Вирус, томуу, тахал, Төр
Вирус, ханиад томуу бол зөвхөн эмч сувилагч, өвдөгсдийн зовлон биш эдийн засаг, улстөрийн асуудал байх болжээ.
Гэтэл энэ хаврын гахайн томуу сүүлийн хагас зуун жилд дахин гарч ирж байгаа цар тахал буюу бүх дэлхийг хамарсан тахал болох шатандаа явж байна. Энэ удаагийн гахайн томуу хэд хэдэн онцлогтой: 1. Вирусийн ген нь яг л лабораторид зохиосон биологийн зэвсэг адил. Ганц гахайн томуугийн вирусийн генээс гадна хүний томуу, шувууны томуугийн генийн хамтарсан нийлмэл генийн байгууламжтай 2. Тийм ч учраас гахайнаас хүнд, хамгийн аюултай нь хүнээс хүнд тэгэхдээ бүр агаар дуслын замаар тархах боллоо. 3. Залуу хүний дархлааны систем энэ вирусийн эсрэг хэт хүчтэй реакци үзүүлж уушигны хатгалгаа болох, уушиг нь хавагнах замаар үхэх нь нилээн байна.
Уул нь томуугийн вирус намар, өвөл, хаврын улиралд тархаж нийт хүн амыг халдварлуулж, түүн дотроосоо хүнд өвчтэй, өндөр настай, сул биетэй, дархлаа нь суларсан хүмүүсийг авч оддог байгалийн жам ёсны өвчин юм. Яг л цэвэрлэгээ хийж байгаа мэт. Байгалийн шалгарлаар хүчтэй эрүүл нь үлдэнэ. Гэхдээ сүүлийн зууны турш дэлхийн хүн ам байгалийн байх ёстой жамаас гадуур хэт олшрон, өвчтэй дорой нь ч үржиж байгаа тул ханиад томуу ч улам их, олон төрөл болж, улам бүр генийн хувьд хурдан хувьсаж хөнөөх чадвар нь ихсэж байх шиг байна. Байгалийн л зохицуулга юм уу даа. Энгийн ханиад томуу 1,5-2 жилийн хугацаанд дэлхийг бүтэн тойрон тархаж 500,000-аас 2 сая хүний амь насыг авч оддог. Жил бүр шүү дээ. Залуу ид насандаа яваа эрүүл хүмүүс өртөх нь бага, өвдсөн ч үхэлд хүрэх нь өдрийн од мэт.
Хүн амын тоо олшрох тусам сүүлийн 100 жилийн хугацаанд хүний томууны вирусээс гадна шувуу, гахай мэт хүнтэй хамгийн ойр байдаг гэрийн тэжээмэл амьтадын томуугийн вирус ч хүнийг хөнөөж эхэлж байна. Уул нь амьтны зүйл хоорондын саадыг давж нэг зүйлийн амьтны вирус нөгөө зүйлийн амьтанд хор хөнөөлгүй байдаг байгалийн зүй тогтол бий. Хүний ханиадны вирус хүнд л өвчин болно. Гахайны вирус гахайндаа л ханиад хүргэнэ, адууных адуундаа, шувууных шувуундаа гэх мэт. Бид гахай биш тул гахайн вирусаар өвдөх ёсгүй. Гэтэл 1. Хүн гэрийн тэжээмэл амьтны шууд контакт хэдэн мянган жил явагдсаны үр дүнд энэ дунд эргэлдэж байсан вирусүүд хувьсан зүйлийн саадыг даван алхах боллоо. 2. Энэ удаагийн гахайн ханиадны вирус мэт ген нь маш аюултай чиглэлд нийлбэржих, хувьсах өөрчлөлт гарч байна. Энэ удаагийн гахайн ханиадны вирусны генийн бүтцээр нь таамаглавал гахай, хүн, шувууг алийг нь ч өвчлүүлж чадах бүгдийнх нь ханиадны вирусын цуглуулга мэт гентэй байгаа нь түгшүүр төрүүлж байна. 3. Хүн төрөлхтөний тоо байгалийн жамаас хэт зөрж, хэт өсөх болсон тул байгал ээлжит зохицуулалтаа шинээр хийж байгаа юм болов уу. Дашрамд монголчууд бид дэлхийн хэт олон хүн амтай Хятадтай хил залгаж, Энэтхэгээс нэг их холгүй байдаг тул байгалийн энэ шинэ зохицуулалтын зах зухад хамт шүүрдэгдчих аюул бас байдаг. Уг нь хамгийн хатуу ширүүн байгаль, нийгмийн шалгаруулалтаар торойж үлдсэн хүмүүсийн угсаа юмсан. Яг л спартууд мэт.
Ер нь хүн төрөлхтөн мөхөж сөнөж болох тухай олон таамаглал байдаг. Асар том солиртой мөргөлдвөл, дэлхий одоо байгаагаас зургаан хэмээс дээш дулаарвал ус хоолны төлөө тулаанаар, цөмийн дайны хөлд, аварга галт уул дэлбэрч гэх мэт. Энэ бүхнээс хамгийн өндөр магадлалтай хувилбар нь ямар нэг ханиадны вирусийн тахлаар хүн төрөлхтөн сөнөх тухай таамаглал байдаг. Тухайлбал байгалийн өөрийн бүтээл хэт хурдан хувьсан өөрчлөгдөж, улам хоруу болон тархаж, нийлэгжин зүйл хоорондын саадыг давж чадах тийм вирус гарах юм бол хүн төрөлхтөний 20 хувь нь хоёр жилийн дотор үхэж, дэлхийн эдийн засаг, улстөр бүрэн хаосын байдалд орно гэдэг юм уу. Эсвэл нано робот бүтээх явцад алдаа гарч хүний бие дотор үржиж, удирдах программ нь буруу тийш өөрчлөгдөх юм бол хамгийн сайн сайхнаар бодоход хүн төрөлхтөн таван жилийн дотор бүрэн устана, муугаар бодвол дэлхий дээрх органик амьдрал хоёр жилийн дотор бүрэн арчигдан арилж болох өндөр магадлалтай гэсэн таамаглал анхуурлагыг халдварт өвчнийг судлах Английн хатан хааны коллежээс гаргаж байна. Вирус, томуугийн тахлын дэргэд цөмийн зэвсэг бол хүүхдийн чавх шиг л гэмгүй доорд эд гэсэн үг.
Ийм учраас дэлхийн аль ч хөгжингүй орон нян, вирус судлал, халдварт өвчин судлалдаа цөмийн физик, сансарын технологиос илүү анхаарал тавьж хөрөнгө гарган, цагдаа тагнуулаасаа давсан эрх мэдэл өгдөг. ДОХ, Сарсаас эхлээд халдвар, вирус болгоныг хамгийн эхлээд аль улсын ямар лабораториос хэн бүтээгээд гадагш алдчихав, тавьчихав, туршчихав гэж хардаж шалгах болсон цаг шүү дээ. Өөр өөр үндэстэн угсаатанд өөр өөр үйлчлэлтэй нян, вирус байж болох тухай ч ярьж байна. Монгол шиг шинжлэх ухаан, эрдэмтдээ үнэлдэггүй хоцрогдсон оронд л нүүрс, зэсээ шүтэж амьдардаг. Уг нь Монголд гоц халдварт өвчинтэй тэмцэх газар эртнээс бий боловч тэр нь ганц тарваган тахалтай тэмцдэг газар болж хувирсан. Одоо хэний гарт, хэний мэдэлд байдаг нь ч тодорхойгүй. Цөмийн зэвсгийн лабораториос дутуугүй арчилж тордож байх ёстой газар юмсан. Вирус судлал, халдварт өвчин судлал монголд оргүйгээс охинтой гэгчээр нэг их муугүй хөгжсөн ч гэсэн хэдэн эмч нарынхаа л энтузиазмаар гол зогоож, амьтай байдаг гэхэд болно доо.
Энэ гахайн томуу, эсвэл дараа дараагийн бүр аюултай хөнөөлтэй тахлууд монголд өнөөдөр, маргааш орж ирэх нь гарцаагүй. Ганц Монголыг тэнгэр гаралтай юм гээд тойроод өнгөрөхгүй нь лавтай. Өнөөдөр Мексик өдөртөө 500 сая долларын алдагдал хүлээж байна. АНУ тэрнээс ч илүү хохирч байгаа. Сарсаас хятад хэдэн зуун тэрбум долларын хохирол үзсэн. Тэгэхээр дахин хэлэхэд ханиад томуу, вирус бол эмч өвчтөний л зовлон биш улс төр, эдийн засгийн хамгийн чухал асуудал. Тийм ч учраас өнөөдөр СNN, ВВС телевиз, интэрнэт эдийн засгийн хямрал, Обама, Бин Ладенийг мартчихаад зөвхөн гахайн томуугийн тухай мэдээлээд арваад хонож байна. 1-т гахайн томуу, 2-т гахайн томуу, 3-т гахайн томуу ярьж байна, судалж байна. Манайд харин хоёр баярыгаа л эхний 10 сэдэвт ярьж байх шив дээ. Газар газар өөр өөрсдийн амьтадын тухай л ярих юмдаа. Дэлхийн Эрүүлийг хамгаалах байгууллага яаралтай чуулж хэрэв хэрэг явдал муугаар эргэвэл 2 жилийн дотор энэ ханиадаар 1,5 тэрбум хүн халдварлагдаж, 50 сая хүн хүндэрч өвдөн эмнэлэгт хэвтэж, долоон сая хүн үхэж магадгүй шүү гэж анхааруулсан. Дэлхийн эдийн засгийн хямралаас илүүтэй эдийн засгийн хямрал болж, олон олон улсад улс төрийн хямрал дагалдаж зарим улс оронд төр засаг солигдоно гэж улс төр судлаачид анхааруулж байна.
Иймд Монголын төр засаг, эрүүл мэндийн яам, эмнэлгийн байгууллагууд , хэвлэл мэдээллийнхэн иргэдэд тайвшруулах мэдэгдэл хийхээсээ гадна шат шатандаа хийх ёстой ажлаа сайн хийж бэлдэж байхгүй бол эдийн засгийн хямрал манайд ирэхгүй ээ, манайх хямардаггүй айл гэж ноднин ярьж байсан шигээ юм болох вий гэж санаа зовниж байна.
2009 оны 5 дугаар сар 1