Тэтчеризмийн таван сургамж
Буурал Британи өнөөдөр “Төмөр хатагтай”-гаа сүүлийн замд нь үдэж байна. “Westminster”-ийн ордноос хөдөлсөн ёслолын цуваа Холбооны далбаагаар хучсан шарилыг нь Ариун Полын сүм рүү хүндэтгэлтэйгээр авч одов. Хорьдугаар зууны хорин Ерөнхий сайдыг алдар хүндээрээ тэргүүлсэн Маргарет Тэтчер бол дэлхийг өөрчилж чадсан цөөхөн удирдагчдын нэг.
Лондонгийн зүүн дүүргийн ядуу хорооллоос гаралтай энэ бүсгүй баячуудын сурдаг Оксфордын их сургуульд элсэж, химийн инженер мэргэжил эзэмшээд, улстөрч болсон 1955 оноос хойш зөвхөн Консерватив намыг биш, Английн улс төрийг өөрчлөн шинэчилж, түүний хувьчлалын бодлого дэлхий даяар хувьсгалт өөрчлөлтийг эхлүүлсэн. Аливаа дарангуйллын эсрэг тэмцэл нь Зөвлөлт Холбоот Улсыг задран унахад хүргэсэн. “У.Черчилль дайныг ялсан ч Тэтчер шиг “изм”- ийг бүтээж чадаагүй” гэж “The economist” сэтгүүл онцолжээ. Ерөнхий сайдын ажлаа өгснийх нь дараа хөгжил дэвшилд оруулсан түүний гавьяа зүтгэлийг үнэлэн Их Британийн Хатан хаан Гүнгийн хэргэм зэрэг олгож, Парламентын Лордын танхимын гишүүн болгосон юм.
Монголчууд Тэтчеризмийн үзэл санаанаас хэдэн чухал сургамжийг тусган авч чадвал манай улсын хөгжилд жинтэй хувь нэмэр болох билээ.
Нэг. ТӨР ЖИЖИГ БАЙХ ЁСТОЙ
Хөдөлмөрийн намын тэргүүн, Ерөнхий сайд Тони Блэйр хүртэл “Эдийн засгийг хувийн секторын гарт үлдээсэн нь дээр” гэж хэлэхэд хүргэсэн М.Тэтчерийн үзэл бодол Англи орныг 70-аад оны эдийн засгийн доройтлоос аварсан юм.
Жижиг төр бага татвартай байдаг. 1979 онд Англид компанийн хэрэгжсэн орлогоос 83 хувь, хэрэгжээгүй орлогоос 98 хувийг нь татварт авч байсан бол 1990 онд Тэтчерийг засгийн газраас явахад 40 хувь болж, хоёр дахин буурсан гэж “Telegraph” сонин тэмдэглэжээ. Татвар хоёр дахин буурсан нь хувийн секторыг урамшуулан, бизнесийг өргөжүүлж, улмаар улсын татварын орлогыг гурав дахин өсгөсний үр дүн.
Төрийн хэмжээг тухайн улсын төсвийн зардлыг ДНБ-тэй харьцуулж тооцдог бөгөөд зах зээлийн харилцаа ноёлсон, хэвийн эдийн засагтай оронд энэ хэмжээ 20 хувиас хэтрэхгүй байх нь зохистой. Гэтэл социалист засгийн газартай орнуудад энэ хэмжээ талаасаа хол давж, төсвийн алдагдал өсөж, төр засаг нь гадаад дотоодын өрд баригдсанаас татвараа нэмэхэд хүргэж, энэ хэрээр хувийн сектор нь өрсөлдөх чадваргүй болдог. Өнөөгийн Монголын жишээ үүнийг тод харуулж байна.
Хоёр. Төрийн өмч бол хэний ч өмч биш учир аль болох бага байх ёстой
Тэтчер төрийн эзэмшилд байсан байгалийн хий, цахилгаан, нүүрс, холбоо болон агаарын тээврийн компаниудыг хувьчилж, төрийн мэдэлд байсан орон сууцуудыг оршин суугчдад нь борлуулсан. Харин өөрийнх нь тухай дэмий юм ярьж магадгүй гээд “BBC”-г хувьчлахыг Хатан хаан зөвшөөрөөгүй гэдэг. Эдүгээ хувьчилсан компани бүр нь амжилтад хүрч дэлхийн энтэй болжээ.
Монгол Улс “төрийн өмчийн” гэх нэртэй ч төрийн эрх баригчдын эрх мэдэлд очдог МИАТ, “Эрдэнэт” гэх мэт бүх компан яаралтай хувьцаат компани болгож, эхний ээлжинд 10 хувийг нь ажиллагсдад нь, 40 хувийг нь төрийн мэдэлд, (дараа нь хувьцааны үнэ өсөхөөр зарж төсөвт орлого авах) үлдсэнийг нь хөрөнгийн зах зээл дээр борлуулаад, стратегийн түнш болохуйц гадаадын том компаниудад тодорхой нөхцөлтэй зарах хэрэгтэй байна.
Тэгвэл тэд улстөрчдийн “саалийн үнээ” болохоо больж, ядаж л хулгайлж чадахгүй болно шүү дээ. Төрийн эрхийг авсан Ардчилсан намын Их хурлын гишүүд МИАТ-д авлигын хэрэг үүссэний дараа хүртэл МАН-ын адил “Төр өөрийн гэсэн унаатай байх ёстой” гэж хэлж байгаа нь даанч өрөвдөлтэй. МИАТ “төрийн мэдэлд” байснаараа өсөх биш, хатаж байгаагаас гадна хорлонтой нь манай улсын агаарын тээврийн салбарын хөгжлийг хойш нь татсаар байна. Эдгээр компанийг хувьчилчихвал төрд байх нь ашиггүй гэдгийг хүмүүс ойлгож, улстөрч болохоор мөрөөдөгчдийн цуваа үлэмж шингэрэх юм.
Хот, орон нутаг бол харин нийтийн өмчтэй байж болно. Газар, ой мод, цэцэрлэгээ хамтарч хэрэглэхээс гадна хувийн салбарт түрээслэн мөнгө олж, орлого нь тухайн аймаг, хотын иргэдийн амьдралын орчныг сайжруулахад зарцуулагдах боломжтой.
Гурав. Хүн бүр сонгох эрхтэй
Хүн төрөлхтний түүхэнд хаана, яаж амьдрахаа сонгох эрхийг зөвхөн зах зээлийн, чөлөөт эдийн засагтай ардчилсан орон л олгодог. Сонгох эрх бол иргэний эрх чөлөө, эрх чөлөөт байдлын баталгаа гэдгийг Тэтчер өөрийн амьдралаараа харуулсан юм. Нийгмийн доод давхаргаас дэлхийд алдартай их сургуульд орж, оюутны холбооны удирдагч болж, эмэгтэй хүн нийгмийн тэгш эрхтэй гишүүн гэдгийг бүр залуугаасаа хуучинсаг нийгэмд мэдрүүлж чадсан юм.
Авьяас чадвараар биш, гарал үүсэл, эд хөрөнгийн нөлөөгөөрөө удирдах албан тушаал эзэлдэг Английн хамгийн хуучинсаг “тэнэг намын” (өөрийнх нь хэлснээр) тэргүүн болж, бүрэн өөрчилж чадсан хүн бол М.Тэтчер.
Улс орны аугаа хүчтэй болох суурь нөхцөл нь хувь хүн бүр эрх чөлөөтэй байх явдал гэж тэр үзэж байв. Амьдралын аугаа их үнэ цэнийн нэг бол өөрийн хүсэл мөрөөдлөө сонгох, түүнийгээ биелүүлэхийн төлөө тэмцэх эрх чөлөө юм. Хувь хүн өөрийнхөө сонголтоор амьдрах, төрийн зүгээс түүнийг аль болохоор бага оролдох ёстойг тэр давтан хэлдэг байсан.
Дөрөв. Нийтийн засаглал зарчимд суурилсан байх ёстой
Соёл иргэншилтэй нийгмийг бүдүүлэг нийгмээс ялгаатай болгож буй ганцхан зүйл бол хуулийг мөрдөх явдал. Хувь хүн бүрийн оюун санаа, онцлог байдлыг хүлээн зөвшөөрөх нь хөгжил дэвшлийн суурь зарчим. Тийм учраас бид хувь хүний эрх чөлөөт байдлыг хүний бусад эрх үүдийн хамт хүндлэн хамгаалах ёстой гэж 1988 онд Европын их сургууль дээр хэлсэн үгэндээ тэр тэмдэглэж байв.
“Европын 70-80-аад оны эдийн засгийн түүх бидэнд төвлөрсөн төлөвлөгөөтэй эдийн засаг биш, хувь хүний санаачилга, хичээл зүтгэл дээр суурилсан эдийн засаг л ажилладаг гэдгийг харууллаа” гэж тэр хэлжээ. “Төрийн өмчтэй, төвлөрсөн хяналттай эдийн засаг бол удаан хөгжих жор, харин хууль зүйт засаглалтай эдийн засаг, чөлөөт бизнес бол хамаагүй өндөр өгөөжтэй” гэдэг зарчимд нийтийн засаглал суурилах учиртай. Засгийн газар чөлөөт зах зээлийн төлөө, хувь хүний чөлөөт сонголтыг тэлэхийн төлөө, Засгийн газрын оролцоог хасахын төлөө ажиллах ёстой” гэж тэр хэлж байв. Бизнесийг болон чөлөөт худалдааг хянаж, хязгаарласан бүхий л зохицуулалтыг бууруулах шаардлагатайг тэр онцолж байлаа.
Тав. Хувь хүний хариуцлага ба хичээнгүй хөдөлмөр чухал
Маргарет Тэтчер 1970 онд Боловсролын сайд болоод төсвийн зардлыг хэмнэхийн тулд сургуулийн хүүхдэд орон даяар өгдөг байсан сүүг хассаныхаа төлөө “Сүүний дээрэмчин” гэсэн хоч хүртэж, үүнийх нь төлөө хожим 1985 онд Оксфордын их сургууль Хүндэт докторын хэргэм олгохоос татгалзаж байжээ.
Төрөөс маш их зардал гаргаж, хүн бүрт тэгшитгэн олгож буй арга хэмжээнүүд үргэлж өгөөжтэй биш байдаг. Хүн бүрийн хэрэгцээ, боломж адил биш учир ялгаатай хандах ёстой гэж тэр либератар үзэлтний хувьд байнга хэлж байсан.
Төрийн ажлыг сэтгэлийн хөдлөлөөр явуулж, хавтгайрсан том зардал гаргахгүй байхыг тэр сайдуудаасаа үргэлж шаардаж байжээ.
“The New York Times” сонинд “Тэтчеризмийн зарчим бол эдийн засгийн эрх чөлөө ба хувь хүний эрх чөлөөт байдал хоорондоо харилцан холбоотой, хувь хүний өндөр хариуцлага, хичээнгүй хөдөлмөрийн нийлбэр л улс орны хөгжин дэвших ганц арга зам, чөлөөт зах зээлийн ардчилалтай орнууд аливаа түрэмгийллийн эсрэг хамтран тэмцэх ёстой гэсэн сургаал” юм гэж тайлбарлажээ.
Роналд Рейганы хэлснээр “Английн хамгийн сайн эр хүн” энэ хорвоогоос хальж одов. Хамгийн чадварлаг, хурц авьяастай хүний талаар хүмүүсийн бодол, сэтгэл адилхан байдаггүй бөгөөд Тэтчерийн үзэл бодол, сургаалаас авах, гээхийн ухаанаар хандаж, шийдвэр гаргахдаа монголчууд бид түүнээс эш аван, эргэцүүлэн бодож чадвал хөгжил дэвшилд маань тус нэмэр болох нь дамжиггүй.
зочин
төмөр
төмөр
bat
Зочин
Зочин
ard tumniihee esreg ajilldag tortoi uls daa manaih
Зочин
Зочин
д тэмүүжин
zochin
sana
Зочин
tailbar
Лхагва
a
Шилдэг нийтлэлчид бус шилдэг долдойнуудад
Зочин
ТӨМӨР МЭТ ЭНЭ ЭМЭГТЭЙГ ХҮҮХДҮҮД НЬ ХҮРТЭЛ ҮЗЭН
ТЭТЧЕРИЙГ АНГЛИЙН ЖИРИЙН ХҮМҮҮС ҮЗЭН ЯДДАГ!!!
пүрэвбаатар москва
пүрэвбаатар москва
пүрэвбаатар москва
ггг
Зочин
Зочин
Зочин
Зочин