Эрнэсто Чэ Гэвара
Хичнээн л олон хувьсгал болох тусмаа юм бүхэн төчнөөн л хуучнаараа үлддэг» гэсэн францын цэцэн үгийг давтаж болохоор үе үе Латин Америкийн улс төрийн агаарыг донсолгон байдаг хувьсгалуудтай адилгүй энэ хувьсгалд юм бүхэн ер бусын, гэнэтийн байлаа.
Эх орон эсвэл үхэл
ХУВЬСГАЛЫН ШУУРГАН ДУНД
ХУВЬСГАЛЫН ШУУРГАН ДУНД
Далайн эрэгт харуулд зогсож
Дальдрах нь үгүй сахин манагч
Хуяг чи, сэрэлзэх жад
Хүрхрэн дөтлөх донгисын дуу
Хуйлрах дөлний өрвөлзөх хэл
Хувь тавилангийн заяа зургаас
Хумсаа сугалахаар сэрэх яст мэлхийг
Харин чи санаарай.
Н.Гильэн
Дальдрах нь үгүй сахин манагч
Хуяг чи, сэрэлзэх жад
Хүрхрэн дөтлөх донгисын дуу
Хуйлрах дөлний өрвөлзөх хэл
Хувь тавилангийн заяа зургаас
Хумсаа сугалахаар сэрэх яст мэлхийг
Харин чи санаарай.
Н.Гильэн
Хичнээн л олон хувьсгал болох тусмаа юм бүхэн төчнөөн л хуучнаараа үлддэг» гэсэн францын цэцэн үгийг давтаж болохоор үе үе Латин Америкийн улс төрийн агаарыг донсолгон байдаг хувьсгалуудтай адилгүй энэ хувьсгалд юм бүхэн ер бусын, гэнэтийн байлаа.
Хууз сахал, өтгөн урт үстэй бөгөөд буу зэвсэг, сахиус зүүсэн энэ босогчид, залуу сайхан, ухаалаг, тэгсэн атлаа ухаангүй зоригтой тэдний удирдагчид цөм ер бусын байлаа. Тэд Латик Америкийн «азаа үзэх гэсэн баатрууд» шиг биш өөр байдал гаргаж ховлон худалдах, хахууль авах зэрэг бузар булайг үндсээр нь арилгаж, Кубыг энэ тив дээр хамгийн тэргүүний орон болгохоор үнэхээр шийдсэн бололтой байв.
Иймэрхүү төлөвлөгөө нь хашир буурьтай хүн харахад биелэгдэшгүй хоосон мөрөөдөл шиг санагдаж болох байсан бөгөөд учир нь Кубыг өөрчлөхийн тулд түүнийг америкийн монополийн эдийн засгийн хяналтаас гаргаж, «асрамжаас» нь чөлөөлөх хэрэгтэй. Үүнийг гүйцэтгэх нь Батистыг түлхэн унагаахаас хавьгүй хүнд.
Чэ Гаванад өнгөрөөсөн анхны өдөр - 1959 оны нэгдүгээр сарын 2-н хэдийгээр түгшүүртэй ч гэсэн баяртай өдөр байв. Ард түмэн өөрсдийн чөлөөлөгчдийг дүрслэн бичиж баршгүй баяртайгаар угтаж, дарангуйлан захирагч уутач нараа дагуулан зулбан явж, гаванын цагдаа, гарнизон босогчдод эсэргүүцэл үзүүлээгүй боловч дайсан хэрвээ хүчээр эс бол ов мэхээр засгийн эрхэнд үлдэхийг чармайж байв.
Нэгдүгээр сарын 1-ний шөнө нийслэлд эмх замбараагүй байдал дээрэм хулгай гарав. Хотод батистчууд нуугдан байлаа. Генерал Кантильо хурандаа Баркин нар умард америкийнхаа ивээгчдийн тус дэмээр тухайн нөхцөлд эзэн суухаар найдсаар нууц байдалд орцгоосон.
Засгийн эрхийн төлөө бусад бүлэглэлүүд ч тэмүүлцгээв. Өөрсдийн байр сууриа бэхжүүлэхийг оролдон Хувьсгалт оюутны зөвлөлийн талынхан ерөнхийлөгчийн ордон, Гаванын их сургуулийн хотхоныг эзлэн авсан.
Нэгэн өдрийн дараагаар босогчид чөлөөлөгдсөн Сантъягод, Фидэл Кастро болон «Монкада» хуаранг дайрахад оролцсон бусад хүмүүсийг шүүх ажиллагаанд шүүхийн гишүүнээр оролцож тэднийг суллахын төлөө байсан учраас Батистыг эсэргүүцэгч гэгдэх болсон Мануэл Уррутияг бүгд найрамдах улсын түр ерөнхийлөгч болгон зарлав.
Энэ үед Чэ, Камилогийн хамтаар Гаванад хувьсгалт хүчнийг нягтруулж, цэргийн анги, цагдаагийн зэвсгийг хураахыг оролдож байлаа. Телевизээр мэдэгдсэн анхныхаа мэдэгдэлд Чэ харгис засгийн цагдааг солих ёстой хувьсгалт сэргийлэхийг байгуулахын чухлын тухай ярьсан. Босогчид хүн амын дэмжлэгтэйгээр батистын зандалчдыг барьж аван «Кабаньяд», «суулган» наймдугаар цувааны байлдагчдаар харуул гаргаж байв.
Нэгдүгээр сарын 3-нд, Гаванаар дайран өнгөрч явсан, Чилийн социалист намын дарга, Чилийн ерөнхийлөгч Салвадор Альенде Чэтэй уулзах тухайгаа Карлос Рафаэл Родригэсээр дамжуулан тохиролцоод «Кабаньяд» иржээ. Энэ уулзалт нь Чэ хувьсгалын ялалтын дараагаар Латин Америкийн үндэсний чөлөөлөх хөдөлгөөний нэрт төлөөлөгчтэй анх уулзсан нь байлаа. Долоон жилийн өмнө Альендегийн жуучлагч захианы ачаар Чэ Эквадороос Гватемал руу явж чадсан билээ. Одоо, Латин Америкийн орнуудаар удаан аялсан аялал нь урьд нь тэр огтоос мэдэлгүй байсан бөгөөд, гэвч хувь заяа нь ямар нэгэн хэмжээгээр түүний гарт нь байгаа Гавана хотод төгсөх болоод байв.
Чэ Альендед мартагдашгүй сэтгэгдэл үлдээжээ. Ялангуяа эмч мэргэжилтэй Альендег босогчдын алдар цуут удирдагч багтраа өвчнөөр хүндээр өвчилсөн байсан нь ихэд цочирдуулжээ.
Энэ уулзалтынхаа тухай Альенде, «Унтлагын өрөө болгон зассан хааяагүй ном харагдсан жижигхэн тасалгаанд аяны эвхдэг орон дээр гартаа амьсгалах аппарат барьсан, нэвт шувт ширтсэн харцтай, шар ногоон өмдтэй, цээж нүцгэн хүн хэвтэж байлаа. Багтраа өвчнийхеө хүчтэй хөдлөлтийг намжтал хүлээж байхыг тэр над гараараа дохин хэлэв. Хэдэн минутын турш би түүнийг ажиглан, нүд нь гялалзан байхыг харсан. Миний өмнө өвчинд нухлагдсан ч Америкийн нэрт тэмцэгчдийн нэгэн хэвтэж байлаа. Дараагаар нь бид ярилцав. Тэр над босогчдын дайны турш багтраа өвчин амар заяа үзүүлээгүй гэж сүржигнэлгүй ярьсан. Түүний ярихыг сонсон, ажиглаж суухдаа би өөрийн эрхгүй, аугаа их үйл хэрэг хийх хувьтай ч баригдашгүй, хайр найргүй өвчний эрхэнд орсон энэ хүний зовлонгийн тухай бодсон» гэж ярьж байсам юм.
Мөн энд хэдхэн өдрийн өмнө «Кабаньягийн» батистын комендат сууж байсан байшинд өвчтэй байгаа Чэ-тэй «Правда» сонины сурвалжлагч Василий Чичков уулзаж энэ тухайгаа «Кубад үүр цайлаа» номдоо ингэж бичсэн юм.
«Чэгийн өрөө жижигхэн, арван хоёр ам л байх хана дагуу хоёр төмөр ор тавиастай. Тэдний хооронд шүүгээ, хуучин толь байв. Шүүгээн дээр бүдүүн урт ороомол навчин тамхи хаясан, бас албаны бичигт цаас байв...
Гэвара орон дээр цэрэг ногоон өмдтэй, ханцуйгүй цамцтай, хөл нүцгэн сууж байлаа. Хананд шаасан том хадаасанд автомат, гар буу зэрэг бусад зүйлс нь өлгөөстэй байв...
Мэнд амраа мэдэлцсэний дараагаар би юун түрүүн зургийг нь авахыг гуйв. Тэр төдий л дуртай бусаар цэрэг цамц, малгайгаа өмсөхөд зургийг нь авсан.
-Та хувьсгалд оролцогчдынхоо ангийн бүрэлдэхүүнийг юу гэж үзэж байгаагаа хэлнэ үү? гэж би яриагаа эхлэн тэмдэглэлийн дэвтэр үзгээ гаргав.
-Хувьсгалыг гол нь тариачид хийсэн. Босогчдын жаран хувь нь тариачин, арван хувь нь ажилчин, мөн тийм хувь нь хөрөнгөтний төлөөлөгч байсан гэж би бодож байна. Гэхдээ ажилчид бидэнд, ажил хаях тэмцлээрээ их тусалсан. Гэлээ ч гэсэн хувьсгалын үндэс нь тариачин гэж хариулсан.
Чэ уйтгар хурсан маш том хар нүдтэй. Мөрөө хүртэл унжсан урт үс нь царайд нь уянгалаг байдал бий болгодог. Гэвара маш тайван, үгээ зөөн тасалж, ярьдаг» гэсэн байна.
Нэгдүгээр сарын 5-нд Гаванад түр ерөнхийлөгч Уррутия хүрэлцэн ирэв. Оюутны зөвлөлийн талынхан эзэлсэн ерөнхийлөгчийн ордонд түүнийг арайхийн суулгасан, Уррутия, ерөнхий сайд Хосэ Миро Кардон тэргүүтэй сайд нарын зөвлөл байгуулсныг зарлав. Засгийн газрын ихэнх тушаалд хувьсгалт өөрчлөлт хийхийг ерөөс сонирхохгүй байсан хөрөнгөтний төлөөлөгчид оров. Гэлээ ч гэсэн тэд ямар ч л гэсэн батистчууд биш бөгөөд орон нутагт засгийн жинхэнэ эрх Босогчдын армийн зүтгэлтнүүдийн гарт тухайлбал босогчдын тэмцэлд идэвхтэй оролцогчид мужуудын амбангаар томилогдож байв. Фидэл Кастро болон босогчдын бусад удирдагчид засгийн газарт оролцоогүй. Чэ цэргийн департаментын «Кабанья» цайзын дарга буюу бүр тодруулбал түүний комендант болсон. Камило босогчдын хуурай замын хүчний командлагч болжээ.
Ийнхүү тус оронд хоёр засаг бий болсон юм шиг болов. Энэ нь нэг талаас бодитой эрх мэдэлгүй хөрөнгөтний засгийн газар, нөгөө талаас улс орныг удирдах янз бүрийн чухал газруудыг өөрсдийн хяналтад улам улам авсаар байсан Босогчдын арми ба түүнтэй холбогдсон «Долдугаар сарын 26-ны хөдөлгөөн».
Том хөрөнгөтний талынхан ерөнхийлөгч Уррутия ерөнхий сайд Миро Кардонийг, империализмыг эсэргүүцэгч хүч Босогчдын армийн удирдагчдыг тойрон бөөгнөрч эхэллээ. Хүчин туйлжиж эхэлсэн нь энэ хоёр лагерийг мөргөлдөөнд хүргэх ёстой байсан бөгөөд энэхүү мөргөлдөөний эцсийн нь дүн одоогоор тодорхойгүй байв.
Нэгдүгээр сарын 8-нд Гаванад Фидэл Кастро хүрэлцэн ирэв. Босогчдын удирдагчдыг баяр хүргэн угтахаар нийслэлийн бүх хүн ам гудамжинд гарлаа. Тэр өдөртөө Фидэл Кастро «Колумб» цайзны дэвсгэрийг дүүргэсэн нийслэлийнхний өмнө үг хэлэв. Тэр, бүх хувьсгалчдыг нэгдэлтэй байхыг уриалав. Энэ үгэндээ Фидэл Батистын эсрэг хувьсгалт дайны «жинхэнэ баатар» гэж Чэг нэрлэсэн.
Нэгдүгээр сарын 9-нд Буэнос-Айрэсаас Кубад Чэгийн ээж Сэлиа нисэн ирэв. Хүү нь түүнийг онгоцны буудал дээр угтан авч «Кабаньяд» аваачаад дараа нь үзэсгэлэнт сайхан Гавана хотыг үзүүлжээ. Сэлиа хүүгээ эршүүд, өөртөө итгэсэн хүчтэй, жинхэнэ тэмцэгч болсныг нь үзэв. Тэрбээр ууган хүүгээ ийм л болсон байхыг нь үзэхийг үргэлж хүсдэг байсан.
Эх нь хүүгийнхээ багтраа өвчний нь тухай асуувал Чэ тоглоом хийн Кубын цаг агаар, ороомол навчин тамхи нь түүний өвчнийг «сөнөөх» аюултай нөлөөлж байна гэж хариулав...
НЭПКО хэвлэлийн газар
Зочин
сүхээ
Зочин
onom
шоогоо
шоогоо
шоогоо
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Nasa
Зочин