МАН: Коммунист байснаа юунд булзааруулав?
“МАХН нь хэзээ ч коммунист нам байгаагүй, одоо бол Социнтернийн бүрэн эрхт гишүүн”, “Ардын Хувьсгалт” байснаа дэлхийд данстай “Ардчилсан Социалист” нам болж хувирсан гэхчлэн МАХН-ын (одоо бол МАН) үе үеийн удирдлага цөхрөлтгүй ухуулах мөртлөө хэрэг болмогц, ялангуяа ахмад хижээл насны сонгогчдын санал дэмжлэгийг авах зорилгоор өмнөх коммунист түүхээ өөртөө авч наадаг нэгэн популист арга бачтай.
“Коммунист ажилчны намуудын олон улсын Москвагийн зөвлөлгөөн дээр МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалын хэлсэн үг” хэмээх 16 хуудастай нэгэн товхимол 15 мянган хувиар хэвлэгджээ. Ю.Цэдэнбал энэ алдарт үгээ 1969.06.13-нд хэлсэн байх бөгөөд МАХН-ын Төв Хороо ба “Монголын коммунистууд”-ын нэрийн өмнөөс халуун баяр хүргэж эхэлсэн тэр үг Лениний мөнхийн сургааль, коммунизмын төлөө тэмцэлд үнэнчээ тунхаглаж өндөрлөсөн байх ажээ.
Түүх рүүгээ эргэж нулимах нь хаашаа юм, гэвч тэр үеийн империализм гэгчийг яллан гутааж, доромжлох нь энэ зөвлөлгөөний гол зорилго байсныг түүхээс баллуурдах аргагүй. Тиймдээ ч Ю.Цэдэнбалаас “империализмын эсрэг”, “империалистууд”, “империализмыг эсэргүүцэх”, “империалист харгислал” гэх хараалын үгийг 44 удаа давтаж, зарим өгүүлбэрт гурван ч удаа хэлсэн байх жишээтэй. Үүний сацуу өмнөд хөршөө “харгис маоизм”, “маоистууд”, “Маогийн бүлгийнхэн” гэхчлэн 35 удаа нэр зааж, бүтэн 5 хуудас харааж зүхсэн байх юм. Тухайн цагтаа ингэж хараах нь зөв байсан ч өнөөгийн МАН, МАХН хоёр ардчиллын 23 жилд энэ түүхээ эргэж буруутгаагүй учраас “коммунист биш” гэдгээ эрх зүйн үүднээс нотлоогүй яваа гэсэн үг.
Дэлхийн коммунист хөдөлгөөний энэ чуулга уулзалт нь империализмыг эсэргүүцэн тэмцэх, эв нэгдлээ бэхжүүлэхэд дэлхийн коммунистуудын идэвхтэй хамтын ажиллагааны шинэ үе шат болно гэж бат итгэснээ Ю.Цэдэнбал илэрхийлээд, империализмын мөхөл сөнөл ойртон, шалдаа буусныг олон баримтаар ярьсан байх юм. Ялангуяа “Америкийн империалзм” гэдэг хаягаар АНУ-ыг бүх муу муухай юмны уурхай болгон харааснаа эргэж хүчингүй болгоогүй хэрнээ МАН эдүгээ Монгол-АНУ-ын стратегийн нягт түншлэлийн тухай ярих нь түүхэн логикийн хувьд өөрөө өөртэйгөө зөрчилдсөн, өөрийгөө шууд үгүйсгэсэн хэрэг болох бус уу.
Ю.Цэдэнбалын хэлснээс ганц нэгийг эшлэбэл:
- Империалист харгислал нь хувьсгалт хүчинд түрэгдэн шахагдахдаа арга буюу заль мэх хэрэглэн, ард түмэнд ад болсон дарлал мөлжлөгийн системийг хэвээр байлган бэхжүүлж…”, “империалистууд, юуны өмнө америкийн империалистууд дэлхий дахины хувьсгалт үйл явцыг зогсоохын тулд…”, “империализм нь өдөөн хатгалга, хувьсгалын эсэргүү хуйвалдаан, харгис эргэлт, зэвсэгт довтолгоон зэрэг элдвийн арга хэрэглэн…”, “империализм нь дэлхийн системийн хувьд хүч нь нэмэгдээгүй ч гэсэн сүрхий аюултай дайсан хэвээр байна”, “империалист харгис гүрэн – АНУ-ын түрэмгий араншин нь ширүүслээ”, “империализмын хүч дампуурч, сөнөх тавилантайн хамгийн тод гэрч бол Вьетнам дахь дайнд АНУ-ын түрэмгий төлөвлөгөө балран унасан явдал мөн” гэхчлэн жагсаавал миний нэг нийтлэл гүйцэхгүй.
Ю.Цэдэнбал тэргүүтэй тэр үеийн МАХН, түүний авангард Төв Хороо хожим эх орон нь хараал идсэн нөгөөх империалистуудаараа тэжээлгэн тэтгүүлнэ чинээ огтоос төсөөлөөгүй, гэвч МАХН-ын тэрхүү коммунист түүхийг МАН нь бүрэн эцэслэж, түүхэн дүгнэлт өгөх ёстой байсан юм. Үүнийг өнгөрсөн 3 жилд хийчихэж болох байсан ч залгамжлагч одоогийн МАН нь сонгогчидоо алдчихна гээд тэгж зориглоогүй. МАН түүхэн коммунист нэр хаягаараа барууны донор хандивлагч гэгчидтэй одоо хүзүү толгой холбон, империалист гэж хараасан барууны социалист, социал-демократ намуудтай нэг тугны иш барилцан яваа нь түүхэн логикийн хувьд мөн л өөр лүүгээ нулимсан хэрэг билээ.
Өнөөгийн хэмжүүрээр Ю.Цэдэнбал ба түүний хэлсэн үгийг буруутгах гээгүй, зөвхөн коммунист байсныг нь сануулж байгаа хэрэг. Эдүгээ “Ардын хувьсгал”, “Социализмын байгуулалт”, “Ард түмнээ бичиг үсэгт тайлсан”, “Ардчиллыг эхлүүлсэн”, “Зах зээлийн шилжилтийн үеийг даван туулсан”, “Социалист интернационал” гэх зэрэг өөр хоорондоо авцалдаагүй түүхэн үзэгдлүүд нэг хаягтай, нэг өмчлөгчтэй явааг ялгаж салгаасай гэсэндээ 1969 оны ганцхан баримтыг сөхөж байна.
Ю.Цэдэнбалын хэлсэн тэрхүү үгэнд буй “Империализмын эсрэг тэмцлийн нэн чухал бүрэлдэхүүн хэсэг, капиталист орнууд дахь монополийн ноёрхлын үндэс тулгуурыг хэврэгшүүлэн сулруулж байгаа хамгийн идэвхтэй хүч нь ажилчны хөдөлгөөн юм” гэсэн мөрүүд нь Социнтерн дэх социалист, социал-демократ намуудыг хэлээгүй, харин тэдний эсрэг тэмцэгчдийг хэлсэн хэрэг байв. “Империализмын эсрэг ангийн тэмцлийн шинэ их боломж бий болов” хэмээн Ю.Цэдэнбалын үнэлсэн тэр хөдөлгөөн эдүгээ ор мөргүй алга болсон, харин яагаад тэгэв гэдэг дээр ард түмэн онолын дүгнэлтийг 23 жил МАХН-аас (одоогийн МАН) хүлээлээ. “Оппортунизм” гэдэг хаягаар 1980-аад оныг дуустал Социнтерн дэх социалист, социал-демократ намуудыг хараан зүхэж, баалж байснаа эргэж хүчингүй болгоогүйгээр дараагийн алхам руу шилжсэнийг өнөөгийн МАН-д сануулах нь ёс зүй, ёс суртахуун талаасаа бол огтоос буруу биш юм.
“Олон улсын коммунист хөдөлгөөний нэгдэл, нягтралыг бэхжүүлэх явдал нь империализмыг эсэргүүцэгч, ардчилсан бүх хүчнийг нэгтгэж, тэдний үйл ажиллагааг империализмыг эсэргүүцэх тэмцэлд идэвхжүүлэх үндсэн гол хүчин зүйл мөн” гэсэн Ю.Цэдэнбалыг дүгнэлт бол коммунист хөдөлгөөнөөс бүх шавхрууг хөөж гарга гэсэн уриа дуудлага байв.
Империализмыг эсэргүүцэх тэмцэл гэдэг бол оппортунизм, баруун, “зүүн” ревизионизмын эсрэг тэмцэл мөн гэсэн тэр үеийн МАХН-ын уриа эдүгээ Социнтерн дэх зүүн төвийн, зүүний социалист, социал-демократ намуудыг зүхсэн хэрэг байв. “Монголын ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнол болон шинэ амьдралын байгуулалтдаа олсон амжилт ялалтыг мөнхийн алдарт Лениний нэр, дэлхийн коммунист хөдөлгөөний бүх отрядын дайчин зэвсэг болсон Лениний аугаа их сургаальтай зүй ёсоор холбож үздэг юм” гэсэн андгай тангарагаар Ю.Цэдэнбал үгээ төгсгөөд Лениний үзэл санаад социалист Монголын намын гишүүд ба хөдөлмөрчид хойшид ч хязгааргүй үнэнч байж, марксизм-ленинизмийн тунгалаг нандин чанарыг шийдвэртэй хамгаалах явдлыг МАХН өөрийн ариун үүрэг гэж үзнэ гэжээ.
1992 онд Солонгосын ард түмний аугаа их удирдагч Ким Ир Сений 80 насны ойн баярт уригдсан дэлхийн 132 орны 420 төлөөлөгч Пхеньянд хуран цугларч, ах дүү коммунист, хувьсгалт намуудын төлөөлөгчид “Пхеньяаны Тунхаглал” хэмээх түүхэн баримт бичгийг батлалцсан юм. Тэр үеийн эрх баригч МАХН-ыг төлөөлж, МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Батхишиг “Пхеньяаны Тунхаглал”-д гарын үсэг зуржээ. Тэрхүү тунхаглалын гол үзэл санаа нь Дэлхийн хувьсгалын төв Солонгосын хойг руу шилжин төвлөрч, империализм өнөө маргаашгүй үхлээ хүлээн, мөхөл нь хаяанд ирсэн, даян дэлхийд хувьсгал, коммунизм ялан мандах нь гарцаагүй тухай уриа дуудлага ажээ. Энэ дуудлагаа МАХН (өнөөгийн МАН) эргэж хүчингүй болгосон, гарын үсэг зурагчийг шийтгэсэн эсэхийг бүү мэд, хэрэв түүндээ үнэнч яваа бол XXI зууны шинэ эринд Социнтерний зүүн төвийн нам байгаатай нь эрс зөрчилдөн байгаа бус уу?
Зочин