Гарчиг нь жаахан тиймхэн болчихлоо. Зөвлөмж гэдэг байж уу? За яахав, тэгээд ойлгочих. Тэр их чухал биш.

Танд хугацаа богинохон. Ажил их байгаа. Амжиж та юм хийх хэрэгтэй байна. Тэгэхээр Та зоригтой бай. Том юм хий. Том толгой гарга. Том компаниа дэмж. Өөр арга байхгүй. Юунаас ч битгий ай. Айхгүй хийнэ гэдэг Агуу чанар. Эхлээд та төрд биш Иргэдэд хэрэгтэй юм хий. Иргэд гэдэг чинь төр. Өөрөөр хэлбэл: Дарга биш. Ардууд мөнгө олох юмаа хийг ээ гэсэн үг. Ямар ч популизм хэрэггүй. Магтаал талархал хэрэггүй. Хэрүүл шуугиан хэрэггүй. 25 жил хийсэн. Үр дүн нь энэ. Одоо болно оо.

Би ингэж бодож байна.

Нэг:  Эхлээд та мөнгө зарах биш. Мөнгө олох юм хий. Хурдан түргэн ахиухан мөнгө олох нэг арга байна аа: Төрийн эзэмшилтэй том компани. Эрдэнэт. Оюутолгой. Эрдэнэт. Таван Толгой. Өөр юу байдаг билээ? Хувьцааг нь зар.  Нэг хэсгийг нь эхлээд зар. Үнэ хүргэж зар. Үнэ хүргэхийн тулд компаниа дэмж. Нэг хэсэгтээ тохир. Явуул. Хүнд таалагдахаар сайхан болго. Хэрүүл маргаанаа зогсоо. Тэгвэл хувьцаа үнэтэй болно. Тэгэхээр нь төрд байгаа хувьцаагаа зар. Хэнд хамаагүй мөнгөтэй хүнд зар. Дараа учир нь олдоно. Амьдрал баян. Хувьцаа худалдаж авсан гээд Тэд үүрээд хуваагаад зөөгөөд барахгүй.

Бага сага алдсан ч яадгийн! Авч чад. Өгч чад. Оруулж гаргаж бай. Тэгж өөрөө та амьсгал. Бусдад бас амьсгалах боломж олго. Эндээс та илүү түргэн мөнгө босгож чадна.

Би ингэж бодож байна.

Дараа нь үлдсэн хувьцаагаа Иргэддээ өг. Үнэгүй үнэтэй хамаагүй. Тараа. Дараа тэд зарна. Тэгэхэд хувьцааны үнэ унана. Тэр үед хэрэгтэй гэвэл буцаагаад худалдаж ав. Хэрэггүй гэвэл хая. Өгсөн үү? Өгсөн. Хувь хүртээсэн үү? Хүртээсэн. Та буруугүй. Шударга явдал. Олон юм ярьвал нь: Хэвтэж байгаа юмыг биш. Хөдлөж байгаа юмыг Хөрөнгө мөнгө гэдэг юм гэж хэл. Тэгэхдээ та нутаг орных нь ард иргэдийг илүү их харж үз. Өмнөговь. Эрдэнэт. Булган. Баянхонгор. Сэлэнгэ. Хаана их ашиг олсон. Тэнд ахиухан хувь хүртээ.

Би ингэж бодож байна.

Хоёр:  Төр эзэмшилтэй, эзэмшилгүй хамаагүй. Мөнгө босгож болох өөр ямар компани байна? Төмөр, алт, зэс, нефть, нүүрс, жогш, бордоо.

Боломжтой, боломжгүйг нь судал. Хүний амаар битгий үг хий. Зөв тогтоолго. Ашиглаж болохыг нь одоо эхлүүл. Болохгүйг нь хадгал. Судалгаа хий. Хэзээ ч хэрэггүй хүн гэж байхгүй. Түүнтэй адилхан хэзээ ч хэрэггүй юм гэж байдаггүй. Дараа хэрэг болно. Тухайлбал: Гацууртын алт. Хамгийн түргэн алт гаргана. Ашиг өгнө. Түргэн тохир. Түргэн эхлүүл. Энэ зун их алт ав. Алт гэдэг ухаад гаргаад алтан валют. Тээвэр туувар юу ч хэрэггүй. Үнэ тодорхой. Алт авах эзэн “Хэзээд бэлэн”!!! Тийм учраас алтны уурхайг дэмжих ёстой. Тэр дундаа даацтай үндсэн том хэдхэн ордоо түргэн дэмж. Явуул. Алт бол алт. Ирэх зун алт авах хэрэгтэй. Түүний тулд одоо эхлэх ёстой. Та одоо мөнгө бодох хэрэгтэй. Түүнгүй бол юу ч бүтэхгүй.

Би ингэж бодож байна.

Гурав:  Идэж уух. Өмсөх зүүх яахав ээ. Хэдэн мал байна. Болно. Дэмий юманд мөнгө битгий үр. Дэмий үг хүнээс битгий их сонс. Сонсоод өөрийнхөө бодсоноор яв. Олон толгой хэрэггүй. Олон тийш нь самрана. Ямар ч популизм, шоу-изм хэрэггүй. 25 жил бид ийм л юм хийсэн. Үр дүн нь энэ. Босож чаддаггүй. Хэвтэж чадахгүй. Монгол болцгоосон. Одоо болноо. Цөөхөн хэдэн хүнтэй тохир. Хэнтэй ярихаа өөрөө шийд. Тэгээд Та урагшаа хараад алх. “Муу амьд явахаар Сайн үх” гэдэг. Тэгж бодоод алхаад бай. Эргэж битгий хар. Урагшаа хараад алх. Алхаад бай. Чи чадна. Чамайг хүмүүс харж байгаа. Хүлээж байгаа. Чадах ёстой юм.
Би ингэж бодож байна.

Батжаргалын Батбаяр
2014.12.03