн зогсч байхад арчаатай хүн алс хол явж, амжилт алдарын эзэн болсон байдаг. Би угаасаа арчаагүй төрчихсөн амьтан гэж өөрийгөө доош хийх шаардлагагүй. Арчаагүй төрдөггүй, арчаагүй төлөвшдөг юм. Нүдгүй шоргоолж хүртэл нүхээ олоод оччихдог байхад эрхтэн бүтэн, эрүүл саруул хүн замаа олоод зөв явчихаж чадахгүй байгаад харамсахаас өөр яах ч билээ. Ухаан мэдрэл эрүүл хүн бүгд арчаатай байх боломжтой. Арчаагүй хүмүүс хувь заяандаа гомдон, өөрийгөө биш, заяа тавилангаа, тэр ч бүү хэл тэнгэр бурханыг, өөрөөсөө бусад бүхнийг буруутгаж суудаг. Үнэн хэрэгтээ заяа тавилан буруугүй, хувь заяагаа төөрүүлсэн өөрөө л буруутай юм. Сэтгэл зүрхнээсээ хичээн зүтгэвэл арчаагүйгээрээ цоллуулж яваа хэн боловч амжилт бүтээлийн эзэн болох зам нь үргэлж нээлттэй. Дунд сургуульд дулимагхан сурч, арчаагүйгээрээ дуудуулан чичлүүлж явсан олон хүүхэд уйгагүй хичээн зүтгэж, өөрийгөө боловсруулан урагшилсаар хожим нь суутнуудын эрэмбэнд заларч, алдар юугаа мандуулсан жишээ хүн төрөлхтний түүхэнд олон бий.
Арчаатай хүмүүс ажилчин зөгий мэт ажилсаг, бахадмаар урамтай. Арчаагүй хүн ёс юм шиг залхуу, гомдмоор урамгүй. Ажилсаг хүмүүс арга эвийг олдог, залхуу хүмүүс аян шалтаг тоочдог. “Ажиллах, ажиллах, байнга ажиллах хэрэгтэй. Эс тэгвээс амьдаараа хөгцрөх болно.” Арчаатай хүмүүс зоригтой, сэтгэлийн хаттай, тэсвэр тэвчээртэй. Бэрхшээлээс бэргэн зүрхшээх биш, зориглон зүтгэж зорьсондоо хүрдэг нь арчаатай хүмүүсийн араншин.
Хүний амьдралд тархин дундуур лантуугаар дэлсээд авах мэт хүнд үе тохиож болно. Энэ үед тэсвэр тэвчээртэй, уужим бодолтой, сэргэг ухаантай байж, хөл дээрээ бат зогсох чадвартай байх хэрэгтэй. Нэгэн эрдэмтэн хэдэн жилийн турш уйгагүй мачийн зүтгэж байж судалгааныхаа чиглэлээр олон зуун эскиз зургийг хийжээ. Хэсэг хугацаанд өөр тийш явж ажиллах болсон тул судалгааны амь шигээ хайртай зурагнуудаа бүгдийг нямбай гэгч нь хайрцаганд савлаж, найзындаа хадгалуулав. Маш чухал зурагнууд тул өчүүхэн ч сэв суулгалгүй хадгалахыг хүсэв. Хэдэн сарын дараа эргэн ирж, зурагнуудаа авахаар очлоо. Хайрцагны тагийг нээтэл хоёр хулгана гэртээ байгаа мэт тухлаж, бүр үр зулзагаа төрүүлчихсэн байжээ. Үнэт эрдэнэ мэт зурагнууд нь хигдэс болсон байхыг хараад ухаан алдав. Сэхээ орсны дараа цаглашгүй хүнд байсан ч тэвчээр заан хөл дээрээ босч, дахин гайхалтай эрч хүчээр эскизээ хийж эхлэн, хигдэс болсон зургаа түрүүчийнхээсээ сайжруулан зурж чадсан сэтгэлийн хаттай, эрч хүч, тэсвэр тэвчээртэй эрдэмтний бодит түүх бий. Ухаантай, арчаатай байвал хичнээн хүнд байдлаас ч гарах гарц заавал олдодгийг санаж яваарай. Аминдаа арчаатай хүнийг тэнгэр бурхан тэтгэн тусалж байдаг юм.