Амь амиа л бодоорой
Ер нь энэ удаагийн сонгуулиар иргэд бид амь амиа л бодмоор байгаа юм. Тэрнээс биш өндөр нам, өргөн нарийн, давхраатай бүлцэн ямар ч хүн ерөнхийлөгч болж байсан яадгийн.
Ер нь ч сүүлийн үед монгол улсын, монгол хүний ажил амьдралын хамгийн том чөдөр тушаа, гай зовлон нь төр засаг өөрөө болоод байгаа шүү шулуухан хэлэхэд. Заримдаа ч энэ төр, засгийн газар, энэ яамдууд, агентлагууд нь монгол хүнд нэг их тус дэм болж гийгүүлдэггүй юм гэхэд авлига нэхсэн ажил уясан шат шатны дарга нар, элдэв тусгай зөвшөөрөл лиценз, наян хяналт шалгалт, зүсэн бүрийн татвар, хэрэгтэй хэрэггүй сонгуулийн амлалтаараа ядаж нэг их дөнгө тушаа, гай зовлон бололгүй шиг арай эрх чөлөөтэй эдийн засгийн, хуулийн орчин бүрдүүлж нүдэнд өртөөд, хоолойд тээглээд байхгүйгээр оршиж болдоггүй юм болов уу гэж санах л юм.
Сонгууль болохоор л нэг их гуйлгачин ард түмэнтэй юм шиг 1.5 сая төгрөг гэж худлаа амлаж зөв зүгээр ажлаа хийгээд явж байсан хүмүүсийг самраад хаячих юм. Малчид нь хүртэл тэрэнд нь хошгирч гэв гэнэт өндөр хүүтэй зээл хэдэн малаараа дэнчин тавьж аваад өрөнд унаж балрах юм. Зарим нь нэр төрөө бодоод амиа ч хүртэл хорлолоо. Сонгуулийн 1.5 саяын зуд өнөтэй сайхан байсан энэ 2 жилд 2001-2003 оны аймшигт зудын жилүүдээс илүү монголын малчдын хотыг харлуулж үгүйрүүлсэн байх шүү. Одоо хэний ч мал болчихоод байгаан бүү мэд. Дараа нь дахиад л орон нутгийн сонгуулиар нөгөө 1.5 саяын амлалт. Арай ч 2 дараалж худлаа ярихгүй байлгүй гэсэн байдаггүй ээ. Өгдөггүй шүү. Бүүр жишим ч үгүй, амласан, санаа зовсон ч шинжгүй л хүмүүс УИХ, ЗГ дүүрэн харагдах юм. Зарим нь бүр тэр мөнгөө авч улс орноо баллах нь уу гэж иргэдээ тавлах ч шиг.
Тэгсэн энэ ид шидэт 1.5 сая дахиад амилдагийн байна. Бүр нэг дор 2 удаа шүү. Эхнийх нь: энэ ерөнхийлөгчийн сонгуулиар нэг өрсөлдөгчийнх нь амнаас, дараа нь тэр хүний штабаас нөгөө хүнээ бас 1.5 саяаар эх орноо худалдсан гэж байнаа. Ямар ч амлаж дуусдаггүй 1.5 сая вэ. Нөгөөх нь ч эх орноо 1.5 саяаас зарчихмаар ядсан амьтан харагдах ёстой юм болов уу? Ахиад л бид хууртах ёстой юм уу? Эсвэл ерөөсөө энэ чинь тийм ид шидтэй тоо юм уу? 1.5 сая төгрөг цонхны цаана тоолохоор нь бид нар шүлсээ гоожуулж сонгоод л. Эсвэл ерөөсөө зарим хүн монгол хүн, монгол төр хоёрын ханшийг ингээд тогтоочихсон юм уу?
Ингэж ингэж 2012 онд ханш нь шалдаа буусан хойно 1.5 саяаа дахин сонгоно гэсэн өөрийн намын хүмүүст эхэлж өгөөд л. Хүмүүс хороо хорин дээрээ 1.5 саяыг авах гэж хөлсөө гарган оочирлож нэгнийгээ дарж алах дөхөөд л. Хөлсөө арчаад мөнгөө түй гээд тоолж байтал зурагтаар дараагийн сонгуульд дахиж сонговол бүүр их 1.5 сая төгрөг дахиад өгнө гээд л. Бид дахиад сонгоод л. Тэд дахиад инээгээд л. Бид ажил амьдралаа мартан 1.5 саяаа бодоод л, дахиад баахан зээл аваад л, мал эд хөрөнгөө барьцаалаад л, амиа хорлоод л, ядаж байхад хүү нь аль хэдий нь 1.5 сая даваад л. Нэг тиймэрхүү л үнэтэй амьтад юм байна л даа монгол хүн, монгол төр хоёр.
Уул нь ингэж гуйлгачин шиг өглөг хишиг горьддогоо болиод яг танд надад ямар ашигтай вэ гэж л сонголтоо хиймээр санагдаад байгаа юм. Яг миний амьдрал ирэх 4 жилд яаж өөрчлөгдөх вэ? Намайг үнэ цэнэтэй ажил амьдралтай болгох уу? өглөг хишиг горьдсон гуйлгачин болгох уу? Миний хүүхдийн боловсрол үнэ цэнэтэй байх уу? дараа нь амьдралаа аваад явчих гайгүй ажил төрөлд орж болдог үнэ цэнэтэй диплом мэдлэгтэй болох уу? үгүй бол хүүхэд минь лангууны ард зогсоод худалдагч хийхэд ч дээд мэргэжлийн диплом нь гологддог хэвээр байх уу? бие өвдвөл дахиад л хэдэн төгрөгөө бариад Хөх хот, Бээжин явах уу? эсвэл монголын эмнэлгүүд арай гайгүй болж дарга цэрэггүй гадаад явж эмчлүүлэхээ болих уу? Эсвэл дарга нар өөрсдөө ахар сүүл нь нугаларах, мориноос шилжих төдийд бүх бараа бологсодоо дагуулан онгоц хөлөглөн гадаад эмнэлэг явдаг, хөөрхий ард түмэн нь нөгөө үнэ цэнэгүй эмнэлэг эмч нарынхаа гар дээр үнэ цэнэгүй эмчилгээ хийлгээд үнэ цэнэгүй амьдралаа алдсан хэвээр байх уу? төр засаг миний амьдралд хэтэрхий оролцоод эрх чөлөөг минь боож хаагаад байвал чөлөөтэй үгээ хэлж жагсаж эсэргүүцэж болох уу? бүр болохоо болиод шоронд байгаа хэдэн зуун залуусын араас орох уу? Улаанбаатарын төв гудамжинд мянган хүний нүдэн дээр араас минь золбин нохой шиг буудаж орхиод явдаг хэвээрээ байх уу? ордноосоо гарч ирээд яасан гэнээ юу болохгүй байна гээд ярилцдаг болох болов уу? Үндсэн хуульд заасан ажил үүргээ л хийдэг ерөнхийлөгч болох уу? эсвэл хөдөө аж ахуйн яам, боловсролын яам, уул уурхайн яам, эрүүл мэндийн яам, Улаанбаатар хотын удирдлага ер нь засгийн газрыг тэр чигээр нь орлоод хэдэн зөвлөхтэйгээ нийлээд монгол улсын, монгол хүний бүх л ажил амьдралыг өмнөөс минь шийдээд бүх юмыг үнэ цэнэгүй болгоод өглөг хишигээ хайрлаж байдаг ерөнхийлөгчтэй болох уу? гээд мөн нь ч олон асуулт гарч байх юм даа.
Гэхдээ эцсийн эцэст таньд, над яавал ашигтай вэ гэж л бодож сонгуульд саналаа өгмөөр санагдаад байгаа юм. Арга ядахдаа нэг их тусалж гийгүүлдэггүй юм гэхэд гай зовлон болдоггүй л сонголт хиймээр байна. Би энэ олон асуултын хариуг үнэндээ мэдэхгүй. Би өөрийн ажил, амьдрал, эрүүл мэнд, хэдэн хүүхдийнхээ боловсрол, эцэст нь монгол түмний 300 жилийн мөрөөдөл тэмцлээр олдсон хувь хүний бөгөөд эх орныхоо эрх чөлөөг л бодож сонголтоо хийнэ дээ. Хамгийн гол нь миний өгсөн саналыг өнгийг нь хувиргалгүй, замын дунд төөрүүлэлгүй шударга тоолоосой билээ. Тэгж тоолсон саналыг л ард түмний сонголт гэнэ шүү дээ. Тэнгэр өршөөг.
Б.Болдсайхан эмч 2009-5-17