Монголчууд 300 тэрбум төгрөгөөр наадаж, 400 тэрбум төгрөгөөр архи ууж тамхи татаж, 200 тэрбум төгрөгөөр утсаар ярьж байна.

Хотын төвөөрөө  бензиний лүү ландгар ландгар жип унан гангарч байна


Залуучуудын  80  хувь нь дээд сургууль төгсөж, оюуны хөдөлмөр эрхэлж амь зуух цагаан гартны эгнээнд шилжжээ.  Хөдөөнийхөн  50 саяын хөөрөг, таван саяын адуугаар мөрийтэй тоглож байна. Ингэж тансаглаж байдаг ядарсан улс орон гэж  байдаг юм уу. Сумын төвд өдрийн 20 мянган төгрөгөөр ямаа самнахгүй байна. Сард 400 мянган төгрөгийн цалин аваад мал маллах хүн олдохгүй байна. Учрыг нь асуувал  баячуудын зарц болохгүй шүү хөө гэнэ. Тэгсэн мөртлөө энэ Засгийн газар, Ерөнхий сайд юугаа хийж байна. Бид ядуу амьдарч байна гэж харааж зүхнэ. Сумын төвийн ажилгүй залуусыг хог цэвэрлүүлье өдөрт 30 мянган төгрөг өгье гэхэд тэгэж ч  хог цэвэрлэж амьдрахдаа тулаагүй шүү гэж ханхалзана. Тэгсэн мөртлөө ядуу зүдүү амьдарч байгаагаа гайхан улс төр ярьж хийрхэнэ. Энэ их тансаглал монголчуудыг юунд хүргэх бол.  Миний найз нэг ядуу малчин саяхан Сүхбаатар аймгаас гурван адуу 35 сая төгрөгөөр худалдаж аваад Архангай аймаг явлаа. Сумынхаа их  ойд бэлтгэж яваа юм гэнэ. Ядуу малчин гэж нөхрөө хэлснийг минь уучлаарай. Мань эр өөрөө ярихдаа би жирийн нэг ядуу малчин, малчин бидний амьдрал хүнд байна. Малчин бидний амьдралыг төр харж үзсэнгүй. Ардчилсан намын Засгийн газар Алтанхуягийн Засгийн газар огцрох ёстой гэж баахан агсам тавьсан юм. Миний найз ядуу малчин маань бас мөнгөтэй. Дөчөөд сая төгрөгөөр гурав, дөрвөн адуу аймаг алгасан явж бэлэн мөнгөөр худалдаж аваад л явж байгаа. Телевизүүд хэвлэл мэдээллийнхэн махны үнэ өндөр байна, махны үнээ хямдруулж чадаагүй Хөдөө аж ахуйн сайдыг зайлуулъяа гэж лоозогноно. “Хүчит шонхор” зах дээр очоод үз дээ. Бэлчээрийн малын хамгийн чанарлаг нь дотор мах байдаг. Малын дотор мах элэг, зүрх, гүзээ, толгой, толгойны шулсан мах, адууны умс, хятай  тэнд ямар хямдхан байна гээч. Монголчууд бид аль насандаа халуун зун, намар ялгаагүй өдөр бүр тураг мах чанаж идэж,  явсан юм бэ. Хотынхон их цамаан болж толгой цувдай,   умс хятай авч идэхдээ хүртэл дэргэдэх  хүнээс зовдог бололтой юм. Миний  хамгийн дуртай хоол умс хятай, цувдай. “Хүчит шонхор” зах дээр миний урд зогсож байсан нэг эмэгтэй нохойдоо өгөх гэсэн юм цувдай авъяа гэх дуулдав. Цувдай, толгойгоор хоол хийхдээ ичдэг болж дээ.  Тэр зах дээр 800 төгрөгөөр толгойны шулсан мах, элэг, бөөр, зүрх хамгийн хямдаар хэзээ ч байж л байдаг. Монголчууд үнэхээр тансаг хэрэглээтэй болжээ. Нэг  барилгын компанийн захирал ингэж ярьсан юм. Хятад ажилчид сарын хоёр сая төгрөгийн цалингаар авч ажиллуулхаас өөр арга барилгад байхгүй. Тэд нэг муу вагончикт суучихаад, хамгийн муу хоол идчихээд цаг ашиглалт, чанарын хувьд ч  мундаг ажилладаг. Зун бол үүр цайхаас эхлээд гэгээ тасартал хятад ажилчид зугуухан ажиллана. Барилгын ажил бол улирлын ажил учраас хятад ажилчид нь хамаагүй илүү хөдөлмөрийн бүтээмжтэй байдаг юм. Дөрөв дахин илүү бүтээмжтэй ажиллаж чадна гэв. Манай монгол ажилчид цалин буутал бол гялалзуулна. Цалин буулаа гурав хоног баталгаатай алга болно. Илүү цаг, хөдөлмөр хамгаалал, үнэлгээ  муу гээд л  хэл ам байнга таталана. Сав л хийвэл Үйлдвэрчний хороо байгуулна жагсаж цуглана гэж загнадаг болсон байна билээ. Барилгын салбарт хятадууд бол хамгийн хямд ажиллах хүч. Инженер нь хүртэл ажилчидтайгаа цуг вагончикт амьдарчихаад ажлаа чанартай гүйцэтгэдэг. Монгол ажилчдаа мэрэгштэл, хятад ажилчид авах бодлого баримталбал барилгын салбар хөгжинө гэж бичиж, ярьж болохгүй байх даа гэсэн юм.

Саяхан УИХ-ын АН, МАН-ын хоёр бүлэг эдийн засаг хямарсан хямраагүй гэж бүтэн өдөр үзэгчдийн нүдэн дээр цэцэн мэргэнээ  гайхуулан тулалдлаа.  МАН-ынхан болхоор АН төрийн эрхэнд гарснаар улс орны эдийн засаг хямраад бүүр сүйрлийн ирмэг дээр ирчихээд байгаа юм шиг ярих. Шаварт ойчсон шарын эзэн төр барьж байгаа Ардчилсан намынхан болохоор эдийн засаг хямраагүй байгаа. Юмны үнэ нэмэгдсэн нь үнэн, ам.долларын ханшаа барьж чадахгүй байгаа нь үнэн.  Гэхдээ хямралд хүрээгүй  гэж МАН-ын довтолгооноос хамгаалах юм. Хямрал хаа байна хямралд хэзээ хүрэх хэдэн км, метр дутуу байна гэж маргав. МАН-ын нэг эмэгтэй гишүүн хямралд хүрэхэд хэдэн алхам дутуу байна гэж үнэн голоосоо асуув.  Хямрал гэдэг уг нь эдийн засгийн ойлголт. Эдийн засгийн хямралыг Ленин багш “Мөнгө үнэгүйдэж, зах дэлгүүрт бараа хүнсний хомсдол болж, ард түмэн туйлдаа хүртэл ядуурч өлсгөлөн, тахал, хулгай дээрэм  нүүрлэхийг хэлнэ” гэж тодорхой сургасныг МАН-ынхан маань мартчихсан юм байх даа. Хямрал гэдгийг бидний үеийнхэн үзсэн. Хүнсний дэлгүүрт цагаан халаадтай худалдагч, бор давс хоёроос өөр зүйлгүй. Архи, мах  картанд орсон тэр цагийг хэлдэг юм. Хямрал болсон болоогүй, хямралд хүрсэн хүрээгүй гэж хэрэлдэж байгаа хоёр намын бүлгийнхний сонорт үг нэмэх гэсэн юм. Монголд хямрал болсон бол тансагалын хямрал болж байна. Тансаглал гэж юуг хэлэх вэ гэж нэг ухаантнаас асуужээ. Тансаглал гэдэг бол тэнэглэлийн нэг төрөл гэж ухаантан хариулсан гэдэг.  Монголд сүйрэл болох бол тэнэглэлийн сүйрэл болох нь байна.

Ердөө гуравхан сая хүнтэй мөрдлөө 300 тэрбум төгрөгөөр наадаж, 400 тэрбум төгрөгөөр архи, тамхи хэрэглэж, 200 тэрбум төгрөгөөр утсаар ярьж тансагласан ядуу орон гэж байдаг юм уу.