Улсын хэмжээнд  олон тагнуулыг илрүүлж, баривчлах ажиллагаа  үргэлжилсээр  байна. Улс эх оронд ноцтой хохирол учруулж,  Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн  тагнуулуудыг  хайр найргүй  байцааж, шөнө дөлөөр саатуулж, улмаар олон нийтэд зарлан жигшүүлэх ажиллагаа тун амжилттай явагдаж байна.  АТГ-т байцаагдаж  баригдсан бол авлигач , Эрүүгийн цагдаагийн газарт дуудагдсан бол эрүүгийн гэмт хэрэгтэн  болдог болохоор  ТЕГ- т байцаагдсан нөхдүүд яах  аргагүй тагнуулууд байж таарна. Тухайлбал, Ерөнхий сайдыг шүүмжилж удаа дараа нийтлэл  бичсэн, нэр хүндэд  нь  халдсан твитер дэх постыг олонд түгээсэн сэтгүүлч У.Оргилмааг (@martahgui ) ТЕГ дуудав.  Ажил байрнаас  нь хоёр удаа авч яваад шөнийн 00 цаг хүртэл тэнд суулгав. Мэдээж нөхөр У.Оргилмаа Ерөнхий сайдын эсрэг юм бичсэн л бол тагнуул болох  нь эргэлзээгүй. Бас Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн байж таарна.   Тэр байтугай,  Төрийн соёрхолт, МУГЖ жүжигчин найруулагч, эрхэм маэстро  Д.Сосорбарамыг  мөн л ТЕГ-ын тагнуул илрүүлдэг ажилтан очиж байцаажээ. Мань эр   “Чухал 100 сэдэв”  нэвтрүүлэгт  эрх баригчдын  эсрэг  үг хэлсэн гэмт хэргийг үйлдсэн нь баримтаар нотлогдож.   Нэгэнт баримт байгаа тэр нь нотлогдож байгаа тул  Со гавьяат яах аргагүй тагнуул болж таарлаа...

УИХ-ын гишүүдийн утасны дугаараас Засгийн газрын бодлогын эсрэг утгатай мессежийг  баахан хүмүүст илгээжээ.   Засаг төрийн эсрэг мессеж илгээсэн дайсныг барих ажиллагаанд ТЕГ баяр хөөртэйгөөр ханцуй шамлан оров.  Хамгийн сонирхолтой нь  Мобиком хэмээх гар утасны компани огт буруугүй болох нь тэр.  Хөөрхийсийг мэдээгүй сууж байтал Ерөнхий сайдын бодлогын эсрэг мессеж тарж амжиж.  ТЕГ  ч дайсныг илрүүлсэнээ зарлаж   “мессежний эзнийг олсон, тэр нь УИХ-ын гишүүн хүн байна. Болохгүй бол зарлана.” хэмээн  шантаажлаад байгаа юм уу  заналхийлээд байгаа эсэх нь тодорхойгүй  мэдэгдэл хийв. Зарлаач ээ, хэнийг  хайрлаад хэнтэй тохиролцох гээд  тэнэгтээд байгаа юм бэ.  Уг нь тэр мессеж нь тухайн гар утасны дугаарын эзний зөвшөөрөлгүй л явчихсан болохоос үнэн мэдээлэл байсан нь бас сайхан. Илүү  олон хүн рүү дахин дахин илгээгээд баймаар  гоё  мессеж...

Ерөнхий сайд Н.Алтанхуяг авилгалын гэмт  хэргээр Монгол Улсын шүүхээс хорих ял шийтгүүлж Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан Н.Энхбаяртай хамтрах гэрээ байгуулав.  Гэтэл  өнөөх гэрээнийх нь  нууц хавсралт гэх  “хуурамч”   бичиг бас гараад ирэв. За дахиад л ТЕГ “ура” хашгиран дараагийн  тагнуулыг барих ажилдаа орлоо.  Энэ удаад гэмтэнийг   ёстой амархан барив.  Ямар кинон дээр гардаг билээ дээ, “хажууд чинь Хан Хэнтий дүнхийж байхад хоёрхон хонохгүй баригддаг чи ч ядарсан хулгайч юм даа...”гэж хэлмээр амархан ажиллагаа боллоо.  “Энийг МАН л хийсэн байх ёстой.  М.Энхболдыг барьж болохгүйгээс хойш хэвлэлийн албанаас нь хэн нэгнийг нь чирээд  ир....” гэж нэг хүн үүрэгжүүлсэн мэт амархан барьсан даа.  Тэгэлгүй яахав  хэрэгтнээр  МАН-ын хэвлэлийн ажилтан Дэмбэрэл гээч залуу тодорлоо.  Тэр нууц хавсралт гээч нь  мөн л Ерөнхий сайдын нэр хүндэд халдсан тул Дэмбэрэл Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн тагнуул  болж таарлаа.   Өчигдрөөс таван жилээр шоронд хатаах юм ярьж эхэллээ. Хамгийн сонирхолтой нь өнөөх Н.Алтанхуягийн Н.Энхбаяртай “хэн хэнийгээ шоронд хийхгүй шүү хө” гэж тохиролцоод гарын үсэг зурсан  нууц хавсралт гээч юмыг үнэхээр хуурамч уу, жинхэнэ үү гэдгийг хэн ч шалгасангүй. Тэгэхээр Н.Алтанхуяг хуурамч  гэвэл хуурамч, үнэн гэвэл үнэн болж таарах нь.  Бас түүний эсрэг үзэл бодол тээсэн бүхэн тагнуулууд. Үндэсний аюулгүй байдалд заналхийлэгч.... За хэрэг явдал ингэж шувтрахгүй бололтой. Эрх баригч Ардчилсан намын УИХ дахь бүлгийн дарга Б.Эрдэнэбат нэгэн аймаар мэдэгдэл хийв. “Ерөнхий сайдыг огцруулах кноп дарах нь АН-руу буудсан хэрэг болно” гээд  зүйл анги уншчихлаа.    Паа...  Ерөнхий сайдыг огцруулах кноп дарсан гишүүд онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хэргээр ял авах нь.  Лавтай 15-30 жилийн хорих ялтай эрүүгийн гэмт хэрэг.  Яанаа ,  УИХ-ын бараг 40-өөд гишүүн шоронд орох нь ээ...  Гэтэл дайны хажуугаар дажин гэдэг шиг  Эрүүл мэндийн сайд Н.Удвал  хүртэл  тагнуул бариадахлаа. Өөрийн дэд сайд Ж. Амарсанаагаа элэгний С вирусны эсрэг эмийг нэг ширхэг нь 900 ам долларын үнэтэй байхыг 1800 ам.доллараар дамлахыг  оролдсоныг газар  дээр нь шуурхай илрүүлж ТЕГ-т хэргийг шалгуулж байгаа  тухай сүртэй мэдээлэл хийсэн юм.  Гэтэл өнөөх тагнуул Ж.Амарсанаа нь “нэг ширхэг эм нь 900 ам.доллар, харин курсээрээ  84 мянган  байдаг эмийг  1800-гаар  хямдруулан  оруулж ирж байгаа юм л даа. Н.Удвал сайд андуурчиж .... ” гэв. Энэ удаа  Н.Удвал сайдын детектив сэтгэлгээ дэндүү ажиллаж  бусадтай адилхан  дотоодоосоо тагнуул барьж илрүүлэх эр зориг нь давамгайлжээ. Зүв зүгээр, бүр ажлаа ч хийхгүй зүв зүгээр мөрөөрөө сажилж явсан Эрүүл мэндийн сайд Н.Удвалд  хүртэл  тагнуул олж илрүүлэх сэтгэгдэл төрүүлж байна гэж бодохоор л ТЕГ тагнуулуудыг хэтэрхий сайн илрүүлж байгаагийн үр дүн мөн шүү дээ....  

Ард иргэдийнхээ дундаас Японы болон Хятадын  тагнуулуудыг 30  гаруй мянгаар нь илрүүлж, өдгөөгийн ТЕГ-т шөнө дөл хүртэл байцаан тамлаж,  олон нийтэд зарлан жигшүүлж улмаар буудан хороосон он цаг 1937 он.  Өнөөдөр бидний цаг үе 2014 он. Тэр балмад цаг үеэс хойш 77 жил өнгөрчээ.  Эхлээд сэжиглээд, дараа нь  бариад, улмаар  олон нийтэд жигшүүлж байгаад эцэст нь буудчихдаг тэр цаг үеийг мөнхийн нойрноос нь сэрээх хэрэггүй юм шүү, эрхэм  тагнуул илрүүлэгчид ээ.