БУДДАГИЙН СУРГААЛ

Сиддарта Гаутама буюу Шагжиймунын Буддагийн мэндэлсний 2550 жилийн ойг хүн төрлөхтөн саяхан тэмдэглэсэн. Ер нь байгаль хүн төрлөхтөнд нэг хэсэг бөөн бөөнөөр нь аугаа ухаан илгээх мөртөө нэг хэсэг хэдэн мянганаар таг чиг болчихдог. Одоогоос 25 зууны тэртээ аугаа сартваахиуд нэг хэсэгтээ бөөнөөрөө төрж байсан нь Будда, Күнз, Лаоцы, Аристотель, Платон, Сократ, Зараостэр гэх мэт. Мянганаар тооцох түүхийн утгаар эд нэг үеийнхэн.

Буддизм нь өөрөөсөө хавьгүй ахмад шашин хиндуизмын хөрсөн дээр соёолжээ. Эртний энэтхэгчүүдийн түүхээр боловсорч хөгжсөн шашнаас зан үйл, домог, бэлгэдлээс авахуулаад сэтгэлгээ, гаргалгаа, философи гээд маш олон зүйлийг өвлөн авсан байдаг. Будда үхэх төрөхийн циклийг тайлбарлажээ. Хийсэн үйл болгон дараа нь үр дүнгээ үздэг гэсэн нь түүний философийн гол гаргалгаа юм. Өнөөдөр яг одоо амьдарч байгаа биет нь урьд насны үйлийн үр дүн. Амьдрал бол үхлийн шууд үргэлжлэл. Энэ цикл тасрахгүй. Амьтан болгон зовдог, энэхүү зовлон нь урьд нь хийсэн үйлийн үр дүн юм. Иймээс зовохгүйн тулд зовлонтой нь биш тэрнийг үүсгэсэн шалтгаантай тэмцэх ёстой. Тэр шалтгаан нь нэгэнт урьд өмнө болоод өнгөрсөн учраас цаг хугацааг урагшлуулан очиж засах бололцоогүй. Иймээс гагцхүү хожим зовохгүйн тулд хожмын зовлонгийн шалтгааныг одоо үүсгэж болохгүй. Чухам эндээс Буддын зөв амьдрах сургаал мөрдлөг болон гарч ирж байгаа юм. Энэ бүхнийг монголчууд нэн эртнээс үйлийн үр гэж орчуулах болсон. Гэхдээ одооны хэлээр үйлдэл ба түүний хариу, эсвэл үйлдэл, тэрнээс үүссэн хариуцлага гэж болох юм. Орчин цагийн монгол хэлэнд “үйлээ үзэх” гэвэл ядрах, махрах, махаа идэх гэсэн утгатай; “үйлийн үр” гэхээр гарах гарцгүй, цаанаасаа ингэж заяагдсан гэсэн өөр утга агуулах болжээ. Достоевский үүнийг “Гэмт хэрэг ба ял шийтгэл” гэх маягтай хэлснийг “Гэм, зэм” гэсэн хэлц үгээр ч орчуулна. Гээд энэ нь Буддын сургаалын өрөөсөн тал нь. Гэм хийвэл зэмтэйгээс гадна буян хийвэл шагналтай гэж байж бүтэн болно. Ямар л үйлдэл хийнэ тэрэндээ тохирсон хариу сүүлд нь гарна гэж товч илэрхийлж болох нь. Ингэхээр хүний сайн муу явах зөвхөн өөрөөс хамаарах ажгуу.

Энэ сургаал нийтэд их ойлгомжтой зүйл. Гэтэл Буддын сургаалыг нийтэд ойгомжгүй болгодог зүйл нь дараагийнх нь. Хэрэв хүн үхэх төрөхийн цикл дотроо л байгаад байвал зовлонгоос нэг мөсөн ангижрахгүй. Харин хүн энэ хорвоогийн эгэл зүйлсээс ангижирч чадвал мөнөөх цикл эргэлтээс гарч дөнгөнө, тэгсэн цагт мөнхийн аз жаргал, амгаланг олох аж. Мөнхийн амгалан олох тэр статусыг Будда нирваан гэж нэрэлжээ. Ийм амгаланг ологч мянгаар тоологддогийн нэг нь Будда өөрөө аж. Бусдаас нь ялгахын тулд түүнийг Шагжийнмунын Будда гэнэ. Түүнийхээр бүтээгч Бурхан гэж үгүй аж, харин нирваан болсноор хэн ч Бурхан болдог ажгуу. Чухам үүгээрээ буддизм нь нэг Бурхант шашин болох лал, христосоос эрс өөр тайлбартай.

Буддаг нас барснаас хойш үе үеийн шавь нар нь сургаалыг нь нэгтгэн Трипитика хэмээх судар гаргажээ. Үүний нэг нь Дармапад. Тэд Нама будаяа, нама дармаяа, нама сангаяа гэсэн товч цогц илэрхийлэл зохиосон нь “гурван эрдэнэ” ч гэгддэг. Энэ нь Буддаг шүтье, Буддагийн сургаалыг шүтье, сургаалыг цааш дэлгэрүүлэгчийг бас шүтье гэсэн санаа. Буддагаас хойш сургаал нь гурван гол урсгалд хуваагдсан нь их хөлгөн, бага хөлгөн, тарнийн хөлгөн юм. Бага хөлгөн буюу хинаяанагийнхан өөрснийгээ ингэж нэрлүүлэх дургүй, “тэрэвада” гэцгээдэг. Тэд Буддаг өөрийг нь илүү эрхэмлэн шүтдэг бол Их хөлгөн буюу махаяанагийнхан олон будда байдаг гэсэн чиглэлээ барьж ирээдүйн будда ирэх (төрөх?) цагт хүн төрлөхтнийг аврана гэж үзнэ. Тарнийн буюу төвдийн буддизмынхэн өөрснийгөө Их хөлгөнд хамааруулдаг авч судлаачид үүнийг үгүйсгэдэг, шал өөр чиглэл болохыг нь төрөл бүрээр баталдаг. Төвдийн буддизм ловон Бадамжунайгаас үүсэн цааш явсан. Хэн ч гэгээрч болно гэсэн Их хөлгөний үзлээс төвд шашин угшилтай боловч цаашдаа салаад явжээ. Их хөлгөн Боддармагаас эхлэн хуушаан буюу чань болон хөгжиж улмаар Япон руу зэнь гэсэн нэрээр төгөлдөршлийг олсон байна. Эд нирваан болох технологийг практик болгон хөгжүүлсэн учраас эндээс үшү, кунфү, каратэ, жижицү гэх мэтийн философи-урлаг-спорт ч үүсчээ. 

ТӨВДИЙН БУДДИЗМ

Буддагийн амьдарч байсан уулын архан талд төвдүүд суудаг. Хөрш орон руугаа сургаал нь III зуунд анхлан ирсэн гэх боловч үнэндээ Буддагаас хойш 1200 жилийн дараа л лавтай гүн шингэжээ. Гол учир нь хоёр ард түмний соёлын болон иргэншлийн хэт зөрөөнөөс болсон хэрэг. Уулын мухарт суудаг төвдүүд нь дэндүү хоцрогдонгуй, бүдүүлэг үндэстэн. Хэт өндөр газар ус ч буцалдаггүй учир махаа хүртэл түүхийгээр нь шахам иднэ. Бөөгийн мухар сүжигтэй, тэрийг нь бон гэнэ.  Ийм газар орж ирсэн соёлтой, өндөр мэдрэмжийн сургаал бөөгийн мухар сүсэг, бүдүүлэг зан үйлийнх нь гоёл, хавсрага төдий болох нь ойлгомжтой. Гурван эрдэнэ гэсэн ойлголт орж ирүүтээ дөрөв боллоо. Дөрөв дахь нь лам. Лам хүнийг мухраар шүтэж, хамгийгаа тэмтрэн өгч байх энгийн авилга. Бөөгийн шүтдэг олон шүтээн, тухайлбал сармагчин, шулмас зэрэг нь дорхноо бурхны зэрэгт өргөмжлөгдөв. Бөөгийн зан үйл домог Буддын гайхамшигт сургаалтай холилдон тэр гэхийн тэмдэггүй боллоо. Лам нэрээр хүмүүсийг хуурч авилгаар амьдардаг бүхэл бүтэн паразит давхрага үүслээ. Тэд гол нь тарнийг шүтэх ба элдэв уншлага, хараал, авралын тарни бодож олсон нь учир тоймгүй.

Мянгаад оны үед Адиша хэмээх их эрдэмтэн Төвдөд ирснээр үндсэн эргэлт хийсэн. Адишагийн сургаалыг орчин үеийн хүмүүст ойлгомжтойгоор тайлбарласан Ошо багшийн тайлбар гэж бий. “Билгүүн ухааны шастир” нэртэй энэ ном П.Бадралын орчуулгаар саяхан хэвлэгдэн гарсан. Энд чухам Буддагийн яриад байсан үйлийн үр хэмээх бүхэнд ойлгомжтой сургаал, нирвааны тухай ойлгомжгүй сургаалыг ялгаж өгсөн юм. Үйл болгон ардаа хариутай, иймээс зөв амьдрах нь зовлонгоос хол байх үндсэн арга. Хүн шуналаасаа болж буруу үйл хийдэг, буруу үйлийн хариу зовлонг авчирна. Маш ойлгомжтой товчхон философи. Энд чухам хүний амьдралын этик, мораль, амьдралын ухаан оршмой. Тарни гэдэг бол мунхруулга, ерөөсөө ч буддизм ямар ч ид шидийн тухай сургаагүй гэдгийг Адиша төвдүүдэд хэлж өгсөн юм.

Хүн зовлонгоос мөнхөд ангижран нирваан болъё гэвэл энэ хорвоогийн явдлаас бүрэн салах ёстой. Сиддарта шиг эхлээд эхнэр, нялх хүүхэд, хөгшин эх эцгээсээ холдон бүрэн умартана. Хорвоогийн бүхий л үйл явдлыг өөрт огт хамаагүй мэтээр тэс хөндлөнгөөс харж үл оролцоно. Энэ сургаал ойлгоход хэцүүгээс гадна үнэмшихэд ч бэрх, цаанаа ямар нэг ид шид агуулж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Эгэл хүний хувьд мөнхийн амгаланд очино гээд хорвоог огоорч байх ямар ч шаардлага үгүй. Харин ингэхээр зорьж буй хүмүүсийг лам гэнэ. Эгэл хүнд энэ нь ид шид мэт харагдана. Ид шидтэнгээс хүмүүс тусламж гуйна. Хариуд нь өргөл барьц өгнө. Хөдөлмөр хийлгүйгээр тун амархан тэжээлгэчих арга ингээд гараад ирж байна. Өөр бусад нь ч энэ сайхан амар арга руу тэмүүлнэ. Ингээд лам нарын бүхэл бүтэн арми үүсэж таараа. Ингэхээр дотор нь өрсөлдөөн үүснэ. Мөн илүү ид шид бодож олно, эгэл иргэдийг улам илүүгээр мунхруулах арга санаачлана, өргөл барьцаа булаацалдан хоорондоо муудалцана. Адишаа төвдүүдийн буддист ойлголтыг цэгцэлсэн боловч түүнээс хойш мөн л дампуурч нийгмийн хамгийн бузар сав болж. Мэдээж Адишаагийн буянгаар Төвдөд мөнөөх зөвхөн дээд эгнээнийхэн ойлгох ертөнцийг огоорч байж мөнхийн амгаланг олох сургаал ихэд хөгжин маш том ололтод хүрснийг үгүйсгэх аргагүй.

1400 орчим онд Төвдөд Зонхов хэмээх нэгэн эр шашны энэ дампуурлын эсрэг тэмцжээ. Тэрээр өөрийн школыг төрүүлснийг шарын шашин гэнэ. Тэдний сургуулийнхан авилгач лам нараас ялгагдахын тулд тусгай формтой болж шар малгай духтуулах болсноос ийм нэр гарчээ. Нэгэнт л нирваан болж ертөнцийн хар бор амьдралаас тасрах гэж байгаа болохоор эхнэр авахыг хориглолоо. Сексийг бол хорьсон юм байхгүй. Харин ч сексээр дамжин нирвааны зарим хувилбарыг ойлгох технологи байдаг гэнэ. Зонхов нирваанд хүрэх гэж буй эдгээр лам нарыг сахилгажуулснаас гадна эгэл хүмүүсийн ойлгох ёстой зүйлийг бас тусгаарлаж өгчээ. Түүний бичсэн “Бодь мөрийн зэрэг” зохиол нь гурван ботиос бүрдэнэ. Эхнийх нь эхлэн гэгээрэгч буюу эгэл хүмүүст зориулж Буддын сургаалыг тайлбарлажээ. Энэ бол Буддын сургаалын дагуу хүмүүс зөв амьдрах тухай л номлол. Тэрээр Буддагаас гадна түүнээс хойш төрсөн архад - Нагаржуна, Адишаа, Шантив, Асанга зэрэг олон сартваахийн тайлбарыг харьцуулан өгүүлсэн юм. Улмаар гэгээрэгч, төгс гэгээрэгч нарт зориулсан дараагийн хоёр боть нь бурхны шавь гэгдэх мөнөөх нирваанд очихыг санаархагч хүсэгч тэмүүлэгч нарт зориулжээ. Энэ нь ерөнхийдөө мэргэжлийн сурах бичиг юм даа. Ингээд Буддагийн гэгээрэлд хүрэх арга зөвхөн лам нарт төдийгүй энгийн ардад ч бололцоотой болохыг Зонхов зааж, бичиг үсэггүй ардад лам нар тайлбарлаж ойлгуулах үүрэгтэй болохыг хэлсэн юм. Үүнийг хөтлөх гэнэ. Өөрөөр хэлбэл Бодь мөрийн зэрэг номын эхний ботийг лам хүн эгэл хүмүүст уншиж өгөн тайлбарлах, дараагийн хоёр ботийг өөрөө уншиж гэгээрэх ерөнхий журам эндээс гараад ирж байна.

МОНГОЛД БУДДИЗМ ИРСЭН НЬ

Төвдийн буддизм Монголд нэвтэрсэн нь улс төрийн шалтгаантай. Юань мөхөж нутагтаа хөөгдөж ирсэн монголчууд олон арван ханлигуудад хуваагдаж биендээ захирагдахаа болин хоорондоо тэмцэлдэх болжээ. Тэгэхээр тэднийг нэгтгэх үзэл суртал хэрэгтэй болсон. Нөгөө талаас Төвдөд шашны олон урсгал хоорондоо тэмцэлдэн хэн нь ч цоройж чадахгүй учир Монгол мэтийн хүчирхэг улсаас цэргийн тусламж авч ноёлох сонирхол бүгдэд нь байв. Хоёр тал ийм улс төрийн сонирхлын шалтгаанаар уулзалджээ. Монголчуудаас тусламж авах гэж Төвдөд улааны болон шарын шашин хоорондоо өрсөлдөж байсан бол Монголын ханлигууд биентэйгээ өрсөлдөн алиныг нь ч хамаагүй урин залж байв. Алтан хан анх шарын шашин залахдаа “Ойрдуудыг өшлөн дарахад хэрэг болно” гэж байсан бол ойрдын Хархул хариу цохиход хэрэг болж магадгүй хэмээн уралдан заллаа. Халхын Авдай сайн хан Төвдөөс сажапагийн урсгалынхныг урьсан бол цахарын Лигдэн улааны шашныг хамгаалагч болж байжээ. Олон хуваагдсан монголчууд Төвдийн олон хуваагдсан шашныг хэсэглэн өмөөрч хоорондоо байлдаж байв. “Цогт тайж” кинонд гардаг үйл явдал үнэн түүх. Хүний шашин өмөөрөх гэж Туулын усаа амсаад хэдэн мянган км хол явж хүний нутагт хоорондоо байлддаг, бас л шог байгаа биз?  Дараа нь яахав дээ, халх, ойрд, цахар, барга, буриадад бүгдэнд нь шарын урсгал нэвтэрсэн, Төвдөдөө шарынхан төрийн эрх барьж, тэдний Далай лам хэмээх монгол цолтой лам толгойлогч нь болсон. Тухайн үед хүчирхэгжиж байсан манжууд төдийгүй хятадын Мин, дараа нь Чин улсын эзэд Монголд шарын шашин дэлгэрч байгаад ихэд баясан хөхиүлсэн байдаг. Энэ бол улс төрийн тал нь!

МОНГОЛ МАЯГИЙН БУДДИЗМ

Буддын шашины хамгийн гоц дампуурсан хэлбэр Монголд тогтсон. Төвдийн бөөгийн “гарт хүмүүжиж” хэлбэрээ алдсан сургаал Монголын талд ирж дутахгүй бүдүүлэг бөөгийн “гараар орон” нүднээс гарав. Үхэл амьдрал дамнасан мөнхийн циклийн тухай сургаал тун ч хялбарчлагдаж үхэх мөрөөрөө үхэхгүй эргэж төрөөд буг болохтой шахдаг үзэгдэл хавтгайрав. Эхлээд Төвд Энэтхэгт томчуул нь эргэж төрдөг, тэрийг нь хайж олоод тодруулдаг байсан бол сүүлдээ нийтлэг үзэгдэл болж Монголын жалгын сүмийн хамба эргэж хувилаад салахаа болив. Хувилгаадын тоо замбараагаа алдаж, энэ нь нэг төрлийн аятайхан бизнес болсон тул төрөөс оролцон тоог нь хязгаарлажээ. Буддын сургаалыг бичиг номтой болсны хувьд бусдад тайлбарлаж өгч байх үүрэгтэй лам нар маань харь тангад хэлээр нь ном уншин түүндээ ид шид оруулж өвчин зовлонгоос салгадаг болжээ. Өөрөөр хэлбэл хувь хүн үнэнийг өөрөө хайх тухай сургаал гадаад хэлээр ид шид агуулсан тарни болон ойлгогдож буй нь энэ! Мэдээж өөрөө ч ойлгосон юм байхгүйгээр ном уншсан нэр зүүгээд шан харамж авна, тэр нь амьдралыг нь залгуулна. Ийм бэлэн хоол руу бүгд зүтгэх нь мэдээж. Ядуу айл хүүхдээ хоолтой залгуулах гэж лам болгодог бол, баян айл татвараас зугтаах гэж ийш тэмүүлнэ. Ингэсээр 700 мянган хүн амтай нийгмийн 100 мянга нь лам болжээ.

Буддагийн сургаал бол үнэний эрэл. Түүнийхээр хүн өөрийнхөө үнэнийг өөрөө олох ёстой. Хорвоогийн мөнхийн эргэлтээс сулран гарч чадсан цөөн нэг нь абсолют үнэнийг олох бололцоотой.  Өөрөөр хэлбэл буддизм нь хамгийн догма үгүй шашин. Монголын буддизм магадгүй дэлхийн хамгийн догма шашин болжээ. Үзмэрч, төлөгч, тарнич, зурхайч, номхруулагч, хараалч, мууг зайлуулагч, тольдогч гээд цаад утгаараа буддын сургаалтай харш, мөн чанараараа буддизмд байж болошгүй үзэгдэл монгол буддизмын амин сүнс, утга чанар нь болсон. Мухар сүсгийн хүрсэн зэрэглэл нь бөөтэй өрсөлдөхүйц болж авав.  Буддагийн сургасан болгон энд ид шид, далдын хүч, парапсихологи, экстрасеанс болон хувирсан. Лам нар болгон зөвхөн ном уншиж хүн айлгадаг төдийгүй, ирээдүйг нь тольддог, нүгэлийг цайруулдаг, од гаригийн хөдөлгөөнөөр хувь заяаг нь тодорхойлдог, өдөр тутамд хүний юу хийх болон эс хийхийг нь зааварладаг универсал шидтэнгүүд. Энэ нь хоцрогдсон нийгмийн сэтгэхүй болон моралийг бүр эвдсэн юм. Ямар ч нүгэл хийсэн тэрнийгээ эд мөнгө өгөн хахуулдах замаар цайруулж болно гэсэн нийгмийн ойлголт буй болгожээ. Ингэхээр сүм хийд гэдэг нь үнэн чанартаа Бурхантай наймаа хийдэг хар захархуу юм болон хувирч буй хэрэг.

Шашины энэхүү балайрал дампууралтай үе үеийн монгол сэхээтнүүд, ялангуяа томоохон лам нар их тэмцэж байсан юм. Тогтох ван, Агваанхайдав, Агваанбалдан, Ишданзанваанжил, цахар Лувсанчүлтэм, Данзанравжаа, Сандаг гээд олон бий. Энэ нь нийгмээ мухардалд оруулаад зогсохгүй сүйрэлд хүргэнэ гэж тэд анхааруулж байлаа. 1937-38 оны их аллага гол нь сүм хийдийг чиглэсэн. Коммунизм гэх шинэ атейст шашин, түүний фанат дагагч улаантнууд лам нарыг хэдэн арван мянгаар нь хөнөөж бүх сүм хийдийг галдан шатааж эвдэн сүйтгэж нураалаа. Ухаалаг том лам нар хэлж байв: Ингэх цаг нь болсон, хэтэрхий буруу явсан болохоор энэ чарлаб нарын гараар шийтгэл ирж байгаа нь энэ! Үйлийн үр! Орчин цагийн хэлээр хөрвүүлэх юм бол: ямар л үйлдэл хийсэн байна тийм л хариу гарна. Будда үнэн хэлжээ.

Үргэлжлэл бий
2009.2.1