Маргааш болох октябрийн баярын мэнд. Намын зэвэргэн өдрүүд солигдож, улстөрийн тэргэнцэр харжга яржга санжиганасаар боржуур даван харайгаад буулаа. Одоо шалбаагаа туучаад цаана нь гарчуул дараагийн ерөнхий сайдаа сайхан муулы. Сэдэвтэй болох нь байна шүү дээ. Харин сая юу юу болоод өнгөрчив.

Өнгөрсөн хоёр жил

Монголчуудын менталитетээр бол дарга хүн гэдэг тэнгэрийн амьтан маягтай байх ёстой болохоос энд ч нэг барилгын каск өмсч алхаад, тэнд ч нэг стадионы суудлыг тоолж явдаг Алтанхуяг бишрэл, хүндлэл төрүүлээгүй байх. Тэгээд л ноолоход амар номхон тэмээ болж хувирах шиг болсон. Хүмүүс ч амныхаа зоргоор гоочилж гарав. Дунд нь би цохиж л явсан.

Засгийн нэр ч анхнаасаа тааруу эхэлсэн. Уул уурхайн эсрэг цогтой тэмцэгчээр Уул уурхайн сайд томилов. Хамаг мөнгөө нэг бөөд хадгалууллаа. Эрүүл мэндийн сайдаар гэрийн эзэгтэй стильтэй хүн. Амнаасаа асар хариуцлагагүй үгс унагана. Бусад нь дүлий дүмбэ оргиод байгаа байхгүй нь мэдэгдэхгүй. Ядаж байхад хориглоно, журамлана гэдэг үгс энд тэндгүй дуулдах болсон. АН-ын нэрийг Хотын дарга Үүл, Хууль зүйн сайд Тэмүүжин хоёр л хэсэг тахлав. Удалгүй тэднийг ч асуудалд ороож туурь болгож эхэлсэн.

Ерөнхий сайд өөрөө үг авдаггүй хүн үү, эсвэл пиар багийн бодлого уу энд тэнд олз болчихмоор үг яриа унагахад нь хүмүүс дассангүй. Тэрээр мөнөөх тэнгэрийн амьтад камерийн өмнө гарахаар “за би болгооё оо...” маягийн үг хэлээд суучихдаг стилийг дуурайсангүй, шууд нөхдийнхөө дунд байдаг шиг “тэгээд юу гэж...?” гэж аягласан нь хүмүүсийг толгой сэгсрэхэд хүргэсэн. Улстөрийн албан тушаал гэдэг бол театр юм гэдгийг ойшоогоогүй нь яах аргагүй хувь хүний алдаа байлаа. Албан тушаалтны талаарх хүмүүсийн үзэмж угаасаа зурагт ба интернэтэд хийх тоглолтоос хамаарахаас биш юу хийсэн бүтээсэн нь падгүй гэдгийг энэ явдал батална. Ерөнхий сайдынхаа нэрийг мэдэхгүй ч “огцруулая!” гэж орилогсод л их шүү дээ. Угаасаа далай ламаар ерөнхий сайд тавьсан ч маргаашнаас нь зүхэж эхлэх нигууртай. Норовын хүү ч ноолгор сээгий малгай шиг л балбуулсаар таарсан. Үүний эсрэг авсан арга хэмжээг нь хэн боловсруулав гэмээр бүтэлгүй, шийдмэг бус арга хэмжээ авмар аядсаар байгаад дууслаа. Өөрөө ч хүсээгүй, хэн болохоо ажлаараа харуулна гэсэн нь албан тушаалтны хувьд уучилж болшгүй алдаа.

Нэрмээд Дэнзэн мэнзэн, цэвэр агаар сан ман, Гансүх мүх гээд адал явдлын цуваа тасраагүй дээ. Эсрэг тал нь үүний ялыг бахтайгаар өдөр шөнөгүй нэхэж байв. Энэ нь ч нэхэж болшгүй зүйл биш л дээ бас. Гэхдээ энэ  чинь урьд өмнө Монголд хэзээ ч байгаагүй, цаашдаа байхгүй хамаатныхаа өмнөөс зэм үүрдэг япон жаяг байгаа нь шоглоомтой. Ерөнхий сайд нь огцорсон ч бодлогын залгамжаа алддаггүй япон шиг байсан бол дуун дээр нь зөвшөөрөх сөн ккк. Тийм биш болохоор өшөө авалт, бүлэг хоорондын тэмцэл гэхээс өөр юу гэхэв дээ.

Үйл явдлын төгсгөл хавьд намын нөгөө ноёд царайгаа улам гөлийлгөснөөс болоод Алтанхуяг МАХН гэдэг өвсний үзүүрийг шүүрсэн. Эцсийн арга даа. Нөхдийн дунд ер нь ярьж байснаас биш яг тэр өдөр гарын үсэг зурахаа хэлээгүй нь том, бүр сайхан бандгар том шалтаг болов. Хотын даргаас эхлээд фэйсбүүкчин гишүүн Зоригт хүртэл цагаан хоолой барин гарч ирэх ёс суртахууны эрхтэй болоод авах шиг болсон. Сагсалзсан хүнд монголчууд дургүй байдаг нь энд бас л тод харагдсан.

Энэ бүхэн дээр нэмээд өрсөлдөгчдийн санаачлага эрчээ авах тусам нүд хальтрам үйл явц болон давалгаалж, Алтанхуягийн өмнөөс бие нь шархирам болж ирсэн. Хүмүүс хийсэн ажлыг нь ярих хүсэл ч гүй болсон нь үнэн. Үүний бурууг хэн нэгэнд тохно гэвэл бас өөрт нь, өөрийнх нь багт тохно.

Хүмүүсийн таалал

Харин огцруулах асуудал бодитой болоод ирэнгүүт улсууд ерөнхийдөө хоёр хуваагдав. Шууд огцруулы муу шаарыг гэх нэг хэсэг байхад, төр үймэхгүй байх нь чухал шүү дээ гэх нөгөө хэсэг байлаа. Миний хувьд хоёр дахь хэсгийг дэмжив. Бизнэс эрхэлдэг олон сайн муу нөхөд, ах эгч нартайгаа буу халжээ суухад төр нь тогтоосой доо, яаая гэж байхад үймээд эхлэхээр балардаг улсууд нь бид шүү дээ гэж нэгэн дуугаар хэлэх. Тэдний дунд төрд юм шахдаг, буруу гараар тэндэр авдаг нэг ч хүн байгаагүй. Түүнчлэн учир мэддэг улсууд нь, төр солигдохоор гадаад дотоодын олон яриа хэлцэл ахиад эхнээсээ явна гэх. Голын тал хүртэл сэлчээд буцах юм даг уу даа.

Хамгийн гол нь гадны хөрөнгө оруулагчид цөхөрч гүйцлээ гэсэн нөхцөл байдал. Гадны компаниудад зориулан Таван толгойг ашиглах тэндэрт нэг ч материал ирээгүйгээс хойшилсон. Элэг доог.

Мөнхүү, “тэгээд дараа нь хэн гэж?”, “энэ засаг огцорсны маргаашнаас амьдрал сайжирчих юм уу?” гэсэн асуултууд. Солих нь засахаасаа илүү явдалтай, ядаргаатай гэж үзсэн хэсгийн барьсан үндэслэлүүд ийм.

Нөгөө хэсгийн хувьд дээр дурдсан бүхэн хангалттай барьц өгсөн төдийгүй баглаж хүлэх дээс болж өгснийг энд ахиж юугаа ярихав. Тэмдэглэн хэлэхэд Дэнзэн бол чөдөр, тушаа, бөгсөн дээр гарсан хатиг байлаа.

Урвагч

Ийм юм хэсэг л хүчтэй явлаа. Техникийн хувьд ч, ёс суртахууны хувьд ч энэ үг тохирно. Кноп эсрэг дарсан буюу хурлаас бултсан гишүүдийг нэг нэгээр нь харвал Ардчилсан намын угшилтай хэд гурван хүн байх нь байна. Гэхдээ хутга Эрдэнээс бусад нь энд тэнд явж байгаад бүүүүүр сүүлд орж ирсэн эмэгтэйчүүд. Бусад нь өөр орцоор орчихоод чирдаакаар гарахдаа АН-ынхаар гараад ирсэн улс байна. Мөн хэд хэдэн удаа гарч орж явсан улсууд бишгүй. Дээрээс нь гудамжны “хувьсгалчид”. 

Үнэхээр сайхан ялгарчээ. “Замаас суусан хүн л гай болдым даа хүү минь” гэж өвөө нь хэлсэн тухай нэг хүн ярьсан байсан. Бас хүний хүү хүрэн бөөртэй ч гэж бий. Тал талаас нь хутга барин гэтэх ийм олон Түгжил, Брут нарын дунд харин ч намаасаа анх удаа хамгийн урт хугацаанд ерөнхий сайд хйисэн рекорд тогтоолоо. Хийсэн бүтээсэн нь ч даравч дардайж байгааг үгүйсгэж болохгүй. Аа бас цагааруулж ч боломгүй. Хар цагаантай хорвоод хиргүй хүн Чингис хаан л байдаг шүү дээ. Угаасаа ч Чингис хаан урвагчийг цаазалдаг байлаав шүү дээ.

Аль ч нам ялгаагүй. Гараа барилцсан улсуудаас урвах  асуудал л ярьж байгаа юм. Урвах асуудалд хамраа хамгийн гүнзгий дүрсэн фракцийн нэр нь хүртэл Шонхор.

МАН-ын ялалт

МАН ялгуусан дайнаа дуусгав. Засаг л огцруулахгүй бол ямар юмных нь сөрөг хүчин байхав. Сайхан ч хүчин хийлээ. АН-ын дотоод зөрчлийг ашигласан нь Чин улс Монголын шунахай, тэнэг ноёдыг нэгий нь нөгөөгөөр нь намнуулсныг сануулав.

МАН-ын лидер М.Энхболд хэдхэн хоногийн өмнө ордонд өгсөн ярилцлагыг задлаж үзвээс засаг хамтран барих хүслээ ил тод илэрхийлснийг ойлгож болно. Мөн сүүлд Ж.Энхбаяр бүр ч илүү тод хэлсэн. Тэр битий хэл зөвшилцлийн ширээний ард суухгүй бол ахиад ч ийм юм болгоно шүү гэдэг подтексттэй. МАН “би маарамба дээр очих гэсийн бишээ...” гэж Бумаа гуай Сэрэлт кинон дээр хэлдэг шиг л байснаа ажил явдал дуусангуут цагаандаа гарч байгаа нь энэ. 16 оны сонгуулиар хэн ч биш болчих гээд бажгадаж байна шүү дээ хаана хаанаа. Хожсон нь манай “The III” л байх шив дээ.

Эргэн ирэлт

Эргэн ирэлтүүд ер нь дуулиантай байдагсан даа. Майкл Жордан яалаа даа. Манай У.Хүрэлсүх бас л өвөрмөц эргэн ирж чадлаа. Басс гитарчин болоод гараад ирэх юм гэж хэн санах билээ дээ.

Дэнжигнэж байгаа засагт Энхбаяр авралын бурхан шиг харагдсан нь түүнд агуу эргэн ирэлт хийх боломж олголоо. Шугуй руу толгойгоо оруулж чих дүлийрэм архирчихаад эргээд явсан арслан. Хамгийн их эгдүүцэл нь үүн дээр хөдөлсөн хэсэг бүлэг ч бий. Яаж дарж авлаа даа.

Энэ зуур болсон инээдтэй эпизодууд

-Андуурал гэсэн хэллэг эрчээ авч байна. Андуурчваа гэж нэгнээ явуулаад л. Бүхэл бүтэн бүлгийн дарга нь өөрөө товчоо андуурдаг нь хувь тавилан ч юмуу.
-Их хурал дээр чухал асуудал ярьж байтал гишүүн Баянсэлэнгэ, “би юу ч ойлгохгүй байна” хэмээх алдарт үгээ хэлэв. Бусад нь аргагүй аргагүй гэж өхөөрдсөн сурагтай гэж гадуур цуурч л байна.

-Мон ураны Наранхүү гэдэг хүн кноп дарагсдын нэгээр тодорсон нь “хүүе энэ чинь хэн бэ” гэсэн үг сэвэлзүүр салхи шиг урсав. Чиф чимээгүй байснаа нэг долоовор хуруу цухуйж ирээд кноп дарчихсан.

-Өглөө нь “яагаад ч эсрэг кноп дарахгүй” гэж хэлсэн Эрдэнэчимэг гишүүн өдөр нь тэрийгээ дарснаар эмэгтэй хүн гэдгээ дахин нэг сануулав. Хорвоогийн явдал аа гэж, эмэгтэй улстөрчдийн ам ажил зөрсөөр л байна.

Цаашаа...

Энэ бүхний ард ерөнхийлөгч байгаа гэж ил далд ярьцгаана. Хэдэн оноос ч хойш гэчив ерөнхийлөгч гэдэг хүн цаасан дээрх эрх үүргээ цасан дээр хэтрүүлдэг болсон гэж бас цуурах. Гү хэн чиг л түүхэнд нэрээ үлдээж, өөрийг нь дурсах юм бүтээхийг хүсдэг л байлгүй дээ. Болоод өнгөрсөн юмыг харахад хүүхэлдэйнүүдийг утсыг хэн барьж байгааг таамаглахад хэцүүгүй.

Хамгийн боломжит хувилбар болох Зи, Жэнко хоёр ерөнхий сайд болохгүй гэдгээ хэлэв. Гэхдээ “хэдийгээр би өөрөө тэгж хэлсэн ч та нөхөд надад итгэж байгаа бол...” гээд ерөнхий сайд болох нь тийм ч инээдтэй явдал биш. Яасан ч байсан яахав, дараагийн мешокны л асуудал… Харин МАН-тай хамтрахгүй бол ганцхан бөлдөгдүүлнэ гэсэн үг. Хамтарсан ч бөлдөгдүүлнэ. Гэхдээ цохихгүй, зүгээр атгана. МАЯН. Энэ нь Монгол ардын ялгуусан нам гэж байгаа юм.

Эцэст нь хэлэхэд Ардчилсан нам цэвэршихгүй юм байх даа, хэдий болтол ингэж нүд рүү гээ гараа хийх вэ гэж халаглаж байгаа улсууд их байна. Цэвэрлээд өгөх лидер нь хэн бэ?