Өнгөрсөн долоо хоногт хөрөнгө оруулалтын “Металс Монголиа” чуулган Улаанбаатар хотноо хоёр дахь удаагаа болж өндөрлөв. 25 орны 1200 төлөөлөгч оролцож байсан хоёр жилийн өмнөхөөсөө энэ удаа тав дахин цөөн хүн оролцов. Цөөхөн гадаад хүн харагдсан энэ хурал Монголын уул уурхайн боловсруулах салбарт хөрөнгө оруулалт хийхээ гаднынхан яараагүйг илтгэх мэт.

Харин боловсруулах салбараа хурдан хөгжүүлэхийн төлөө Монголын төр засаг яарч байгааг Уул уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамдын удирдлага болон төрийн өмчит компаниудын идэвхтэй оролцоо харуулав.

УИХ эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого гаргахаар хэлэлцэж байгааг төрийнхөн оролцогчдад мэдээлэв. Манай эдийн засгийн сүүлийн арваад жилийн өндөр өсөлтийг бүрдүүлж ирсэн ганц салбараа Монголын төр өөрийн гэсэн бодлогогүй, бүдүүн баргаар таамаглан удирдаж ирснийг биеэрээ мэдэрсэн компаниудын хувьд энэ бол оройтсон ч, гэгээтэй мэдээ байлаа.

Үнэхээр баримжаа тогтоох бодлогогүйн балгаар төр засаг өөрөө ч биелүүлж чадахгүй, эсвэл салбарын хөгжил дэвшлийг салам дарсан, нэг бол гадаадын хөрөнгө оруулалтыг хавчин үргээсэн хуулиуд үе үе гаргаж, дараа нь засаж залруулах гэж хайран цаг, нэр хүндээ алдаж ирснийг чуулганд оролцогчид тэмдэглэж, санал шүүмжлэлдээ тусгаж байлаа. Эрдэс баялгаа газрын дороос ухан гаргах цагт төрийн бодлогогүй байсныхаа алдаа завхралыг, баялгаа газар дээр гаргаад боловсруулах цагт давтах аваас монголчууд бид хөгжлийнхөө арав биш, зуун жилийг алдах юм.

ЭРДЭС БАЯЛГАА ГАЗАР ДЭЭР ГАРГАХ ЦАГТ

Өнөөг хүртэл бодлогогүй явж, тохиолдлын хууль журам нууцаар шахам гаргаж, хагас дутуу хэрэгжүүлж ирсний хохирлыг хамгийн тод илэрхийлж байгаа металл бол Монголын алт. Хүдрийг нь олж, угааж ялгаад, хайлж цэвэршүүлээд шууд хэрэглэдэг учир алт бусад металлаас ялгаатай.

“Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн хориод жилд Монгол Улс 130 тонн алт олборлосон гэж Алт үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Т.Ганболд хэлэв. Эхний жилүүдэд хоцрогдсон техникээр олборлож, нөхөн сэргээлт муу хийж байсан боловч алтны олборлолт тууштай өсөж, зарим жилд 20 тоннд хүрсэн. Харин 2007 онд Гэнэтийн ашгийн хууль гарснаар алтны бизнес “далд” хэлбэрт шилжсэн юм. Алтыг хууль бусаар хил давуулах нь ихэсч, “нинжа” нар ч олширч, байгалийн нөхөн сэргээлт багасч, алт олборлогчдын нэр хүнд унасаар ирэв. Дэлхий дээр алтны үнэ нэмэгдсээр байхад Монголд олборлолт нь “буурсаар” байсныг “Алт” хөтөлбөрийг санаачлагч, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат тэмдэглэв.

Сангийн яам эрдэс баялгийн нөөц олборлосны төлбөрийн дөрөвний нэгийг орон нутагт нь буцааж олгох хуулиа биелүүлэхгүй “дээрэмдэж” ирсний үрээр алтны компаниудад орон нутгийн удирдлага, иргэд дарамт шахалт үзүүлж, олон янзын хандив хураамж нэхэж шаардан, хөдөөд олон засаглал бий болж, энэ хэрээр далд эдийн засаг нэмэгдэж, авлига цэцэглэн хөгжсөөр өнөөг хүргэв.

Орон нутгийн засаглалын ёс зүй алдагдаж, нинжа нарын үйл ажиллагаа хяналтгүй болж, тэд өөрсдийнхөө болон бусдын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж, байгаль орчныг сүйтгэж ирснийг таслан зогсоох цаг болсныг тэмдэглэж байлаа.

Эрсдэлээ хариуцаж хайгуул хийгээд алт олоогүй атлаа “Урт нэртэй” хуулийн далбаан дор үйл ажиллагаа нь “зогссон” компаниуд гаргасан зардлаа төсвөөс гаргуулах сонирхолтой байгаа талаар шүүмжлэл гарлаа.

Монголбанк алтыг дэлхийн зах зээлийн үнээр худалдан авах ажлаа сэргээж байгааг харин дэмжиж байлаа.

ГАРГАСАН ЭРДЭС БАЯЛГАА БОЛОВСРУУЛАХ ЦАГТ

Төр засгийн оролцогчид Монгол Улс эрдэс баялгаа боловсруулж, үнэ цэнийг нь нэмэгдүүлэх шийдвэр төгс байгаагаа илэрхийлж, тодорхой төслүүдийг танилцуулав. ҮХААЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга До.Ганболд Сайншандад Аж үйлдвэрийн парк байгуулж гангийн, коксжих нүүрсний, зэс, цементийн үйлдвэрүүд болон цахилгаан станц байгуулахаар төр засаг шийдсэн тухай мэдэгдэв.

Эдгээр үйлдвэрт шаардлагатай түүхий эд бүгдээрээ Монголд байгаа бөгөөд Сайншандын газрын доорх усны нөөц нь “хангалттай бөгөөд хүрэлцээтэй” гэлээ. Тэгээд ч коксыг усаар биш, азотоор ундраадаг технологи ашиглах бөгөөд төмрийн хүдрээ Сэлэнгээс Дарханд татаж “нойтон” боловсруулалт хийгээд, дараа нь Сайншандад авчирч, гүйцээн боловсруулах маягаар ган үйлдвэрлэх ажээ.

Төсөлд оролцох хэд хэдэн компаниуд тус тусын барих үйлдвэрийн талаар танилцуулав. Ган үйлдвэрлэхэд ялгарах асар их хүхрийн хүчлийг Хөвсгөл аймгийн Бүрэнхааны фосфорын ордоос бордоо гаргахад ашиглах ажээ. Энэ орд Хөвсгөл нуураас 100 км зайтай учир байгаль орчны нөлөө бага болохыг тэмдэглэв.

Гангийн үйлдвэр байгуулж, эх орныхоо хэрэгцээг бүрэн хангахаас гадна хотжилт хүчээ авснаар арваад жилийн дараа өөрийн хэрэгцээний зөвхөн хагасыг л үйлдвэрлэх боломжтой Хятад улсын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ. Энэтхэг төмрийн хүдрээ экспортод гаргахыг хориглосон, удалгүй Бразил дагах учир дэлхийн төмрийн хүдрийн худалдаанд бүтцийн өөрчлөлт гарах нь Монголд ашигтай тусах гэнэ.

Төр засгийн бүх төлөөлөл, түүний дотор стратегийн гэх одоо буй долоогоо өргөжүүлэн, 39 орд газар тус бүрээр охин компани байгуулах “Эрдэнэс Монголиа” ТӨК-ийн Гүйцэтгэх захирал О.Сайнбуян Монгол Улсын олборлох аж үйлдвэрүүдийг барьж байгуулахад хөрөнгө оруулахаа амлаж байв.

Энэ чуулганаас тодорхой биш үлдсэн ганц зүйл бол эдгээр түүхэн, том бүтээн байгуулалтын төслүүдэд Монголын хувийн хэвшил ямар хэлбэрээр, аль хэсэгт нь оролцох, мөн төлөвлөгөө, тооцоогоо хийчихээд байгаа хэд хэдэн хувийн компаниудыг хэн, хэзээ, ямар шалгуураар сонгож авсан тухай асуудал байлаа. Энэ тухай удахгүй мэндлэх төрийн бодлогын баримт бичигт тусах байх гэж оролцогчид найдаж байна.

О.Сайнбуян дарга “Эрдэнэс Монголиа” компани нь Сингапурын засгийн газрын 170 тэрбум америк долларын багцаатай, дэлхий даяар байрлуулсан хөр өнгө оруулалтын “Темасек” сантай адилхан болох төлөвлөгөөнөөсөө хуваалцав.

Харин “Темасек” шиг болохын тулд улс орны нийтийн засаглал нь ил тод, бизнесийн нөхөрсөг орчинтой, авлигын индексээр 178 орноос 94-т биш, харин Сингапур шиг эхний тавд орох ёстойг тэр хэлсэнгүй. Таамаглаж байгаа буй за.

Тэгээд ч энэ том төслүүдэд Монголын төр оролцож, нэмж бонд гарган өр тавиад, сайн үйлдвэрүүд бариад, бас ашигтай ажиллаад, тэгээд өрөө цагт нь төлөөд явна гэдэгт иргэд үнэмшихгүй л болов уу. Монголын төрийн оролцоотой гурван компани бүрийн нэг нь алдагдалтай, удирдлагыг нь авьяас чадварт биш, “эрх баригчид үнэнч эсэхээр” сонгож байгаа цагт ашигтай байх тухай мөрөөдөөд ч хэрэггүй юм.

Ямар ч гэсэн Монгол Улс эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогоо хэлэлцэж байна. Саяхнаас хөрөнгө оруулалтын хуулиа өөрчилж, хөрөнгийн хэмжээ, орон нутгийн байршлаас хамаарч тогтвортой байдлын баталгааг ялгаатай хугацаагаар “Инвест Монголиа” гэдэг шинэ агентлагаас өгөх боллоо.

Гадаадын хөрөнгө оруулалт эрдэс баялгийг газар дээр гаргаж ирэхээс боловсруулах шатанд илүү, олон дахин их хэмжээгээр шаардлагатай бөгөөд түүнийг татахын тулд бизнесийн орчин урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой, ашиг сонирхлыг нь маш сайн илэрхийлсэн байх ёстой. Дотоодын хөрөнгө оруулалт түүнээс ч дутахгүй нөхцөл шаардана.

Улс орныг үйлдвэржүүлэх, Аж үйлдвэрийн паркийг барьж байгуулахад төр оролцохдоо хувийн хэвшилтэй түншлэлийн зарчмаар (PPP) ажиллах учиртай. Засгийн газар бонд гаргаж, улс орноо эрсдэлд оруулан, иргэдийн нуруун дээр өр үүрүүлэн байгуулах шаардлагагүй юм.