Амжилт зүхэлт хоёрыг адилхан  угт.
Аль аль нь өнгө хуурамчийг бүү март.

1. Хувь тавилангийн хамгийн сайханд нь тэмүүл.

Хүн бүхэн бурхан байж чадахгүй ээ. Харин бурханлаг чанар гэж бий. Чамд ч бас бий. Тэр чанараа ашиглаж чадвал нь чи ялж дийлж чадна. Ялж чадвал сайхан байж чадна. Сайхан байхын тулд ялах хэрэгтэй.

Гэхдээ хэн нэгнийг биш. Эхлээд чи өөрөө өөрийгөө ялах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрийнхөө буруу, муу дутагдлаа ялж дийлж засах ёстой. Санасандаа хүрэхэд чинь  тустай  эхний алхам энэ мөн. Бурхан эхлээд тэгж чадсан.
Нойрыг сэрж ял. Уурыг барьж ял.
Өвдвөл гүрийж ял. Өлсвөл тэсэж ял.
Зовлонг сөрж ял. Жаргалыг ухаарч ял.
Хайрыг     хайрлаж     ял.     
Атаа     хорсол бардамналыг аргадаж ял.
Тэгж чадвал чи хүн болно. Хүчтэй болно. Санасандаа   хүрч   чаднаа.   Би   тэгэж   бодож байна. Чи юу гэж бодож байна.

2. Энгүүн байдлыг эрхэмлэ.

Элдэв   гоё   ганган   юм   хоосон   байдаг. Хоосон зохиомол юмаар өөрийгөө бүү гутаа. Үг яриа, өмсөж зүүх, эд хэрэглээ бүгдэд энгүүн бай. Хоосон хөнгөн амьдрал эрж, хий мөрөөдөж, хуурамч ая тух эрэлхийлдэг олон хүн байдаг. Би мэднээ. Тэд үнэндээ хүссэнээрээ тансаг сайхан амьдарч чадахгүй нэг насыг элээдэг юм. Юу олдоно түүнийгээ тэр дор нь үгүй хийдэг тийм хүнд юм яаж тогтох билээ дээ. Худал хуурмаг юм хэзээ ч биежиж байгаагүй юм.

Жинхэнээсээ хөдөлмөрлөж тэмцэж чадсан хүн жинхэнэ амьдарч чаддаг юм. Аливаа юмны гүнд нь орж ажилла. Тэгж чадвал нь чи өөрөө гүн болно. "Гүн гүнээ дуудаж, өндөр өндөрөө шатаадаг" гэж гүн ухааны сургааль бий, үнэн байх. Бурхан чамд өгсөн буян хайрыг хайрлаж ял.

3. Ажил чинь тогтмол байх ёстой.


Нэг өдөр үхтэлээ ажиллаад хэд хоног хаядаг дахиад хийдэг, дахиад тасалдаг тийм байж болохгүй ээ. Чи шөнө бүр унтдаг, өдөр бүр хоол иддэг, хором тутам амьсгалдаг. Яг үүн шигээ ажиллах ёстой юм.

Цаг зав эрч хүчээ гамна хайрла. Зөв зохицуулаж зөв зар. Зөвхөн утга учиртай юм ярьж, бодож, хийж бай. Тэгвэл цаг хугацаа, эрч хүчээ илүү хэрэгтэй юманд зарж, илүү үр бүтээлтэй ажиллаж чадна. Тэр бүхэн чиний амжилт бүтээлийн үндэс болно.

Сая сая хүмүүс хайран сайхан цагаа дэмий үрдэг. «Юу хийж байна?» гэхээр «юу ч хийгээгүй» гэдэг. «Юу байна?» гэхээр «Юу ч байхгүй» гэдэг. Юу ч хийхгүй юм чинь юу байх билээ дээ. Тэгээд тэд юу хожив. Юу ч хожоогүй. Асар их цаг хугацаа, эрч хүчээ дэмий ажилгүй өнгөрөөж буйгаа ч ойлгохгүй шүү дээ. Амжилттай ажиллаж, сайхан амьдарьяа гэвэл маш их эрч хүч, цаг хугацаа хэрэгтэй. Цаг хугацаа, эрч хүчийг хайрлах нь амьдралыг хайрлана гэсэн үг.

Амьдралыг хайрлах нь өөрийгөө хайрлана гэсэн үг. Өөрийгөө хайрладаг хүнийг билгүүн хүн гэдэг юм.

Нойрыг сэрж ял. Өвдвөл гүрийж ял. Өлсвөл тэсч ял.

4. Өөрийгөө битгий хайцаал. Алдаагаа бүү зөвтгө.

Хүн өөрийгөө цаг үргэлж зөвтгөдөг. Ямар нэг алдаа гаргалаа гэхэд түүнийгээ зөвтгөж тайлбар хийхдээ үнэн гаргууд. Тэр тийм байсан. Энэ ийм байсан гээд л бусад руу чихчихнэ.

Эсхүл. Ерөөсөө болохгүй юм байсан ямар ч арга байгаагүй. Харин би тулдаа л өдий дайны байна гээд мэлзэнэ. Заримдаа бүүр цагаандаа гараад, "эргэн тойрон, энд тэндгүй л тийм байхад. Би ч харин гайгүй ээ" гээд уурлана. Өөрийгөө ариун хутагт гэж магтана. Ийм юм байдаг шүү дээ. Тэгэхээр тайлбар тавинаа гэдэг чинь дутагдалаа хамгаалаж байнаа гэсэн үг. Тийм биз дээ. Тэгэхээр ийм байна:

Нэгдүгээрт:
Алдаа дутагдалаа ухамсарлахгүй хамгаалнаа гэдэг алдаа дутагдал дахиад давтагдана гэсэн үг. Энэ бол гарцаагүй үнэн. Хүн алдаж болноо алдаанаасаа ухаан сууж сургамж авч чадвал сайн. Гэхдээ хамгийн гол нь алдсан алдаагаа давтахгүй байх ёстой. Давтахгүйн тулд алдаагаа хамгаалах бус ухамсарлаж ойлгох ёстой юм. Энэ тун чухал юм.

Хоёрдугаарт: Тайлбар тайлан чинь бусдыг мэхлэж чадахаас чамайг өөрийг чинь мэхлэж чадахгүй гэдгийг хүн ухаарах ёстой. Ухаарал амжилт бүтээлийн нөхөр бол, тайлбар тавьж өөрийгөө хамгаалах чинь уруутал доройтлын эцэг гэдэг. Ямар ч муу юм болоогүй гэж өөрийгөө хуурч, бусдад итгүүлэх гэж хамаг цаг заваа барж суух хэнд ч таатай байх билээ дээ.

Хүний амьдрал богинохон шүү дээ. Харин түүний оронд "Энэ бол миний гол дутагдал юм шүү, ахин дахин ойчдог занга шүү!" гээд ой тойндоо тэмдэглэчих. Тэгээд болно. Би тэгэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

 5. Болгоомжтой бай бас сэрэмжтэй бай.

Амжилтанд хүрч аз жаргал олох хэцүү. Харин түүнийгээ алдах тун амархан. Агшин тутамд сэрэмжтэй бай. Чи хэдий их амжилт олно төдий чинээ их хорсол атаархалыг дагуулна.     Яагаад     гэвэл     харалган     сохор атаархуу хүмүүс энэ дэлхийд олоон. Тийм хүмүүс харанхуйд амьдарч дассан байдаг юм. Чи ганцаараа гэрэлтэх нь тэднийг доромжилж байгаа хэрэг. Тэгээд яахав. Тэдэнтэйгээ хэрэлдэж тэмцэлдэх үү найрсан зохицох уу?

Өөрөө шийд. Гэхдээ нэг зүйлийг хэлье. Дээд доод төвшний юм мөргөлдөх аваас дээдэх нь илүү хохирдог гэдгийг санаарай. Зарим элдэв муу хүмүүстэй учраа олох хэцүү. Хүн бүхэн тийм биш л дээ. Гэхдээ олон бий. Зарим үед тэдэнтэй найрсан зохицсон нь дээр ч үе байдаг. Их мөрний усыг бүү сөр. Дагаад урс гэдэг. Хэрвээ чи өөртөө итгэлтэй байгаа өөрөө шийд. Итгэж чадахгүй байвал нь тэвчиж тэгээд өнгөрөө. Атаархал бардамналыг аргадаж ял. Нэг шүлэг санаанд орлоо аав нь багадаа уншиж байсан юм. Хэрэг болж магад.
Амжилт зүхэлт хоёрын адилхан угт
Аль аль нь өнгө хуурмагийг бүү март
Хайралсан бүхэн чинь цөлмөрч шатаад
Харанхуй хоосон цээж үлдсэн ч чи
Зориг чинь замнах хүсэлтэй цагт
Зүрх сэтгэл бие мэдрэлээ шахан шамд
Алив юм цаг цагтаа чамтай
Албан ёсоор тооцоо бодож л байг
Андтайгаа атаатантайгаа чи учрахдаа
Амь хаацайлах үед нь хаацайл.
Тэгэхдээ шууд тохир шулуун тохир.


Батжаргалын БАТБАЯР