Энэ 7 хоногт
Импортыг орлох цагаан замаскны үйлдвэр нээгдлээ
Барилгын салбарт импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Монгол ташуур” ХХК-ийн “Цагаан замаскны үйлдвэр” өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэнд Барилга, хот байгуулалтын яам, Хөгжлийн банкны удирдлага болон “Монгол ташуур” ХХК-ийн төлөөллүүд оролцсон юм.
Барилгын салбарт импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Монгол ташуур” ХХК-ийн “Цагаан замаскны үйлдвэр” өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэнд Барилга, хот байгуулалтын яам, Хөгжлийн банкны удирдлага болон “Монгол ташуур” ХХК-ийн төлөөллүүд оролцсон юм.
“Монгол ташуур” ХХК нь 2011 оноос эхлэн барилгын салбарт бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд “888” төслийн хүрээнд Чингис бонд болон Хөгжлийн банкнаас санхүүжилт авч ийнхүү шинэ үйлдвэрээ байгуулжээ. Ингэхдээ Хөгжлийн банкнаас ЖДҮ-ийг дэмжих сангаар дамжуулж 450 сая орчим төгрөгийн санхүүжилт авсан байна.
-Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх ААН-үүдийг дэмжиж байгаа гэв-
Хөгжлийн банкны Хөрөнгө оруулалтын газрын захирал В.Буянмөнх хэлэхдээ “Импортыг орлох, экспортыг дэмжих чиглэлээр үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд ЖДҮ-ийн дэмжих сангаас дамжуулан зээлдэх гэрээгээр манай банк 100 тэрбумын хөрөнгийн эх үүсвэрээс зээл олгоод байгаа. Өнөөдрийн “Монгол ташуур” ХХК-ийн цагаан замаскны үйлдвэр нь “888” төслийн хүрээнд хэрэгжиж буй хоёр дахь төсөл юм. Энэхүү төсөл хэрэгжсэнээр манай улсын барилгын салбарынхан илүү чадваржиж, дадлага туршлагатай болно. Мөн шинэ ажлын байр болон импортыг орлох шинэ бүтээгдэхүүн, үйлдвэрлэл нэмэгдэж байгаа нь тун сайшаалтай байна” гэсэн юм.
Хөгжлийн банкны тухайд 101 ААН-д 142.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байгаа ажээ. Уг нь санхүүжилт нь гол төлөв барилга, ХАА, МАА, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарт олгогдсон байна. Харин “Монгол ташуур” ХХК-д энэ оны есдүгээр сарын эхээр санхүүжилт олгожээ.
-921 стандарт бүхий чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг-
Тус компанийн удирдлагууд барилгын бусад зах дээр худалдаалагддаг 821 стандарттай материалаас илүү чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гэдгээ онцоллоо. Энэ ч утгаараа тэд Герман технологиор орос бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ажээ. Мөн олон улсын 921 стандартыг мөрдөж, зах зээлийн үнэтэй дүйцэхүйц үнээр худалдалдаг гэдгээ ч хэлж байв. Цаашид тус үйлдвэр нь чанаргүй, үнэтэй барилгын материалыг халж, дотоодын хэрэгцээгээ хангахын тулд долоон цех нэмж байгуулахаар төлөвлөж байгаа аж. Харин түүхий эдээ Эрдэнэт хотоос авдаг бөгөөд өдөрт 70-90 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.
-Барилгын м.кв-ийн үнийг бууруулахад хувь нэмэр оруулна-
Энэхүү үйлдвэрийн нээлтэнд оролцсон Барилга хот байгуулалтын яамны төлөөлөл хэлэхдээ “Барилга, орон сууцны өртөг, м.кв-ийн үнийг бууруулахын тулд дотооддоо барилгын материал үйлдвэрлэх үйлдвэрүүдийг яам, Засгийн газрын түвшинд дэмжиж ажиллах нь чухал байгаа юм” гэв.
Түүнчлэн “Монгол ташуур” ХХК нь барилгын материалын дотоодын хэрэгцээний 30 хувийг хангадаг байна. Тухайлбал, барилгын хуурай хольц “QUELLE” брэндийн хар, цагаан замаск, плитаны цавуу, чигжээс, хөөсний цавуу, торны цавуу, дотор заслын замаск зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ажээ. Мөн импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж гадагшаа чиглэсэн мөнгөний урсгалыг хаах, ажлын байр бий болгох, татвар шимтгэл төлөх зэргээр эх орныхоо эдийн засгийн хөгжилд зохих хувь нэмрийг оруулан ажиллаж байгаа юм байна.
П.Мөнхжаргал | Гэрэл зургийг Ц.Баярбаатар