3охиогч түүхэн харьцуулалт хийн 2005 oнд ийн бичиж байжээ. Энд хэн нэгнийг долдойлох, аль нэг намыг доош хийх санаа агуулаагүй. Цаг цагаараа байдаггүй гэдгийг л Бушийн айлчлалын үеийн торгон мэдрэмжээр буулгажээ. “МАХН” гэж тэр үед нэр заагаад байсан нь өнөөгийн “МАН” гэж бууж таарна! Түүнтэй адилаар Ц.Элбэгдорж энэ түүхэн энэ ялалтаараа “МАН”, “социализм” гэж гоншигоногчдод үхлийн цохилт өглөө дөө!– baabar.mn   


Өмнөх нийгмээ магтан дуулах, гиюүрч санагалзах, өдий зэрэгтэй яваагаа зөвхөн МАХН-тай холбох сэтгэхүйн дон Монголын нийгэмд гүн шигдээстэй өнөө хүрчээ. 1990 оноос хойш сонгуулиудад МАХН амжилт гаргаад ирсэн нь ийм дон  дээр амжилттай тоглосны үр дүн гэлтэй. Хүн хүн янз бүрийн үзэл бодолтой байхыг хориглож болохгүй. Гэвч донтох, донтсоор байх нь өөртөө төдийгүй,  гэр бүлд нь, улмаар нийгэмд дам халгаатай.

Ноён Ж.Бушийн 2005 оны дуулиант айлчлал чухам ийм төрлийн дон, донтогсдод үхлийн цохилт өгч, эцсийн цэг тавилаа. Төрийн ордны их танхимд (хуучнаар АИХ-ын танхим) хуран цугларагсдын нүдний өмнө, ил тодоор, бахархалтайя коммунистууд ба коммунизмыг (бидний туулсан 70 жилийн замнал) ганц сайн яллаж өглөө.

Түүний хэлснээс үзвэл:

15 жилийн өмнө монголчууд энэ их ордны гадаа хэдэн мянгаараа цугларч  тэсгим хүйтэнд  ажралгүй эрх чөлөөгөө шаардаж, дарангуй дэглэмийг сөрөн зогссон билээ. Жагсагчдын дунд оюутнууд, ажилчид, лам нар, түүнчлэн эрх чөлөөний төлөө өлсгөлөн зарласан ардчилсан үзэлт хэсэг залуус байлаа. Итгэл үнэмшлийнхээ хүчээр тэд коммунист эрх баригчдыг засгийн эрхнээс буулгажээ.

Энд “дарангуй дэглэм” (repressive regime) гэдгээр МАХН-ын төр, засгийг хэлж буй бөгөөд “коммунист эрх баригчид” (communist leadership) гэдгээр өнөөгийн МАХН-ын өмнөх үеийн дарга нарыг шууд нэрлэж чичсэн хэрэг байлаа. Иймд гиюүрч санагалзаад буй өмнөх социализм маань дарангуй нийгэм, тэр үеийн нам-засгийн удирдагчид маань дарангуйлагчид гэж шууд хэлснээс ялгаа юу байна. Иймээс өмнөх нийгмээ элдвээр магтах, сурталчлах нь дарангуйлагч хэлмэгдүүлэгч дэглэмийг магтан дуулсан, гэмт хэргийн шинжтэй, эрүүл бус сурталчилгаа болж таарах нь ээ!

Тэрээр цаашаа:

Олон арван жилийн дарангуй дэглэмийн дараа анх удаа саналаа чөлөөтэй өгсөн баярт мөчөө одоо ч санах хүн та бүхний дунд олон байгаа бизээ. Хэнээр засгаа бариулах, хэнийг засгаас буулгахын ид бахыг та нар мэднэ. Үг хэлэх, хуран цуглах, хуулийн өмнө эрх тэгш байх зэрэг хувь хүний эрх чөлөөг баталгаажуулсан Үндсэн хуулийн дагуу амьдрахын сайхныг та бүхэн мэдэж байгаа.

Энэ бол “Цагаан морин жил”-ийг түүхнээ мөнхжүүлээрэй гэсэн уриа дуудлага, манай сонгон авсан ардчилал, зах зээлийн замаас өөр сонголт байхгүй шүү гэсэн сануулга болж бууж байна. Иймд зах зээлийн шуурганд уруудан доройтож яваа бол буруугаа 1990 оны хувьсгалаас бус өөрөөсөө болон орчноосоо эрж  хайх болох нь ээ!

Бушийн хэлсэн үгэнд коммунизмыг жигшүүлэх гэхдээ лалын терроризмтэй шууд зүйрүүлж нэг самбар дээр зэрэгцүүлэн тавьсан явдал үнэхээр шинэлэг үзэгдэл байлаа.    

Коммунист суртлын нэгэн адилаар лалын эрс үзлийг олон түмний нэрийг баригч бүлэг этгээд залж чиглүүлж байна. Коммунист суртлын нэгэн адилаар лалын эрс үзэл өөрсдийн харгис зорилгод хүрэхийн тулд гэмгүй хүмүүсийг алж хядахыг номлодог. Коммунист суртлын нэгэн адилаар лалын эрс үзэл эрх чөлөөт хүмүүст дургүй бөгөөд тэднийг үлбэгэр дорой гэж басамжилдаг. Лалын эрс үзэл коммунист суртлын нэгэн адил мөхөх жамтай.

Коммунизм, манайхнаар бол социализм маань алуурчин нийгэм байх нь. Харгис зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд гэмгүй хүмүүсийг алж хядахыг номлодог нийгэм байсан болж таарлаа. Түүнийгээ ч “1937” оноор нотолсон л доо.  Ард түмнээ үлбэгэр дорой хүчгүй гэж үзэж  ирсэн нь ч бараг ортой. Олон удаагийн соёлын довтолгоон, тархи угаалт, тахин шүтлэгээр ард түмнээ юу болгож тавьсныг Буш энд дахин сануулсан хэрэг. Харин “Олон түмний нэрийг баригч бүлэг этгээд” гэдгээр маш ноцтой анхааруулга сануулга, үнэлгээ дүгнэлтийг Монголын төрд өглөө гэж үзэж болохооор байна. Хэнийг хэлэв ээ? Лалын тэрс үзэлтнүүд бол ойлгомжтой, тэднийг өдөр болгон дэлхийн хэвлэл мэдээллийн бүх сувгаар яллаж байгаа. Гэтэл лалын терроризмээс хамаагүй ангид, лалынхан тоотой байдаг Улаанбаатарын индрээс “коммунист суртлын нэгэн адилаар”  гэж эхлээд “олон түмний нэрийг баригч бүлэг этгээд” гэж нэр хаяггүй хэлсэн нь МАХН-ын өмнөх ба өнөөгийн удирдагчдыг битүүхнээр, гэхдээ анхааруулах маягаар хэлж орхив уу? Тэгснээ:

Энэ ордны гадаа өлсгөлөн зарлаж байсан залуусын нэг нь өнөөдөр энэ ордны дотор улс орныхоо Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байна

хэмээн алга ташуулснаараа төр засгийн эрхэн дэх МАХН-аас бусад ардчилсан хүчнийхнийг илэрхий дээгүүр гаргаад ирэх шиг. Чухамдаа Буш энэ хэдэн мөр үгээр “Монголд МАХН ба бусад нь” гэсэн хуваагдал байгааг нотлоод, энэ хоёрыг нэгийг сонго гэсэн уриа дуудлагаа үлдээв үү?  МАХН-ын батлах өвөртлөөд алхаж яваа 150 мянган гишүүн нь байг ээ гэхэд, залуу, идэр үеийн гишүүд нь үнэхээр юм бодмоор, гомдмоор, ичиж үхмээр үгийг тэрээр хэлээд тавьчихаагүй байгаа?   
 
1990 оноос хойш Монголд 5 тивийн төр, засийн тэргүүн, парламентын тэргүүний  айлчилсан тоо чамгүй өндөр гарна. Тэднээс Буш шиг ингэж илэн далангүй, хоёр санаагүй манай өмнөх нийгмийг ялласан, тэр үеийн коммунист эрх баригчдыг шүүсэн уриа цууриатуулсан хүн байхгүй. Үнэхээр дэлхий дээрхи глобал цорын ганц гүрний удирдагч гэсэндээ, дэлхийн улс төрийн цөм нь АНУ гэсэн утгаар ийн хосгүй үг хэлжээ.

Тунгаацгаа! МАХН ба социализм гэж гонгиногсдод Ж.Буш үхлийн, эцсийн цохилт өглөө шүү!                       
                                           2005.11.21, Төрийн ордны их танхим