-ЯКУНИН ИРЭХ СУРГААР ХЯТАД СОНИРХЛОО ТУЛГАЖ ЭХЭЛЛЭЭ-

 “Баярт” мэдээ сонсогдов.  Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг  “Эрдэнэс Тавантолгойгоос  нүүрсний цуваа Хятадыг чиглэхээр боллоо” гэсэн гашуудлын мэдээг зар­ласнаар монголчуудын  хоолтой хонох үүд хаалга нээгдэв. Улсын бодлогод гашуу­далтай боловч ард түмэнд очихдоо баярын марш мэт сонсогдох эл мэдээ өмнөх Засгийн газар үндэс­ний эрх ашгийг хэрхэн нулимсны гайхамшигтай загвар болон үеийн үед тэм­дэг­лэг­дэх биз. Учир нь “Эрдэнэс Тавантол­гойн”, “Чалко”-той байгуулсан алдагдалтай гэрээнд өөрчлөлт оруулахаар  нүүрс гаргахыг түр хугацаагаар зогсоосон байсан юм. Хариуд нь Хятад  манайхаас шуудай нүүрс ч авахгүй гэсэн бойкот хийв. Ердөө л хоёрхон сар өнгөрөхөд манай улсын эдийн засаг элгээрээ хэвтэж дээр доргүй л сандрав. Ухаант­нууд “Нүүрсээ экспортлооч...Эдийн засаг уналаа... Ард түмэн хэцүүдлээ.... “Чалко”гийн зөв... Олон улсын шүүхэд очвол манай Засгийн газар нүдний булай болно...” гэц­гээв. Үнэн үг шар тос.

Тэртээ тэргүй 95 хувь нь нүүрсний борлуулалтаас хамаардаг манай эдийн засаг  Хятадын бойкотын өмнө сэхээнд оров. “Чалко” олон улсын шүүхэд хандвал манайх ялагдаж шараа болох нь ч үнэн байлаа.  

Үүнийг барууны боловсролтой, хазгай мульт орос, инглиштэй сэхээтнүүд сайн мэднэ. Ханцуй дотроо тохиролцсоноо цагаан цаа­сан дээр хараар бичээд гар хөлийн үсэг зурж тамга дарахыг гэрээ гэнэ. Гэрээ л бол гэрээ. Гэрээнээс хальж,  сөрж тоглох хэцүү. Бараг боломжгүй. Үүнийг төр бай­тугай би мэднэ. Харин үндэснийхээ эрх ашгийг өгөөш болгоод сонгуульд яла-хын төлөө ирээдүй дэх экспортоо барьцаалан зээл авч ашиг олсон ноёд ичиж үхэх багадана.  Ингэж экспортоо асар хямдханаар “Чалко”-д  барьцаалан зээл авч сонгуулийн амлалтаа биелүүлэхээр зүтгэсэн Сү.Батболдын Засгийн газрын “тэнэг” тохироо гэрээ ёсоор үргэлжлэхээр боллоо. Ум сайн амгалан болтугай.

ХОЁРХОН ДОЛЛАРААР АМЬ ЗУУХ БОЛОМЖ

Хэрэв Сү.Батболдын Засгийн газрын үед “Эрдэнэс Тавантолгой”-н “Чалко”-той байгуулсан гэрээ үнэхээр үндэсний эрх ашиг зөрчсөн юм бол яагаад  энэ Засгийн газар буулт хийв. Уг гэрээнд яг юу гээд заачихсан юм бэ гэсэн асуулт урган гарах нь тодорхой. Товчхоон тайлбарласан нь дээр. УИХ-ын сонгуульд МАН заавал ялах учиртай байв. Тэгэхийн тулд  2008 онд Ардчилсан намын амласнаас илүү гаргаж амласан С.Баярын амлалтыг хэрэгжүүлж дуусгах ёстой. Засагт мөнгө байхгүй. Мөнгө олох нь тухайн үеийн Ерөнхий сайдын үүрэг. Иймээс иргэн бүрийн 21 мянга, оюутны 500, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 680 мянган төгрөгийг өгөх эх үүсвэрийг тэд “Чалко” гэж харжээ. “Эрдэнэс Тавантолгой”-н ирээдүйн экспортыг барьцаалж эхний ээлжинд 250 сая ам.доллар зээлэв. Гэхдээ  150 ам.доллараар үнэлэгдэж байсан нүүрсээ 70 ам.доллар, хэрэв ханш буурвал 50 ам.доллар хүртэл буулгана гэж амлан гарын үсэг зурцгаажээ. Тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболд, Эрдэс баялаг, эр­чим хүчний сайд Д.Зоригт, “Эр­дэнэс Тавантолгой”-н захирал Б.Энэбиш нар гэрээ байгуулсан. Тавантолгойн данснаас  Хүний хөг­жил сан руу шилжүүлэн тараав. 2012 онд нэмж 100 сая ам.доллар зээлж орхив. Ингээд л нүүрсээ хямдхаан борлуулаад байв. Дээрх 350 сая ам.доллар чинь бас13 хувийн хүүтэй. Ийм гэрээ байгуулж. Гэтэл МАН биш АН олонхи болоод гараад ирэв. Шинэчлэлийн Засгийн газар өнөөх гэрээг олж үзээд “Ийм юм байж болохгүй ээ найзууд аа” гээд гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг “Чалко”-д тавьж нүүрсээ түр өгөхөө болив. Үүний хариуд Хятад манай  бүх уурхайгаас авах нүүрсээ зогсоож эдийн засгийн хориг арга хэмжээ авах нь энэ. Орлогогүй, дээрээс нь гадны хөрөнгө оруулалтгүй болчихсон улс маань  бууж өглөө. Гэхдээ “Чалко” манай нүүрс дээр нэмж 2 ам.доллар төлөхөөр болжээ. Ингээд л хоёрхон ам.долларын сургаар нүүрсээ экспортолж эхлэв. Нөгөө алдагдалтай тэнэг гэхэд арай дэндүү тэнэг гэрээг үргэлжлүүлэн мөрдөх болов. Өөр зам байхгүй. Ингэж улс үндэстнээрээ нэмэлт болсон хоёр ам.доллараараа амь зуух боломж олов. Бурхан үзэг.

“ЧАЛКО”-ГИЙН АРД ХЭН БАЙДАГ ВЭ   


Инээдтэй асуулт уу. “Чалко”-гийн ард БНХАУ-ын Засгийн газар бий. Тэд “Эрдэнэс Тавантолгой”-той хямдхаан гэрээ байгуулж дөнгөсөн.  Бүх зүйл окэй. Харин толгой компанийг CIC  (China Investment Corporation) гэдэг.  Энэ бол Хятадын Засгийн газрын гадаадад хөрөнгө оруулалт хийдэг сан юм. Тэгвэл “Рио Тинто”-гийн 19 хувийг “Чайналко” эзэмшдэг. “Рио Тинто” манай Оюу­толгойг эзэмшдэг. “Рио Тинто” хэдийгээр Австралийн Засгийн газрынх боловч  хамгийн өндөр хувийг “Чайналко” эзэмшиж байна. Са­наж байна уу хэдхээн жилийн өмнө хятадууд “Рио Тинтод” 10 хувийг эзэмшдэг байхдаа өрөндөө нэмж хувь авах гээд дийлэхгүй болохоор энэ компанийн Хятад дахь төлөөлөгчийг баривчилж байсныг.... Санах хүн цөөхөн байх л даа.  За тэгвэл  “Чайналко”-гийн тол­гой компани чинь мөнөөх СIC.   Сайншандад барих ёстой Төмрийн үйлдвэрийн эрхийг эзэмшиж буй Болдтөмөр Ерөө голын хөрөнгө оруулагч нь бас л  CIC байдаг.  Мөн Өмнөговь аймгийн найман сумын нутгийг эзлэн орших. Овооттолгойн уурхайг эзэмшдэг “Саус Гобисэндс” компани 57,6 хувиа “Чалко”-д зарах гэж байгаад баригдсан. Зарсан хойно нь биш зарах гэж байхад нь “барьсан”  нь яамай даа. Гэхдээ  “Financial times” сонины дөрөвдүгээр сарын 2-ны дугаарт “Саус Гобисэндс” нь хувиа зарах зөвшөөрлөө Монголын Засгийн газарт мэдэгдэж хариу авсан байсан гэж бичсэн байдаг шүү. Бас л Сү.Батболдын   Засгийн газарт энэ хэрэг холбогдох учиртай. Гэхдээ миний олсон мэдээллээр бол бүр С.Баяр холбогдож мэдэх (дараагийн цуврал нийтлэлдээ энэ тухай баримтыг гаргая...сурв). Ингээд манай эдийн засгийн 95 хувийг бүр­дүүлэх нүүрс маань Хятадын Засгийн газрын мэдэлд 100 хувь оржээ. Алт, нүүрс, зэс, төмөр бүгд БНХАУ-ын Засгийн газрын мэдэлд бүрэн очсон нь үүгээр батлагдаж байгаа юм. Гэхдээ манайхаас нүүрс авах нь Хятадад ашигтай юу гэвэл үгүй. Тэд зүгээр л халаасны ёроолд шаржигнаад байгаа задгай мөнгөө хаяхын оронд манай нүүрсний зах зээл рүү жингэнэтэл  шидчихсэн хэрэг. Хятадад бол энэ үнэхээр инээдтэй хөөрхөн тоглоом. Харин манай улсад бол томоос том боломж. Идэх хоол, эдийн засгийн маань тулгуур.  Бод л доо. Австрали нүүрсээ далайн тээврээр 12-хон ам.доллараар хүргэж байхад 70 ам.долларын Монголын нүүрс тийм ач холбогдолтой гэж үү. ОХУ манай улсыг тойруулаад нүүрсээ Хятад рүү хүргэчихнэ. Тэд нэг жилд 30 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээг саяхан үзэглэсэн. Оросын нүүрсний нөөц дэлхийд нэгдүгээрт ордог. Манай улсын нөөц Өмнөговь аймаг төдийхөн бол Оросын нөөц манай улсын нутаг дэвсгэрийн хэмжээнээс гурав дахин том гээд л бод...  (энэ тухай дараа дараагийн нийтлэлдээ бичих болно. сурв).

Харин энд нэг том эндүүрэл явдаг. Ухаахудагийг эзэмшдэг “Энер­жи ресурс” л ганцхан үндэс­ний компани мөн гэж пиар хөвөрдөг.  Зарим нь итгэдэг. Нөгөө зарим нь итгэсэн юм шиг байдаг.  Тэгвэл энэ мэдээлэл худлаа. “Энержи Ресурс” нь өөрийн эзэмшлийн  Ухаахудагийн уурхайгаа MMC-д (Mongolian Mining Corporation)  шил­жүүлсэн байдаг.  Уг компани нь Хонконгийн бүртгэлтэй.  Дахин хэлье. “Энержи Ресурс” бол үндэс­ний компани биш. Хонконгод бүртгэлтэй Хятад компанийн Монгол дахь охин компани шүү дээ. Тиймээс энэ компанид үндэсний эрх ашиг падлий байхгүй. Үүнийг тэд дараахь үйлдлээрээ нотол­дог. Тавантолгойгоос ердөө ганцхан километрт байрлах Ухааху­даг нүүрсээ 114 ам.доллараар худалдаж байсан. Энэ бол өөрийн өрсөлдөгч Тавантолгойн нүүрсийг зад хямдруулж өөрсдөө үнэтэй  зарах бодлого. Энэ бодлогыг  хэрэгжүүлэгч  “Энержи Ресурс”-ийн төр дэх агент  нь хэрэгжүүлж “Чалко”-той хямдхаан гэрээлсний учир  ийм. Тэр агентууд нь тухайн ком­панидаа төмөр барих эрх өгч 20 жилийн гэрээ байгуулахаар зүтгэж байсан билээ. Тэдэнд өөрсдийнх нь үр хүүхэд л цатгалан байвал Монголын ард түмэн юугаа идэж, ямар эрх эдлэх нь сонин биш. Мөнөөх хэдхээн гэр бүлийн эрх ашигт Монголын төр үйлчилдэг гэх номлол чинь энд л хэрэгждэг юм шүү дээ. Харин энэ Засгийн газар төмөр замын эрхээ төрд авснаар Ухаахудагт эзэмшилтэй Хонкон­гийн тэр компанийн хандыг бага ч атугай дарсан юм.

В.ЯКУНИН ИРЭХ СУРГААР ХЯТАДЫН СОНИРХОЛ СЭРГЭВ
 

В.Якунин хэмээх орос эр Монголын Ерөнхий сайдтай  уулзах сур­гаар  Хятадын ашиг сонирхол өн­дөлзөж эхэллээ.   “Оросын төмөр замууд” нэгдлийн Ерөнхийлөгч тэр­бээр яагаад жижигхээн муу улсын Ерөнхий сайдтай уулзахаар яарав. Оросуудын хажууд бид юу юм бэ. Новш л байхгүй юу. Тэд том бид жижиг. Гэхдээ л Оросын элч тавдугаар сарын дундуур манайд саатах нь саатна. Зорилго нь ч тодорхой. Манай Улсын төмөр  замын сүлжээгээ барих “Шинэ төмөр зам” ХК-ийн эзэмшилд ОХУ давуу эрх эзэмших. Уг нь хууль ёсоор  энэ зам нээлттэй. Шинээр байгуулагдаж төмөр  зам барих их  үйлсийн 49 хувийг Оросууд авч болно. Гэхдээ тендерт ялбал эрхээ аваад ажилдаа орж болно.  Харин 51 хувь нь Монголын төрийн мэдэлд байх болно. Мэдээж энэ асуудалд оросууд амбицтай орох нь орсон. Гэхдээ “49 хувийг чинь биш 50:50 байя аа найзууд аа... тэртээ тэргүй адилхан өргөн царигтай шүү дээ...” л гэсэн юм. Үүнийг нь манайх зөвшөөрөөгүй. Цариг адилхан байх нь тэдний өвөрт орж хэвтээд энгэр зөрүүлэх гэсэн үг биш. Өмнөд хөршийн манайд бий болгосон (нүүрсний зах зээлд тогтоосон колончлол) 100 хувийн хараат байдлаас зөрж зүтгэсэн монголч ухаан байв. Харин Орос сэрүүн зүүдэлж байна. Улаанбаатар төмөр замд үйлчилсээр байгаа 1949 оны гэрээг “Шинэ төмөр зам” ХХК-д үргэлжлүүлэн хийх санаархал бүтэхгүй тийшээ хандаж буйг тэд ойлгожээ. Ойлгоод яарав. Яараад В.Якунинг илгээв. “Монголыг нефтиэрээ хараат байлгаад байхад хаачих вэ тэд” гэсэн бодлого нь задран унаж буйг тэд олж харав. Өнөө муу Монгол чинь Сайншандад аж үйлдвэрийн парк байгуулаад шингэн түлш гаргаж авахаар бод­логоо боловсруулаад тэр нь дэмжигдээд санхүүжилтээ олчихоод байгаа нь ил болов. Бас дээрээс нь нүүрсээ угаана, төмөр хайлуулж ган үйлдвэрлэнэ гэнэ. Өө бүр болоогүй төмөр замын сүлжээгээ барих гэсэн тендерт нь гурав дахь хөршүүдээс нь саналаа өгчихөж. Бүр 16 компани шүү. Монголчууд чинь бие даасан бодлого явуулаад даварч өгөх нь ойлгомжтой  болов.  “Энэ болохгүй, найзууд аа...Монгол хэзээ ч бие даасан улс болж бодлого явуулах учиргүй”... Ингээд В.Якунин сүр­жин царайтай ирэх нь ирнэ. Тэр ирж тулгалаа тулгалаа гээд манай бодлогод өөрчлөлт орохгүй биз. Харин энэ орос эрийн айлчлалын сургаар Хятадын сонирхол өдөөгдөж бай­на. “За тэр хар аа....Төмөр замаа барьж чадахгүй хөгийн царайлаад маргаад сууж байтал оросууд ирлээ шүү... Таануус 70 гаруй жил тэдний хараанд байсан биз. Өргөн царигтай төмөр зам чинь Оросын бодлого байсны гэрч нь энэ Якунин шүү. Аль эрт нарийн царигаа тавьчих байсан юм. Одоо Оросын колонид орохоос сэрэмжлээд даруй нарийн цариг болго... тэр нь дээр. Оросууд таануусаас урьтаад танай улсыг тойруулаад төмөр зам барьчихсан байгаа биз...” гээд эхлэв. Якунины айлчлал БНХАУ манайхаас нүүрс авахгүй бойкоттой давхардаж буй­гаараа гайхамшигтай үнэ хүндтэй болж орхив. Ээ энэ л үед хэвлэл мэдээллээр пиар сайтар хийвэл төмөр замын царигийг дахин нэгэнтээ өөрчилж болох боломж юм биш биз. Хятадууд манайхаас авах нүүрсээ нарийнаар зөөнө үү, өргөнөөр зөөнө үү хамаагүй ээ. Хамгийн гол нь Монголын төмөр  замын нэгдсэн сүлжээг өөрийн төмөр замын салаа болгочихвол ирээдүйд “хэрэгтэй” юм даа.  Ингээд бичихээр  “За тэр нарийн царигтай төмөр замаар чинь Хятадын цэргүүд буугаа үүрээд ороод ирэв гэж...” хэмээн ухаантай хэсэг нь инээлддэг л юм. Цэрэг орж ирэх талаар яриагүй ээ найзууд аа. Өмнөд хөршийн бодлогын нэгээхэн хэсэг болж, чулуудсан задгай мөнгөөр нь үүрд тэжээгдэж байхыг  хүсээгүй л юм бол  тусгаар улс оронд чинь өөрийн гэсэн бодлого бий.  Тэгээд ч 2010 онд УИХ-аар батлаад хөрөнгө мөнгө нь өдгөө шийдэгдчихсэн бодлогыг өнөө өөрчлөхөөр санаархах нь хөгийн хэрэг юм л даа... Үүнийг л бичив. Хиагтад 1914 онд  болсон гурван улсын хэлэлцээрээр  Богт хаант Монгол Улсын тусгаар тогтнолыг нураахаар Орос, Хятад хоёр тохирчихоод Монгол Улсыг автономит болгож байсантай агаар нэг юм болох вий л гэж жирийн сэтгүүлчийн хувиар бичлээ. Энэ сэдэв цуврал болж бичигдэх  болохоор баримт нотолгоо хангалттай тул санаа зовоод хэрэггүй гэд­гийг хэт ухаантай хүмүүст анхааруулчихсан нь зөв байх, ер нь...