УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, Ардчилсан намаас Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэдгээ илэрхийлэв. Ердөө энэ үгийг хэлэхийн тулд намын удирдах зөвлөлөө хүртэл хуралдуулж, бүхэл бүтэн гурван өдрийг авсан гэдгийг энд хэлээд ч яахав. Нэг ёсондоо МАН-ын гишүүд Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж байсан үетэй нь харьцуулахад эдийн засгийн хүндрэл, улс орны эрх ашиг энэ тэр гэсэн “аахар шаахар” зүйлд санаа зовохоо больсон бололтой. Угаасаа муу байх тусмаа л сайн л даа, тэдний хувьд.

Харин хөөрхий жирийн ард л “толгойгүй” болсон засагтаа санаа зовохын зэрэгцээ шинэ нэр дэвшигчийг “сайхан муухай, өндөр нам, өргөн нарийн”-аас нь авахуулаад “уул шугамандаа энэ хүн Ерөнхий сайд байх хэмжээний даацтай хүн мөн үү, бишүү”-д нь хүртэл үнэлж цэгнэж, жинлэж үзлээ. Р.Амаржаргал нь арай дээр байсан юм биш үү ч гэх шиг. Яваагүй зам болгон сайхан гэдэг хойно арга ч үгүй биз. Энэ бол бидний мэддэг, ярьдаг улс төр. Харин жинхэнэ улс төр дотор бол огт өөр үйл явдал өрнөж байгааг хүн бүр харж чадахгүй, харах ч албагүй. Угаасаа харагдах байдал чухал болохоос мөн чанар чухал биш гэдэг аксиом манай улстөрчдөд үйлчлэх болсоор удаж байгаа.

Гэсэн хэрнээ хараажаар нүдний өмнө ил өрнөөд байгаа үйл явцыг үл хараач, үл мэдээч болон нүдээ аниад өнгөрөх ч гэсэн шударга бус хэрэг гэж би хувьдаа мунхаглах. Тиймээс болж буй үйл явдлын зургийг бүхэлд нь харах гээд үзье л дээ.

Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулах санаачилгыг МАН-ын бүлэг гаргасан. Ингэхдээ тэд “Тэгж ярьвал Ардчилсан намын 10 гишүүн гарын үсэг зурсан шүү” хэмээн энэ удаад их хорсолтойгоор инээмсэглэж байсныг уншигчид санаж байгаа байх. Энд гарын үсэг зурсан, зуруулсан нөхдүүдийн яриад байсан шиг нэг их “улс орны эрх ашиг” энэ тэр бодоод өмрөөд байсан юм байхгүй л дээ. Ердөө УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёрын хооронд явсан нэг талын тохироо. Өөрөөр наймаалцах ч гэж хэлдэг. Н.Алтанхуягийг огцруулчихвал З.Энхболд АН-ын дарга, Ерөнхий сайд болж, харин МАН /тодруулбал М.Энхболд/ УИХ-ын даргын суудлыг аваад, үүгээрээ дамжуулж үлдсэн хоёр жилд Засгийн газрын чинь тогтвортой байдлыг хангаж өгье гэсэн тийм л тохироо хийсэн аж. Хоёр Энхболдыг холбож өгсөн гүүр нь Х.Баттулга гэж байгаа.

Энэ тохиролцоо үр дүнгээ өгч УИХ Н.Алтанхуягийг олонхийн саналаар огцруулсан. МАН дээр МоАХ-ын зургаан гишүүн нэмэгдээд ч кноп дутахаар болонгуут З.Энхболд нь өөрийнхөө хүмүүсийг санал хураалтаас бултуулчихсан. /С.Эрдэнэ, С.Одонтуяа, Д.Ганхуяг гэх мэтчилэн/ Харин өөрөө Засгийн газраа хамгаалсан дүр эсгэн эсрэг кноп дарчихаад ҮЗХ-ны хурал дээр юу ч болоогүй юм шиг очоод намын тамгаа авчихаж байгаа юм. Намын дарга болонгуутаа эргээд МАН-ыгаа мурьж орхив. Мурих ч юу байхав, угаасаа “УИХ-д хамгийн олон суудал авсан нь их хурлын даргаа сонгож, Засгийн газраа бүрдүүлдэг” гэж хэлээд энэ суудал дээр ирж суусан хүн ямар нүүрээрээ, бас ямар хуулиараа УИХ-ын даргаа өгнө гээд явж байх вэ дээ. Наад зах нь ҮЗХ дээр очиход нь ураад тасчаад хаячихна биз дээ, юун намын дарга болох. 

Тиймээс өнөөдөр МАН-ын бүлгийнхэн ингэж их уурлах нь аргагүй. Зи даргад нэг удаа хулхидуулсан улс нэлээд лавхан барьц атгасан байж таарна. Дор хаяж л таван яам авна, Шадар сайдаа Сангийн яам, Хууль зүйн яамтайгаа өг гэж байгаа шүү дээ. Массад нөлөөлөх бас нэг яам авна, үлдсэн нь өөрөө мэдэг гэсэн сураг байна лээ. Сангийн яамыг МАН авбал төсвийн бүх эрх мэдэл МАН-д очино. Хууль зүйн яаманд энэ Засгийн газрын хамгийн гол эрх мэдэл бий. Боловсрол, Эрүүл мэнд хоёрын нэгийг МАН авчихад массад хүрчихлээ л гэсэн үг. Сангийн яамаа өгөхгүй бол Уул уурхайгаа, Хууль зүйн яамаа өгөхгүй гэвэл Гадаад харилцаагаа /Гэтэл түүн дээр нь Ерөнхийлөгч бас нэг хүний нэр хэлчихсэн байж байгаа/ гэх мэтчилэн шантааж үргэлжилнэ. Эрүүл мэнд гэдэг эх адаг нь мэдэгдэхээ байсан газрыг лав МАН авч өөртөө лай хураахгүй нь тодорхой. Арай нэг ажил нь өөдөө яваагаар нь Боловсролын яамыг авна гэх байлгүй. Энэ яамдаа МАН-д өгчихвөл АН Засгийн газрыг толгойлоод ч яадаг юм, Н.Алтанхуягийг огцруулсны хэрэг ч юу байсан юм.

Дөнгөж саяхан л Н.Алтанхуягийг “Н.Энхбаяртай гэрээ байгууллаа, АН-ыг засагтай юутай нь аваачаад МАХН-д худалдчихлаа” хэмээн намаараа босч байсан даа. Тэгвэл одоо намын шинэ дарга нь тус намыг МАН-ын хавханд нэг мөсөн хийсэн байна. Ч.Сайханбилэгийг дэмжихгүй, өмнөх Засгийн газарт ажиллаж байсан хүн болохгүй л гэнэ. Яс юман дээр АН-аас хэн ч Ерөнхий сайдад нэр дэвшээд МАН-д ялгаагүй. Эсвэл Засгийн газрынхаа талыг өг, үгүй бол үлдсэн 50 гишүүнээ нэгийг ч үлдээлгүй багцалж авч ороод МАН-гүйгээр Засгийн газраа байгуул. Шанд нь ирэх хавар дахиад Засгийн газрыг чинь хөнтөрнө шүү. Ийм л сонголтыг МАН Зи даргад тулгаж байна.

Тэглээ гээд одоо ирж МАН-ыг зүхээд ч яах юм билээ. Яс юман дээр намын дарга хүн Ерөнхий сайдад нэр дэвшигчээ УИХ дээр барьж орж ирчихээд батлуулж чадахгүй байна гэдэг өөрийнх нь л асуудал шүү дээ. Өмнө нь Н.Алтанхуяг үүнийг хийж байсан. З.Энхболд нь чадахгүй бол Н.Алтанхуягаасаа дордуулчихжээ л гэсэн үг. Өөрийн унасан хүүхэд юу гэдэг билээ. Засгаа унагаж чадсан шигээ босгох ажлаа ч гэсэн хийх хэрэгтэй л дээ.