Бууж мордох л хорвоо шүү дээ...
Монголчууд бид олон үндэстний шашин шүтлэгийг нэгэн дээвэр дор нэгтгэж байсан ард түмэн. Тэр бол монголчууд бидний алдаж болохгүй ухамсар, оюун санааны өвөрмөц шинж...
(“Ардчилал” сонинд өгсөн ярилцлага)
-Сүүлийн жилүүдэд олон урсгал, чиглэлийн шашин дэлгэрэх боллоо. Тэдгээр урсгал бие биеэ харилцан үгүйсгэх нь ч түгээмэл болж. Тиймээс, иргэд тэр дундаа залуус энэ олон шашны номлолд төөрөлдөх нь их байна. Өөрийг чинь залуу, хувраг хүний хувиар шашны тухай хөөрөлдөе үү гэж сонгосон юм?
-Монголчууд бид олон үндэстний шашин шүтлэгийг нэгэн дээвэр дор нэгтгэж байсан ард түмэн. Тэр бол монголчууд бидний алдаж болохгүй ухамсар, оюун санааны өвөрмөц шинж...
- Давуу тал ч гэж болно?
-Тийм шүү. Давуу тал юм. Тухайн үед дэлхий нийт гайхаж байсан гэдэг. Яагаад гэвэл, тэр үеийн байлдан дагуулагчид өөрсдийн үзэл суртал, шашныг хүчээр тулгаж бусдыг үл тэвчдэг байсан. Хэчнээн иргэншсэн, соёлтой байсан ч шашин шүтлэгийн тал дээр их хахир хатуу ханддаг байж. Тиймээс ч зэрлэг, балмад хэмээгдэж байсан монголчууд гайхагдаж байсан хэрэг. Иймийн учир л би, бидний алдаж болохгүй ухамсар, давуу тал гээд байгаа юм. Тухайн үед бусад шашныг үл тэвчих нь бидний хувьд инээдтэй хэрэг байсан. Мөнх хааны үед үндэстэн ястан бүрийн шашны тэргүүн цуглаад манай шашин анхдагч гэхчлэн мэтгэлцэж байж л дээ. Тэгэхэд нь Монголын нэгэн бичгийн их хүн “Бурханлиг, гэгээрсэн, цаглашгүй чанарыг юу ч гэж нэрлэсэн ямар хамаа байна” гэж хариулсан гэдэг. Миний хувьд ч үүнтэй санал нэг байж тэр л цаглашгүй, мөнх тэнгэр мэт аугаа зүйлд заавал манайх танайх гэсэн жалга довны үзлээр хандахыг хүсдэггүй. Энгийн нэг ламаас хувраг, хувилгаан хүмүүс ч тийм л хүлцэнгүй байгаасай гэж хүсдэг. Бурханы шашинд цаглашгүйг огторгуй, тэнгэртэй зүйрлэж “огторгуй мэт номын бие” гэхчлэн нэрийддэг юм.
Хүмүүс буддын шашин гэхээр л их олон бурхантай мэтээр сэтгэдэг. Угтаа, буддын үндсэн гүн ухаанд би гэдэг хил хязгаараас ангижирч чадваас номын биеийг олж буй хэрэг юм. Ном гэдгийг нь зүй тогтол гэж ойлгож болно. Буддын шашны дарма гэдэг нь бумбын шашны дао гэдэгтэй нэг утга агуулгатай байх жишээтэй.
Энэ нь нэг ёсны хязгааргүй байгаль чанар юм. Мөн бидний мөн чанар, ухамсрын мөн чанар. Хүн гэгээрэх үед түүнийгээ олж хардаг. Хөшиг ярагдахад биднийг жижиг мэт мэдрүүлдэг хязгаар алга болмогц үнэмлэхүйтэй нэгддэг. Тэр үнэмлэхүй чанараа тухайн гэгээрэгсэд, орчин нөхцөл сонсч буй хүмүүс, ёс заншлын хүрээнд тааруулж шашин бүр янз бүрээр номлодог. Гэвч үнэндээ бүгд нэг чанарыг номлож, мэдэрсэн байдаг.
Жишээ нь, буддын талаас Есүсийн үг, сургаалиудыг хөрвүүлээд ойлгочих боломжтой санагддаг юм. “Би бурханы хүү, би бурхан аавтайгаа нэгдмэл” гэх мэт. Угтаа энэ нь цаглашгүй чанараас хэн ч тусдаа биш байдгийг мэддэг, гэгээрэхэд түүнийгээ олж хардгийг илэрхийлж байгаа нэгэн илэрхийлэл.
Энэ тухай бясалгалын ёсоор тайлбарлаж болох юм. Манайд бясалгал их дэлгэрч байна шүү дээ. Би хувьдаа хэт их шашинжиж байснаас бясалгалыг их зөв гэж боддог. Бясалгал нь ямар нэг шашны гэхээсээ илүү үзэл суртлаар хүлэгдээгүй арга, техник байгаа юм. Жишээ нь, Випашяна бясалгалын ажиглах арга гэж байлаа гэхэд амьсгалаа ажих, энгийн тайвшралаас аваад бодлоо ажиглах цаашилвал цэвэр ухамсар руугаа орох гэхчлэн үйлдэл. Ийн бясалгахад ямар ч үзэл суртал хэрэггүй. Ямар ч шашинтан бясалгаж болно, чадна. Тэр ч бүү хэл юунд ч үл итгэдэг, шашингүй нэгэн ч байж болно. Зөв бясалгаж бодлоос ангижирч цэвэр дотоод ухамсрын төвшинд бясалгаж чадвал үгээр илэрхийлшгүй төлвүүд тодроод эхэлдэг.
Аръяабалын бясалгал байна. Билгийн нүдэндээ төвлөрөөд чи өөрөө хар гэсэн үг. Тэр үеэс л аливаа шашны өнгөц ялгаанд уягдахаа болино. Тэрнээс наана миний зөв, чиний буруу гэсэн хандлагууд гарч ирнэ. Энэ нь бурхан багшийн хэлснээр нөгөө л “Би”-гийн үзлээс бүх зовлон үүсдэг гэдгийн илрэл юм. Энгийнээр хэлбэл, бодлоос ангижирч “Би” гэх үзлээ таягдан хаясан хэн бүхэн шашин болоод аливаад ялгавартай хандахаа болино.
-Ер нь, юманд анхдагч байхын давуу тал юу юм бэ?
-Би буддын талаасаа л хариулж чадна. Шашны хувьд аваад үзвэл буддын гүн ухаанд эхлэл гэж байдаггүй. Яагаад гэвэл, Будда өөрөө “Надаас өмнө тоо томшгүй олон Будда байсан” гэж хэлдэг. Жишээлбэл, манайхан “дивангарын үед” гэж их ярьдаг. Энэ нь угтаа Дивангара гэдэг өнө эртний бурхан юм. Будда мөн номлохдоо “Олон галавын өмнө Дивангара Буддад шавь орж байсан” гэж хамгийн анхны номын мөрд орсон цаг үеэ хэлж байх жишээтэй. Тэгэхээр ертөнц хэдий үеэс үүсэлтэй гэгээрэлд тэмүүлэх зам ч төдий цагаас л үүдэлтэй гэж болно. Шашны үүсэл хорвоотой нас чацуу л байх ёстой. Харин оюунт төрлийн үүсэл нь хязгааргүй. Шинжлэх ухаанд хүн хэдий үеэс үүссэн бэ гэхчлэн элдэв асуудал байдаг. Тэдийд үүссэн ч гэж үздэг, нотолдог, номлодог. Гэхдээ энэ нь ухаант амьдрал тэр цагт үүссэн гэсэн үг биш. Хүн төрөлхтөн гэдэг сансрын нэг буланд бий болсон өчүүхэн нэгэн хэлбэр шүү дээ. Тэрнээс, ухаант амьдралыг бүгдийг нь төлөөлөхгүй.
-Оршихуйг төлөөлөхгүй..?
-Тийм, оршихуйг төлөөлж чадахгүй бас үгүйсгэж болохгүй. Ухаант оршихуй хязгааргүйгээс үүдэлтэй учир бурханыг таних, гэгээрэх зам мөр ч тийм л хугацааг туулсан. Энэ нь нэг үгээр хөгжлийн дээд эрэмбэ юм. Нялх хүүхэд хэлд, хөлд орж, өсч томрон эрийн цээнд хүрэхтэй адил. Үүнтэй л адил бидний сүнсэн бие өсч торниж, хөгжиж дэвждэг, үүний оргилд гарч, эрийн цээнд хүрсэн үеийг л гэгээрэл гэдэг юм. Тиймээс өөрийн чинь асуусан юманд анхдагч байна гэдэг анх байсан эсэхдээ л учир нь бий.
-Тэгэхээр энэ их ээдрээтэй хэрэг болж таарлаа. Гэхдээ, өнөөдрийн энэ их олон шашин анхдагч болох гэснээрээ юу хожих гэсэн юм бол?
-Анхдагч болох гэж үзэл суртлын юм хийж түүнд нь автаад явж байгаа бол аль аль нь хөөрхийлөлтэй. Хэн нэгнийг мунхруулаад, ямар ч хамаагүй аргаар өөрийн болгож аваад юу хожих гэсэн нь надад ч их сонин байна. Буддын шашинд уг язгуураасаа аваад ийм зүйл байх ёсгүй. Өөр шашинд юу гэж тайлбарладаг байгаа юм.
-Ингэж асууж байгаад уучлаарай. Би шашингүй үзэлтэн л дээ. “Шашин бол хар тамхи” гэж үг байдаг?
-Шашныг хар тамхи болгож болно гэсэн үг л дээ. Өөртөө болоод бусдад хар тамхи шиг нөлөөлүүлж болно гэсэн үг. Миний одоо орчуулж буй Ошо багшийн номонд энэ тухай өгүүлдэг л дээ. “Шашин хар тамхи шиг, энэ бол үнэн” гэх мэт. Нэг ёсондоо гуйвуулж ойлгох юм бол шүү дээ. Хар тамхи гэдэг зүйл түрхэн зуурт, тухайн хүнд маш гоё жаргал, таашаал мэдрүүлээд эргээд бүх ертөнц бүүдийгээд нөгөөдөхөө нэхээд, байж ядаад байдаг. Зүгээр амьдарч чаддаггүй, жирийн амьдралаар амьдарч чаддаггүй. Шашны талд ч гэсэн ийм шинж хүмүүст илэрдэг. Өчнөөн олон урсгал чиглэлийн шашин бий. Бүгдэд нь ийм шинж бий. Эдгээр бүгд үнэн бас худал. Яг л хар тамхины түр зуурын жаргал шиг. Тиймээс, шашныг гуйвуулж ойлгож, ойлгуулах аваас хар тамхи мөн. Хар тамхины тухай жишээ дурдвал, Христийн шашинд “Хэрэв их эзэнд итгэхгүй бол тамын галд шатна” гэдэг. Гэвч бидний өвөг дээдсийн ихэнх нь энэ шашны тухай дуулаа ч үгүй байсаар хорвоог орхисон. Тэдгээрийн дунд сайн нь ч, муу нь ч байсан. Эдгээр хүн бүгд тамын галд шатсан гэхэд хэцүү. Би Христийг үгүйсгэх гээгүй л дээ. Энэ бол мөнөөх хар тамхи чинь, үзэл суртал нь. Товчхондоо, шашин гэдэг үзэл суртал байх ёсгүй. Яг л урлагтай адил ямар нэг хэм хэмжүүр, харьяалалгүй хэн бүхэн ойлгодог дотоод амирлал, бясалгал, тайллын төлөөх бодрол юм. Үүнийг хар тамхи болгох амархан. Хаалга хаалга тогшин нүүрэнд нь “Эзэнд итгэхгүй бол тамын галд шатна” гэсэн бичиг, зурагтай ном тараах байдлаар хийж болно. Энэ бол явцуу тулган шаардалт.
-Хүүхэд бурханлиг төрдөг гэж би ойлгодог юм. Та санал нийлэх үү?
-Тийм, санал нийлнэ. Хүнд хэдий урьд төрөл байдаг ч дахин төрөхдөө цэвэршсэн байдаг. Нэг үгээр угаагдаж төрдөг гэх юм уу даа. Хүн төрнө гэдэг нь угтаа байгалийн цэвэршүүлэх арга байхгүй юу. Гэвч, хүн, хүүхэд төрсний дараа тосон авч буй бидний нийгэм ариун, зөв байх юм бол...
-Бурханлиг чанараа хадгалан үлдэж чадна?
-Аяндаа бурханлиг оршиж болно. Тиймээс диваажинг тэгж их холоос хайгаад байх шаардлагагүй. Эцэг эх нь адаглаад амьдралыг зөв ойлгочихсон бол хүн хүрээлэн буй орчныхоо хэв загварт орж бурханлиг чанараа алдахгүй. Зүгээр л, бор гэртээ богд гэдэг шиг өнөөгийн нийгэмдээ бурханлиг, энэрэнгүй, элдэв шуналгүй байх боломжтой. Даанч, бидний эцэг эх ч юмуу чадаагүй, сураагүй байдаг. Гэр бүлд, элдэв хэрүүл маргаантай, зөрчилтэй байдаг нь эргээд хүүхдүүдэд программ болон сууж байгаа хэрэг. Тиймдээ ч бид бурханлиг төрсөн бурхдыг хөнөөдөг. Энэ мэдээлэл гэгч зүйл бидний оюун санааг бүтээж эхэлж байгаа юм. Тийм болохоор бид өөрсдөө зөв байж чадвал, энүүхэн амьдрахын чөлөөнд юуны төлөө үхэлдэн тэмцээд байгаагаа нэг сөхөөрч анзаарвал илүү амар амгаланг олж болно. Өнөөдөр төрөөд маргааш үхдэг хорвоо шүү дээ. Уг нь, эдгээрийг манай ард түмэн их энгийн хэр нь хөнгөхөн ойлгочихсон байгаа юм л даа. Жишээ нь, бууж мордох хорвоо гэхчлэн их гоёор хэлдэг шүү дээ. Иймэрхүү үгсийг гадаад хэл рүү орчуулахад их түвэгтэй. Оосор бүчгүй орчлон гэхчлэн. Оосор бүчгүй орчлон гэхэд л ямар ч оосор, үзүүргүй барин тавин янзалчихаж болдоггүй маш олон юмны шүтэн барилдлагаар эвцэлдэж байдаг, бүх юм чиний дураар болдоггүй юмаа гэсэн санааг илэрхийлэх жишээтэй. Үүнийг л зөв ойлгоод жамаараа явбаас сэтгэлийн зовлон үгүй болно. Бүхнийг болгох гээд байдаг нь өнөөгийн бидний хамгийн том зовиур, шаналал юм. Нөгөө л бууж морддог хорвоо учир энүүхэн үүлэн чөлөөний нар үзэгдээд өнгөрөх чөлөөнд юунд шаналан тарчилж амьдрах вэ. Жаргасан ч зовсон ч зүүд адил сарнидаг, буугаад л морддог амьдрал.
-Үнэхээр л үдлээд буцах хорвоо болохоор амьдралыг аль болох сул тавьж, урсгалаар хөвж явах нь таатай санагддаг, тэр нь сэтгэлийн зовлонгоос гэтэлгэж эд баялгаас илүү энгийн хэр нь сайхныг таашаах боломж олгодог?
-Зөв шүү, хүн ер нь их энгийн, авсаархан...
-Цомхон..?
-Тийм цомхон амьдарч энгийн, эгэл юмнаас таашаал авч сурах хэрэгтэй. Заавал жаргахдаа биш гэхдээ зовох албагүй. Ноён хутагт, хурмаст тэнгэр гээд долоон насандаа анх дуулсан дуу бий. “Жаварт тэнгэр салхилам жалгын ногоо сэргэнэм билээ жаргалтай суугаад зовлоо гэвээс зовлон нь түүнээс ирдэг юм аа” гэж. Төсөөл дөө, жаварт салхи салхилж байна аа даа. Тэгэхэд хаврын нэг тарчиг үед жалгын ногоо тэрхүү жихүүн салхинд улам бүр гоё сорлоод, гялалздаг байхгүй юу. Нэг ёсондоо, тийм өлчир, нялх ногоо хэр нь улам гоё чийрэгжээд, гялалзаж байгаагаар зүйрлэж байгаа юм. Энэ нь үнэндээ манай нүүдэлчин ард түмний жинхэнэ философи юм.
-Угтаа манай гүн ухаан шашинтай эн дүйх номлол юм даа?
-Тэгэлгүй яахав, нүүдэлчин амьдрал өөрөө бурханлиг, тэнгэрлэг амьдрал юм. Гэхдээ үүнийг хэлбэрдэж ойлгож болохгүй л дээ. Зарим нэг хүн шиг заавал монгол гэрт амьдарч мах чанаж идээд байх алба байхгүй юм л даа. Үүнийгээ монголоороо амьдарч байна гэж тайлбарлах нь ч буруу. Угтаа, хамаг учир та бидний ярьж байгаа мөнөөх гүн ухаандаа байгаа юм. Гэхдээ заавал хэдэн давхар хауст амьдрахдаа биш, үнэтэй гоё ганган машин унахдаа биш. Би өөрийгөө магтаж байгаа юм биш шүү. Гэхдээ л энэ жижиг умгар өрөөндөө амьдраад, машингүй алхаад болж л байна. Би машинтай байя л даа. Зам дээр гараад л түгжирчихнэ, маш их цаг хугацааг түүндээ зарцуулна. Тэрнээсээ болж бухимдан уурлаж уцаарлана. Тиймээс энгийн байя, эгэл байя. Энгийн, эгэл гэдэг нь ядуу байхын нэр биш. Баялгийг номоос, сэтгэлийн цэнгэлээс олж болно ш дээ.
-Асуухгүй өнгөрч болохгүй асуулт, манайхан хуйгаараа л бөө, удган болж байна. Энэ зан үйлдээ их ч мөнгө төлж байна. Зарим нь амиа ч өглөө. Шашныг мөнгөөр бүтээж бий болгож болдог хэрэг үү?
-Мөнгөний хувьд бол бурханы шашинд ч тэр нийтлэг болчихоод байна шүү дээ. Тийм ном тэдээр уншина, Алтан ганжуур хэдэн төгрөг гэх мэт. Эрдэнээр урласан ном нь үнэтэй бэхээр бичсэн нь хямд гэхчлэн. Угтаа тухайн номонд агуулагдаж буй санаа, сургаал номлол нь үнэтэй баймаар. Уг нь, бурханы ном, ёсонд ийм зүйл байх ёсгүй л дээ.
-Яг л алтан аяга, шилэн аяганд цай уусан ч амт нь адил байдаг шиг?
-Иймэрхүү зүйл яагаад үүсээд байна гэхээр, уг шашнаасаа биш. Бурханы шашинд уг язгуурт нь ийм зүйл байгаагүй. Уг нь ганданд төвдөөр уншаад байгаа бурханы номуудыг ихэнхийг нь орчуулаад ном болгон хэвлэсэн байгаа. Жишээ нь, Өлзийтөмөр хааны үед Чойжий Одсэрийн орчуулж байсан Их хөлгөний судар байна. Энэ номыг сүүлд шинээр орчуулсан. Эдгээрийг уншиж байхад нэг ч мэргэ төлгө тавих, зурхай зурах тухай, ханийн тэнгэр дуудуулж жилийн засал заавар хийлгэх тухай нэг ч мөр, нэг ч үг олж харахгүй. Бусад номноос, Бодь мөрийн зэрэг, Агнистийн гэгээгээс ч тэр олж харахгүй. Энэ нь шашныг хүмүүс өөрсдөө эвдэж байгаагийн жишээ. Хэрэгцээ үүсмэгц нийлүүлэлт гарч ирдэгтэй л адил. Манай иргэд сүсэглэдэг хэр нь шашныг ойлгохыг хүсэхгүй, гэгээрэл рүү тэмүүлэхгүй байгаа болохоороо хялбарчлаад байгаа хэрэг. Өргөл барьц өгч ном уншуулаад ажил амьдралаа аргалуулна гэдэг нэг ёсны айдастаа хүлэгдсэн байдал. Лам нь тухайн хүний өмнөөс бясалгаж байгаа болж таарч байна. Адиша богдын хэлсэн нэг үг байдаг юм. Богд бие нь чилээрхүү үедээ бурхандаа мөргөл үйлдэн зул хүж бадрааж байж л дээ. Тэр үеэр нь шавь нар нь “Та амарч байл даа, ядахнаа тахилыг тань бид бэлдээд өргөе” гэхэд нь “Та нар намайг өлсөх юм бол миний өмнөөс хоол идэж туслах нь ээ” гэж хариулсан гэдэг. Тэгэхээр бурханаар өлсөж цангасан хүмүүсийн өмнөөс мөнгийг нь авчихаад хоол идээд байгаа хэрэг. Өлсөж байгаа бол та өөрөө л хооллох учиртай.
-Тэгэхээр Дарь-Эхийн эцэст байгаа Должин эмээ заавал Гандан хийд рүү гүйгээд байх шаардлагагүй, заавал шинийн 15-ны дотор засал номоо хийлгэх албагүй байх нь?
-Тэгэлгүй яахав, сүсэг гэдэг сэтгэл зүрхнээс эхэлнэ. Харин өргөл барьц аль ч шашинд байдаг зүйл. Зөв зүйтэй гэсэн зүйлээ тэтгэж дэмждэг нь хүний ёс. Ялгаж салгах хэрэгтэй.Зүгээр л бурханыг хахуульдах юм шигээр бодох хэрэггүй. Дахин хэлэхэд сүсэг бишрэл сэтгэл зүрхнээс эхэлнэ.
tseeye
догсом
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
tengerleg
tengerleg
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
LAM
lam
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
hvn turuhduu l tseversheed ygaagdaad
uuruu uur
луун шивээст
zoogii
Би Бадрал биш. Гэхдээ хариулчихъя
Зочин
103.26.194.10-d
49.0.132.80 -d asuult
Зочин
Зочин
soniuch
Зочин
Зочин
урагшаа лам нараа
"Shashin" gej yuu vee?!
Зочин
gangaa
gangaa
lam
ohin
ohin
Зочин
Oyun
Badral-d asuult
goyo
Зочин
Зочин
unshigchaas
Badral-d
Badral-d
Badral-d
Badral-d
Badral -d
Asuult bn
Asuult bn
Зочин
tom akh
Зочин
Зочин
time
Өвгөн
Jak
Зочин
хүн болгон сүсэгтэй
Зочин
Зочин
zochin
ochin
Зочин
шажин төр хослох учиртай
Zochin
барьцах юмаа оловоо
Монгол
БИ
НЭГ Л ХУДЛАА ЖАМБИйрсан нөхөр
Зочин
Äàø
hair
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
ДОВДОН
saihan
Зочин
Зочин
Зочин
Ariunaa
Зочин
Зочин
Зочин
Зочин
L.Byambaa
Зочин