-Н.Алтанхуягийг унагахсан гэх шунал хүслээр нүдээ таглачихаад байсан МАН-аас түрүүлж МАХН-тай гар барьсан нь түүний олз-


БНСУ-д удаан хугацаагаар эмчлүүлж байгаад эх орондоо ирсэн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр дахин олон нийтийн өмнө гарав. Тэр Ардчилсан намын дарга Н.Алтанхуягтай хамт төрийн ордонд мэдэгдэл хийж, хоёр намын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний асуудлаар Ардчилсан намын гишүүдийн/намын даргын бус/ байр суурьт хүндэтгэлтэй хандана, шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг хийхэд бэлэн гэдгээ хэллээ.

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг өнгөрөгч бямба гаригт МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурсан билээ. Товчхондоо гэрээний агуулга нь, 2012 онын УИХ-ын сонгуулийн дараа Засгийн газарт хамтарч орсон хоёр нам түншлэлийн энэ харилцаагаа өргөжүүлж, 2016, 2020 оны сонгуулиудад бодлого үйл ажиллагаагаа уялдуулж, бие биенийхээ нэр дэвшигчдийг дэмжиж ажиллана. Аль аль нам нь УИХ-д олонхи болж чадаагүй нөхцөлд хоёр нам хамтарч Засгийн газрыг байгуулна гэсэн утгатай.

Харин өргөн агуулгаараа бол улс төрийн намууд өмч хөрөнгөтэй байхыг хориглох, парламентад суудалтай намуудын санхүүжилтийг төсвөөс гаргадаг байхаас өгсүүлээд “ил тод нээлттэй засаглалыг төлөвшүүлэх, хараат бус шүүх, улс төрийн нөлөөллөөс ангид хууль хяналтын байгууллагын тогтолцоог бий болгох, уул уурхайн компаниудыг хариуцлагатай, нээлттэй болгох гэх мэтчилэн олон л зүйлийг тусгасан байна лээ.

Амралтын өдрүүдтэй давхацсан уг гэрээний тухайд олон хүний “паник” арилаагүй байтал Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл мягмар гаригт “Н.Алтанхуягийн шүүхэд өгнө” хэмээн мэдэгдсэн нь “даарин дээр давс” гээч болсон билээ. Ялангуяа үүний дараа олон нийтийн сүлжээгээр Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын гарын үсэгтэй “Гэрээний хавсралт” гэх бас нэгэн бичиг олон нийтийн сүлжээгээр тарж, түүнд нь “Ямар ч тохиолдолд Ерөнхий сайдын суудлыг хамгаална. МАХН-ын удирдлагуудыг хууль хяналтын байгууллагуудаар шалгуулахгүй. МАН-ыг задлахад бүх талаар хамтарч ажиллана. 2016 оны сонгуулийн үр дүнгээс хамаарч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэл болж оролцоно” гэсэн нь хоёр намын даргын байгуулсан хамтын ажиллагааны гэрээг шалд нь буулгаж орхив.

Харин Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийн хувьд чухам аль гэрээнд нь ач холбогдол өгсөнийг мэдэхгүй, ямар ч байсан намын дарга Н.Алтанхуягийгаа шүүхэд өгч, МАХН-тай хамтарч ажиллах гэрээг хүчингүй болгуулахаа мэдэгдсэн билээ. Түүнээс ч болсон уу, өчигдөр АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтарсан мэдэгдэл хийж, “Гэрээний хавсралт” буюу нууцалсан гэрээ хаана ч байхгүй. Тамга, тэмдгийг хуурамчаар үйлдсэн ийм мэдээллийг хэн, хаанаас тараасныг хуулийн байгууллагаар шалгуулна гэлээ. Мөн хоёр намын дарга нарын өмнө байгуулсан гэрээн дээр шүүмжлэлтэй хандаж байгаа намын гишүүдийн байр суурийг сонсож, гэрээнд өөрчлөлт оруулан намын эрх бүхий байгууллага болох ҮЗХ-гоор хэлэлцэн батлуулсны дараа уг гэрээ хүчин төгөлдөр болно гэдгийг Н.Алтанхуяг дарга мэдэгдлээ. Товчхондоо “намын дарга дангаараа ийм гэрээ байгуулах эрх бүхий субект нь биш. Намын эрх барих байгууллага болох ҮЗХ-гоор эхэлж хэлэлцүүлэх ёстой” гэсэн Үүл даргын байр суурь байндаа тусч, Н.Алтанхуяг дарга энэ удаа буулт хийлээ.

2002 оны үед байх даа, М.Энхсайхан АН-ын дарга байхдаа /1996-2000 онд эрх барьсан “Ардчилсан холбоо” эвсэл тарж, МҮАН, МСДН дангаараа сонгуульд оролцон ганц суудалтай үлдсэний дараа. 2000 оны УИХ-ын сонгуулиар МАХН дангаараа 72 суудал авч, МҮАН-аас Ж.Наранцацралт ганцаараа, сонгуулийн өмнө шинээр байгуулагдсан ИЗН нэг, “Эх орон” нам нэг, бие даагч Л.Гүндалай нэг суудал авсан билээ/ ИЗН-ыг Ардчилсан намтай нэгтгэхээр намын анхан шатны байгууллагуудын дунд санал асуулга явуулахад нэг нь ч дэмжээгүй билээ. Бүгд л “Муу нөхрөөс сайн дайсан дээр. Өврөөс минь хулгайлсан урвагчидтай хэзээ ч нэгдэхгүй” хэмээн бараг л “цусан тангараг” тавьцгаасан даа. Тэгээд арга буюу 2004 онд гурван намыг нэгтгэсэн “Эх орон-Ардчилал” эвсэл гээчийг байгуулж сонгуульд орсон билээ. Эвслийн нэрнээс болоод М.Энхсайхан намынхандаа бас л баалуулсан. Яахаараа “Эх орон” гэдэг намын нэр эхэнд нь ордог юм бэ гэж.

Ер нь бол урьд өмнө нь улс төрийн өрсөлдөгчид, “өштөн дайсан” шахуу явсан нөхдүүдийг нэг дээвэр дор нэгтгэнэ гэдэг амар ажил биш. Тэр тусмаа хар бор хамаг ажлыг нь нугалдаг намын анхан шатны байгууллагууд, жирийн гишүүдийн хувьд бүр ч эмзэг зүйл. Тийм байлаа гээд Н.Алтанхуяг дарга дангаараа гэрээ байгуулах эрхтэй байхгүй л дээ. Тэр тусмаа Ардчилсан нам дотор бол бүр ч боломжгүй зүйл. Үүнийг ч өнгөрсөн хоёр хоногийн үйл явдал /Э.Бат-Үүлийн мэдэгдэл хийгээд Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын буулт/ бэлээхэн харуулаад өглөө. Гэхдээ энэ удаа асуудал 2002 онд М.Энхсайханы бүтэлгүйтсэн шиг доороосоо дээшээ бус, Н.Алтанхуягийн өөрийнх нь арга барилаар дээрээсээ доошоо явж байх шиг байна.

Уг нь АН, МАХН хоёрын гэрээний асуудал бүр энэ оны тавдугаар сараас эхэлж яригдсан зүйл. Бүтэн таван сарын турш эзэнгүй байсан энэ асуудлыг цэгцлэхийн тулд Н.Алтанхуяг эхлээд намын Гүйцэтгэх зөвлөлөөс эрхийг нь авсан байдаг. “МАХН-тай байгуулах гэрээнд гарын үсэг зурах эрхийг АН-ын дарга Н.Алтанхуяг, УИХ дахь намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат,  ЕНБД Ц.Оюундарьт нар зөвшөөрсүгэй” гэсэн тамга, тэмдэг, гарын үсэгтэй. Харин одоо намын дарга нарын гарын үсэг зурсан гэрээний заалтыг Ардчилсан намын ҮЗХ-гоор хэлэлцэж баталгаажуулахаар болов. Батлах хүртэл бас л удах байх.

Улс төрд мөнхийн нөхөр, мөнхийн дайсан байдаггүй. Мөнхийн эрх ашиг л байдаг гэдэг. Ардчилсан намын хувьд ийм л цаг үе ирж. Яг одоо засаглаж байгаа нэг намын нөхдүүдийг харсан ч тэр. Үзэл бодол, үнэт зүйлээрээ бусдаасаа ялгараад байгаа юм юу ч алга. Нэг кабинет дотор байтугай нам дотроо багтаж чадахаа байсан нөхдүүд захаас аван байна. Харин намын даргын хувьд “шаварт унасан шарын эзэн хүчтэй” гэгчээр ямар ч үнээр хамаагүй намаа сонгуульд ялуулах нь цорын ганц зорилго, бас намын эрх ашиг. Харин ч “Н.Алтанхуягийг л яаж ийгээд унагахсан” гэх шунал хүслээр нүдээ таглачихаад байсан МАН-аас түрүүлж МАХН-тай гар барьсан нь түүний хувьд олз. Тэртэй тэргүй Засгийн газарт хамтарч байгаа хоёр нам ирэх сонгуульд бие биенээ дэмжиж ажиллана уу, байна уу ёстой “их идсэн ч үмхий, бага ч идсэн үмхий” л биз дээ. Явж явж Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг нар чинь харин Н.Энхбаярын хоёр талаас хавсайдаж тоглоод байгаа юм биш үү?

2014.10.23