Ерөнхий сайд нь огцорвол кабинет нь тэр чигээрээ огцордог нь хууль. Огцруулахын төлөө үнэндээ МАН, АН-гүй явж байна. МАН-аас УИХ-д суудаг 26 гишүүний зүгээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах хуулийн төсөл өргөн барилаа. Эдгээр 26 дээр нэмэгдэж Ж.Батзандан, Л.Цог нар хүчээ өгөв. Ингээд 28-уулаа боллоо. Ингэтэл АН-аас УИХ-д суудаг хэдэн гишүүн бас зэрэгцүүлээд Н.Алтанхуягийг огцруулахаар ярьж тохирон гарын үсэг цуглуулж эхлэв. Энэхүү гарын үсэгт нэгдсэн гишүүд гэвэл Д.Батцогт, Л.Эрдэнэчимэг, Р.Бурмаа, Х.Баттулга, Д.Ганбат, Г.Баярсайхан, Р.Амаржаргал, М.Зоригт, дээр нь Ж.Батзандан нэмэгдээд есүүлээ болж байгаа гэх. Д.Арвин гишүүн зурж мэдэх нигууртай байгаа сурагтай. Эдгээр АН-ын арваад гишүүн МАН-ынхны хайрыг эхнэрүүдээс нь илүүтэй татацгааж байгаа тухай улс төр судлаачид ярьж байгаа юм. Нийлээд УИХ-ын 36 гишүүн огцруулахаар гар өргөх нь. Гэхдээ энэ тоо огцруулахад арай л хүрэхгүй юм шиг байна. М.Зоригт гишүүний ярьж байгаагаар бол АН-ын эдгээр гишүүд өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байгаа бөгөөд чуулганаар эцсийн шийдвэр гаргах тэр өдөр Н.Алтанхуягийг огцруулах кноп дарах 19 гишүүн АН-аас төрсөн байна гэж итгэлтэйгээр хэлж байгаа юм. Энэ нь бүтвэл 45 гишүүн Н.Алтанхуягийг огцруулах санал өгөх нь. Энэ Засгийн газар унах юм байна. 19 хүн болгохын төлөө тэд ажлаа өгсөн сайдуудыг ихээхэн тойглож байгаа ч нөгөөдүүл нь “Арай ч хамт ажиллаж байсан нөхдөө тэгмээргүй байна” гэж хэлжээ. Гэхдээ л уйгагүй чаргууцалдаж байгаа сурагтай.

Засгийн газар огцорсон тохиолдолд шинээр байгуулагдах Засгийн газарт тогтвортой ажиллах баталгаа бий юу. Үүнд хариулт өгөх хүн өнөөдрийн улс төрчдөөс байна уу. Ер нь л байхгүй дээ. Гэхдээ байлгах гээд үзье. Х.Баттулга Ерөнхий сайд боллоо. Ер нь М.Энхболд тэдний яриагаар бол МАН-тай нэгдсэн Засгийн газар ярьж байгаа юм билээ. Өнөө АН-ын 10 гишүүний заримынх нь үзэж байгаагаар Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байж болно гэнээ. МАН-АН-“Шударга ёс эвсэл” гээд бүгдэд нь хишиг хүртээсэн, АН-ын бүх фракцаас багтаасан. Тэгээд намын даргыг З.Энхболд, Их хурлын даргатайгаа хамтад нь авах юм болов уу даа. Аль ч хувилбараар нь бодъё, МАН-АН хоёр нийлж Засгийн газар байгууллаа. Зургаан сарын дараа “Шударга ёс эвсэл”-ийн зүгээс огцруулах бичиг өргөн барина. “Алтангадас” фракц хүч хавсарна. МАН-ын зүгээс бүх бурууг АН руу чихээд өөрсдийгөө аваад баяртайгаар Засгаас гарна. АН энэ бүхний гол буруутан болж ард түмэнд харагдана. АН-ын хувьд хамгийн түвэгтэй нь энэ цаг үед Н.Энхбаяр, МАН хоёрын аль нэгтэй хамтрахаас өөр сонголтгүй байгаад юм. Н.Алтанхуяг бол Н.Энхбаярыг сонгож хамтран ажиллах гэрээ байгуулсан. Х.Баттулга, Э.Бат-Үүл... эд нар бол МАН нь дээр гэж үзэж байгаа. Х.Баттулга гишүүн бол М.Энхболдтой ойлголцдог. Э.Бат-Үүлийн тухайд бол 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж гэмээнэ Н.Энхбаяр “гай” болно хэмээн хилэгнэсэн хэрэг болов уу. Мэдээж энэ бүхэн дээр Ерөнхийлөгчийн нөлөө бий. Ерөнхийлөгчийн зүгээс Н.Алтанхуягт бүтцийн өөрчлөлт хийхийг шахсанаар сая бүтэц өөрчлөгдсөн. Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн гэх мэт хүмүүс Засгийн газарт орж ирэх гэж байна. Тэгэхээр бол басчиг түүний санасан бодсоноор юм явж байгаа ч нэмээд Засгийн газарт УИХ-ын гишүүн байж болохгүй гэсэн шаардлага тавьсан. Мэргэжлийн Засгийн газар байж болно гэсэн санаа ч юм уу. Энэ нь стандарт бус Засгийн газар байх юм. Засгийн газрын гишүүд нь УИХ-ын гишүүн бус, бүх намаас тэнцүү оролцоотой байхыг хэлж байгаа болов уу. Мэдээж АН-аас түлхүү байх, Ерөнхий сайд нь ч АН-аас тавигдана. Гэвч энэ хувилбар одоогоор эрхзүйн боломжгүй гэдэг шалтгаанаар Н.Алтанхуяг гэдийгээд өнгөрсөн.

Аль нь ч байсан дүүрч.  Ингээд цааш явна. Хуулиараа 6 сарын дотор Засгийн газрыг огцруулах тухай ямар ч яриа байхгүй. Аль нь ч Ерөнхий сайд болсон бай, бүгдэд нь хишиг хуваасан бай, МАН Засгийн газарт ороогүй бол зургаан сарын дараа Засгийн газрыг огцруулах саналыг дахиж оруулж ирнэ. Хэрэвзээ Засгийн газарт орсон байлаа гэхэд сонгууль ойртуулж байгаад нэгэн цагт Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг самарч байсан шигээ өөрсдөө сайн дураараа Засгийн газраас гарч бужигнуулна. МАН-тай “Алтангадас” айлсан шадарлана хэмээн судлаачид ярьж байна. Тэдний үзэж байгаагаар оноо бол АН-д хасах, МАН-д нэмэх оноотой явсаар сонгуульд орно гэжээ. Энэ бол МАН-ын арга барил. 2016 оны УИХ-ын сонгууль хүртэл аль ч Засгийн газрыг зүгээр суулгахгүй байх нь тэдний гол зорилго. Яг ингэж улс орноор, Засгийн газрын хувь заяагаар тоглох мөчид нь мөн л МАН-ынхны хайрыг соронзон мэт татах 10 гишүүн АН-аас тодорч гарч ирнэ. Ингээд л улс төрийн тоглоом үргэлжилнэ. Юун улс орны, ард түмний эрх ашиг... 2016 онд 2000 оны дүр зураг эргэн давтагдана. Тэр сонгуулиар ядаж ганц Ж.Наранцацралт, ядаж нэг Л.Гүндалай шиг хийморьтой аавын хүү АН-ын хаягтай Монголын улс төрд байж чадах болов уу. 2020 оны сонгууль ч худлаа. МАН улам туршлагажин нягтарна, 2024 онд ч тэд зай өгөхгүй. Харин 2028 оны сонгуулиар Монголын нийгмийн сэтгэл зүй өөрөө АН-ын цоо шинэ үеийг гаргаж ирэх болно. Харин тэр үед өнөөдрийн улс орон, ард түмний хувь заяагаар тоглогсдыг ямар хувь заяа хүлээж байхыг бурхан, чөтгөр хоёр л мэдэх байх гэж улс төр судлаачид өнөөдөр бичиж байна.  

Яагаад улс төр судлаачдын энэ бүх таамаг Засгийн газрыг огцруулахаар төгсөөд байгаа юм бэ. Яагаад гэвэл “Алтангадас” фракцын сэтгэлийг ханатал Засгийн газар байгуулагдана гэж байхгүйд л учир нь оршиж байгаа юм байх. Н.Алтанхуяг огцорчихоод хүлцэнгүй суугаад байх хүн мөн үү, биш үү гэдгийг тааж мэдэхгүй байгаа бололтой. Өнөөдөр УИХ-д “Алтангадас” фракцын төлөөлөл болох Р.Гончигдорж, А.Бакей, Я.Санжмятав, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Г.Батхүү, Н.Алтанхуяг нарын 7 гишүүн бий. Тэдэнтэй хамт “Нэг ардчилал”-ын Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Б.Болор нар байгаа. Дээр нь “МҮДН” фракцын Н.Батбаяр, Д.Бат-Эрдэнэ, Ц.Баярсайхан, Б.Наранхүү, Д.Эрдэнэбат, Б.Гарамгайбаатар нар хамтдаа явъя гэдгээ тохирсон аж. Засгийн газарт байгаа С.Эрдэнэ, Ц.Оюунгэрэл... нар ч фракц бус Засгийн газрын хувь заяа чухал гэдгээ хэлжээ. Энэ бүхэн улс төр дэх бодит нөлөөлөл аж. Урьдын практикаас харж байхад АН-ынхан дотроо нэгнээ унагасан тохиолдолд хэзээ ч хүлцэнгүй өнгөрч байгаагүй гэжээ.

Ийм нөхцөл байдал үүссэн Монголын улс төрийн орчинд одоо юм юм болно. АН-ын арваад гишүүдэд сүнс нь хоргодох гээд байгаа албан тушаалыг нь амлана. Ирэх сонгуулиар квотын эхний 10-т багтаахыг амлана. УИХ дахь МАН-ын зарим гишүүд огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх чуулганы өдөр өвчний чөлөө авна... Ер нь л гаднаасаа бүх зүйл уншигдана гэж судлаачид ярьж байна.  

Ийм л дүр зургийг улс төр судлаачид зурж байна. Гэхдээ энэ бүгд үнэн байх албагүй. Судлаачдын дэвшүүлж буй хамгийн гол зүйл нь аль ч Засгийн газрын туулдаг зовлон бэрхшээлийг туулан, явдаг замаараа явж байгаа Засгийн газраа АН-ын зарим гишүүд сөрөг хүчнийхээ намтайгаа тэмцэж байгаа юм шигээр тэмцэж, тэмцдэг нь хөдөлж байгаа нь энэ бүхний эхлэл болж байна гэж үзжээ. Н.Энхбаяр хэдийгээр гэртээ ирлээ гэж байгаа нь өнгөн хэсэгтээ үнэн юм шиг харагдаж байгаа ч жинхэнэдээ бол УИХ дахь МАХН-ын хэд хэдэн гишүүн өөрийнх нь эсрэг байр суурьтай болчих гээд байсан учраас, энэ Засгийн газрын эсрэг санал өгөхөөр тохирсон байсан учраас Н.Энхбаярыг дуудаж авчирсан аж. Үүний баталгаа юу гэхээр гэмт хэрэгт холбогдсон, нэмж гэмт хэргийн бүрэлдэхүүн үүсч байгаа хэмээн яригдаж эхэлсэн тэрбээр хууль хяналтынханд дуудагдахгүйгээр зүв зүгээр яваад байгаа нь дээрх яриа үнэнийг баталж байх шиг байна.