“Их удирдагч” Н.Энхбаярын ярианы үнэ цэнэ
Монголын улстөрчдөд ард түмэн, улс орны эрх ашиг гэдэг зүгээр л амны “салфээтик” шиг зүйл болохыг АН-ын дотоодод болж буй энэ арчаагүй үйл явдлууд харин ч нэг мэдрүүлж байна. С.Зоригийн амь насыг авч одсон энэ үгийг өнөөгийн улстөрчид улсын халаас руу дүрсэн гар, улсын гал тогооноос хулгайлж идсэн ам, шүдээ арчиж цэвэрлэхдээ хэрэглэдэг болж.
Монголын улстөрчдөд ард түмэн, улс орны эрх ашиг гэдэг зүгээр л амны “салфээтик” шиг зүйл болохыг АН-ын дотоодод болж буй энэ арчаагүй үйл явдлууд харин ч нэг мэдрүүлж байна. С.Зоригийн амь насыг авч одсон энэ үгийг өнөөгийн улстөрчид улсын халаас руу дүрсэн гар, улсын гал тогооноос хулгайлж идсэн ам, шүдээ арчиж цэвэрлэхдээ хэрэглэдэг болж. Ганцхан АН биш, энэ улс төрийн бүх нам эвслүүдэд зөвхөн хувь эрх ашгийнхаа төлөө улсаа, эцэг эхээ, эхнэр хүүхдээ ч худалдахаасаа буцахгүй дүйрчихсэн, хог шаар шиг амьтас дүүрэн бий. Ийм хог, новшнуудаас хагацаж салах боломж уг нь байдаг ч цагаа тулахаар бид өөрсдөө найгүй арчаагүй байх юм даа. “Ямар ард түмэн байна тийм төр оршдог” хэмээх улиг болсон үгийг ядаж сонгуульд санал өгөх тэрхэн хоромдоо түр ч атугай санадаг “рэфлээкстээ” болохсон доо монгол хүмүүс ээ.
“Агуу их удирдагч” Н.Энхбаяр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцож олон зүйлийн талаар ярьжээ. Улам илүүг тэр ярих ёстой, ярих ч байсан. Харамсалтай нь Бавуугийн Лхагвасүрэн хэмээх бавгар өвгөн үе үе хажуугаар нь орж долигноод байгаа ч юм шиг, тал засаад ч байгаа юм шиг бавтанаж цэцэрхэн яриаг нь таслаад, цагийг нь хумслаад ер явуулсангүй ээ. Тэр уг нь Ц.Нямдорж хэрхэн урваж , улсаа худалдаж байсныг, Ж.Бадамжунай, М.Энхболд, Сү.Батболд, С.Баяр нартан улсын эрх ашгийг хэрхэн “эрхэмлэдэг” байсныг, Оюутолгой, Тавантолгойг ард түмэндээ, Монгол Улсдаа, хойч үедээ үлдээхийн тулд улстөрчид ямар “халуун сэтгэл” гаргаж байсныг ярьж байсан юм. Бас С.Баярцогт, Ч.Сайханбилэг хоёр түүнээс бидний хэсэг хүмүүсийн “бөгсийг ухаж” орон шоронд бүү оруулаач ээ хэмээн гуйж байсныг “Их удирдагч” эхнээс нь цухалзуулаад орхисон. Өс хонзон огтхон ч агуулаагүй шүү гэдэг үгийг хэдэнтээ давтан оршил болгож байсныг нь эс анзаарваас 100 хувиа байг гэхэд үнэний ор түүний ярианаас үнэртэж байсан. Бас Монгол Улс олигархуудын эрхшээлд байгааг нотлох бодитой, ноцтой зүйлийг ярьж эхэлсэн ч явуулсангүй ээ. Энэ нэвтрүүлэгийн багийнхны хоёр улсыг дамнуулан байж хийсэн “бүтээл” бүтэн хоёр цаг, дөчин минут үргэлжилсэн хэдий ч хоёр биенээ ТЭРС ҮЗЭЛТЭН-ээр тодруулан хөөрсөн яриулагч, ярилцагч хоёр хөгшний гол агуулгаа мартсан хэнд ч хэрэггүй баахан хов жив хөвөрлөө. Монголд Н.Энхбаяр, Б.Лхагвасүрэн гэсэн ТЭРС ҮЗЭЛТЭН-нүүд байсныг энэ нэвтрүүлгээс л анх олж мэдлээ. Хүн төрийн өндөр алба хашиж яваад гэмт хэрэгт холбогдвол, хэрэгтэй хэрэггүй үг холбож шүлэглэн цэцэрхээд явбал ТЭРС ҮЗЭЛТЭН-нд тооцогддог болсон бололтой. Ай алдар хүндийн “боол” болсон найрагч минь дээ. Энэ жишгээр бол бидний тэн хагас маань ТЭРС ҮЗЭЛТЭН-үүд юм шив дээ. Хүн муулах нь өдий насны эрчүүдэд зохилтой юм биш ажээ. Хоорондоо тэртэй тэргүй эв муутай монголчуудаа хагаралдуулж байгаа юм шиг яс хаясан нэвтрүүлэг дахиад нэгээр нэмэгдэж дээ. Энэ багт ажилладаг нэгний онгирч хэлснээр Хангүгт экс Ерөнхийлөгчийн өргөөнд хэдэн өдрөөр тухлан тансаглаж, бүтэн 38 цагийн бичлэг хийсэн гэх атал тун “чул”.
У.Хүрэлсүхэд гомдсон “Их удирдагчийн” гомдол гэхэд л 2 цаг үргэлжилсэн гэж байна. Улстөрчдийн хэнийх нь гар цэвэрхэнийг бас бохир болохыг нь Н.Энхбаяраас өөр нээрээ хэн хамгийн сайн мэдэх билээ л. Тэр энэ бүх үйл явдлын дундуур туучсан хүн. Гол дүр, гол баатар. Тэр байхгүй болчихвол олон зүйл бүдгэрнэ. Монголд “мангас” ганцхан байсан гэж итгэхгүй байна. Яагаад гэвэл “мангас”-ын дараах Монгол дээрдсэн юм алга, улам дордоод доошлоод л байх юм. Магадгүй дарагдаж, бууж өгдөггүй ганц “мангас” –аас илүү аймшигтай, арав, хорин толгойтой “атгаалж”-уудын саварт улс орон өнөө хэр атгуулчихаад байгааг бид мэдэхгүй, бидэнд мэдэгдэхгүй байгаа ч юм билүү. Яг энэ тухай л “хойд талын хар овоохой” хамгийн сайн ярих байлаа. Түүний ярианд үнэ цэнэ, үнэн байгаа. Худлыг ярихаасаа үнэнийг хэлэх шалтгаан өнөөдөр түүнд арай илүү бий л дээ. Нэвтрүүлгийн баг яриулах юмыг яриулсангүй. Улс төр хийгээд улстөрчдийн мөн чанарыг гадаад хэлбэр талаас нь биш дотоод агуулгаас нь хэлж чадах “зоригтой” шалтгаан түүнд л байгаа. Түүнээс бусад нь тийм шалтгаантай болтлоо харин хэзээ ч чадахгүй ээ. Хэдий сул хэдий ч экс Ерөнхийлөгчийн оролцсон нэвтрүүлгийн гол ач холбогдол, монголчуудад илгээсэн гол “мээсээж” нь бидний сонгосон улстөрчид биднийг хэзээ ч боддоггүй юм гэдгийг, тэд тэрбум, тэрбумаар мөнгөн дүн сонсохоороо танигдахын аргагүй нэгэн болж хувирдаг тухай ярьсанд байлаа. Нэвтрүүлгийн талаар ингээд мартая.
Өнөөдөр бидний төлөө, Монгол Улсын мандан бадралын төлөө энэ улстөрчид хоорондоо уралцаад байдаг гэвэл үүн шиг эндүүрэл алга. Гурван сая хүрэхгүй монголчуудын сэтгэл хангалуун амьдралын төлөө, өр ширгүй Монголын төлөө З.Энхболд тэргүүтэн Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагачихсаан гэж бодож суугаа бол түүн шиг андуурал алга. Ч.Сайханбилэг Н.Алтанхуягаас дээрдээ Ерөнхий сайд болох гээд үнэ хүндээ баран баран зүтгээд ч байгаа юм биш. ҮЗХ-ны хурлын дараа “С.Баярцогт анддаа баярлалаа” хэмээн хундага өргөж, баярласан сэтгэлээ дарж үл дийлэн “бархирсан” –нд нь түмэн учир бий.
Улс орны эрх ашгийг үнэхээр энэ улстөрчид маань эрхэмлэдэг юм бол өнөөдөр ингэж нийгмийг хямраан бухимдуулах ямар хэрэг байгаа юм. Болохгүй байгаагаа болгоё, чадахгүй байгааг нь чаддаг нэгнээр солъё л гэж Шинэчлэлийн Засгийн газрыг унагасан. Шинэчлэлийн Засгийн газар гэдэг чинь Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг хоёр байлаа. Тэдний танхимынхан байлаа. Тэгээд одоо уначихсныхаа дараа чаддаг нэгэн болж аврагчийн дүр эсгээд эхэлсэн нь дэглэлт,найруулага хамгийн муу хошин шог болж харагдаж байна.
Ч.Сайханбилэгийн нэртэй зэрэгцээд Оюутолгой, Тавантолгойн асуудал чангаар сонсдоод эхлэхийг бүгд анзаарсан байх. ЭМ-СИ-ЭС , Хятадын Шинхуа группийн нэр дахиад гараад ирлээ. Тэрбум, тэрбумын сургаар улстөрчид хоромхонд танигдахын аргагүй болж өөрчлөгддөг гэдгийг Н.Энхбаяр хэлсэн юм аа. Тэр үнэн аваас чаддаггүй хүн чаддаг болж хувирах, улс орныг элгээр нь хэвтүүлэлцсэн нэгэн аврагчийн “фээст” хувирах шиг амархан зүйл үгүй ажээ.
Ард түмний, улс орны хөндөгдсөн эрх ашгийн төлөөнөө бус өөрсдийнх нь тэрбум, тэрбумаар хэмжигдэх эрх ашиг, эрх мэдэл хөндөгдсөн учраас л улстөрчдийн бие биенээ “барьж идсэн” олон ангит киноны “Засаглалын хямрал” хэмээх тэргүүн бүлэг гараад эхэлжээ.