МАХН нэрээ МАН-ын нэрээр сольсон. Энэ бол миний 1990 оноос хойш тээж яваа хүсэл. Би энэ тухай өөрийн номуудад зөндөө бичсэн. Монголын эх орончдын байгуулсан Ардын намын нэрийг, МАХН онол үзлээ Ардын намын онол үзлээр эргэлтгүй сольсон нөхцөлд өвлөн авах эрх нээгдэнэ гэж бодож явлаа. Өөрөөр хэлбэл Бодоо Данзан нарын үзэл баримтлалыг эрхбиш харгалзан үзэж, шүүн тунгааж, сорчлон хөгжүүлэх нь гэж горьдсон юм. ХХ зуунд болж өнгөрсөн эмгэнэлт түүхээ болъщевик нүдээр бус эх оронч нүдээр харна гэж найдаж байв. Тэгсэн чинь байдал яаж өрнөв гэвэл пост коммунистууд үзэл баримтлалаа сольё гээгүй нь явуулж буй өнөөгийн бодлого, ааш араншин, шийдвэр мэдэгдлээс нь илэрч урам хугалав. Наад зах нь юу юуны туханд хүрэлгүй хуучнаа үхэн хатан хамгаалж, урж тасадчих гэсэн ярдаг гишүүдийг зурагтаар харах бүрд Ардын намын анхны журмын нөхдийг ичнээ хүндлэх хүмүүжил заалгасан би бээр “тэд ийм алсага шиг авиртай байгаагүй биз” гэж яагаад ч юм бодном.

Ардын намыг үүсгэн байгуулсан хамаг удирдагч нарыг толгой дараалан цаазлахад улаан Оросын шадар дагалдан явсан МАХН өөрийн шүтээн-коммунист онолоо ХХI зуунд дэлхий даяар сүйрэхэд арга буюу коммунист дүрээ далдлахаар түүхэнд мартагдсан МАН-ын нэрийг авснаа гавъяат үйлс хэмээн зарлаж, өдгөө парламентад урьдын Хувьсгалт намын дарангуйлагч инерцээрээ бусад намын гишүүдийг жижигрүүлэн дээрэлхэж, дахин тахин шүтүүлэх гэж томорч суугаа нь МАХН-аас МАН-д шилжээгүйн баримт бус уу. Сурсан юмыг сураар боож болохгүй гэдэг энэ байх. Ганц намын ганцаар ноёлох коммунист зангаа ор тас орхиж, бусадтайгаа эрх мэдлээр эн тэнцүү болсноо ухамсарлаж, жаахан даруухан аяглахгүй аваас ардчилсан парламентэд эвгүй нэгэн болуузай. “Олонхоороо шийднэ” гэсэн зарчим, “олонхоороо хүч түрж шийдлээ” гэх шүүмжлэл хоёрын хооронд логикийн ямар ялгаа байна?

Үнэхээр шинэчилье, шинэчлэгдье гэж зориглосон аваас намынхаа онолыг юун түрүү шинээр боловсруулж, бас ааш араншингаа соёлжуулах байсан юм. “Хувьсгалт” гэсэн нэрээ хэрэггүй гээд хаясан атлаа хувьсгалын үйлдсэн бүх нүглийг өвлөн аваад өмөөрч буй чинь толгойдоо арандаг хурааж, шинэчлэлд чинь саад болж буй юм биш үү. Цуст мөрөө зөвтгөх байсан юм бол юунд “хувьсгалт” гэсэн нэрнээсээ татгалзсан юм бэ. Хүн төрөлхтөн эдүгээ коммунизмыг фашизмтай зэрэгцүүлэх болсныг анзаарч буй биз дээ. Коммунист болъщевик түүхээ өмөөрөөд байвал залуу үеийг улам үргээнэ. Юуны төлөө “хувьсгалт” гэсэн үгээ хаясан билээ, юуны төлөө шинэчлэх бодлого явуулах гэж буй билээ. Орчин үеийн сэтгэхүйд яв цав нийцэж, нийгэмд таалагдсан үзэл баримтлалаа юуны өмнө ягштал боловсруулж, зарлан сурталчлах нь одоо ч оройтоогүй. Тунхаглаж буй онол чинь онцгой шинэлэг агаад орчин үеийн өндөр хүмүүжил мэргэжилтэй иргэдийг татаж чадвал гүйцээ. Хуулиа биелүүлдэггүй, хариуцлага хүлээдэггүй, авилга хээл хахууль, хүнд сурталд идэгдсэн нийгмээс иргэд залхаад шинэ үзэл онолтой, шударга, ухаантай төрөөр удирдуулахыг хүсээд буй энэ цаг үе, МАН-ынханд шинэчлэлдээ ашиглах алтан боломж гэлтэй.

Хувьсгалаар үйлдэгдсэн сайн муу түүхээ “хувьсгалт” гэх үгтэйгээ хамт МАХН-д авна уу хаяна уу орхиод, МАН-ыг үндэслэгч Бодоо Данзангийн коммунист бус цэвэр эх оронч ардчилсан үзлийг цаашид баяжуулан хөгжүүлэх зам чинь ямар ч саадгүй нээлттэй цэлийж байна. Танай намын эцэг Бодоо Данзан нар чинь коммунизмд дургүй явсан учраас болъщевик нарт буудуулсныг үзэл баримтлалынхаа гол цөм болгох учиртай. Ингэж чадваас коммунист хэлмэгдүүлэгч хочноосоо эгүрт салж, сонгогчдыг соронзон мэт татах болно. Дээдлэн хүндэлдэг Д.Сүхбаатар чинь Хувьсгалт намын аллага нугалаанд оролцоогүй, Хувьсгалт намын хүн биш. Д.Сүх бол Ардын намыг үндэслэгч залуу. МАН-ын хорлогдсон жанжин.  

МАН-ын шинэчлэл Бодоо Данзангийн буудуулсан цэгээс эхлэх үү, аль эсвэл Чойбалсан Цэдэнбалын замналыг залгамжлах уу гэдгээс шалтгаална. Энэ дөрвөн бие хүн нэг намд багтахгүй хоёр хоёроороо эсрэг тэсрэг үзэлтэй эвлэршгүй хүмүүс байсан тул МАН-д аль нэгийг сонгохоос бус гал ус шиг хоёр талцлын дунд бөөрөнхийлөх боломжгүй. Чойбалсангийн хэлмэгдүүлэл, Цэдэнбалын нэгдэл, Бодоо Данзан Сүхбаатар нарт огт хамаагүйтэй адил МАН-д мөн хамаагүй. Коммунист яргалал, айлын мал сүргийг булааж нийгмийн өмч болгосныг одоогийн МАН-ын гишүүд мэдэхгүй учраас тэдэнд бас хамаагүй. Хувьсгалт намын үйлдсэн цуст яргаллаас одоогийн МАН-ын гишүүд эцэг эхээс заяасан цэвэр ариун бие, нэр төрөө холдуулж авахгүй бол бузартана шүү. Хувьсгалт намын цус, нулимстай хутгалдсан нүглийг өмөөрсөн хэнбугайн ч хүч хүрэхгүй. Хор шараас бадардаг мугуйд зангаа эгүрт орхи. Бодоо Данзан нарын нэрийг бариад МАН-ынхан ардчиллын төлөө нэрэлхэлгүй зүтгэ. Коммунист гэж хажиглавал коммунистуудад буудуулсан Бодоо Данзан нарынхаа нэрийн өмнөөс няцаа. МАН-ын лидерүүд коммунист байгаагүй. Данслаагүйтэйгээ 100 мянган иргэнээ Ардын намыг үндэслэгчид хүйс тэмтрээгүй. Гадны түрэмгийллийн эсрэг эх орныхоо тусгаар тогтнол бие даасан бүрэн бүтэн байдлын төлөө тэмцсэн эх оронч-ардчилагчид явсан. Жолоодогч нарыг нь хөнөөгөөд, намыг нь самраад, байр суурийг нь эзэлсэн Хувьсгалт нам Ардын намын залгамж халаа бус дайсан нь. Үзэл баримтлал нь тэс ондоо. Нэг нь Улаантанд үг дуугүй захирагдаж нийгэм журам байгуулахын төлөө, нөгөө нь тусгаар тогтнол, чөлөөт худалдаа бүхий дэлхийн хөгжилтэй орнуудын жишгээр замнах бодолтой байв.

Ардчилагчид С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтайг Ардын нам болохыг санаачлагч У.Хүрэлсүх нар дуурайж, Хувьсгалт намын дарга агсан Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөдөг болсон нь соёлтой харагдсан. Төрөлхийн зөөлөн зантай Ж.Батмөнх Румыний удирдагч гэргийн хамт буудуулсныг, Зүүн Германы удирдагч амь хоохойлох оронгүй зугтаж явсныг телевизээр хараад ухаарсандаа ардчиллын давалгааг сөрөөгүй бол, анхны долоо Монголын төлөө тэмцээд үрэгдсэн. Намынхаа хөнөөгдсөн анхны лидерүүдийн цогцолборыг бяцхан ч атугай хэлбэрээр бурханчлаад цэцэг өргөвөл шинээр төрсөн МАН бүр ч гоё харагдана.

Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, Сайн ноён Намнансүрэн, Хатанбаатар Магсаржав нарын зэрэг амь нас ашиг сонирхлоосоо ард түмнээ өндөрт тавьсан зоригт эх орончид гадаадаас суут онолч Ленин мэтийг эрэлтгүй олон бий. Эх орончдынхоо түүх намтрыг жинхэнэ үнэнээр нь тодруулж дээдэлцгээ. МАН-ын өнөөгийн гишүүд бол коммунистууд биш ардчилагчид. Эхлээд Ленинээсээ сал. Дараа нь Хувьсгалт намын түүх Ардын намын түүх биш учраас гишүүд-та нарын түүх бас биш гэдгийг илэн далангүй зарлаж хатуу мөрд. Та нар өөрсдөө шинэчлэгдэж чадсан цагт шинэчлэл аяндаа хурдаа авна. Эрэлхэг эх орончдын МАН мандан бадрахад үндэсний үзэлтэй хүн бүхэн дэмжих нь гарцаагүй. Та нарыг бурхан өршөөж, Монголоос коммунист архаг хууч эгүрт тонилго.

2013-12-22