Урлагийн мутаци
Техник технологи хөгжөөд бүх юм утгаа алдаж буй мэт зарим хүмүүст санагддаг л байх. Кино урлаг анх үүсэхдээ мэдээж техник технологид суурилж, түүнээсээ ихээхэн хамааралтай байв.
Техник технологи хөгжөөд бүх юм утгаа алдаж буй мэт зарим хүмүүст санагддаг л байх. Кино урлаг анх үүсэхдээ мэдээж техник технологид суурилж, түүнээсээ ихээхэн хамааралтай байв. Гэвч зуугаад жилийн үүсэл хөгжлийн явцад технологиос хамааралгүй агуулга санаа, хэлбэрийн хувьд баялаг кино бүтээж болохыг хүмүүс мэддэг болж. Санаа нь байвал түүнийг хийх аргыг ямар нэгэн замаар олох л болно. Жишээ дурдвал, Ираны кино найруулагч Аббас Киаростамигийн нийгэм хэмээх киног хоёр дижитал камер ашиглаж хийсэн байдаг. Маш энгийн аргаар шийдэж, бараг л бүхэл киноны туршид нэгэн машины дотор бүх үйл явдал өрнөнө. Төгсгөлд нь эргээд дүгнэж харахад цомхоноор Ираны шашинлаг, хаалттай, хорио цээр ихтэй нийгэм дэхь эмэгтэй хүний байр суурийг дэлгэн ухаалгаар, маш хямд зардлаар харуулсан байдаг. Заримдаа хязгаарлагдмал хүчин зүйлс биднийг бүтээлч /creative/ болгодог.
Заавал хальсаар хийсэн кино л жинхэнэ кино гэж үздэг нь үеэ өнгөрөөсөн бололтой. Хальсны камер 2007 оноос хойш шинэ загвар гараагүй бөгөөд ер нь хальсыг зардал, хадгалалт гэх мэт дараанаас нь болоод ашиглах нь улам багасч буй. Угаас Red-ийн 4K дүрс, хальс хоёрын чанарыг хүний нүд хараад ялгахгүй. Мөн зарим хүмүүсийн дунд заавал маш сайн сүүлийн үеийн техникээр л сайн кино хийнэ гэсэн явцуу ойлголт бий нь мэдээж. “Хуучин сургуулийнхан” (Old boy) киногоор нь бидний сайн мэдэх Солонгос найруулагч Парк Чан Укийн 2011 онд “Iphone4” утсаар хийсэн “Шөнийн загасчлал” (Night Fishing) кино нь 61 дэхь удаагийн Берлиний кино наадамд “Шилдэг бэсрэг кино” төрөлд “Алтан баавгай” хүртсэн билээ. Иймд хальсны камер, RedOne зэрэг сайн камер байхгүй тул кино хийж чадахгүй гэх нь “бурангуй”, туйлын хязгаарлагдмал ойлголт юм.
Хүний хөгжил хүний мутациас эхлэлтэй байдаг шиг урлаг ч бас ямар нэг шинэ, гаж ч гэмээр үзэгдэл шинээр нэвтэрснээр хөгждөг. Үнэндээ кино өөрөө ч урлагийн олон төрлийн интеграциас үүссэн, бүр шинжлэх ухаантай гүнзгий интеграцид орсон. “Avatar”, “Iron Man” кинонууд урлаг, мэдрэмж гэхээсээ илүү шинжлэх ухаан, технологид тулгуурласан бүтээлүүд. Гэхдээ заавал өндөр зардалтай технологиор зодож байж их ашиг олдоггүй. Цэвэр зохиол, мэдрэмжээр зодсон “Америк гоо үзэсгэлэн” (American Beauty) (1999) л гэхэд 15 сая доллараар хийгдэж 350 сая доллар, “Зургаа дахь мэдрэхүй” (The Sixth Sense)(1999) 40 саяар хийгдэж 670 саяын олсон байдаг. Манайд ч бас Д.Төрмөнх ах зохиолыг нь бичсэн “Лардьма” нэлээд ашигтай яваа сурагтай. Ингээд харахаар арга (тооцоо судалгаа), билиг (мэдрэмж инстинкт) хамгийн сайн хослох ёстой зүйл бол кино ажээ. Зураг, зохиол хоёр нийлээд комикс болно. Харин зураг, зохиол, найруулга, жүжиглэлт бүгд нийлж кино болдог биз ээ. За жаахан хадуурах нь.
Гартаа пламастр, харандаа атгасан хүүхдүүдийн дунд зургийн уралдаан зарладаг шиг гартаа камер, бүр утасны камер ч хамаагүй атгасан залуусын дунд богино хэмжээний авангард, эксперименталь киноны уралдаан зарлажээ. Зохион байгуулагчид нь “Алтан хальс” холбооны залуус. Магад энэ уралдаанаас ямар нэг “эрдэнэс” олдох ч юм билүү. Заавал ч үгүй авангард, эксперименталь гэдгийг тодотгоод буй нь өнөөх урлагийн мутацийг л түргэтгэх гэсэн зорилготой. Ямар нэг гаж, өвөрмөц үйлдэл л шинэлэг бүхнийг төрүүлдэг. Гэхдээ шинэ, өвөрмөц гэхээрээ л зүрхээ сугалж тамхины цог унтраах ч юмуу, гондомонд өнгө өнгийн ус дүүргэж үзүүлэхийн нэр биш л дээ. Жишээ нь үүсч хөгжөөд зуугаад жил өнгөрч буй жазз хөгжим нь тухайн үедээ мутаци байдлаар үүссэн. Өнөө цагт дэлхий даяараа жазз хөгжмийг ойлгож, сонсож, хүндэлж байна. Харин нэг солгой хоолойтой нөхөр тотьны авиаг өвөрмөцөөр гаргалаа гээд урлаг болж чадахгүйг бүгд мэднэ.
Франц хэлнээ avant-garde буюу “давшигч салаа” гэсэн утга нь “авангард” хэмээх үгийн үндэс нь. “Онолын үүднээс” авангард дотроо эксперименталь нь багтана. Ерөнхийдөө тогтсон стандартаас хазайж, шинийг сэдсэн, туршсан киног хэлнэ. Манай жижиг зах зээл ийм зүйлд даанч бэлэн биш. Улс хөгжихийг хүлээж, урсгалаараа яваад л байвал монголын кино урлаг энэ хэвээрээ тавин жилийг ч туулж магад. Уг нь монголчууд хэзээнээсээ л урлагийн одтой, төрөлх инстинкттэй ард түмэн. Техник технологиор баруунаас хол хоцорсон учир цэвэр мэдрэмж, инстинктэнд суурилсан авангард, артхаус кинонуудаар дэлхийд танигдах боломж илүү. Энэхүү уралдааны хувьд бичлэгийн чанар биш, киноны санааг голчлон харах юм гэсэн. Нэг уралдаанаар сод кино төрүүлчихгүй нь мэдээж л дээ, гэхдээ чадлын хирээр өдөөлт, хатгалт өгч буй нь сайшаалтай хэрэг. Бүүүррр нэг хэлмээр, хийчихмээр санагдсан санаа байвал утасныхаа камерыг нээгээд л ажилдаа ор найз минь. Чи ирээдүйн Стэн Брекиж, Маяа Дерен ч юм билүү. Дэлгэрүүлэх юм гарвал Artfilm.mn рүү ороорой.
Монгол хэлтэн
nana
Spectator
Spectator
Зочин
Зочин
Зочин
Зочин
Munguu
Зочин
Зочин
Zochin
Зочин
Зочин
Thank you
д тэмүүжин
яыбё
Cineaste Aanhaa
Зочин
Иргэн
УНШИГЧ АХ