Аливаа улс үндэстний хоол хүнсний зүйлээ бэлтгэж боловсруулах арга ухаан нь тухайн үндэстэн, ястны соёл, аж төрөх ёс, зан заншил, байгаль, цаг агаар, мал, газрын баялаг, эдийн засаг зэрэгтэй салшгүй холбоотой бөгөөд түүхийн он жилүүдийн туршид нийгмийн хөгжил, хүмүүсийн хэрэглээг даган шинээр бүрэлдэхийн сацуу өмнөх үеэсээ хойч үедээ уламжлагдан үлдэж цаашид боловсронгуй болж хөгждөг зүй тогтолтой билээ.

Эртний түүх, соёлтой монгол үндэстний хувьд хоол хүнсээ бэлтгэдэг арга, хоолзүйн соёл, хооллох дэг олон жилийн түүх, уламжлалтай, өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой юм. Монгол үндэстний хоол, хүнсний талаар зарим судлаачид, эрдэмтэд тодорхой хүрээнд судалж, зарим нэгэн ном, бүтээл гаргасан боловч уламжлалт монгол хоол бэлтгэх арга барил, нүүдэлчдийн хооллох соёлын онцлогийг орчин үетэй холбон авч үзсэн бүтээл туурвил хомс байгаа билээ.

Нөгөө талаас монгол туургатны уламжлалт хоол, хүнсний зүйл, хоол хүнсийг монгол аргаар боловсруулах, хадгалж нөөцлөх ардын уламжлалт технологи зарим талаар мартагдах хандлагатай байгаа өнөө үед түүнийг сэргээн хөгжүүлэх, залуу үеийнхэнд сургаж өвлүүлэх, Монгол орны экологийн цэвэр хүнсийг дэлхий дахинд бодит үнэнээр нь сурталчлах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Тэгвэл энэ чиглэлд саяхан нэгэн чухал үйл явдал боллоо. Өдгөө олны танил болсон Номадсын сүлжээ ресторан үүсч байгуулагдсаныхаа 10 жилийн ойн босгон дээр “Уламжлалт монгол хоолны 99 жор” номыг хэвлэн гаргаж номын баяраа хийв.  Энэхүү номонд “Номадсын сүлжээ” ресторануудаар дамжин хүмүүст хүрдэг хоолны жорыг оруулсан бөгөөд уншигчдад ойлгомжтой байх үүднээс хоолыг хийх аргачлал, дараалал, орц зэргийг бэлтгэх үе шат бүрээр нь зурагжуулан оруулснаараа онцлог, бас шинэлэг юм. Номыг бүтээгчид нь  Монгол хоол бэлтгэх уламжлалт технологийг орчин үед нийцүүлэн баяжуулсан энэхүү номыг бүтээхдээ тэд хоол үйлдвэрлэлийн салбартаа тэргүүлэгч мэргэжлийн судлаач, багш нарын зөвлөгөөг авч чанартай бүтээл гаргахад анхаарч ажилласан бөгөөд номын баярын энэ өдөр шинэ номныхоо дээжээс хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, дээд сургуулийн  номын санд хандив болгон гардуулсан нь содон үйл явдал боллоо.



Одоогоос арван жилийн өмнө  “Домогт нүүдэлчдийн давтагдашгүй жор” уриан дор Монгол үндэсний уламжлалт хоолыг орчин цагийн технологи, жороор баяжуулан нүүдэлчин ард түмний арвин баялаг уламжлал, хэв маягийг өнөө цагт түгээн, таниулах зорилготойгоор Модерн Номадс нэртэй монгол үндэстний анхны  зоогийн газраа  нээж байсан энэ сүлжээ өнөөдөр Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот, Сэлэнгэ, Өмнөговь аймагт төдийгүй ОХУ-ын Улан-Үд, Эрхүү хотуудад нийтдээ 23 сүлжээ ресторантай, 1500 залуу хамт олныг нэгтгэсэн өнөр өтгөн айл болтлоо хөгжжээ.     Тодруулж хэлэхэд  Номадсынхан 10 жилийн ойгоо угтаж орос үндэстний “Славянский базар”, Армен, Азербайжан, Гүрж үндэстний хоолоор төрөлжсөн Кавказ хоолны ресторан, Итали үндэстний Феличита ресторануудыг шинээр нээж Улаанбаатарчууддаа бэлэг барьсан бол нийт сүлжээнийхээ ресторануудыг олон үндэстний болон монгол үндэстний Модерн номадс ресторан гэсэн 2 ангилалд хувааж брэндээ улам хөгжүүлэн баяжуулах үйл ажиллагааг идэвхтэй явуулж байна. Мөн уул уурхайн салбарын Кэмп катерингийг хөгжүүлэх ажилд дэвшил гаргаж 2000 гаруй хүнд үйлчлэх 2 кэмпийг амжилттай ажиллуулахын зэрэгцээ Үндэсний 3  компанид авиа катерингийн үйлчилгээ үзүүлж байна. Номадсынхан Улаанбаатар хотынхоо хөгжил цэцэглэлтэнд шинэ соёлыг нэвтрүүлэхээр зорьсон Grab & Go явуулын кафены цэгүүдээ 32 болгон өргөжүүлж өглөө бүр шинэхэн амтат хоолоор үйлчилж байгаа билээ.

 Номадсын Сүлжээ ресторануудын хамт олон хөгжлийнхөө арван жилийн хугацаанд хийж бүтээсэн ололт амжилтынхаа талаар өгүүлсэн “Аз жаргал амталсан 10 жил” нэртэй сэтгүүлийг байнгын үйлчлүүлэгч, зочид, гийчид, хамтран ажилладаг түншүүддээ зориулан гаргасан бөгөөд дээрх ном, сэтгүүлийг Номадсын сүлжээний  салбар ресторан,  номын дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой юм байна.

Энэ ялдамд арван жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Номадсын сүлжээний хамт олонд “Уламжлалт монгол хоолны 99 жор” хэмээх сайхан ном бүтээсэнд Монголын тогооч нарын холбоо, манай орны хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хамт олны өмнөөс болон  хүнс хоол судлаачийн хувьд хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж цаашдын ажилд нь улам их амжилт бүтээл, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе.