УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд Авилгатай тэмцэх газарт хандан өргөдөл гаргажээ. АТГ гэсэн энэ гурван үсгийг хараад л хадны мангаа гэх нь халаг хардаг болсон, хаалга үүдийг нь татах нь байтугай хажуу хавиргаар нь өнгөрөхдөө жийрхдэг болчихсон өнөө үед өөрөө АТГ-т өргөдөл гаргадаг хүн байдаг ажээ.
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд Авилгатай тэмцэх газарт хандан өргөдөл гаргажээ. АТГ гэсэн энэ гурван үсгийг хараад л хадны мангаа гэх нь халаг хардаг болсон, хаалга үүдийг нь татах нь байтугай хажуу хавиргаар нь өнгөрөхдөө жийрхдэг болчихсон өнөө үед өөрөө АТГ-т өргөдөл гаргадаг хүн байдаг ажээ. Нээрээ сонин юм болж байна. Мөнөөх Болд өргөдөлдөө юу гэж бичсэнийг одоо харъя. “Сүүлийн үед намайг Батлан хамгаалахын сайд байх үедээ хууль бус ажилд оролцсон, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх агуулгатай мэдээллүүд зохион байгуулалттай гарах боллоо. Тухайн цаг үед нь хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан энэ мэт хэрэгт холбогдолгүй гэдгээ мэдээлж хариу өгч байсан ч улам даамжирч, зохион байгуулалтад орж, улс төрийн захиалгаар хэн нэгний удирдлага дор хийгдэж байгаа нь мэдрэгдэх болсон тул танай байгууллагад хандаж байна” гэжээ. Л.Болдыг Батлан хамгаалахын сайд болоход хүмүүс армид алба хаагаагүй гэдгээр л гоочилж байлаа. Өөр гоочлох юм байсангүй. Идсэн уусан, шамшигдуулсан, эсвэл боловсрол мэдлэг чадуу гэж бусад дээр өөлөгддөг шиг өөнтөг олддоггүй. Үнэхээр тийм л байсан юм. Ойрхоны явдал суудал болохоор хүмүүс санаж байгаа байх. Гэхдээ тэр Төрийн томилгоог хүлээж авсан. Нэртэй хүний зүстэй хүү шиг л ард нь гарсан. Одоо Батлан хамгаалах салбар араас нь нэг ч муу үг чулуудахгүй байна. Энэ юуг илэрхийлж байгаа юм бэ. Энэ зүгээр л дүн байхгүй юу. Дүн дүндээ сайн дүн. Манайхан аливаа довон дээр ирэнгүүтээ урдах ажил нь ухархайгаа ухах. Урдах хүнийхээ муухайгаар хэлбэл бохирыг нь уудлах л ажил хийдэг. Энэ бол зуршил болжээ. Муухай зуршил. Нөгөө талаасаа сайхан дуршил юм. Гэхдээ энэ таашаалын ард зүгээр л инээдэг хүн цөөхөн байна. Инээдэг хүн байгаа учраас сайхан дуршил юм. Тэр цөөхний нэг нь Л.Болд юм.
Нэг “дурак” ирэнгүүтээ Болдоос юм олох гээд үзэж л дээ. Үр дүнд нь юу ч олсонгүй. Булай болох гэж үүнийг л хэлэх байх. Бид муу муухайгаасаа салах цаг болжээ. Үнэхээр ичмээр байдалд орж байна шүү дээ. Л.Болд хэлж байна. “Эдгээр яригдаж, бичигдэж буй асуудлуудад намайг холбогдолгүй болохыг, энэ бүх гүтгэлэг, зохион байгуулалттай гүжирдлэгийн цаана хэн байгааг тодруулж, улс төрийн өндөр хариуцлагатай албаа зохих ёсоор нь хаших боломжийг бүрдүүлэхэд туслалцаа үзүүлнэ үү” гэж. Том байна, гоё байна. Үнэхээр тийм биш гэж үү.