“Марко Поло” олон ангит кино Холливудад бүтээгдлээ. Манай улсын хувьд асар том сурталчилгаа. Манайхан гаажтайгаараа хэдүйн нүүрний хэдэн ангийг нь татаж аваад үзэж байна /times.mn/mpost/37245/ гэх мэт хаягаар. Чингэсээс эхтэй Монголын эзэнт гүрний үйл явдлыг харуулсан түүхэн кино дэлхийд цөөнгүй бий. Тэдэн дотроос их түүхийг минь үнэний хувьтай, эерэгээр нь, судалгаа сайтай хийсэн кино “Марко Поло” боллоо хэмээн манайхан үзэж байгаа бололтой. Гэхдээ энд киноны шүүмж, түүхийн задлан шинжилгээг хийх гэсэнгүй. Өнөө цагт дэлхийд Монголыг дэндүү сайн сурталчлах хэрэгсэл, хамгийн хүртээмжтэй пиар бол их түүхээр минь хийсэн Холливудын кино, цаашид хийх шинэ кинонууд байж болох юм гэсэн санаа.



Монголчуудын түүх гэхээр юу өмссөн нь мэдэгдэхгүй, хэдэн сэгсийсэн хар юм, эсгий гэр төдийхнийг харуулдаг бусад орны кинонуудтай харьцуулбал энэ кино монголчуудыг зөв, өнгөлөг харагдуулж эхэллээ. Үүний өмнө Казахстаны хийсэн Чингэс хааны тухай кино бол хэрэг дээрээ биднийг доромжилсон юм. Тэр кинонд манай жүжигчид шуугилдаж очин тоглоцгоосон. Ингэснээрээ өөрөө өөрсдийгөө доромжилцгоосон. Одоо олон улсад гарч буй өөрсдийнхөө түүхийг харуулсан кинонд манай жүжигчид бодлоготой тоглож, оролцож болдгийг жүжигчин Б.Амарсайхан ха­рууллаа. Аригбөхийн дүрийг харж байхад Б.Амарсайханы өөрийнхөөрөө мэдэрч хий­сэн жижиг дэглэлтүүд ур чадвар өндөртэйг нь харууллаа. Б.Амарсайхан бол аргил сөөнгө хоолойтой, онигор хэрнээ хурц шийдмэг нүдтэй, дөрвөн мөч тэнцүү, хувь хүн талаасаа өөрийгөө чамлахааргүй боловсруулсан нь киноны англи үг хэллэгээс нь харагдана. Ийм хэмжээнд оччихсон Монголын жүжигчдэд дэлхийн дэвжээ ойрхон байна. Б.Амарсайхан шиг жүжигчдээ өөд нь татаж, төрөөс бодлогоор дэмжиж чадвал Холливудад хэдэн монгол жүжигчинтэй болоход ойрхон байна. Тэрнээс Монголд хэзээ ч байгаагүй мафиг харуулж, Монголын нийгэмд үйлдэгдэх боломжгүй гэмт хэрэг, алаан хядааныг дүрсэлсэн кино хийн өдөр хоногоо өнгөрөөж болохгүй. Кинонд мөнгө зарж байгаа бол их түүхээ харуулсан киног их бага хэмжээгээр хийж олон улсад гарга. Ингэж байж л дэлхийд өөрсдийгөө сурталчилна, олон улсын зах зээлд гарна. Тэрнээс дэлхийд 10 сая хүн үздэггүй спортын төрөлд хичнээн олимпийн аваргатай байгаад яах юм. Миссийн тэмцээнд нэг монгол охин оролцоо л биз, хэн тоох юм. Европт хичнээн их зардлаар улсаа сурталчлах өдөрлөг зохиогоод үр дүн нь юу байгаа юм. Бид ер нь хөгийн зүйлээр эх орноо олон улсад сурталчилж байна гэж өөрсдийгөө хуурдаг. Их газрын гүн дэх хэн ч мэдэхгүй бөглүү Монгол хэвээрээ л байгаа шүү дээ.

Биднийг ингэж түжигнэлдэж байх зуурт хэдэн зууны өмнө Марко Пологийн бичсэн “Орчлонгийн элдэв сонин” ном нь өнөөдөр Монголыг дэлхийд хамгийн түгээмэл сурталчлах бүтээгдэхүүн болсон хэвээр байна. Энэ номноос сэдэвлэсэн кино дэлхийд биднийг дахин таниулах нь. Монголчуудын ялгуусан түүхтэй маргалдах хүн энэ замбуулингийн олон тэрбум хүн дотор байхгүй. Хүссэн хүсээгүй тэд Чингэс хааныг толгой дохин хүлээн зөвшөөрнө. Тэр ялгуусан их түүхээ бид өнөөдөр мөнгө болгомоор байна. Марко Поло бол дэлхийд алдаршсан аялагч. Тэрбээр Хубилай хааны дэргэд 17 жил сууж нутагтаа очоод Монголын эзэнт гүрнийг танилцуулахад дэлхий байтугай Венец ч хүлээн зөвшөөрөхгүй түүнийг худлаа цуурлаа хэмээн шоронд хийж байсан гэдэг. Шоронд байхад нь хамгийн ойр дотнынх нь хүмүүс хүртэл түүнд “Өнөөдрийн дэлхийд тийм том эзэнт гүрэн байхгүй. Худлаа ярьснаа хүлээн зөвшөөрчих” хэмээн ятгаж байсан гэдэг. Яагаад гэвэл торгоны замыг дагасан тийм их нутаг дэвсгэр, тийм олон улс орныг нэг хаан захиран сууж байна гэхээр хүний ой тойнд багтахгүй байсан юм. Үндсэндээ Чингэс хаан хийгээд түүний үр хойчууд тэр үедээ нээгдээгүй Америк, Австрали тивийг эс тооцвол энэ дэлхийн нийт хуурай газрын 70 хувьд нөлөөгөө тогтоосон байсан юм. Ийм гайхамшигтай том эзэнт гүрэнд Марко Поло амьдарч, аялж, үзэж харсан бүхнээ баримт болгон бичиж үлдээсэн нь Монголын түүхийг өнөөдөр давж гарах түүхтэй улс байхгүй болоход хүргэж байна. Мэдээж Монголын ялгуулсан их түүхтэй зэрэгцэх агуу Ромын түүх гэж бий. Өөрөөр манайхтай зэрэгцэх түүхтэй улс гүрэн энэ замбуулингийн 200 гаруй улс оронд одоохондоо алга.  

Ингэж бид их үг дуугарах ёстойг “Марко Поло” кино өдөөж байгаа юм. Тус киноны эхэнд Аригбөх, Хубилайд хэлж байна, “Бидний өвөг дээдэс, их эзэн Чингэс хааны маань төрөлх нутаг Хархорум сайхан байна... харин таны амьдран суугаа энэхүү газар орон монголоо алдаж их харийнжсан байна” хэмээн үг өдөн уулзаж буй хэсэг байна. Махчлан орчуулахад л ингэж ойлгож байгаа юм шүү, тэрнээс мэргэжлийн орчуулгаараа бол арай өөрөөр хэлэгдэх байх. Эндээс энэ хоёр их хүний харгалдааныг харж болно. Энэ бол үнэн түүх. Яг ингэж л Чингэсийн үр хойчис, алтан ургийнхны дунд үзэл санааны том зөрөлдөөн бий болж бага хаадын үед авчирсан юм. Тэрнээс Мөнх, Гүюгээс эхлээд алтан ургийн бүх хаад хэдүйн дэлхийн хэм­жээний удирдагчид бол­чих­сон, дэлхийн бодлогыг тодорхойлогч өндөр боловс­ролтой хүмүүс болчихсон байсан юм. Түүхийн эх сурвал­жуудад Мөнх хааныг бичихдээ, дөрвөн зүгийн улстай дөрвөн хэлээр нь чөлөөтэй ярилцдаг байсан тухай тэмдэглэсэн байдаг. Өнөөдрийн ойлголтоор бол бүх орны хэлээр Монголын хаад ярьдаг, бичдэг байсан гэсэн үг.

Бидний ийм гэгээн, хүчирхэг түү­хийг зарим нь яаж харлуулж ирэв. Зарим улс орнууд өөрс­дийнхөө түүхийг хэрхэн хуурамчаар бүтээж байна. Япон, Солонгос, Америк... олон орны түүх Монголын түүхийн дэргэд өрөвдмөөр. Хэдүй тийм ч тэд чадаж бай­на. Хуурамч түүхээрээ бүтээсэн кинонууддаа тэд тоглож Холливудад гарсаар, тодорсоор, улс орныхоо нэ­рийг цуурайтуулсаар байна. Гэтэл дэлхийн түүхийг бү­тээсэн Монголчууд бид тэгж чадахгүй явна. Чингэсийн үр хойчууд 27 ханлигт хуваагдан тарсан сөөвгөрүүдийг хурааж нэгтгэснээр Орос орныг бий болгосон. Хятад хэдэн зуун мужид хуваагдсаныг монголчууд хэрхэн нэгтгэж Бээжинг нийслэлээр зарлаж монгол хөвгүүн хаан сууж байв. Энэ түүхийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Ийм гайхамшигтай түүхээ бид өнөөдөр сүр жавхлантайгаар гаргаж ирье. Гаргаж ирэхдээ дэлхийг байлдан дагуулж буй кино ертөнцөөр дамжуулж тунхаглая. Монголын кино урлагийн салбарт ажилладаг найруулагчид, зохиолчид, жүжигчид, зураглаач, ивээн тэтгэгчид бүгд хичээцгээе, төр засаг мөнгө гаргах цаг болжээ. Бид их түүхээ сайныг нь сайнаар, мууг нь муугаар нь гаргая. Монголчууд мөнгө хөрөнгөгүйдээ их түүхээ бусдад алдаж болохгүй. Ялгуусан их түүхтэй Монгол түмний үр сад бид энэ цаг үед их түүхээ харуулсан кино хийж монголоо дэлхийд таниулъя. Чадаж гэмээнэ санаанд оромгүй үр дүн бидэнд ирнэ. Сүр жавхлант их түүхтэй Монгол Улс руу эдийн засаг, улс төрийн эерэг хандлага бий болно. Хөрөнгө оруулалт гэдэг нь дан ганц эдийн засаг, улс төрийн аргаар хийгддэг ч юм биш. “Марко Поло” киноны зураг авалтын зарим хэсгийг яагаад Монголд авч болоогүй гэж. Манайд мэдээж хандсан байгаа шүү дээ. Нэг хурган дарга нь хүнд суртал гаргасан байж таарна. Ерэн оны дундуур Холливудын жүжигчин Жулия Робертс нэг намар Монголд ирж мянгат малчин Хэнмэдэх гуайнд 14 хоног баримтат киноны зураг авч түүнийгээ дэлхийд цацахад 300 сая хүн үзсэн гэх статистик гарч байсан. Баримтат кино шүү дээ. Түүн шиг их түүхээрээ уран сайхны кино хийж Холливудын алдартай 10 жүжигчинг Монголд нэг сар амьдруулъя. Дэлхийн тэрбум хүн Монголыг анхаарч харна. Энэ сурталчилгаанд гарах зардал нь магадгүй манай нэг банкны ерөнхий нягтлан бодогчийн Солонгосын кази­нод алдчихаад ирсэн мөнгөн дүнд арай л хүрэхгүй байх шүү. Ингэж их түүхээ мандааж Монгол орныхоо нэр төрийг өргөе. Кино урлагаар дамжуулж ард түмнийхээ имижийг бүрдүүлье.