Г.Бадамрагчаа: Над шиг нь төр эргүүлнэ гээд явна гэдэгт солиорсон хүн л итгэх байх
Кино зохиолч, найруулагч Г.Бадамрагчаа төрийн эсрэг “гэмт хэрэгтнээр” тодорч, баривчлагдан нэг хэсэг дуулиантсан нөхөр. Чухам яагаад, юунаас болж “төрд тэрслэгч” болсноо ийн ярьлаа. Олныг эс нуршин түүний яриаг нэмэлт, хасалтгүйгээр уншигч танаа дор толилуулав.
Миний толгойд буу тулгаад байцаадаг байсан
Кино зохиолч, найруулагч Г.Бадамрагчаа төрийн эсрэг “гэмт хэрэгтнээр” тодорч, баривчлагдан нэг хэсэг дуулиантсан нөхөр. Чухам яагаад, юунаас болж “төрд тэрслэгч” болсноо ийн ярьлаа. Олныг эс нуршин түүний яриаг нэмэлт, хасалтгүйгээр уншигч танаа дор толилуулав.
-За, “төрд тэрсэлсэн” хүн хаагуур юу хийгээд, бужигнуулж явна вэ. Хэрэг, зарга шийдэгдсэн үү?
-Удахгүй шүүх хурал болно. Тэгэхээр эрхбиш нэг тийш болох байлгүй дээ гэж бодож явна.
-Ингэхэд яагаад “Төрийн эсрэг гэмт хэрэгтэн” гэгдэх болсноо нэг сайхан илэн далангуй дэлгээч. Ер ярихгүй юм. Энэ чинь л сонирхол татаад байна.
-Надаас асуухгүй байхад ямар өөрөө яриад явалтай биш. Ний нуугүй хэлэхэд зарим нэг нь надтай уулзахаасаа ч жийрхэх болсон нь анзаарагддаг ш дээ.
-Яагаад?
-Айж л байхгүй юу.
-Хэнээс?
-Тагнуулын байгууллагаас. Яагаад гэвэл миний найз, нөхөд ойр дотнынхныг маань, тэр ч бүү хэл надтай уулзаж, учирсан хүн болгоныг шахуу ТЕГ-т дуудаж байцаасан байдаг юм. Тэд бүгд нэг тийм айдас, дарамттай болчихсон ирцгээдэг.
-Ингэхэд чи яг ямар “хэрэг” тарьчихдаг билээ. Төрийн эсрэг бослого гаргах гэж байтал чинь бариад авсан гээд ярьцгаах юм. Би хэдийгээр итгэхгүй байгаа ч чиний амнаас юу болсныг сонсмоор байна.
-Харин тийм ээ, инээдэм биш ханиадам болсон доо миний хувьд. За нэг ийм юм болсон. Би нэг удаа телевизээ үзээд сууж байлаа. Гэтэл ахын маань арваад настай хүү надаас “Ах аа, энэ киноны Ким Ду Хан манай Чингис хаан хоёр зодолдвол хэн нь дийлэх вэ?”гэж асуудаг юм даа. Чи бод л доо. Тийм жаахан хүүхэд л харийн киноны баатрыг тэгтлээ шүтэж, их хаантайгаа харьцуулж байна ш дээ. Тэгээд л толгойд ер нь яагаад бидэнд өөрийн бахархал, шүтээн хэн нэгэн Дорж, Батууд байхгүй байна вэ гэдгийг бодлоо. Ингээд кино хийе гэж шийдээд өөрийн найз, нөхөддөө хандлаа. “Даяар Монгол”, “Хөх Монгол” бүлгэмийнхэнтэй уулзаж тэднээс сэдэвлэсэн кино хийе гэж ярилцахгүй юу. Гансүрэн эд нар ч өөрсдийнхөө тухай үлгэр, домог шиг түүх яриад , эцэст нь киноныхоо зохиолын төгсгөл дээр жаахан маргалдаад нөгөө зохиолын гол дүрийн залуус авилгажсан, харийнхантай хуйвалдсан төрийн эсрэг нэгдэн эргэлт хийхээр шийдэж байгаагаар төгсгөе гэж тохиролцсон юм. Тэгээд гэнэт нэг шөнө л тагнуулынхан ирээд аваад явлаа. Ингэж л эхэлсэн хэрэг.
-Тэгэхээр хийх гэсэн киноны санаа чинь төрийн эсрэг гэмт хэрэгтэн болгосон гэсэн үг мөн үү?
-Яг тийм, түүнээс өөр миний төрд тэрсэлсэн хэрэг гэж юу байхын. Чи бод л доо. Намайг нууцаар зэвсэглэн төрийн эсрэг эргэлт гаргах гэсэн байсан гэж байцааж байлаа. Чавх ч үгүй хүн одоо тэгээд зэвсэглэсэн хэрэгт унасан л даа.
-Хэ хэ хэ, үнэн гэж үү? Яг ийм хэргээр байцаасан хэрэг үү?
-Ийм л хэрэгт унасан. “Чи төрд тэрсэлсэн, хамсаатнуудынхаа тухай үнэн мэдүүлэг өг. Хэрэв өчиг өгөхгүй бол чиний амьдралыг орвонгоор нь эргүүлнэ” гэж намайг байцаадаг байсан гэвэл чи итгэх үү. Эхэндээ энэ чинь тоглоом байлгүй дээ гэж бодож байлаа. Тагнуулынханд байцаагдахаас хоёр, гурван хоногийн өмнө Доржсамбуу агсаны хүү, найруулагч Амараа бид хэд нэг реалити нэвтрүүлэг хийе гэж ярьж байсан юм. Гэнэт нэг нөхрийг барьж аваад хорьж, байцааж, яаж “пааникт” орохыг нь үзүүлэе гэсэн санаа бүхий нэвтрүүлэг л дээ. Тийм болохоор эхлээд энэ Амараа туучий даанч надад яриад байсан юм. Надаар эхлэж байсан байна гэж бодоод байцаагчийн өмнөөс инээгээд суугаад байлаа. Гэтэл “Чи муу инээж энэ тэр их байна аа. Удаан ингэхийг чинь харна аа” хэмээн илтээр заналхийлээд шууд ачиж Ганцад хорьсны дараа нээрээ юу болоод байна аа гэж эргэцүүлэхэд хүрсэн.
-Тагнуулынхан тэгэхээр чиний алхам бүрийг ажиглаж байж. Тэр киноны тухай мэдэж байсан байна шүү дээ?
-Харин тийм байж. Бидний хоорондоо кино зохиолынхоо үйл явдлыг ярьж байсныг хэн нэгэн этгээд нэлээд дэвэргэж, тагнуулынханд мэдэгдсэн шиг байгаа юм. Түүнийг нь нэг солиотой нөхөр шүүрч аваад, мэдээллийн үнэн эсэхийг магадлахын оронд нэр хүнд, алдар гавьяанд хүрэх гарц болгон, дарга нартаа сүр бадруулан илтгэж, баахан зардал, чирэгдэл болгон тагнаж мөрдөж байгаад нөгөөх нь зүгээр л кино зохиолын үйл явдлын тухай яриа болох нь тодорхой болмогц бантсандаа хүчээр зохиомол хэрэг үүсгэн , хүлээлгэх гэж намайг барьж хорьсон байдаг юм.
-Тэр байцаагчийнхаа нэрийг хэлж болох уу?
-Цогтбаатар, Энхтөр нар шүү дээ. Одоо Цогтбаатар нь хэрэгт холбогдоод ТЕГ-аас халагдсан байна билээ. Би энэ ардчилсан нийгэмд нөгөө гучаад оны хэлмэгдүүлэлт яг хэвээрээ байгааг биеэр мэдэрч маш айсан. Энэ тухай яагаад ч дуугүй өнгөрч болохгүй гэж бодоод ярьж байна. Миний толгойд буу тулгаж байгаад байцаадаг байсан.
-Үнэн биз дээ энэ яриа чинь. Чи ноцтой зүйл ярьж байна.
-Шүүх хурал дээр ч энэ яриагаа үнэн гэдгийг батлана. Би яруу найрагч Д.Энхболдбаатартай хамтарч 2007 онд хэлмэгдүүлэлтийн тухай “БНМАУ-ынхаа төлөө зүтгэе” киногоо хийсэн хүн. Гэтэл тэр хэлмэгдүүлэлт гэж чухам юу байсныг биеэрээ үзлээ. Ийм нөхцөлд хүн ямар ч байдалд орж болохыг ойлголоо. Аав нь хүүгээ, ах нь дүүгээ, найз нөхөд бие биенээ аргагүй байдалд ороод л гүтгэн хэлмэгдүүлж байсны учрыг харлаа, мэдэрлээ. Хэцүү байдаг юм байна. Хамгийн гол нь тэр гучаад он хэвээрээ байна шүү дээ. Заримдаа өөрийнхөө хийсэн кинонд тоглоод ч байгаа юм шиг санагдаж байлаа. Хувь тавилангийн золиос ч юм шиг. Эцэст нь байцаагчийн хүссэн мэдүүлгийг өгөхөөс аргагүй болдог юм билээ.
-Тэгээд чи өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн хэрэг үү?
-Яг тийм байдалд аргагүй орсон. Тэд хамгийн эмзэг зүйлээр сүрдүүлдэг юм билээ. Энхтөр байцаагч намайг янз бүрээр дарамталж үзээд эцэст нь миний гэр бүл, эхнэрээр минь оролдоно гэж заналхийлж эхэлсэн “Чиний эхнэр чинь бие давхар юм билээ. Хэргээ хүлээхгүй бол эхнэрийг чинь хорино. Надад шалгаж байна гээд та хоёрыг 2 жил хорих эрх нь байна. Амьдрал чинь сүйрнэ” гэж хэлсэн. Үнэхээр 2 жил биш, гурван сар хоригдоход л хүний амьдрал орвонгоороо эргэдэг юм байна. Тэдний хэлсэн заналхийлэл үнэн байдаг юм байна. Ингээд худал мэдүүлэг өгсөн ч гарын үсгээ зураагүй юм.
-Бадмаа, энэ чинь XXI зуун, тэр тусмаа ардчилсан төрт Монгол Улс шүү дээ. Итгэхэд бэрх зүйлийг чи яриад байгаа юм биш үү?
-Тийм ээ, тэр гучаад оны хэлмэгдүүлэлт яг хэвээрээ байгаа болохыг биеэр туулсан болоод хэлж байна. Гучаад онд хэдэн залуу сэхээтнүүд зохиолч Д.Нацагдоржийнд цуглаад, шинэ жил тэмдэглэх үедээ хоорондоо ярьсан яриаг нь нэг үл бүтэх амьтан До яамныханханд баахан дэвэргэж мэдээлснээр Монголын урлагийн сэхээтнүүдийг хэлмэгдүүлсэн гучаад оны цуст үйл явдал эхэлсэн байдаг юм. Сая яг тэр үйл явдлыг давтлаа ш дээ. Бидний хэдэн залуус уран бүтээл ярьсныг төрийн эсрэг хэрэг болгон дуулиан тарьлаа.
-Ингэх нь тэгээд хэнд ашигтай байв аа? Яагаад ингэв гэдгийг чи бодож үзэв үү?
-Янз бүрээр л таамаг дэвшүүлж байгаа. Хэнд ийм тэнэг бодол төрдгийг гайхаад барахгүй юм. Ганц нэг ийм солиотой нөхдүүд байна, цаана чинь. Би тагнуулын байгууллагыг хэлж байгаа юм биш. Тэнд шургалсан үл бүтэх ганц нэг хүмүүсийн талаар ярьж байна гэдгийг харин ялгаж салгаж ойлгоорой. Энхтөр бол надаас ганц зүйлийг их асууна. Тэр нь “Чи тэр өвөрмонгол Цэнгэлийн талаар жинхэнэ “алсан” мэдүүлэг өг ” гэнэ. Би өөрийн мэддэгээ л хэлэхээс өөрийг чадахгүй ш дээ.
-Тэр Цэнгэл гэж юун хүн билээ? “Алсан” мэдүүлэг гэдэг нь яахыг хэлж байгаа юм бол?
-Гүтгэсэн мэдүүлэг өгөхийг хэлж байна гэж ойлгосон. Өвөрмонголын иргэн Цэнгэл 2007 онд надтай танилцсан юм. МУИС-ийн түүхийн докторантурт сурч байгаа хүн. Өвөрмонголын алдарт эрдэмтэн Сайшаалтын удам юм билээ. Яагаав “Чингис хааны нууц товчоо”-г бичсэн эрдэмтэн. Кино зохиол бичиж сурмаар байна. Өөрт чинь шавь орьё гэж ирсэн юм. Ингэж л танилцсан. Миний “Модун хаан” кино зохиол дээр дадлага хийж байсан л даа. Мэдээж түүхчийнхээ хувьд надад бас санаа оноо өгч, маш тус дэмтэй л байсан хүн.Тухайн үед Боловсролын яамнаас зарласан тендерт кино зохиол минь шалгарч, 220 сая төгрөгийн санхүүжилт авах зөвшөөрөл гарсан даруйд намайг барьж хорьсон юм. Үүнтэй холбоотой эсэхийг мэдэхгүй л дээ. Гурван сар хоригдоод гараад ирсний дараа “Чиний кино зохиолыг санхүүжүүлэх асуудал цуцлагдсан. Яагаад гэвэл, чи гэмт хэрэгтэн. Битгий дэмий юм яриад байгаарай ” гэж нөгөө Н.Оргил гэдэг бацаан зандарч байх юм.
-Цэнгэлийг “алах”-ыг Энхтөр байцаагч яагаад тэгтлээ хүссэн гэж? Одоо тэр Цэнгэл хаана байдаг юм вэ?
-Цэнгэл жил гаруй хоригдоод гарч ирсэн. Бас манай киноны багийн продюссер Батболд ч хоригдсон. Ганц худгаас гарсны дараа Цэнгэл Батболд бид хоёрт “Энхтөрийн дарга Цогтбаатар чинь намайг алтны уурхайтай байхад, дарамтлаад мөнгө нэхээд байсан нөхөр мөн байна” гэж ярьсан. Үнэн эсэхийг нь мэдэхгүй.
-Ингэхэд Бадмаа уг гарал аль нутаг билээ?
-Яасан сэжиглэж байна уу. Ойлгож байна аа, айлтгүй. Миний удам хольцгүй ээ. Хөвсгөл, Архангайн гаралтай. Ээжийн тал бөө, удган хүмүүс байлаа. Аавын талынхан болохоор лам хүмүүс их байж. Кино урлагийн дээд сургууль дүүрэгсэн. Б.Сумхүү багшийн гарын шавь гэдгээрээ бахархдаг. Монголд анх удаа далавч хийж, цохион дээрээс нисэх гэж оролдсон Гэлэнхүү гэдэг чинь миний өндөр өвөө.
-Тийм үү. Тэгэхээр чиний энэ юм, юм руу яагаад зүтгэдгийг чинь одоо л ойлгож эхэллээ..?
-Өндөр өвөө тэр үед зөвхөн нисэх гэж оролдсон биш, одоогийн энэ автомат маягийн буу хүртэл хийж байсан гэдэг. Модоор оёдлын машин хийгээд юм оёж ч байж. Багаасаа тийм их сониуч, юм юм сонирхож явсан хүн байсан юм билээ. Тэр хадан цохионоос нисэхэд нь хөгшин ээж олсыг нь бариад зогсож байсан гэдэг. Хиргисүүр хүртэл ухаад “түрэг хүнийг морьтой нь оршуулдаг гэдэг үнэн юм байна“ гээд нутаг орнынхондоо загнуулж явсан сонин хүн байж. “Уран Хас” бүжгэн жүжгийг өндөр өвөөгийн амьдралаас сэдэвлэсэн шүү дээ. Одоо энэ Богдын Ногоон ордны дааман хаалгыг өндөр өвөө нутаг, нутгийн урчуудыг ахлан хийсэн гэдэг.
-Өндөр өвөөгийн чинь “юм” өөрт чинь удамшжээ...тийм үү?
-Байдаг байлгүй дээ. Би эцэг эхээсээ наймуулаа. Бүгдээрээ гарын уртай шүү. Ер нь л барьснаа хийнэ дээ.
-“Үнсэлт”, “БНМАУ-ын төлөө зүтгэе”, “Муушигийг заавал таван гар тоглох албагүй” гээд чиний уран бүтээлүүд яагаад ийм этгээд байдаг юм вэ?
-Яагаад, гэдгийн чинь хариулт өөрөө кинонууд минь байгаа юм. Тэндээс л олж харах хэрэгтэй гэж хэлмээр байна.
-“Үнсэлт” кино чинь бас л дуулиан тарьж байсныг санаж байна?
-Арт-хаус чиглэлийн эротик кино. Өмнө нь кино оператор Лхагвадоржийг эротик календарь хийснийх нь төлөө барьж, шалгаж байлаа шүү дээ. Эротикийг порнографаас ялгах чадваргүй тэдгээр Эротикийн зөвлөл гээчийг эсэргүүцэж энэ киногоо хийсэн юм. Жүжигчин Өөдөөг нүцгэллээ энэ тэр гээд их юм болсоон. Д.Нямдоржийн нөгөө алдартай садар самууны тухай хууль гарчихаад байсан цаг. “Үнсэлт” маань гоо сайхны мэдрэмжийг илэрхийлсэн, харин ч садар самууны эсрэг кино байсан юм.
“Цагдаагийн тангараг” киногоо Нийслэлийн цагдаагийн газрын хүсэлтээр хийсэн. Тэр үед долоодугаар сарын 1-ний үйл явдлаас болоод цагдаагийн нэр хүнд хэцүү болчихоод байсан юм. Энэ киногоороо тэдний сэвтсэн нэр төрийг бага ч болов сэргээсэн гэж боддог. Үнэхээр ч амжилттай болсон. Тэр үед хүний наймааны асуудлыг кинондоо анх удаа хөндөж тавихад Монголд ийм юм байхгүй л гэж байлаа шүү дээ. Энд юуг хэлэх гээд байна вэ гэхээр уран бүтээлчид гэдэг ямагт нийгмээс нэг алхам урд явдаг юм. Биднийг бүтээл, сэтгэлгээ, санаагаар минь буруутган шүүхээсээ өмнө ямар санаа илэрхийлэв, юуг хэлээд байгааг нь эхэлж хардаг болоосой гэдгийг зарим нөхдүүдэд зориуд хэлэхийг хүслээ. Яг үнэндээ хэдхэн жилийн өмнө, 2012 онд тэр намайг буруутгаад байгаа кино зохиолоо ярьж явахад нийгэм тэр аяараа бухимдаж, захын хүн л энэ төрд эргэлт хийх юмсан, тэрч бүү хэл цэргийн эргэлт хийх хэрэгтэй хэмээн хэвлэл мэдээллээр хүртэл ил тод бодол санаагаа илэрхийлж байсан үе байсан. Тэгээд ч сонгуулиар АН-ыг сонгож төрийн эргэлт хийсэн шүү дээ.
-Чи тэгээд хоригдож гарч ирээд хэн нэгэнд хандаагүй хэрэг үү. Яагаад дуугүй яваад байв?
-Улсын нууцтай холбоотой тул олон юм бүү ярь гэж хэлсэн. Гэтэл хүмүүсийн нэг хэсэг нь нээрээ энэ нөхөр Төрийн эсрэг зэвсэгт бослого гаргах гэж байсан юм билээ гэж бодож байхад бас нэг хэсэг нь намайг үнэн байдлыг ярь гэж хүсэж байна. Хамгийн эмгэнэлтэй нь нөгөө нөхдийн бэлтгэсэн жүжиг нурсан болохоор их эвгүй байдалд орж, сандраад байна. Тэдний урмыг би муухай хугалж. Тиймээс энэ талаар хэн нэгнийг ярихад дургүй байгаа юм. Би Д.Дорлигжав прокурортой уулзаж болсон явдлыг ярихад “Чи чинь мэдрэл муутай хүн үү, өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгч явдаг, энд тэнд очоод амьтан хүнийг төрийн эсрэг турхираад явдаг нөхөр гэл үү” гэж байх юм. Монгол Улсын ерөнхий прокурорт хүртэл тагнуулынхан ийм ойлголтыг өгсөн байна л даа. Иймээс л би үнэнийг ярих хэрэгтэй боллоо.
-Нээрээ чи өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгснөөрөө байдлыг ноцтой болгочихсон юм биш үү?
-Би хэлсэн дээ. Ингэж асуух нэг хэрэг. Гэтэл амьдрал дээр аргагүй байдал үүсдэг, бүр хүчээр үүсгэдэг болохыг тухайлбал та нар үнэхээр төсөөлөх ч үгүй байгаа. Хүчний байгууллага хэрэв хүсвэл хэнээр яаж ч тоглож мэднэ. Ингэж чаддаг болохыг ч би хоригдох хугацаандаа харлаа.Үгүй энэ чинь миний киноны санаа гээд тайлбарлаад ярих гэхээр байцаагч шууд таслаад “Энэ чинь хэрэгт огт хамаагүй. Чи зүгээр үйлдсэн хэргээ л яр. Чи муу эсэргүү хэргээ хүлээ” гэдэг байсан. Яаж ч бодсон бидний хэдэн уран бүтээлийн дэрвүүн хүсэлдээ хөтлүүлсэн нөхөд нийлээд төр эргүүлээд явна гэдэг итгэмээр явдал мөн үү. Үүн шиг солиотой юм гэж байх уу. Урд нь эхнэр бид хоёр гурван ч хүүхдээ алдчихаад байсан юм. Яг намайг хорьсны дараа бие давхар эхнэрийг минь бас төрийн эсрэг хэрэгт чинь хамаатуулж хорино гэхээр нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхөөс аргагүй болсон доо. Үгүй гэвэл тэд үгэндээ хүрч эхнэрийг минь хорих байсан. Тэд үүнийг үнэхээр чадна. Огтхон ч эргэлзэхгүйгээр амьдралыг минь сүрдүүлсэн шигээ орвонгоор нь эргүүлэх юм билээ.
-Одоо тэгээд үүнийг ярьсны чинь төлөө чамд дарамт ирэх юм биш биз?
-Харин ч нэг тоох юм алга. Энэнээс илүү дарамтанд байна гэж юу байхав.
-Удахгүй болох шүүх хурлаас чамайг төрийн эсрэг гэмт хэрэгтэн гэсэн шийдвэр гаргавал яана?
-Арай ч тийм юм болохгүй байлгүй. Энэ чинь ямар коммунизмд амьдарч байгаа биш. Ардчилсан Монгол Улсын иргэн юм байгаа биз дээ, та бид. Монгол Улсын шүүхийг би тэр мэдрэл муутай байцаагч нартай адилтгаж даанч бодохгүй байна даа.
Зочин
BB